С.Бадамаа: Гар утасны дугаараар фейсбүүкт нь нэвтэрч, залилан хийх тохиолдол нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Фейсбүүк орчинд бусдын хаягийн нууц үг тааж, хамаарал бүхий этгээдүүдээс мөнгө зээлээч гэх утгаар залилах гэмт хэрэг нэлээд газар авч байгаа аж. Энэ  талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бадамаатай ярилцлаа.

-Жилийн турш үйлдэгдсэн гэмт хэргийн тооноос залилах гэмт хэрэг нэлээд өндөр хувийг эзэлдэг. Тоон үзүүлэлтээр харуулбал энэ төрлийн гэмт хэрэг хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад 2012-2021 онд буюу сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 278.189 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”  гэмт хэрэг 32.288 буюу 11.6 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг нь 2012-2018 оны хооронд жил тутам дунджаар 676 буюу 17.4 хувиар тогтмол өсөлттэй байсан бол 2019 онд 216 буюу 49.4 хувиар, 2021 онд 2288 буюу 63.8 хувиар тус тус хурдацтай өссөн байна. Энэ нь 2019-2021 онуудад Ковид-19 цар тахлын нөлөөгөөр иргэд аливаа санхүүгийн гүйлгээг  цахим орчноор хийх явцдаа залилуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн өсөлтөд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болж байна. Иймд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж иргэд олон нийтэд хүргэх мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал юм.  

-Цахим орчинг ашиглаж залилан хийдэг иргэдийн арга хэлбэрийн талаар сэрэмжлүүлэг хүргэмээр байна. Тухайлбал ямар залилан зонхилж байна вэ?

-Энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмт хэргийн 3618 буюу 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэний 1233 буюу 34.1 хувь фейсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах зэргээр, 754 буюу 20.8 хувь нь хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан, 110 буюу 3.0 хувь нь байр түрээслэх, 1476 буюу 40.1 хувь нь бараа худалдан авалт, зээл авахаас өмнө шимтгэл төлөх, найз нөхдийн нэртэй хуурамч хаягаас яаралтай мөнгө зээлэх хүсэлтийг явуулж урьдчилан бэлтгэсэн дансанд мөнгийг шилжүүлж авах зэрэг арга хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Жишээлбэл, Б.Отгон нь Улаанбаатар хотод их сургуульд сурдаг, түрээсийн байрны төлбөр төлөх, найзуудтайгаа цуг уулзаж наргиж цэнгэх зорилгоор амар хялбар аргаар мөнгөтэй болохын тулд өөрийн гар утсаараа бусдын фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаар зохиож 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 9910**** гэх утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үгийг 2-ууланд нь бичихэд иргэн Д.Туяагийн фейсбүүк хаягт тохирсон учир түүний өмнөх харилцсан чатуудаас харж, түүний найз Д.Тунгалагийн фейсбүүк хаяг руу “дүү маань осолд орчихсон байна, яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна, хөдөө сүлжээ тасраад байгаа учраас мөнгө шилжүүлэхэд хэцүү байна, сумын төв рүү ороод мөнгийг чинь буцаагаад шилжүүлье” гэж чат бичихэд иргэн Д.Тунгалаг нь шөнийн цаг болж байсан учир түүний утас руу залгалгүйгээр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа түүний хэлсэн 2,000,000 төгрөгийг Хаан банкны ................ дугаартай дансруу шилжүүлж залилсан

ХОЁРДУГААРТ, Д.Наранхүү нь байнга гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож, донтсон учир дахин мөрийтэй тоглоом тоглохын тулд хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар тааж, тохируулан иргэн Т.Мөнхцэцэгийн фейсбүүк хаягт тохирсон. Хууль бусаар фейсбүүк хаягт нэвтэрч түүний дотно харилцаатай байнгын харилцаа холбоотой байдаг хүмүүсийн чатыг уншиж, түүний үеэл эгч Б.Дашдулам руу “эгчээ яаралтай мөнгө хэрэгтэй байна, 500,000 төгрөгийг маргааш хүртэл зээлээч танд 50,000 төгрөг нэмээд өгье” гэж чат бичихэд иргэн Б.Дашдулам түүний бичсэн чатанд эргэлзэж, утасны дугаар луу нь залгахад ярьж байгаа дохио ирсэн тул үнэн байх гэж итгэж түүний хэлсэн Төрийн банкны ................ дугаартай данс руу 500,000 төгрөгийг эгчээс нь гэх утгатай шилжүүлж залилуулсан.

ГУРАВДУГААРТ, Э.Гантуяа нь фейсбүүк хаягаар бусдын нэр зургийг ашиглаж, хуурамч хаяг үүсгэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Д.Энхцэцэгийн D.Enkhtsetseg гэх фейсбүүк хаяг руу хүргэн ах болох Namsrai Gantuya гэж хаяг ашиглан хохирогч Д.Энхцэцэгээс маргааш хүртэл мөнгө зээлээч гэж хуурч 1.400.000 төгрөгийг Хаан банкны ...................... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан

Иймд иргэдийг цахим орчинд анхаарал болгоожтой, хянуур байх болон хэнтэй хэрхэн харьцаж байгаагаа нягталж шалгахыг сануулан цаашид цахим орчин дах залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top