Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг 2024 онд гаргаж дуусгана

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы үеэр дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувийг хангадаг Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах асуудлаар бүх талын байр суурийг сонсож байгаа юм. Энэ үеэр Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг 2024 он гэхэд бүрэн гаргаж дуусах талаар ярилаа. Тодруулбал, Хөвсгөл нуурын ёроолд 56 автомашин живсэн гэх судалгаа одоогоор гараад байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 332 дугаар тогтоол гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын “Эко аялал жуучлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлан, Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор холбогдох ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байдаг. Үүний хүрээнд Хөвсгөл нууранд 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж буй нэгэн томоохон эх үүсвэрийг аюулгүй болгосон юм.

Дашрамд дурдхад, өчигдөр /2022.02.23/ буюу чуулганы эхний өдөр судлаачдын зүгээс 24 илтгэл тавигдсан байна. Тэдгээр нь “Хөвсгөл нуур судлах төвийг хөгжүүлэх” төв байгуулах, нуурын усны чанарын лабораторыг шинэчлэх, нуур орчмын үйл ажиллагааг сайжруулах, аялал жуучлалын баазуудад стандарт тогтоох, ялангуяа ариун цэврийн байгууламж хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болох нүхэн жорлонг хориглох, устгах, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлж, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг хөндсөн байв.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top