Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хүргэлээ. 


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо гэх мэт холбогдох байгууллагуудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэх хүсэлт илгээсэн. 

Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байхад Хөгжлийн банкнаас зээл авсан 73 зээлдэгчийн 107.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлснээс өөр дорвитой ажил хийсэнгүй хэмээн тус зөвлөлийн гишүүд хэлсэн юм. Улмаар тус зөвлөлөөс Хөгжлийн банктай холбоотой дөрвөн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин шаардлага хүргүүлж байгаа аж. 

ВИДЕО ҮЗЭХ: 

Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн  Д.Гантөмөр "Өнгөрсөн 2016 онд Хөгжлийн банкийг шалгаж алдаа дутагдлыг  нь илрүүлсэн. Гэвч  шалгалтын материалыг улсын нууцад хамааруулж, олон нийтээс нууцалсан. Энэ нь тухайн банкны гэмт хэрэг, эрх зүйн зохицуулалт хавтгайрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Хөгжлийн банкны үеийн дарга, гишүүд, улс төрд нөлөөлөхүйц этгээдүүд, зээлийн жинхэнэ эзэд, үнэнийг нууцалсан этгээдүүдийг нэг бүрчлэн тодруулж  шалгах ёстой гэх шаардлагыг тавьж байгаа юм" гэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г. Баярсайхан "Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаас бусад ажилд хяналт тавих үүрэгтэй. Сүүлийн үед Үндэсний мөрдөх алба байгуулна гэж улс төрд нөлөө бүхий эрхмүүд ярьж байна. Ирэх жилийн төсөвт Үндэсний мөрдөх алба байгуулах төсөв сууж магадгүй гэж хардаж байна. Нэг ёсондоо  цагдаа, тагнуулын мөрдөх алба, авлигатай тэмцэх газруудыг нийлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр бид төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг цуглуулж суудаг ёс төдий байгууллага болох нь. Ер нь Авлигатай тэмцэх газрын ерөнхийлөгчийг Ерөнхий сайд томилдог болгосон. Энэ чинь нэг ёсондоо ухралт хийсэн гэсэн үг. Бид Хөгжлийн банктай холбоотой гэмт хэрэг шалгагдах явцад хэт хөндлөнгөөс оролцохыг шаардаагүй. Аль болохоор хууль хяналтын байгууллагуудыг төрөөс хараат бусаар хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top