Хомсдолд орсон хүний нөөц

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Өмнөговь аймагт 32 компанийн 1082 ажлын байр зарлагдсан боловч ажилд орох иргэн алга байна гэнэ. Ийм байдал зөвхөн Өмнөговь аймагт бус Монгол орны өнцөг булан бүрд тулгарч байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал ажиллах хүчний хомсдол болсныг дуу нэгтэй хэлж байх юм. Товчхондоо, компанийн захирлуудын толгойны өвчин хүний нөөц болжээ.

 

АЖИЛ ХИЙНЭ ГЭДЭГ АМЬ ЗУУХЫН НЭР БИШ

 

Амьдрал дээр ажилгүйдэл, ядуурал их байгаа тухай ярьдаг ч ачир дээрээ ажил хийх хүн алга байна. Мэдээж монголчууд ажил хийх шаардлаггүй чинээлэг түвшинд хүрчихээд байгаа юм биш. Эсрэгээрээ ажил голдог, гэнэт баяжихыг мөрөөддөг “ядуу” иргэдээр дүүрээд байна. Хатуу боловч энэ дүгнэлт үнэнд ойр. Хөдөлмөрийн насны монголчууд яагаад ийм болчихов. Нийгмийн сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөрийн үнэлэмж гээд маш олон суурь шалтгаан үүнд нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ энэ дундаас Монголын боловсролын тогтолцоонд хамаг учир байна. Яагаад гэж үү. Төдийгөөс өдий хүртэл манай улсын боловсролын гол тэмүүлэл нь “Онц” сурлагатныг төрүүлэх байв. Одоо ч байсаар байна. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг таньж мэдэхээс илүүтэй зөвхөн дүнгийн төлөө зүтгүүлнэ.

Энэ бүхний төгсгөлд мөн чанараа ойлгож, мөрөөдөлдөө үнэнч байхаас урьтаж, бүх хичээлдээ онц авах ёстой гэсэн төсөөлөлтэй сургуулиа төгссөн хүүхдүүд ихэнх нь байна. Ийм хүмүүжил, ийм боловсрол хэтдээ ажил, хөдөлмөрийг зөвхөн мөнгө олох арга зам гэж харах хандлагыг буй болгоод байх шиг. Бид хөдөлмөр гэх ойлголтыг дахин сайн тунгаах хэрэгтэй санагдана.

Уг нь ажил хийнэ гэдэг амь зуухын нэр биш, харин мөрөөдөлдөө хүрэх арга хэрэгсэл гэдэг итгэл үнэмшил чухал юм. Харамсалтай нь Монголын нийгмийн ухамсарт дээрх хандлага хангалттай сууж чадаагүй. Хүсэж зорьсон бүхэндээ өөрөөс шалтгаалах зүйлээ зориулж, хичээж чадсан хэн боловч амжилтад хүрдэг  жишээ олон. Их сургуулийн бакалавр, магистр, докторын диплом хэдэнтээ өвөртөлсөн нэгнээс илүүтэй дуртай мэргэжлээрээ ТМС дүүргээд ашиг орлогоор арвин, амьдрал ахуйгаа өнгөтэй аваад явж байгаа залуусыг алийг тэр гэх вэ. Эндээс л ажил хөдөлмөрийн жинхэнэ мөн чанар танигдаад ирж байгаа юм.

 

ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН 50 ХУВЬ НЬ АЖИЛГҮЙ БАЙНА

 

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөвийг хоёр сарын өмнө шинэчлэн танилцуулав. Тус танилцуулгад Монголд ажил хийх хүний тоо улам буурч, ажиллах хүчний оролцоо 1994 оноос хойш хамгийн доод түвшинд хүрээд байгааг анхааруулсан байдаг. Энэ бол ноцтой асуудал. Магадгүй нөхцөл байдал дээрдэхгүй энэ чигээрээ үргэлжилбэл манай улс тун удахгүй ажиллах хүчний гүн хомсдолд орохыг ч үгүйсгэхгүй. Эхнээсээ ч дохиогоо өгөөд эхэллээ. Залуучууд, хөдөлмөрийн насны иргэд юуны учраас ажиллах хүсэлгүй байна вэ. Залхуудаа юу. Мэдээж ингэж өнгөцхөн дүгнэж болохгүй. Ажил хийх хүсэлгүй байгаагийн томоохон шалтгааны нэг нь хөдөлмөрийн үнэлэмж. Баримт түшье.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2021 оны тоогоор монголчуудын хөдөлмөрийн бүтээмж нэг цагийн ердөө 13 ам.доллар байна гэжээ. Дээрх үзүүлэлтээрээ манай улс 185 орноос 107-д жагсаж Африк, Төв Ази, Латин Америкийн ядуу буурай орнуудаас яльгүй дээгүүр үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөх чадвар, амьдралын чанараараа ажиллах дэлхийн бусад орнуудаас тун доогуур байна гэсэн үг.

Тиймээс ч манай улсын хөдөлмөрийн насныхан Япон, Солонгос, АНУ гээд өөр улсад ажиллаж амьдрахыг илүүд үзэх болсон. Өнгөрөгч 2021 оны байдлаар манай улс ердөө 1.2 сая ажиллах хүчний нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн амаа 50 гаруйхан хувьтай ашигладаг гэсэн үг аж. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт  62 хувиас дээш байдаг гэнэ. Түүнээс гадна, ажиллах хүч 2020 онтой харьцуулахад 4.9 хувиар буурч, харин ажиллах хүчнээс гадуурх хүн ам 7.3 хувиар өсжээ. Мөн ажиллагчид бараг долоон хувиар буурч, ажилгүй хүн 21 орчим хувиар өссөн байна.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЮУНД ХӨТЛӨГДӨХ ВЭ

 

Нийгмийн хувьсгал, цаг үеийн  нөхцөл шалтгаанаас улбаатай хөдөлмөр эрхлэлтийн үнэ цэнэ, үнэлэмжийн асуудал харилцан адилгүй байна. Компаниуд, тэр дундаа хүний нөөцийнхөнд тулгамдаж байгаа хамгийн ярвигтай асуудал  ажилтнуудын үе хоорондын харилцан адилгүй зан ааш болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насныхныг ажилд тогтооход дараах нөхцөл шалгуурыг заавал мэдэж байх шаардлагатай болжээ. Хүний нөөцийн бодлогын тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар Х үеийнхэн буюу 1965-1979 оныхонд мөнгөн урамшуулал, шагнал, уян хатан ажлын нөхцөл чухал бөгөөд тэдэнд удирдлагаасаа талархал хүлээх, ур чадварын нэмэгдэл авах, ажлын цагийн уян хатан хуваарь зэрэг урамшууллын хэлбэр тохиромжтой гэнэ. Харин Y үеийнхэн буюу 1980-2000 оныхонд  мөнгөн шагналын урамшууллаас гадна ажлын гүйцэтгэлд удирдлагаас өгсөн магтаал, ажлын ур чадвараа нэмэгдүүлэх сургалт, зөвлөмж, зааварчилгаа, ажлын байрны соёлын орчныг бүрдүүлж өгөх нь үр дүн өгдөг байна.

Тэгвэл 2000 болон түүнээс хойш төрсөн технологийн хөгжил, өөрчлөлтийн өндөр мэдрэмжтэй Z үеийнхний хэрэгцээ бүр өөр. Тэдэнд мөнгөн урамшуулал хүртэхээс илүү нийгмийн харилцаанд ойр байж, бусадтай харилцах нь чухал гэнэ. Энэ үеийнхэн утга учиртай, ажлын байрны уян хатан нөхцөлтэй ажил эрхлэх, урам зориг өгч, сэдэлжүүлэх төсөл хөтөлбөр дээр ажиллахыг хүсдэг байна. Иймээс насны ангилал, нийгмийн үе хоорондын онцлогыг анзаарч, ажиллах хүчээ тордох нь аж ахуй нэгжүүдийн хүний нөөцийн хамгийн чухал бодлого юм.  Өөрийнхөө үеэр, өөрийнхөө мэдлэгээр аливааг хэмжиж, хуучирч цаг өнгөрөөсөн аргачлалаар хүний нөөцийн бодлогыг шийдэх гэж  оролдох нь хамгийн мугуйд үйлдэл болж таарах нь

Ажилчдаа үргээх  гол шалтгаан ч болохыг үгүйсгэхгүй. Улс орны хөгжил цэцэглэлт хөдөлмөрийн насныхны бүтээмжээс шууд шалтгаална. Манай улсад ажил хийх сонирхолгүй иргэд олширч байгаагийн шалтгаан нөхцөлүүдийг олон талаас нь тайлбарлалаа. Хөдөлмөрийн үнэлэмж тааруу, хүний нөөцийн бодлого тодорхойгүй, боловсролын суурь учир дутагдалтай гээд дурдаад байвал цөөнгүй зүйл бий. Гэхдээ залуус хандлагаа өөрчилж, өөрөөс эхлэх амьдралыг буй болгоогүй цагт бурууг бусад руу чихсэн ядуу, ажилгүй иргэд нэмэгдсээр л байх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(192.82.74.49) 2022 оны 06 сарын 28

Компанийн захирлууд цалингаа нэм,хүнд хангалттай цалин өгч чадахгүй бол бүү гоншигно, өөрсдөө хий

0  |  0
Top