FINALISSIMA-2022 буюу Аргентин, Италийн тулаан

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Ирэх арваннэгдүгээр сард Катарт эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Италийн шигшээ баг өнжих болсон нь "Скуадра аззура"-ийн (Squadra azzura гэдэг италиар Хөх тэнгэрийн баг гэсэн утгатай) хөгжөөн дэмжигчид төдийгүй хөлбөмбөг сонирхогч бүгдийг гонсойлгоод байгаа билээ.

Дэлхийд дөрөв (1934,1938, 1982,2006) түрүүлж, хоёр үзүүрлэн (1970,1994), нэг удаа хүрэл медаль (1990) хүртсэн, Европын хошой аварга, хошой мөнгө, хүрэл медальтай баг мэдээж хэнд ч үгүйлэгдэнэ.

Гэхдээ Италийн үнэнч дэмжигч тиффози нарт нэг сайн мэдээ дуулгая.

Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (Conmebol) харилцан тохиролцсоны үр дүнд Европын болон Өмнөд Америкийн аварга багуудын халз тулааныг дахин сэргээхээр болсон.

Өмнө нь Артемио Франкийн цом хэмээх нэртэй дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг Европ болон Өмнөд Америкийн аварга багуудын халз тэмцээн 1985, 1993 онд болж байсан юм. 1985 онд Франц-Уругвайг 2:0-ээр хожин, энэ тэмцээний аварга болж байсан бол 1993 онд Аргентин -Дани 1:1-ээр тэнцэн, торгуулийн цохилтоор 5:4-өөр Өмнөд Америкийн аваргууд цом хүртэж байсан түүхтэй.

Тэгвэл шинэ тэмцээн "Finalissima-2022"  нэрэн доор явагдах агаад энэ удаа өнгөрсөн зун болсон "ЕВРО-2020"-д түрүүлсэн Италийн шигшээ "Copa America-2021"-ийн аварга Аргентины шигшээтэй тоглох нь.

Тоглолт 2022 оны зургадугаар сарын нэгэнд Английн Лондон хотын алдар цуут "Уэмбли" цэнгэлдэхэд явагдах бөгөөд тасалбарын үнэ нь 25, 40, 55, 99 фунт стерлинг гэсэн дөрвөн янзын үнэтэй байх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top