Монголын тээвэрчид нүүрс тээвэрлэх эрхийг хятадуудаас гуйж, Сангийн сайд баталгаажуулна

2022 оны 05 сарын 22

“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Монгол тээвэр нэгдэл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс энэ долоо хоногт хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хурал зарлах болсон шалтгаан нь монгол тээвэрчдийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж магадгүй нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал дээр ярьсан юм. Нүүрс тээврийн олон улсын зөвшөөрөл олгох эрх Тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс Сангийн яам руу шилжиж байгаа юм байна. Гэхдээ энэ нь дотооддоо хийж байгаа өөрчлөлт. Харин зөвшөөрөл олгох зарчим гадныхны оролцоотой болчихож байгаа нь л тээвэрчдийг бухимдуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нүүрс тээвэрлэх эрхийг хуваарилахад манай эрдэс баялгийг худалдан авдаг тал оролцох юм байна.

Тээвэрчдийн үзэж буйгаар мэдээж худалдан авагч нь хятадууд. Нүүрсний тээвэрт одоо ч тэд багагүй хэмжээний хөрөнгө оруулчихаад байгаа. Хэрэв тэд тээвэрлэх эрхийг мэдэлдээ авбал олон мянган монгол жолооч хоолноосоо сална. Гэхдээ энэ тэдний буруу биш. Монгол төр л найр тавин тэдэнд энэ эрхийг бэлэглэх гээд байгаа бололтой юм. Бас нэг зүйл энэ зөвшөөрөл олгох эрх Сангийн яаманд ямар хэрэгтэйг тээвэрчид ойлгохгүй байгаа аж.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболдын хэлснээр бол одоо Гашуунсухайт боомтод нийт долоон мянга гаруй автомашин нүүрсний тээвэр эрхэлж байгаа. Үүнээс 10 хүрэхгүй хувийг л Монголын компаниуд гүйцэтгэж байгаа гэнэ. Энэ талаар хэвлэлийн хурал зохион байгуулагчдаас тодруулга авлаа.


 

Н.АДЪЯАЦЭРЭН: ТЭЭВРИЙН ЯАМЫГ ТЭЭВРИЙН АСУУДЛААС САЛГАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АВТО ТЭЭВРИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ:

-Манай тээвэрчдэд ямар ноцтой асуудал тулгарав?

-Монгол Улсын Засгийн газраас Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Энэ хоёр ноцтой асуудал явж байна. Эхнийх нь олон улсын тээврийн С зөвшөөрлийг олгох журмыг Сангийн яам батална гэж заасан. Нөгөөх нь энэ зөвшөөрлийг олгохдоо Сангийн яам, Уул уурхайн яам, уурхайнууд хамтарч худалдан авагчийн сонгосон тээврийн компанид С зөвшөөрөл олгоно гэсэн заалт байгаа юм.

-Уурхайнууд гэж хэнийг хэлж байна?

-Таван толгойн бүлэг ордууд багтана.

-Энэ нь буруу юм уу?

-Зөвшөөрлийг төр олгодог байсан бол уурхайнууд, тэр тусмаа хилийн цаана байгаа хаа хамаагүй худалдан авагчид манай дотоодын томоохон салбарын үйл ажиллагаанд оролцож байгаа нь зөв юм уу. Худалдан авагчийн саналыг үндэслэнэ гэхээр манай яамд уурхайнууд ч эрхгүй болно. Үндсэндээ худалдан авагч хятад л бүхнийг шийднэ гэсэн үг болчихно биз дээ. Худалдан авагч нь хятад л байдаг байхгүй. Дотоодоос нүүрс худалдаж аваад хятадуудад борлуулдаг монгол гэж байхгүй. Бид тээвэрт нь л оролцож байгаа юм.

-Энэ зөвшөөрөл олгоход төлбөр авдаг уу?

-Тодорхой хэмжээний төлбөр авдаг. Ямар хугацаатай зөвшөөрөл олгодог вэ.

-Улирлаар сунгадаг. Хэрэв дээрх шийдвэр гарч хэрэгжвэл монголын тээвэрчид дээд тал нь гурван сарын дараа тээврийн зөвшөөрлийн хугацаа дуусна.

-Зөвшөөрөл өгдөг ашигт үйл ажиллагааг Сангийн яам эрхлэхгүй байлгүй дээ?

-Уг нь бид бас тэгж бодож байсан. Гэтэл энэ нь улам албан ёсжих чиглэл рүү яваад байна. Монголын тээврийн бодлогыг хариуцсан яам байна. Яагаад энэ яамны ажлыг Сангийн яам, Уул уурхайн яам хийх гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна.

-Сангийн яам тээврийн салбараас татвар авч байгаа болов уу?

-Авалгүй яах вэ. Авч байгаа. Тэр чинь татвар цуглуулж, төсөв бүрдүүлэх ёстой яам биз дээ. Гэтэл хаа хамаагүй тээврийн салбарт зөвшөөрөл олгох эрхийг авахаар улайрч байгаа нь арай дэндэх байлгүй дээ. Засгийн газрын чиг үүргийн яам гэдэг ойлголт хаана байгаа юм. Яагаад нэг яам нь нөгөө яамны ажлыг хийх гээд нүдээ эргэлдүүлээд байгаад л гайхаж байна. Ямар эрх ашиг, сонирхлыг хамгаалахаар ийм юм зүтгүүлээд байгаа юм бол.

-Энэ зөвшөөрөл олгох эрхийн ард өмнө нь олон асуудал гарч байсан. Түүнээс болсон юм болов уу?

-Гарч байсан. Түүнийг зөвтгөх арга байхгүй. Ерөнхийдөө систем, хэрэгжүүлэх дүрэм, журам сайн шүү дээ.

-Асуудал юунд байсан бэ?

-Хэрэгжүүлэгч албан тушаалтанд л байсан. Албан тушаалтнууд л авлига авдаг байсан. Гэхдээ хэн нэгэн авлигачаас болоод дотоодын тээврийн салбараа гадны хараат болгож болохгүй биз дээ. Бид олон удаа авлигачдаасаа салахыг шаардаж байсан. Асуудлыг ил тод болгох шаардлага тавихаар зөвшөөрлийн эрхийг шилжүүлчихэж байна. Асуудал ил тод биш бол аль ч яаманд очсон дараагийн цуваа авлига авч эхэлнэ биз дээ.

-Өмнөх авлигууд эрх шилжүүлэх шалтгаан биш юм уу?

-Биш. Шалтаг л болж харагдаж байна. Энэ үйл ажиллагааны цаана томоохон эрх ашиг нуугдаж байна гэж бодож байгаа.

-Та нар Сангийн сайдаас “Танд тусгай зөвшөөрөл хуваарилахаас илүү чухал ажил алга уу” гэж асуусан уу?

-Үгүй.

-Яагаад?

-Ийм асуудал явж байгааг энэ салбарынхан мэргэжлийн холбоодод ямар ч мэдээлэл өгөөгүй.

-Хэзээ мэдсэн бэ?

-Тавдугаар 4-нд УИХ-ын цахим хуудаснаас олж мэдсэн.

-Энэ шийдвэр гарвал хэр олон хүний амьжиргаанд нөлөөлөх бол?

-Хэрэв энэ шийдвэр гарвал Монголын тээврийн салбарт хүнд цохилт болно. Олон тээврийн компани дампуурна. Тээврийн салбар дампуурвал шинэ сэргэлтийн бодлого цаашаа л болох байхгүй юу. Монгол компани, монголчууд ажилладаг. Тэд ажилгүй болно. Манай тээврийн салбар ковидод хамгийн хүндээр өртсөн салбар л даа. Дөнгөж амьсгаа авах гэж байтал дээрээс лантуудах гэж байгаа байхгүй юу. Манай улсын тэврийн салбарын үндсэн хэсэг нь авто замын салбар. Тээврийн салбар арваад жил зүтгээд чадан, ядан хөл дээрээ босох гэж байхад төр нь ковидоос илүү хорлож болохгүй биз дээ. 

-Яг юу нь тээврийнхэнд айдас төрүүлээд байна?

-Олон мянган хүн энэ салбарт амьжиргаагаа залгуулж байна. Өнөөдөр худалдан авагч гэдэг хятадууд. Тээвэрлэгчийг сонгох эрхийг тэд эдэлнэ. Манайд хятадын хөрөнгө оруулалттай олон компани бий. Өнөөдөр Монголд ирж байгаа Япон, Солонгосын жуулчид манайд байгаа өөрсдийн иргэдээр үйлчлүүлдэг биз дээ. Тэгвэл манайхаас баялаг худалдан авч байгаа хятадууд хятад компанийг сонгоно. Тэднийг буруутгах арга байхгүй. Бид ч байсан тэгэх байх. Гэхдээ манай тээврийн эрхийг хятадуудад өгөх гээд  байсан төрийг л гайхаад байгаа юм.

-Манай тээвэрчид Хятадын захиалгыг гүйцэтгэж чадах уу?

-Хангалттай хүчин чадал байна. Яагаад бид өөрсдөө хийж чадаж байна гадныханд алдах ёстой юм бэ. Төр нэг өрхөө тэр бүү хэл нэг иргэнээ хоолтой байлгахыг зорьдог биз дээ. Гэтэл энэ шийдвэр магадгүй олон зуун мянган хүний амьжиргааг хөндөх гээд байна шүү дээ.

-Манай компаниудын чадавх хэр байгаа бол?

-Олон жил зүтгээд хөл дээрээ босч эхэлж байна. Эхнээсээ томоохон татвар төлөгч болж байна. Боловсон хүчин нийгмийн асуудлаа шийдэх талаар дараагийн алхам хийх гэж байхад л ийм асуудал үүсэж байна.

-Цаашдаа та нар юу хийх вэ?

-Засгийн газартай уулзах хүсэлт гаргана. Бид Засгийн газарт авлигачидтайгаа тэмц гэсэн шаардлага тавьсан болохоос системээ түйвээгээд хуулиа дордуул гэсэн шаардлага тавиагүй шүү дээ.

-Танай салбарт өмнө нь гарч байсан авлигын хэргийн үед та бүхэн хаана байсан бэ?

-Бид үйл ажиллагаандаа ялангуяа зөвшөөрөл олгох явцдаа “Бидэнд хянах боломж олгооч ээ” гэж олон удаа хүсэлт тавьсан.

-Одоо ч тавих боломж байхгүй юу?

-Одоо ч байхгүй байгаа. Уг нь хуульд хангалттай заалт бий. Гэтэл хуулиа хэрэгжүүлэхийн оронд зөвшөөрөл өгөх эрхийг авч байна л даа.

-Нүүрс тээврийн үйл ажиллагаа авлигыг эс тооцвол, муу сайн хэлүү­лээд оролцогч талуудад тодорхой хэмжээний сэтгэл ханамжтай л байсан байх. Гэтэл гэнэт яагаад ийм ноцтой, наад захын ёс суртахуунгүй шийдвэр лүү шийдвэр гаргагчид тэмүүлээд байна?

-Хардах эрхээ эдлэхэд тавдугаар сарын эхээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар худалдан авагч нартай онлайнаар уулзсан гэдэг юм. Дараа нь өмнө хилийн боомтууд дээр ажилласан. Тухайн үед бид боомтууд дээр Тээврийн сайд биш, хууль зүйн сайд ажиллаж байгаад гайхаж л байсан. Үүнээс хойш л ийм асуудал дэгдсэн. Тиймээс бид худалдан авагчид л лобби хийж, тэдний санал хэрэгжээд эхлэв үү гэж гайхаад байгаа юм.

-Ойлгоход хүнд асуудал байна.

-Үгүй яахав дээ. Одоо өргөн барьж байгаа төсөлд Уул уурхайн яамныхан Тээврийн яамныхныг оруулах санал тавьсан ч хэрэгжээгүй юм шиг байгаа юм.

-Шийдвэр гараад одоогийн тээвэрт оролцогчдын эрх ашгийг хөндөхгүй гэж Засгийн газар амлавал яах вэ?

-Мэдээж Засгийн газар гоё тайлбар хийх байх. Авлигыг бууруулна, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэх мэтээр ярих байх. Худалдан авагч хятад гэсэн үг байхгүй гэх байх. Гэхдээ төсөлд худалдан авагч гэсэн үг байгаа. Тэр нь хятад байх нь тодорхой учраас худалдан авагчийн эрхийг хятадууд л эдэлнэ биз дээ.

-Хэрэв энэ шийдвэр гарвал манай нүүрсийг хятадууд л зөөж монголчууд ажилгүй болно гэж үзэж байна уу?

-Энэ шийдвэр зөвхөн нүүрсэнд хамаарахгүй. Нийт баялгийн тээвэрт хамаарна. Оюу Толгой, Эрдэнэтийн зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайр, нефтийг хэн тээхийг хятадууд шийднэ. Тийм учраас бид нийт тээврийн салбар, үндэсний аюулгүй байдал гэж яриад байгаа байхгүй юу. Эцэст нь Монголд нэг сайд үнэтэй зөвшөөрөл өгдөг байх нь хэрэгтэй юу, нэг томоохон салбар нь татвар төлөгч байсан дээр үү гэдгийг л ойлгох хэрэгтэй байх.

-Яг одоо энэ зөвшөөрлийг яаж олгож байна?

-Зам тээврийн хөгжлийн яамны баталсан журмын дагуу Авто тээврийн үндэсний төв зөвшөөрөл олгож байгаа юм.

 

Г.ОТГОНХҮҮ: ЯАМНЫ БЯД ХҮРЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ

 

“МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН:

-Тээврийн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт хэр ноцтой вэ?

-Олон улсын авто тээврийн С зөвшөөрлийг Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс салгаад Сангийн болон Уул уурхайн яамд, уурхайдтай хамтарч олгох юм байна. Ингэхдээ гадаадын хэн нэгэн худалдан авагч манай дотоодын тээврийн асуудлыг шийдэх болж таарч байгаа юм. Тийм учраас энэ хууль бүү батлагдаасай, санаачлагч нар хуулиа буцаан татан аваасай л гэж бодож байна.

-Энэ шийдвэр гарвал та нарын эрх ашиг яаж зөрчигдөх вэ?

-Бидний гэхээсээ илүү, Монгол Улсын тээврийн салбарын эрх ашиг илүү хөндөгдөнө. Монгол жолооч нар тээвэр хийх эрхээ хилийн чанадад суугаа хятадаас авах болно. Гэтэл манай улс чинь тээврийн бодлого хэрэгжүүлдэг яамтай улс биз дээ. Манай тээврийн салбарын томоохон хэсэг нь уул уурхайн бүтээгдэхүүн. Тиймээс энэ салбараас монголчууд түрэгдэнэ гэсэн.

-Та нарыг шахахгүй ч байж мэднэ шүү дээ?

-Хуультай байхад шахаж л таарна. Дачин Тамсгийг яаж ч чадахгүй л байгаа биз дээ. Хэрэв энэ хууль батлагдвал танай хуулийг биелүүлж байна гээд л болоо шүү дээ.

-Одоо хэр олон жолооч тээвэрт оролцож байна?

-Гашуунсухайтад 20-оод мянган жолооч байна. Түүнээс долоон мянга орчим нь ээлж дараагаар тээвэрт оролцож байгаа. Хятад, Монголын гээд хөрөнгө оруулалттай компаниуд байдаг.

-Нийт компанийн хэдэн хувь монгол компани байгаа бол?

-20 орчим хувь нь байх.

-Энэ төсөлд яам чинь ямар байр суурьтай байгаа бол?

-Бяд нь хүрэхгүй байгаа юм болов уу даа. Асуудал цаашаа яваад л байх шиг байна.

-Төсөл батлагдчихвал юу болох бол?

-Олон хүний эсэргүүцэлтэй тулгарах байх. Монголын авто тээврийн салбарт л хүнд тусах байх даа.  

Х.БАТТӨГС

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.84) 2022 оны 05 сарын 23

манайд ЗТЯ АТҮТ хэрэггүй болж бга юм байнлдаа тусгаар улас байж хужаагын захиалагын дагуу C зөвшөөрөл гаргана гэхээр монгол ХХК явахгүй

0  |  0
Б(202.55.188.87) 2022 оны 05 сарын 23

Оюу Эрдэнээ авилагч хулгайчууд чинь хамар доор чинь бна манайх тусгаар тогонсон улас юм бга бэздээ

0  |  0
зочин зочин(66.181.161.102) 2022 оны 05 сарын 24

Нүүрс тээвэрт сангийн яам хууль зүйн яам ямар ацны хамаарал байнаа

1  |  0
Зочин(124.158.65.83) 2022 оны 05 сарын 24

Задгай тээврийг чингэлэгт тээврээр сольж монголын олон компани 13 мянган жолооч нарыг ажилгүй болгож төрийн нэрээр хятадууудаас урьдчилгаа 300 сая доллар авч худалдан авагч нарт тээврийн зөвшөөрөлийг хүртэл өгч байгаа нь нүүрсний зах зээлд төр ёрөнхий сайд хууль зүйн сайд сангийн сайд нар хятадуудтай нийлж үгсэн хуйвалдаж оролцож байгаа нь тодорхой хардах үндэслэлийг үүсгэж байгаа тул засгийн газрыг огцоруулж жолооч нар өөрсдийнхээ төлөө тэмцэж эрх ашигаа хамгаалахын төлөө нэгдэх хэрэгтэй

2  |  0
Top