Маргаашнаас 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 31

5-11 насныхныг коронавирусийн эсрэг вакцинд наймдугаар сарын 1-нээс хамруулахаар болоод буй. Ингэхдээ 5-11 насны хүүхдүүдэд сарын зайтай хоёр тун вакцин хийх юм. Энэхүү вакцин нь сайн дурын үндсэн дээр хийгдэх тул наймдугаар сарын 1-нээс эхлэн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж хамрагдах боломжтой аж. Эцэг эхчүүд таниулах хуудастай танилцаж, гарын үсгээ зурснаар хүүхдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулах боломжтой. Ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед уг вакциныг тариулж болохгүй. Өөр төрлийн вакцин хийлгэсэн бол нэг сарын дараа коронавирусийн эсрэг вакцин хийлгэх юм. 

Вакцины хоёр дахь тунг хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед буюу есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Улмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд сургууль, цэцэрлэгээр дамжуулан уг вакциныг хийх аж.

Манай улс АНУ-ын "Pfizer" компаниас бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг оруулж ирсэн. Одоогоор 300,000 вакцин ирснийг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгаа аж. 

ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлаг, Европын Эмийн Агентлагаас 5-11 настай хүүхдийг коронавирусийн эсрэг вакцины эхний хоёр тунг хийлгэсэн бол бүүстер буюу нэмэлт тунг таван сарын дараа авах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргаад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top