Хогноосоо салж чаддаггүй хотод амьдарч байна

2022 оны 04 сарын 10

Манай улсын жилийн хог хаягдлын хэмжээ 3.4 сая тонн хүрч байна. Дэлхийн зарим улс орнууд бусад улсаас хог импортоор автлаа хоггүй болсон мэдээ ч бий. Харин нийслэлчүүд XXI зуунд хотын төв хэсэгтээ ч хог шороондоо дарагдсан хэвээр байгаа. Хог ачилтын машинууд хангалттай, сар бүр айл өрхөөс авдаг хураамжийг цаг тухай бүрд нь авдаг боловч хот маань хогноосоо салж чадахгүй байгааг амтай бүхэн шүүмжилж байна. Тиймээс энэ талаар сурвалжиллаа.


 

ДҮҮРЭГ БҮР ӨӨР ХУВААРЬТАЙ, ХОРООД Ч БАС АДИЛ…

 

Хог ачилтын машин иртэл хогоо хаана тавих вэ гэсэн асуулт иргэдийн толгойны өвчин болсон. Дөчин мянгатын хэмээн нэрлэгдэх байрны зогсоол руу орох замд тэвштэй, саарал өнгийн машин өвлөөс хойш эзэнгүй орхигдсон байна. Тухайн орон сууцыг хариуцсан үйлчилгээний ажилтны хэлж буйгаар тухайн машин өвөл эхэлж байхад л зогсоолд нам гацжээ. Энэ хугацаанд ойр орчмоор нь өнгөрч явсан болон тухайн байранд оршин суудаг иргэд гарт байгаа хогоо орхигдсон машины тэвш рүү шидсээр байгаад бичил хогийн цэг болгож орхисон байхтай таарлаа. Үүнээс харвал манайхан хог чулуудчихаар харагдсан нүх сүв бүрийг ашигладаг сэргэлэн улс аж.

Жилийн аль ч үед олны хөлд дарагддаг энэ бүс хотын төв цэг учир хог ачилтын машин ирэх давтамж нь хамаагүй олон. Орон сууцыг хариуцсан үйлчлэгчийн хэлснээр өдөр бүр 08.00-10.00 цагийн хооронд айлууд ууттай хогоо орцондоо гаргаж тавидаг байна. Энэ хооронд хог ачилтын машин ирж үйлчилгээний ажилчдын цуглуулж, түрдэг тэргэнд ачсан хогнуудыг аваад явах аж. Харин 18.00 цаг хүртэл энэ хавийн оршин суугчдын хэн нь ч хогоо гаргаж хаях ёсгүй гэнэ. Товчхондоо өглөө ирж хог ачсаны дараачаас эхлэн 17.00 цаг хүртэл үйлчилгээний ажилчид үлдэгдэл жижиг хог бүрийг түүж, орцоо цэвэрлэсээр орой болдог гэнэ. Ингэж явсаар 18.00 цагаас хойш айлууд гаргаж тавьсан хогийг 22.00 цагаас өмнө ачилтын машин авч явдаг байна.

Ийм журмаар хэрэглээний хогны асуудлаа шийдсэн учир орцонд удаасан ууттай хогноос өмхий үнэртэх, хог түүдэг хүмүүс ирж уут савыг нь онгичин тарааж хаях асуудал гарахаа больжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу коронавирусний халдвар бүртгэгдэж эхэлсэн цагаас ийм журмаар хогоо ачих болсон нь эрүүл ахуй талаасаа сайн шийдвэр болсон гэдгийг тухайн бүсэд оршин суух иргэд ч хэлж байлаа. Нэг хотод амьдарч байгаа боловч өөр стандарт, журам мөрдөх нь хачирхалтай.

Учир нь Баянгол дүүргийн хороо бүхэнд хог ачилтын машин ирэх хуваарь өөр аж. Тухайлбал тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт долоо хоногийн лхагва гарагт л хог ачилтын машин ирдэг байна. Улмаар айл өрхүүдээс гарсан өдөр бүрийн хур хог ачилтын машин ирэх хүртэл илжирч байдаг аж. Хог цуглуулах зорилго бүхий чингэлгийг олноор нь байрлуулсны улмаас орчны бохирдол үүсч байна хэмээн  өнгөрөгч оны сүүлээр тус дүүргийн хэсэг иргэд гомдол гаргасан байна. Гомдлыг авч хэлэлцэж чингэлэг бүхий хогийн цэгийг авч хаясан аж. Гэвч одоогоор хогоо аваачиж тавих зориулалтын цэг үгүй болохоор ачилтын машин иртэл хаа дуртай газраа үлдээхээс өөр арга үгүй болж. 

  1. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газраас энэ талаар тодруулахад, “Дүүрэг бүр өөр өөрийн гаргасан хуваариар хогоо ачих асуудлаа зохицуулдаг. Мөн дүүргүүдийн хороодод ч гэсэн өөр хувиараар хог ачдаг” гэсэн хариултыг өглөө.

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт орших угсармал есөн давхар байрнуудын дундах тоглоомын талбай хогийн цэг болжээ. Учир нь энэ хавийн хогийг долоо хоногийн даваа гарагт л ирж ачдаг байна. Үлдсэн өдрүүдэд нь иргэдийн гаргаж тавьсан хогийг байрны үйлчилгээний ажилчид цуглуулж хур хог үүссэн газар тавих аж. Гадаа дулаарч буй энэ үед ил задгай олон хоносон хогноос таагүй үнэр ханхлах нь тодорхой. Зарим тохиолдолд иргэд хогоо орцондоо хаяхаас гадна шууд нөгөөх цэгт аваачих болжээ.

 

ХОТЫН ТӨВ ГУДАМЖИЙГ ХОГИЙН ЦЭГ БОЛГОЖ БАЙНА

 

Харин Чингэлтэй дүүрэг төвийн хэсэг гэсэн утгаараа хороо бүрд нь хог ачилтын машин өдөр бүр ирдэг байна. Тухайлбал, тус дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцуудын зарим нь орцон дотроо хогийн бункертай аж. Орцон дотроо хогийн бункергүй байрны оршин суугчид ойр байрлах ногоон өнгийн төмөр саванд хогоо гаргаж хаядаг байна.

Мөн орцон дотроо хаяад гарсан ч үйлчилгээний ажилтан өглөө бүр ажлаа эхлэхдээ тэдгээрийг аваад гардаг аж. Орц бүрээс цуглуулсан хогнуудаа түрдэг ногоон саванд хийж бөөгнүүлээд хог ачилтын машин иртэл цэвэрлэгээгээ хийдэг байна. Гэсэн ч зарим хайхрамжгүй оршин суугчид хог ачилтын машин ирсний дараа ууттай хогоо орцны гадна ил шидчихдэг гэлээ.

Чингэлтэй дүүргийн IV хорооны 41-р байрны үйлчилгээний ажилтан, “Нэг ажилтан дор хаяж 2-3 орон сууцыг хариуцаж цэвэрлэдэг тул орц бүрийг цэвэрлэх ажлынхаа хажуугаар нэмж хаясан ууттай хог бүрийг хумиад байж чаддаггүй. Өглөө хүн бүр гэрээсээ гарах үедээ хогоо гаргаж хаядаг тул тухай бүрд нь бөөгнүүлээд машинд ачуулах ч хэдэн цагийн дараа дахиад л хаанаас ч юм их хог гарч ирсээр эмх замбараагүй байдал үүсдэг” гэж учирлалаа.

Мөн тус хорооны өндөр настан Н.Алтангэрэл “Уг нь хог ачдаг машин өдөр бүр л ирж байгаа харагддаг. Гэхдээ манай байрны урдхан талд гурав хоног ачаагүй овоорсон хогон овоо үүссэн байна лээ. Байрнуудын үйлчлэгч нараас хогоо авчихаад өөр газар бөөгнүүлсэн хогийн тоохгүй орхичихдог юм болов уу гэж гайхаж байна. Энэ хавийн зарим хүнсний дэлгүүрүүд хогоо хаа хамаагүй, булан тохой бараадуулаад хаяж байдаг. Тиймээс ийм тохиолдолд их, бага гэлтгүй торгууль ногдуулдаг бол дэмтэй болов уу гэж боддог. Манай эндхийн байрнууд ихэвчлэн түрээсэлдэг хүмүүсээр дүүрсэн. Үүнтэй холбоотойгоор зарим тохиолдолд амьдарч буй орчиндоо өөриймсөг бус ханддаг оршин суугчид замбараагүй хог хаяж байгаа” гэлээ.

Тэндээс цаашлаад хэд алхахад Тавдугаар сургуулийн урдхан талд байрлах орон сууцын нэгдүгээр давхарт үйлчилгээ явуулдаг газрууд ууттай хогоо олны хөлийн газар ил бөөгнүүлсэн байхтай таарлаа. Хоггүй, цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө гэж хот даяараа уриалж буй ч хог ачилтын машин ирэх цагаас хоцорсон зарим аж ахуйн нэгжүүд төв гудамжийг бичил хогийн цэг болгож байгаа нь цэвэр ухамсартай холбоотой асуудал юм. Их хотын иргэд хоногт дунджаар 100 гаруй тонн хог хаягдал гаргадаг байна. Энэ их хогийг дүүрэг бүрийн хот тохижилтын газрууд 200 гаруй машинаар ачдаг. Зарим дүүрэгт долоо хоногт ганц, нөгөө хэсэгт нь өдрийн 2-3 удаа ирж хог ачиж байгаа ч хот маань хогондоо живсэн хэвээр.

Хаврын хавсаргатай үед салхинд туугдаж дулаан хэмд гэсэж, муудсан хог амьсгалын замын өвчлөл үүсгэдэг гэдгийг эмч нар сануулдаг. Монголчууд нийт хог хаягдлынхаа 20 гаруй хувийг л дахин боловсруулдаг байна. Харин үлдсэн 70 гаруй хувийг одоогоор байгальд ил задгай асгана. Харин Швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулдаг байна. Тэгвэл манай оронд бидний гэрийн ойролцоогоос ачсан хогийг жижиглэж, овор хэмжээг нь багасгасан болоод л Цагаандаваа, Улаанчулуутад аваачиж хаясан болж буй.

Хэрэв иргэд хогоо зөв ялгаад зориулалтын саванд нь хийж чадвал нийт хатуу хог хаягдлынхаа 20 биш 30-40 хувийг дахин боловсруулах боломжтой аж. Хоолны үлдэгдэл өөх, шил, хуванцар сав, кардонан цаас, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хогийг тусад нь ялгаж тавидаг хогийн сав хотын хаана ч хүртээмжтэй байвал эдгээр материалыг хог бус шинэ бүтээгдэхүүн болгох боломж бий.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.12) 2022 оны 04 сарын 10

Манайх Майхан толгой 1д амьдардаг. Төв засмалаас гараад гүүр,өнгөрөөд баруун тийш 2км гаруй замын 2 талаар битүү айлууд байхад ганц ч хогийн сав байдаггүй. Хүмүүс булан болгонд ууттай хогоо тавьж байна. 7 хоногт 1 удаа хогийн машин явж түүж ачих юм. 1-2 ш хог хийх нохой орохооргүй тор хийчихвэл хэн хэндээ амар байхсан.!!!

0  |  0
Т(66.181.190.12) 2022 оны 04 сарын 10

Хотын амьдрал,соёл мэдэхгүй хөдөөгийнхөн хотоор дүүрэн. Тэд яг хөдөө байдаг шигээ амьдарё, хотын хадөлгөөнд орж байхад хот яаж цэвэр, түгжрэлгүй байхавдээ.

0  |  0
Цэвэр(202.126.90.73) 2022 оны 04 сарын 10

Жагсагчид ч Сүхбаатарын талбайг ёстой нэг болгож тавиад явцгаажээ лээ

0  |  0
zochin(106.154.129.13) 2022 оны 04 сарын 10

busd orond hog nii asuudal huuli n changa undur torguultai hariuthlaga changa uchir ard tumen huulia sain bardag gadaad ardarj uzsen uls bugd meddeg baih bich gesen uurdu gonii huulitai durmee barhad chadahgui yum gej yu baihav de Mgl hun hicheevel eh orondo theverhen setgel hangaluun amdarnaa Mgl eejuud ehner.d emegtei chuud ih chaltgaalna gej boddog

0  |  0
zochin(106.154.129.13) 2022 оны 04 сарын 10

ee ene uls.n ih hurliin darga nar yag yunii tuluu yah gej ter erhem suudald suudag bna ⁉️ hog.n asuudal bid nii hamg.n turuund udur aldalgui yaj zuv hayj yalgah hayh yaval eruul orchin hogoo zuv bolovsruulj hayah hun bur dor burnee hicheegui Mgl uls.n eruul mended ayul ⁉️ baigal orchind ayul uchran shu hognii asuudal Mgl hun burd hamaarltai asuudal hariuthlaga shu eruul mended ayul zarlana shu hogoo hatuu huultai boloh heregtei buruu haysan undur torguul togtoodog hun burd hogoo yaj yalgaj hayah geed huuhded jaahnaas n hogoo yaj hayhuu geed zaaj uguh herehtei

0  |  0
zochin(106.154.129.13) 2022 оны 04 сарын 10

ee ene uls.n ih hurliin darga nar yag yunii tuluu yah gej ter erhem suudald suudag bna ⁉️ hog.n asuudal bid nii hamg.n turuund udur aldalgui yaj zuv hayj yalgah hayh yaval eruul orchin hogoo zuv bolovsruulj hayah hun bur dor burnee hicheegui Mgl uls.n eruul mended ayul ⁉️ baigal orchind ayul uchran shu hognii asuudal Mgl hun burd hamaarltai asuudal hariuthlaga shu eruul mended ayul zarlana shu hogoo hatuu huultai boloh heregtei buruu haysan undur torguul togtoodog hun burd hogoo yaj yalgaj hayah geed huuhded jaahnaas n hogoo yaj hayhuu geed zaaj uguh herehtei

0  |  0
Top