Японд хуучин автомашины үнэ 5 хувиар буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ болон тус улсад хийх экспорт буурснаар Япон дахь хуучин автомашины дундаж үнэ таван хувиар буурсан тухай “Nikkei” сонин мэдээлжээ.

Энэ сарын эхний хоёр долоо хоногт Японы хуучин автомашины дундаж үнэ өмнөх сарынхаас таван хувиар буурч, 785 мянган иен болжээ. Эдийн засгийн хориг арга хэмжээ Японы хуучин автомашины томоохон зах зээл болох Орос дахь эрэлт огцом унахад хүргэжээ. Ялангуяа, Nissan Leaf, Subaru Forester зэрэг Орос улсад эрэлт ихтэй маркийн автомашины үнэ буурсан байна. Эдгээр машины үнэ 20 хувиар унажээ. Хэрэв энэ байдал үргэлжилбэл шинэ автомашины борлуулалтад нөлөөлөх нь дамжиггүй гэж Японы шинжээчид үзэж байна.

Энэ сарыг хүртэл Японд хуучин автомашины үнэ өсөж байжээ. Энэ нь хагас дамжуулагчийн хомсдол үүссэнээс шинэ автомашины үйлдвэрлэл буурч, нийлүүлэлт тасалдсантай холбоотой аж. Тиймээс хэрэглэгчдийн дунд хуучин автомашины эрэлт өссөн байна. Хоёрдугаар сарын дунд үед тус улсад хуучин автомашины дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдэж, 853 мянган иенд хүрч байжээ.

Тус улс 2021 онд нийт 6.7 сая хуучин, 4.5 сая шинэ автомашин борлуулж, 1.22 сая хуучин автомашин экспортолжээ. ОХУ-д 160 мянга буюу нийт экспортын 16.7 хувийг нийлүүлжээ. Японы автомашины экспортын 13.3 хувь АНЭУ-д, 10.4 хувь Шинэ Зеландад  ногддог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top