Ж.Батсуурь: С.Эрдэнэ намайг хөөчихсөн, түүнтэй нийлэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Ардчилсан нам /АН/-ын даргад өрсөлдөөд, сунгааны өмнөхөн нэрээ татсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.


-АН-ын өнөөгийн нөхцөл байдал, саяхан болж өнгөрсөн сунгааны талаар таны байр суурийг сонсмоор байна?

-АН-ын нөхцөл байдлыг иргэд маш тодорхой ойлгож, мэдэрч байгаа шүү дээ. Манай нам 2016 онд ялагдаад есхөн гишүүнтэй сөрөг хүчин, 2020 онд 11-хэн гишүүнтэй сөрөг хүчин болсон. Сонгуулиас хойш ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хязгаарлагдмал хүрээ бий боллоо. Энэ хооронд АН-ын тамга хоёр болоод, дарга цэргээ сонгож чадахгүй, дүрэм журмаа ч батлуулж чадахгүй нөхцөл бий болжээ. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Дээд шүүхийн 38 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын л дагуу АН-ын даргын сунгаа зарлагдсан. Бодит нөхцөл байдал бол 2017 онд АН-ын дүрэм Дээд шүүхэд бүртгэгдсэнээс хойш ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан. Ингээд 38 дугаар тогтоолын дагуу миний хувьд сунгаанд оролцохоор хамгийн түрүүнд бүртгүүлсэн. Олон хүн бүртгүүлэх байх гэж бодсон ч цаг дуусахаас өмнө экс Ерөнхийлөгч бүртгүүлж, өөр хүн бүртгүүлээгүй. Ингээд л сонгууль үндсэндээ эхэлсэн.
 


-АН-ын даргад өрсөлдөж байхдаа нийт нутгаар явж, гишүүдтэйгээ уулзлаа. Ингэхэд намын гишүүд тань юу хүсэж, ямар захиас хэлж байна вэ?

-АН-ын нийт гишүүд өнөөдөр шинэчлэгдэхийг, шинэ нүүр царай гаргаж ирэхийг хүсэж байгаа. Хурдан түргэн эв эеэ олж нэг тугийн доор орохыг хүсэж байгаа. Тиймээс дунд, шинэ үеийнхэн гарч ирж, арай өөр бодлогоор ажиллах байх гэсэн эрмэлзэлтэйгээр бүртгүүлсэн. Гэвч байдал ингэж л таарчихлаа.

Дотоод сонгууль тоглоом биш. Ямар нэгэн хүнд зориулж дотоод сонгуульд ороогүй. Би бүртгүүлсэн, экс Ерөнхийлөгчтэй халз таарсан. Энэ чигээрээ дотоод сонгуулийн хорооны графикийн дагуу 21 аймаг, есөн дүүрэгт хамтарсан уулзалт хийсэн. Энэ намыг яаж шинэчилж, яаж хүчирхэг нам болгох вэ гэдэг тухай, 2024 он хүртэл хүчирхэг нам болж, өнөөдрийн эрх баригчдыг хазаарлан зогсоож 2024 онд ялалт авчрах, цаашид ялалтаа баталгаажуулдаг нам болох зорилтоо уулзалтын үеэр гишүүд, дэмжигчдэдээ танилцуулсан. Нийт 10 мянга гаруй км замыг туулж, 12 мянга гаруй мянган гишүүдтэйгээ биечлэн уулзсан.

АН 32 жилийн түүхтэй нам хэдий ч дарга төвтэй болчихсон. Гишүүн, анхан шат, дунд шатныхан эрх мэдлээ дарга нарт булаалгачихсан. Энэ нөхцөл байдлаас болж АН хүнд байдалд орсон.  Миний хувьд фракцуудын толхилцооны үр нөлөөгөөр өнөөдрийн хямралт байдал бий болсон гэж харж байгаа тул фракцийн нөлөөллийг бууруулж, цаашид байхгүй болгох нь дээр гэж үздэг. Дээрх байдлаар үр дүн гараагүй 32 жил явсан юм чинь 33 дахь жилээсээ үр дүн гарна гэж байхгүй. Ийм агуулгаар хөтөлбөрөө танилцуулсан. Гишүүд, дэмжигчид маш өндөр итгэл, хүлээлттэй байсан.

-Таныг сунгааны сурталчилгаагаа хийгээд дуусах үед дүрэм өөрчлөгдсөн. Үндэсний бодлогын хорооноос намын даргаа сонгодог байх дүрмийг Улсын дээд шүүх бүртгэчихлээ?

-Сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр гэнэт АН-ын дүрэмд өөрчлөлт орсон. Иймд манай сонгуулийн штаб, хамтран зүтгэсэн хүмүүс олон талаас нь авч үзээд, Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн өөрчлөлт албажиж гарах хүртэл санал хураалтыг хойшлуулах шаардлага хүргүүлсэн боловч Дотоод сонгуулийн хороо хүлээж авалгүй сунгааг явуулсан.

-Шинэ дүрэмд тохируулж сунгааг явуулах боломж байсан уу?

-Шинэ дүрэмд тохируулж санал хураалтад орох боломж байсан гэж үзэж байгаа. Дүрэм өөрчлөгдсөн учраас миний хувьд нэрээ татахаас өөр арга байгаагүй. Нэрээ татна гэдэг нь сунгааны асуудлыг эцэслэсэн гэсэн үг. Түүнээс хойш зохион байгуулагдсан сунгааны ажиллагаа бол надад хамаагүй.
 


-Дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэсэн гэж зарлангуут “С.Эрдэнэ хууль ёсны дарга боллоо” гэх ойлголт сэвэгдсэн. Дээр нь таныг урвасан гэдэг хардалт бий болсон. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Дотоод сонгууль болж байх үед өчнөөн буруу ташаа мэдээлэл явж байсан. Нэгдүгээрт, би С.Эрдэнэтэй нийлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Н.Ганибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг АН-аас хөөлөө гээд С.Эрдэнийн гарын үсэгтэй тушаал гарчихсан байгаа. Нэгэнт хөөсөн шийдвэр цуцлагдаагүй байгаа учраас би тэнд ямар нэгэн хэлэлцээрт орох боломжгүй. Хоёрдугаарт, миний санаа бол С.Эрдэнэ ч бай, Х.Баттулга ч бай намын үйл ажиллагаанаас татгалзах ёстой. АН-ыг хамтын удирдлагын зарчимд оруулъя, дунд үеийнхэн, хойч үеэ гаргая. Ахмадуудынхаа хийж байсан сайн сайхан зүйлийг бид уламжлал болгож аваад, бурууг хойш нь тавиад, шинэ бүтцээр намаа байгуулаад, 2024 оны сонгуульд маш хурдтай бэлдээд, ялдаг нам болъё гэж дэвшсэн. Миний сунгааны асуудал нэрээ татсанаар дуусгавар болсон. Яагаад гэвэл дүрэм өөрчлөгдчихсөн.

-Яалт ч үгүй Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэм өөрчлөгдсөн тул энэ сунгаа хүчин төгөлдөр байх магадлал бага боллоо л доо?

-Надтай өрсөлдөж байсан нэр дэвшигч ганцаараа яваад, тодорхой саналаар өргөн баригдаж байна. Миний хувьд би ч ялсан, хэн ч ялсан Дээд шүүх бүртгэхгүй байх гэсэн төсөөлөлтэй байгаа. Энэ сунгааг дүрмийн бус гэж үзэж нэрээ татсан.

АН нэг цул байж хүчирхэг болно. АН-ын таван фракц бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг фракцаас намын дарга нэр дэвшихэд нөгөө хэд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ байдлаас болж АН жижгээр хагарах, хуваагдах эрсдэл үүсэх үр дагавартай.

Цаашид би АН-ыг хүчирхэг байлгах, нэг тугийн дор оруулах, эрх баригчдыг дэмжихгүй байгаа 60 гаруй хувийг нэг тугийн дор нэгтгэх хүсэлтэй байдаг хүн.

-Та бүхнийг сунгааны ажлаар орон нутаг, нийслэлд ажиллахад АН олуулаа байсан. Үүгээрээ АН-д нэгдэх боломж байгааг илэрхийлж чадлаа гэж харагдсан шүү?

-Миний төлөө итгэл үнэмшлээ өгч, бусад гишүүдэд ойлгуулахын төлөө асар олон гишүүн ажилласан. Тэдэндээ маш их баярлаж байгаа. Цаашид ч энэ эрмэлзлээр явж байж л намаа хүчирхэг болгоно. Миний зарчим бол хамтын удирдлагын зарчим. Оролцооны хэлбэрээ хангаад олонхын зарчмаар явахгүй бол “намайг дагаад цэнгэ” гэсэн байдлаар 32 жил яваад амжилтад хүрсэнгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүсийг дагаж үзлээ. Гэтэл УИХ, Ерөнхийлөгч, нөхөн сонгуульд удаа дараа ялагдлаа. Ялагдаад байна гэдэг нь “болохгүй байна” гэх сануулгыг харуулаад байхад “болно оо” гээд зүтгээд байгааг би сайн ойлгохгүй байгаа.
 


-Цаашид та АН-ын фракцууд эвлэрч байж АН эвлэрнэ гэж хэлэх гээд байна аа даа?

-Тийм. Цаашид АН-ын хөгжлийн гарцыг гишүүн төвтэй, үүр төвтэй, сум төвтэй, аймаг төвтэй байх гэж үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр анхан шатандаа эдийн засгийн эрх мэдлийг өгдөг, томилгооны эрх мэдлийг өгдөг байх тухай юм. Ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд анхан шатны нэгж хүртлээ хүчирхэг байж, бодлогын нам болох ёстой. Бүгдээрээ хэлэлцдэг болох ёстой. Үндэсний бодлогын хороо нь хүчирхэг, тэнд байгаа 300, 400 хүн бие даасан бодлоо уралдуулаад олонхын шийдвэрээр явдаг байх ёстой. Одоо байгаа Үндэсний бодлогын хороо яагаад чанаргүй байна вэ гэхээр фракц хоорондын зодооноос болоод зүгээр л гар өргөдөг хүмүүс орчихсон. Гаднаас татварыг нь төлдөг, амьгүй албат бий болчхоод байгаа юм. Өнөөдөр АН-д гадаад дотоодын сургууль төгссөн, онол, практикийн өндөр мэдлэгтэй хүмүүс Үндэсний бодлогын хорооны гишүүн болоод, ухаанаа уралдуулж, амжилтыг түүчээлж байх ёстой.

-Үндэсний бодлогын хорооны гишүүн болох гэхээр төлдөг хураамж нь өндөр гэх шүүмжлэл гарч байсан шиг санагдах юм?

-Татвар, хураамж өндөр гэж хэлж байгаа хүн нэг их байхгүй. Гол нь оролцооны хэлбэрийг хангахгүй байгаа юм. Үндэсний бодлогын хороог амьгүй албатаар дүүргээд хэсэг бүлэг хүмүүс удирдаад байгаа юм. Энэ хорооны 380 гаруй гишүүн ухаанаа уралдуулдаг систем рүү шилжих ёстой.

-Та намын даргын сунгаанд өрсөлдөхдөө 500 сая төгрөгийн хураамж төлсөн. Энэ мөнгийг хэрхэн босгосон бэ?

-АН-ын өмнөх сунгааг ч хураамжаар зохион байгуулж байсан. Улсын хэмжээнд явуулж байгаа сунгаа тул өртөг зардал өндөр гардаг. Тэр хураамжийг Ж.Батсуурийг дэмжиж буй, тодорхой бодлого зангидсан хүмүүс нийлээд дундаасаа босгосон. Ингээд би өрсөлдөх үү, чи өрсөлдөх үү, хэн нь илүү санал авах вэ, хэний бодлого гишүүдэд таалагдах вэ гэдгээ ярилцаад, намайг дэвшүүлсэн юм. Түүнээс хувь хүн 500 сая төгрөгийг хаанаас ч босгох вэ дээ.

-Та цаашид аль тугаа дагаж явах вэ?

-Миний байр суурь маш ойлгомжтой. С.Эрдэнэ намайг хөөсөн байгаа. Х.Баттулгатай намын даргад өрсөлдөөд явж байсан. Дүрэмд өөрчлөлт орсон тул би нэрээ татсан. Энэ хоёрын дундын байр суурин дээр байгаа. АН-ын гишүүд ч гэсэн нэг бол С.Эрдэнийг, нэг бол Х.Баттулгыг дагаж явахгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл С.Эрдэнэ угаасаа огцорчихсон. Х.Баттулга бүртгэгдэхгүй гэсэн төсөөлөлтэй байна. Бүртгэгдэхгүй тохиолдолд АН хамтын удирдлагын зарчмаар удирдлагаа сонгоод явах ёстой.

АН-ын Үндэсний бодлогын хороо болон удирдлагын түвшинд ажиллаж байсан, сайд даргаар ажиллаж байсан бүх гишүүд уулзаад, ярилцах ёстой. Гарцаа олох ёстой. Тэгэхгүй бол аль нэгнээ дарга байх ёстой гэдгийг бусад нь хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүгдээрээ цуглаад уулзах, хамтаараа шийдэх ёстой.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(192.82.89.181) 2022 оны 04 сарын 17

МАН-ЫН ХУЛГАЙЧДЫН ЭСРЭГ ЗОГСОЖ ЧАДАХ ХҮН НЬ БАТТУЛГА ГАРЦААГҮЙ МӨН. БУСАД ХҮН БАРАГТАЙ БОЛ БУДАА БОЛНО. ЭНЭ УДАА БАТТУЛГЫГ ГАРГААД АН НЭГДЭЭД ҮЗ. 24 ОНД ЯЛЖ МЭДНЭ

0  |  0
Irgen(192.82.74.171) 2022 оны 04 сарын 17

Женко луйварчинг дэмжиж дагаад байдаг нөхдүүд өрийг нь төлүүл боловсролгүй хулгайчийг тахиад улсаа сажруулаад дууслаа

0  |  0
АН ын гавшгай залуус(64.119.25.128) 2022 оны 04 сарын 16

Хэдэн хуц ухна зайлаад л өгчихөд АН сэв гээд босчихно. Үүл, Эби, Тулга, Эрдэнэ бүгд сайхан тэтгэвэртээ чимээгүй сууцгаа. Та нар их мөнгөтэй хутгадаг хортой байж болно. Түүнийгээ өөрсдөө гудраад л арил. Залуус бид арга олчихно. Комунист засаг ардыг өлөн ходоодтой 8 жил тийчигнүүлэх нь тодорхой. Хуралдахаас өөр бүтээл алга. Энд тэнд гол зогоож буй нь ч байна. Сэхээнээс гарцгаая. Сүүдрээ гээцгээе

1  |  0
Эдо(66.181.188.155) 2022 оны 04 сарын 15

Энэ гэж Женкогийн гошногоны алчуур

0  |  0
Бат(43.242.243.124) 2022 оны 04 сарын 15

З.Энхболдын үед л энэ нам буруу замаар будаа тээж эхэлсэн дээ.МАН тай байнга арсалзаад хариу нь дандаа чангаар буцаж ирж байсан даа хөөрхий.Улс төрийн зөвшилцөл гэдэг юмыг үгүй хийж МАН тай намгүй асуудалаа шийддэг хүн болоод л үүрд дандаа дарга байх юм шиг л том том дугараад байсан нь алдаа л байсан юм...

0  |  0
Зочин (202.9.47.34) 2022 оны 04 сарын 15

Ардчилал Монголд шинэ зүйл биш соц нийгэмд \n байсан одоо булхай луйвар хулгай дээрмийг дээдэлдэг хүний эрх чөлөөг дарангуйлсан албан тушаал эрх мэдэлд улайрсан ард чи лалар болоод бна.

0  |  0
Ардчлалыг дэмжигч(103.212.117.195) 2022 оны 04 сарын 16

БАТТУЛГА НЬ НОХОЙ БАЙНА УУ ХУЛГАЙЧ БАЙНА ЮУ БАЙХ НЬ ХАМААГҮЙ МАНЫ ЭСРЭГ ОДООГИЙН БАЙДЛААР ЗОГСОЖ ЧАДАХ ХҮН БАТТУЛГА Л БАЙНА. ШИНЭ ЗАЛУУ ГАРЧ ИРЭЭД МАНЫ ЭСРЭГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. 24 ОНЫ СОНГУУЛЬД БАТТУЛГАТАЙ ОРЖ ҮЗЭЭД БОЛОХГҮЙ БОЛ ХӨӨГӨӨД Л ЯВУУЛНА БИЗ.

4  |  0
Иргэн(202.126.88.229) 2022 оны 04 сарын 16

Батсуурь чинь харин Сүхбаатар аймгийг нэг хүний дарангуйлалд оруулсан хүн дарга болвол дарга төвгүй нам болгож чадах уу жинхэнэ дарга төвтэй болгох гэж энэ намыг сүйрүүлж мэл\nДэх хүн!!

1  |  0
зочин(66.181.161.105) 2022 оны 04 сарын 15

Батсуурь одоо хэн ч биш болсон

2  |  0
АН гишүүн(192.82.82.150) 2022 оны 04 сарын 15

Нэрээ татсан нь маш зөв алхам байсан. Сайн байна.

0  |  1
enhbat(66.181.161.127) 2022 оны 04 сарын 15

nutgiin duu zasag darga hiisen jiluuded huraasan hur ih mungu hurunguu baga geed bn uu? daa odoo hamliontaj shunaltaad heregguidee ingeed bvl 24 ond buuh gazargui bolohviidee! olznii baga n amttai l gedegsen odoo ch uhhee medehgui mongotsoonuud ih boloo yudaa!

1  |  0
ИРГЭН(66.181.161.120) 2022 оны 04 сарын 16

Ийм нөхдүүдийг төлөвшөөгүй нөхөр гэнэ

3  |  0
Ганболд(202.55.188.84) 2022 оны 04 сарын 15

2 лаа өрсөлдөөд эвлээд явж чадаагүй чи бусдыг эхлүүлж чадахуу Батсуурь ааа Одоо чамайг гишүүд тоохгүй болсон бх дооо

3  |  0
Эхорон(202.21.124.130) 2022 оны 04 сарын 16

Батсуурь бол Улс төрийн бөөс л юм өөр юу ч биш Сонгуулийн зардалаа Хүзүү Бах 2с буцааж аваад дүрмийн бус нэр таталт хийсэн Намын гишүүд чамайг Улс төрийн үхдэл болгоно харжил бгаарай.

4  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 15

battulgiig demjij bna. uchir n MAN ta naraar toglojiinoshdee... buhel buten huchtei namiin songuuliin sungaa yvj bhad deed shuuh n iim shiidver gargaj bgaa n yu ve... mongol ulsiin deed shuuhiig shuud bugdiig n ogtcruu l..

2  |  0
Амжилт хүсье(202.21.100.210) 2022 оны 04 сарын 15

АН дунд үеийн төлөөлөл амжилт хүсье

0  |  1
Ха ха(202.9.47.30) 2022 оны 04 сарын 15

Ёстой хөгөө хөлдөө чирсэндээ. Онигоотой гар. Сүүлийн мөчид урваж нтр. Тараа таниулсан. Ганибалыг бас овоо юмуу гэсэн овоолсон баас байжээ. Одоо тэгээд чимээгүй далдарцгааж үз. Бүртгэхгүй гэсэн төсөөлөлтэй байна ч гэх шиг. Чиний төсөөлөл хэнд падтай вэ муу өөдгүй урвагч

4  |  0
Зориг(202.131.234.82) 2022 оны 04 сарын 15

Энэ хүн тэгээд яах гээд байгаа юм бол доо, Эрдэнийн гэх намаас хөөгдчихсөн, тэгсэн мөртлөө Эрдэнийн өргөн барьсан дүрмийн өөрчлөлтөөр нэрээ татсан, тэгээд Баттулга, Эрдэнийн аль ч талд орохгүй гэхээр АН-г бүр 3 хуваах гээд байна уу?

5  |  0
Top