ДУНДГОВЬ: Тусгай хамгаалалттай газруудад хяналт хийв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт орших аймгийн тусгай хамгаалалттай "Тогоогийн рашаан", "Хаалган хад" орчимд сумын Байгаль орчин хамгааллын Улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Багийн засаг дарга нар хяналт шалгалт хийлээ.

Энэ үеэрээ Сайнцагаан сумын идэвхтэн байгаль хамгаалагч, малчин Л.Баярцогтод үнэмлэх, тэмдгийг гардуулж, хамгаалалттай газрын орчны хог хаягдлыг цэвэрлэх, булш, хиргисүүрийг тоолох, булгийн хашаа хамгаалалтыг засах, рашааны амыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Тогоогийн рашаан гэх газрыг 2017 онд Аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд тус рашаан нь дотрын өвчин эмгэг анагаахад тустай гэж нутгийн иргэд ярьдаг ажээ. Түүнчлэн рашааны ойр орчимд нь маш сайн чанарын хужир ургаж, нутгийн ард иргэд хүнс болоод эрүүл мэндийн чиглэлээр хэрэглэж заншжээ. 

Харин Хаалган хадын хувьд олон төрлийн ховор ургамал, ан амьтантай гэдгээрээ алдартай. Сүүлийн жилүүдэд ан амьтан нь ховордож буйтай холбоотойгоор 50 тарвага тус нутагт нутагшуулсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top