Засал номыг жилийн аль ч үед хийлгэж болно

2022 оны 02 сарын 18

Сар шинэ хуучрахаас урьтаж жилийн засал номоо хийлгэх гэсэн иргэдийн цуваа Гандантэгчэнлин хийдийн үүднээс эхлэн дугана бүрд үүсжээ. Усан бар жилд мэнгэ голлосон, жил орсон зэрэг шалтгаанаар тусгайлан засал хийлгэх ёстой хүмүүс бий. Мөн дээрхээс бусад иргэд ч буян ном хураах шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэх гэж яаравчилна. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы ойр орчмоос жилийн засалтай холбоотой сурвалжилга бэлтгэлээ.


 

ХҮНИЙ БӨӨГНӨРЛӨӨС СЭРГИЙЛЖ НОМ БИЧИХ ЦЭГЭЭ ОЛШРУУЛЖЭЭ

 

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд засал, ном бичүүлэх үндсэн есөн цонх бий. Харин Сар шинийн баяраас өмнөхөн Улсын онцгой комиссоос шаардлага тавьж хүн хоорондын зайг баримтлахыг сануулжээ. Тиймээс нэг давхарын танхимд ахин долоон цонх буюу бичээч нэмж суулган хүний бөөгнөрлийг сааруулах болсон байна. Иймээс Сар шинийн дараа ч гэсэн нэмэлт бичээчтэйгээр сүсэгтэн олныг тараан суулгаж номын захиалгаа бичиж байгаа аж. Эдгээр 16 цонх тус бүрд ойролцоогоор 10-20 хүн дугаарлах бөгөөд ном бичүүлэх гэсэн 200 гаруй хүн танхимд байв. Үүн дээр нэмээд зурхайч гэсэн хаалганы гадна болон арц, рашаан авах гэж дугаарлах хүмүүс ч чамгүй олон байлаа. Мөн хурал ном айлтгах үнэ багадаа 500-1000 төгрөгийн хооронд байв. Харин үнийн самбарт бичсэн хамгийн өндөр үнэтэй ном нь Алтанганжуур бөгөөд 20 мянган төгрөгийн ханштай байлаа. Нас барагсдын хойноос буян үйлдэх зан үйлийн холбогдолтой алтан хайрцаг нээлгэх, онцгой засал хийлгэх ном харьцангуй өндөр үнэтэй бол түгээмэл уншигддаг номуудыг уншуулахад нэг хүнээс 10-30 мянган төгрөгийн зарлага гардаг байна.

 

СҮСЭГТЭН ОЛОН ШИНЭ ДУГАНД НОМ БИЧҮҮЛЭХЭД АЯ ТУХТАЙ БАЙНА ГЭВ

 

Рашаан, арц авах гэж дугаарлах иргэд цөм ном бичүүлсэн баримтаа барьж зогсох бөгөөд тэдний төлөөллөөс санал сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

БЗД-ийн VIII хорооны иргэн У "Шинээр барьсан Батцагаан дуган сайхан болжээ. Энд ирээд гэр бүлийнхээ заслыг бөөнд нь хийлгэж байна. Нэг модны мөчир шиг биесээсээ холбоотой учир ийм зүйлд дан өөрийгөө бодож болохгүй шүү дээ. Үнэ ханшын хувьд хэчнээн ном уншуулахаасаа шалтгаалаад өөр өөр л байх шиг байна. Номоо бичүүлэхдээ жил нь орж буй гишүүдийнхээ нэрийг нь хэлээд л бичүүллээ. Энэ чинь сүжгээрээ, сэтгэлээрээ хийдэг зүйл болохоор бүх юм нь сайхан болох байх аа хэмээн бодож байна. Том хэмжээний ном уншуулахдаа лам нарт нь идээний дээж, хадаг, сүү барьдаг гэдэг нь ч бас тухайн хүний сүсэг бишрэлийн  асуудал байх. Ойр зуурын ном уншуулахад тийм ч их мөнгө төлдөггүй. Энд бичсэн байгаа ханш өөрчлөгдөөгүй юм чинь нэг хүний засал 20-30 мянган төгрөг болж байх шиг байна’’ хэмээн хариуллаа.

Энд тэндгүй дараалалд суух настай хүмүүс өөрт авч явах цаг тооны бичгээ дэлгэж үзэн, заримдаа цаасан дээр тэмдэглэн авч тулгаж байв. Тэднээс хэр удаан дараалалд сууж буйг лавлавал ихэнхдээ 20-30 минут, ихдээ нэг цаг орчим хүлээж байгаа хэмээн хариуллаа. Мөн ахимаг болон өндөр настай хүмүүсээс гадна залуус ч мэр сэр харагдана. Жил нь орж буй тул анх удаа заслаа хийлгэхээр ирсэн хэмээн тайлбарлах залуу хосуудтай таарлаа. Тэдний хэлж буйгаар өмнөх ном бичдэг байсан дуганд очиж үзээгүй гэнэ. Тиймээс ганданд ирэхэд тав тухтай, зохион байгуулалттай орчин угтаж авсан тул анхны сэтгэгдэл тун давгүй байгаа хэмээлээ. Үүнээс гадна биечлэн ирж номоо бичүүлж, хуралд даган баясах нь сэтгэлд өег тул зарим хүмүүс цэцэрлэгийн насны хүүхдээ дагуулан ирсэнтэй цөөнгүй таарсан юм.

   

ЦАХИМААР НОМ ЗАХИАЛАХ, БИЕЧЛЭН ИРЖ БИЧҮҮЛЭХ ИЖИЛ ҮНЭТЭЙ

 

Жилийн заслыг аль үед хийлгэх нь зөв эсэх маргаан олны дунд бий. Мөн уламжлалаа дагаж заавал шинийн 15-ны билэгт сайн өдөрт багтаах ёстой гэсэн ёсыг дагах нь зөв эсэхийг Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.


-Шинийн 15-ндаа багтаж засал номоо хийлгэх нь ямар давуу талтай вэ?

-Энэ нь буян сайн хураахын нэр юм. Мөн буян сайн хураах нь ажил үйлс бүтэмжтэй байхын илрэл болдог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ны хооронд ном хуруулж буян хураах нь бурхны шашинтай улс орнуудад хамгийн чухал өдөр байдаг.

-Жилийн заслыг заавал шинийн 15-нд багтаах албагүй, он дуусахаас өмнө амжихад болно гэж ярьдаг энэ үнэн үү?

-Засал хийлгэхийг заавал албаддаггүй учир хийлгэх үгүй нь хувь хүний асуудал. Хийлгэхгүй бол ажил үйлс бүтэхгүй, амь насанд халтай гэсэн юм үгүй. Засал гэдэг нь зурхайн ном сударт тэр жилтэй хүн, энэ жил од эрхэс гарагийн нөлөөлөлд өртөх магадлалтай юм байна гэж бичсэнээс урьдчилан сэргийлэх зорилготой зүйл юм. Мөн буян хийхэд өдөр хамаагүй. Тэгэхээр шинийн 15-нд амжаагүй ч гэсэн ном уншуулж, заслаа хийлгэж болно.

-Жилийн засал хийлгэхэд хамгийн түгээмэл уншигддаг ном аль нь вэ?

-Жадамба, Сундуй, Алтангэрэл, Гурван гүрэм гэсэн ном хамгийн их уншигддаг.

-Цахимаар захиалга өгч ном айлтгах системийг хэзээнээс эхэлж хөгжүүлсэн бэ. Хүмүүс хэр сайн мэддэг вэ?

-Гандан хийд рүү ирж чадахгүй ажилтай, гадаадад амьдардаг гэх мэт шалтгаантай хүмүүсээс хүсэлт их ирсэн. Үүний дагуу 2019 онд энэ ажлыг хийж эхлүүлсэн юм. Заавал ном уншуулах гэсэн иргэд хүнээр дамжуулалгүй, зайнаас ч болов өөрсдөө номоо айлтгуулъя гэсний үндсэн дээр тус ажлыг хийж байна. Мөн цахимаар айлтгал авсан хүмүүс түүнийгээ харах гэсэн хүсэлтэй байсан тул саналыг нь хүлээн авч өөрсдийн цахим хуудастаа шууд дамжуулалт хийн үзүүлэх болсон. Сүсэгтэн олон энэ үйлчилгээг сайн мэдэж байгаа. Цахимаар захиалах, хийдэд ирж биечлэн ном бичүүлэхэд үнийн хувьд ижилхэн байдаг.

 

ЦАГ САЙХАН БОЛООСОЙ ГЭСЭНДЭЭ БУРХАН БАГШИД ЗАЛБИРАХ СҮСЭГТЭН ОЛОН БАЙНА

 

Тус дуганы хоёрдугаар давхарт ормогц лам нар хурал номоо айлтган, бяцхан ламхай нар залбирлаа хийн сууж байв. Цөөн уншигддаг гэх томоохон ном айлтгах үеэр ар гэр болон өөрийгөө даатгаж нэрээ бичүүлэх гэсэн хүмүүс ч тус танхимд дугаарлаж байлаа. Мөн танхимын голд байрлах бурхан багшийн хөшөөний урд залбирал үйлдэх, сунаж мөргөх гэж ирсэн иргэдийн цуваа ч тасрахгүй байна. Олны дунд даллага авахуулсан бол гурав хоног гэрээс эд зүйл гаргах ёсгүй гэсэн яриа бий. Харин лам нар үүнийг үгүйсгэж байлаа. Цар тахлын өмнө цөөн бичээчтэй, жижиг талбайтай байранд ном бичдэг байхад жилийн засал хийлгэх бэрх байсныг иргэд дурдаж байв. Зарим үед дотор чихэлдэж, гадаа гарч дугаарлан, шөнө болтол хүлээх ч тохиолдол гарч байсан гэнэ. Тиймээс өмнөхөө бодвол саруулхан, тохитой, зохион байгуулалттай газар ном бичих болсон нь нялх хүүхэдтэй, өндөр настай иргэдэд амар болсон байна. Мөн хурал ном хурахад даган баясах гэж ирсэн иргэд сандал дээр сууж, залбирал хийх нээлттэй болжээ. Нэгт, цаг үеийн нөхцөл байдал буян ном ихээр хурдаг үетэй таарсан. Хоёрт, улсын хэмжээнд цар тахлын эсрэг бүх хориг хязгаарлалтыг цуцалсан учир сүсэгтэн олон өөрсдийн ухамсраараа хүн хоорондын зайгаа баримтлан чөлөөтэй суух боломжтой болсон зэрэг нөлөөлсөн байна. Засгийн газраас цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг цуцалсан учир сүсэгтэн олон сайн цаг удахгүй ирэх байх гэсэн найдлага тээн залбирал, мөргөлөө чөлөөтэй хийх болсонд баяртай байгаагаа хуучилцгаана. Иймээс бүгд л өөрсдийн ахуй амьдрал, үр хүүхэд, эрүүл мэндээ даатгах гэж буян хураах эдгээр өдрүүдэд Ганданд өнжиж буй нь энэ.

 

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top