Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 88 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү ЯНЬ ГУАН ЦЭРЭГ ЗАСАЖ ХҮНЬ ТЯНЬ ЖЭНЬ ЖАГСААЛ ЖАГСААСАН СҮН ГҮН МИН ЗҮҮД ЗҮҮДЭЛЖ СЮНЬ НЮЙ-Н УВДИСЫГ ХҮЛЭЭСЭН

 

Өгүүлэх нь тэр үед Сүн Жян өндөр дээр гарч үзвээс Ляо улсын цэргийн сүр маш их тул мэндэн сандан морь эгүүлж жагсаалдаа ирээд цааз зарлан цэрэг морио татаж Юн Чин сянь-ий уулан аманд хүрч хүрээ буусан хойно Лу Юань И, Ү Юн, Гүн Сүньшэн нарыг цацарт залж ийн зөвлөрүүн: - Энэ өдөр хэдийгээр түүнийг нэгэн зэрэг дийлж хоёр хошууч жанжныг нь алсан боловч миний бие өндөрт гарч үзвээс Ляо улсын цэргийн сүр их л мандаж түүний их цэрэг давалгаа мэт газар бүрхэн хүрч ирэв. Жич маргаадар цэрэг гарган зууралдан байлдваас цөөнөөр олныг тулж чадахгүйгээс эмээмүй. Үүнийг хэрхвээс сайн? хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Эрт үед цэргийг сайн хэрэглэгчид урьдад цөөнөөр олныг дийлж чадмуй. Анхны Жинь улсын Сэ Сюань хэмээгч таван түмэн цэрэг мориор Фү Жянь- ий захирсан зуун түмэн хүчирхэг цэргийг байлдаж эгүүлсэн тул хошууч та эмээн сүрдэж юун хиймүй! Жич маргаадар олон жанжинд цааз зарлаж туг хиурыг засаж хөвчит нумд зэв онилж, илд сэлмийг хуйгаас гаргаж их замд шөргөө болж, хүрээ цайзыг бэхлэн сахиж, унууль гууг гүн өрж зэр зэвсгийг бэлхэн болгож, үүлэн шат үхэр бууг зэрэглэн бэлтгэж урьдаас сэрэмжлээд есөн мэнгэн найман хүЛи Лийн жагсаалыг засаж тавьсугай. Хэрвээ цэрэг дайчлан жагсаалыг дайрваас дэм дэмээр угтан байлдахад хэдий зуун түмний их цэрэг ирэвч шувтлан гарч чадахгүй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Цэргийн багшийн өгүүлсэн нь үнэхээр дээд арга болой хэмээгээд олон цэрэгт цааз зарлаж мөн шөнийн таван жинд хоол базааж идээд гэгээрэх үед цэрэг хөдөлж Чан Пин сянь-ий зурагт хүрсэн хойно цэрэг морийг тэгшлэн жагсааж цацар байгуулан хүрээ буув. Морь цэргийг өмнө жагсааж, барсын жанжин Чинь Мин-г өмнө болгож Хү Яньжуо-г хойно оруулж, Гуань Шэн-г зүүнээ тавьж, Линь Чүн-г баруунаа болгож, Со Чао-г зүүн өмнөд оруулж, Сюй Нин-г зүүн хойнод илгээж, Дүн Пин-г баруун өмнөд тавьж, Ян Хи-г баруун хойнод оруулж, Сүн Жян өөрөө дундад цэргийг захирч, үлсэн бус жанжин нарыг тус тусын оронд үлдээгээд хойнох явган цэргийг хайгуул анги болгон зохиож Лү Жюнь И, Лү Жишэнь, Ү Сүн гурвуулд өгч захируулав. Дайнд цагаарч байлдаанд шалгарсан хэдэн түмэн жанжин цэрэг алалдан тулалдахаар ханцуй шамлан жагсаж зогсоод Ляо улсын цэргийг хүлээв.

Удсангүй Ляо улсын цэрэг алсын үзүүрээс тоос мандуулан довтолж ирэв. Зургаан анги морьт цэрэг өмнө орж, анги бүр тав таван зуун хүнтэй бөгөөд зүүн этгээдэд гурван анги жагсаж баруун этгээдэд гурван анги жагсаж нааш цааш эргэлдэн явж огт зогсохгүй тул энэ зургаан анги явуул цэргийг “туршуулын цэрэг” буюу “жагсаал хамгаалах цэрэг” хэмээмүй. Түүний араас их цэрэг газар бүрхэн хүрч ирэхүйеэ өмнөх цэрэг нь цөм хар далбаа өргөж долоон үүдээр жагсаал жагсаж үүд бүрд мянган морьтон, нэг жанжин байх аж. Тэр жанжны хуягласан байдлыг үзвээс, тэргүүндээ бараан дуулга дарж, биедээ хар хуяг хар дээл хэдэрч, хар морь унажээ. Хуяг цэрэгт нэгэн адил зэвсэг бариулж Удирасад, Абизи, Шираван, Даниста, Садабис, Бүрвабадрабад, Удирабадрабад-ын ёсоор жагсааж долоон үүдний дотор нэгэн дээд жанжныг ерөнхий захирагч тавьж хурмаст тэнгэрийн умар зүгийн хар мэлхий усан гарагийн байдлыг гаргажээ. Түүний хуягласан байдлыг үзвээс: Алтан цагаригт магнайвчаар хар гэзгийг даруулж, охор ханцуйт баруун дээл сувдын шигтгэрт мөнгөн хуягийг биедээ хэдэрч салхин гүйдэлт хар морийг унаж бариул хар гурван үзүүрт илдийг барьжээ. Үзвээс харь аймгийн их жанжин Чюй Ли Чү Чин үс буулгасан бараан хуягт гурван мянган морьтныг дагуулан алтан гадасны таван одны сүрийг мандуулжээ. Тоолшгүй цэрэг морь хар тугийн доор зогссон аж. Энэ үнэхээр өвлийн үүл эвхрэн босоод дорнын нарыг халхлахуйяа хар уур огторгуй тулж умар далайг залгижээ.

Зүүн этгээдийн цэрэг морь хөх луут тугийг өргөж долоон үүд хуваан жагсаал засаж үүд бүрт нэгэн мянган морьт цэргийг жагсааж тус тус нэжгээд жанжнаар захируулжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс дөрвөлжин оройт ган дуулгыг тэргүүндээ дарж, удан навчин хөнгөн хуягийг биедээ хэдэрч биндэрьяан өнгөт магнаг дээлийг түүний гадуур даруулж хөх саарал хурдан хүлгийг эмээл даран унасан нэгэн адил хурц зэвсгийг гартаа барьж Зэдра, Сувади, Шошог, Анүрад, Цисда, Мол, Бүрвасад-ын ёсоор жагсаж зогсжээ. Долоон үүдний дотор нэгэн дээд жанжин нар ерөнхий захирагч болгож, хурмаст тэнгэрийн дорно зүгийн хөх луу модон гарагийн сүрийг үзүүлжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс, арслан магшсан төмөр дуулгыг тэргүүндээ дарж, эрслэн тоглосон мяндсан хуягийг биедээ хэдэрч, цэцэг хатгасан магнаг дээлийг түүний гадуур нөмөрч, алт суулгасан хасын бүсийг дундуураа бүсэлж, алтан бариулт саран сүхийг гартаа атгаж хасын толбот хөх морийг дөрөө өшиглөн унасан аж. Үзвээс харь аймгийн их жанжин Хи Эл Фү Лан хөх өнгөт эрдэнийн туг өргөсөн гурван мянган морьтныг авч зүүн зовхисын модон орны есөн одны төлөвийг гаргажээ. Хөх тугийн эргэн тойронд тоолшгүй олон цэрэг морь багларан зогсмуй. Энэ үнэхээр нэгэн зурвас хөх униар шар замыг нээхүйеэ гэрэл цацарсан ногоон туяа буюу үүлийг хөшиглөжээ.

Баруун этгээдийн цэрэг морь цагаан барст тугийг өргөж долоон хаалгаар жагсаал засаж, хаалга бүрд нэгэн мянган морьт цэргийг жагсааж, тус тус нэжгээд жанжнаар захируулжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс, эрдэнэ шигтгэсэн алмас дуулгыг тэргүүндээ дарж мөнгөн товруут хөнгөн хуягийг биедээ хэдэрч, цагаан магнаг дээлийг түүний гадуур нөмөрч, цас цагаан хурдан хүлгийг жолоо татан зогсоод тус бүр охор зэвсэг атгаж Ривади, Ашувани, Барани, Гиртиг, Рогини, Мэргэшир, Артирын ёсоор жагсаж зогсжээ. Долоон үүдний дотор нэгэн дээд жанжнаар ерөнхий захирагч болгож, хурмаст тэнгэрийн баруун зүгийн цагаан барс алтан гарагийн сүрийг илрүүлжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс гарди дэвэлхийлсэн дуулгыг тэргүүндээ дарж, хос гархит мөнгөн хуягийг биедээ хэдэрч, мөсөн гэрэлт хасын бүсийг дундуураа даруулж, цасан лавирт цагаан дээлийг гадуур нөмөрч, шөнийг гэрэлтүүлэх чандган цагаан эрслэн хүлгийг жолоо татан зогсож, мөнгөн цагаан чинган эрдэнийн жадыг сунгажээ. Үзвээс харь аймгийн их жанжин Ү Ли Кэ Ань соновторт цагаан туг өргөсөн гурван мянган морьтныг авч өрнө зүгийн төмөр орны долоон одны сүрийг үзүүлжээ. Цагаан тугийн өмнө хойно тоолшгүй олон өмөглөх цэрэг хүрээлэн зогсжээ. Энэ үнэхээр байлдааны тэмээ бөх хаялан сарьдгийн цасыг будруулж харийн жанжин бие хуяглан Күньлүнь-ий мөсийг нөмөрчээ.

Хойд этгээдийн цэрэг морь улаан тугийг өргөж долоон үүд хуваан жагсаал засаж, үүд бүрд нэгэн мянган морьт цэргийг жагсааж, тус тус нэжгээд жанжнаар захируулжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс улаан ширт дөрвөлжин бүрхийг тэргүүндээ дарж гал улаан байлдааны магнагийг биедээ хэдэрч загасны хайрст улаан хуягийг дотроо өмсөж, жагсаалыг дайрах ти-т моринд дөрөө өшиглөн сууж, тус тусын барьдал зэвсгийг гартаа атгаж, Бүрнавашү, Бос, Аслис, Миг, Бүрвабэлгүни, Удирабэлгүни, Хасда-ын ёсоор жагсаж зогсжээ. Долоон үүдний дотор нэгэн дээд жанжнаар ерөнхий захирагч болгож хурмаст тэнгэрийн өмнө зүгийн улаан шаазгай гал одны сүрийг үзүүлжээ. Түүний хуягласан байдлыг үзвээс улаан соновторт хүрэн дуулгыг тэргүүндээ дарж, гэрэл цацрам улаан магнагийг биедээ хэдэрч, туяа бадарсан хөнгөн хуягийг дотроо өмсөж, цэрэг шагласан түрийт гутлыг хөлдөө өшиглөж, улаан шүрэн эрдэнэт бүсийг дундуураа даруулж, хатуу нум урт зэвийг ардаа агсаж, найман тохойн луут илдийг гартаа атгаж, шунхан улаан зээрд морийг унажээ. Үзвээс харь аймгийн их жанжин Дүн Сянь Вэнь Рүн улаан торгон одот туг өргөсөн гурван мянган морьтныг авч өмнө зүгийн галын орны гурван одны сүрийг үзүүлжээ. Улаан тугийг хүрээлэн зогссон улаан дуулгат цэрэг морьдыг тоолбоос барахгүй. Энэ үнэхээр галын сахиус хилэн төрөн ордноос гарч эчихүйеэ, аянга дуугаран цахилгаан буугаад самадийн гал ноцжээ.

Жагсаалын зүүн өмнө этгээдэд алтан дуулга дарж, гуулин хуяг хэдэрч, улаан магнаг хэдэрч улаан соновтор хатгаж, улаан туг өргөж, бор эмээлт улаан морь унасан таван мянган чийрэг цэрэг нэгэн их жанжныг хүлээн зогсмуй. Тэр жанжин алтан утсаар угалз даруулсан цацагт цэцгийн дуулгыг тэргүүндээ дарж, араатны тэргүүнийг гархилан холбосон алтан хуягийг биедээ хэдэрч, хуар хутгасан гал улаан магнаг дээлийг түүний гадуур нөмөрч, алтан шигтгэрт долоон эрдэнийн хасын бүсийг дундуураа бүсэлж, наран сарны хос илдийг гартаа барьж, шийр цагаан сарт зээрд морийг унажээ. Үзвээс Ляо улсын эзний дүү их ван Люй Дэ Юн чив хэмээн хурмаст тэнгэрийн Адьяа гарагийн сүрийг бүрдүүлжээ. Энэ үнэхээр алтан хэрээ жигүүр дэлгэн ялмын орноо буухуйяа гал шүхэр чив хэмээн зүүн далайгаас дэгджээ.

Жагсаалын баруун өмнө этгээдэд мөнгөн сажигт дуулга дарж, мөнгөн гархит хуяг хэдэрч, цагаан торгон соновтор хатгаж, цагаан туг өргөж, саарал морь унаад мөнгөн иш жад сэлэм барьсан таван мянган охин цэрэг нэгэн эхнэр жанжныг хүрээлэн зогсмуй. Тэр эхнэр жанжин галбинга бүжиглэсэн алтан хатгуурыг хар гэзэгтээ зүсүү хатгаж, сувд шигтгэсэн мөнгөн татуураар өнгөт үсийг даруулж, ээтэн ногоон торгон уужинд хэмэрлэг хормойвч тааруулж, цэцэг хатгасан мяндсан дээлэнд мөнгөн хуягийг нууж, хатгамал хуартай жаахан гутлаар алтан дөрөөг өшиглөж, хас бүрээт хөнгөн ташуурыг булбарай гартаа өргөсхийж, долоон одот эрдэнийн сэлмийг гартаа атгаж, хас цагаан хурдан хүлгийг унажээ. Үзвээс Ляо улсын Тянь Шоу гүнж Да Ли Бо хурмаст тэнгэрийн Сумьяа гарагийн төлөвийг эзэлжээ. Энэ үнэхээр хас туулай дүгрэглэн дүгрэглэсээр далайн зовхисоос мандахуйяа мөсөн хүрд цайран цайрсаар хувилгаан индрийг гэрэлтүүлжээ.

Хоёр багийн жагсаал дунд эргэн тойрон шар туг мяралзан хийсэж, жанжин цэрэг цөм хол морь унаж алтан хуяг өмссөн тул дуулганаас шар униар татаж, тэргүүнд дарсан хатгамалт малгайнаас шар манан тунармуй. Шар хуягт багийн дотор дөрвөн их морьт жанжин тус бүр гурван мянган цэргийг дагуулж дөрвөн зовхист жагссан бөгөөд зовхис бүрийг нэгэн жанжин бэхлэн сахижээ. Зүүн өмнөд этгээдийн их жанжин хөх дээл алтан хуяг хэдэрч гартаа хувилгаан жадыг атгаж буурал морь унан жагсаалын өмнө зогсож хурмаст тэнгэрийн раху одны байдлыг үзүүлжээ. Үзвээс энэ хүмүүн чив хэмээн Ляо улсын хааны ач Рэ Люй Дэ Рүн мөн. Баруун өмнөд этгээдийн их жанжин бор дээл мөнгөн хуяг хэдэрч, гартаа эрдэнийн илдийг барьж халиун морь унаж жагсаалын өмнө зогсоод хурмаст тэнгэрийн хэт гарагийн сүрийг үзүүлжээ. Үзвээс энэ хүмүүн болбоос чив хэмээн Ляо улсын хааны ач Рэ Люй Дэ Хуа мөн ажээ. Зүүн хойд этгээдийн их жанжин ногоон дээл мөнгөн хуяг хэдэрч, фан тянь жи жадыг барьж магнай халзан хол морийг унаад жагсаалын өмнө зогсож хурмаст тэнгэрийн илүү одны сүрийг илрүүлжээ. Үзвээс энэ хүмүүн ч чив хэмээн Ляо улсын хааны ач Рэ Люй Дэ Юн мөн. Баруун хойд этгээдийн их жанжин цагаан гуулин хуягийг хэдэрч, долоон одот эрдэнийн сэлмийг барин, үүлнээ дэгдэх хар морийг унаж жагсаалын өмнө гарч зогсоод хурмаст тэнгэрийн саран хөвүүн одны сүрийг үзүүлжээ. Үзвээс Ляо улсын хааны ач Рэ Люй Дэ Синь ажээ.

Шар хуягт жагсаалын дотор олон цэрэг нэгэн дээд жанжныг багларан хүрээлж зүүн этгээдэд хөх туг өргөж, баруун этгээдэд цагаан дөмөг атгаж, өмнө этгээдэд улаан хиур босгон, хойно этгээдэд хар шүхэр хийсгэж, эргэн тойрны туг хиурыг дөрвөн уур, жаран дөрвөн хөлөл, өмнөд гадас, умард Удирасадын ёсоор нисэх луу, нисэх барс, нисэх өтөг, нисэх ирвэсийн дүрийг бүтээн, арга билиг дорно өрнийг ялгаж, сувдын эргэлэг хасын шинжлэл хорвоо ертөнцийн будангуй байдалд нийцүүлжээ. Тэр жанжин улаан ишт фан тянь жи жадыг барьж, долоон эрдэнийн алтан дуулгыг тэргүүндээ дарж, мэлхийн сийлбэрт алтан хуягийг биедээ хэдэрч, Сичуань газрын хатгамалт улаан нолмын дээл өмсөж, гэрэл цацарсан өнгөт хасын бүсийг дундуураа бүсэлж, алтан зурагт төмөр элэгтэй нумыг зүүн сүүжиндээ зүүж, гардийн өдөөр өдөлсөн хурц зэвийг баруун сүүжиндээ зүүж, тасын хоншоорт эртгэр гутлыг хөлдөө өшиглөж, мөнгөн дэлт цавьдар морин дээр алтан дөрөө өшиглөн мяндсан жолоо хурааж суун, цааз зарлах хурц сэлмийг ташаандаа суйрч, цэргийг захирах ган ташуурыг гартаа барьжээ. Энэ нэгэн багийн цэрэг морь шижир алтны гэрлийг цацруулж, хурмаст тэнгэрийн дундад орны шороон орны одон эзний сүрийг илрүүлжээ. Энэ хүмүүн чив хэмээн Ляо улсын цэрэг морийг ерөнхийлөн захирах их юаньшуай Ү Янь Гуан мөн мөн ажээ.

Шар тугийн хойнох дундад цэрэгт гардийн сүйх луун тэрэг зэрэглэж өмнө умар зүүн баруунд долоон давхар илд жид тойруулж, есөн давхар хаалган дотор гучин зургаан хос шар алчуурт баатар жагсаж, нянь сүйхийг хамгаалж, тэргэн аралд алтан эмээлт есөн хүлгийг хөлж, жагсаалын хойноос хэмэрлэг дээлт найман хос чийрэг хуяг дагаж, Ляо улсын эзэн гардийн сүйхнээ залраад тэргүүнд Чүн Тянь-ий малгайг дарж, биедээ есөн луут шар магнаг дээлийг өмсөж, бэлхүүсэндээ Лань Тянь Юй-тай хас бүсийг бүсэлж хөлдөө улаан зулагт төрийн гутлыг өшиглөжээ. Зүүн гарын чэнсян түшмэл Ю Си Бо-ын баруун гарын чэнсян түшмэл Чу Жянь тайш хоёр этгээдэд бараа болж тус бүр болгон малгай улаан дээл өмсөж, зааны ясан хууван барьж, хасын бүс бүсэлжээ. Луун нянь-ий хоёр талаар алтан хөвүүн хасын охин шүхэр өргөн дуаз барьж луун сүйхийн өмнө хойно эзнийг хамгаалах тэнгэрийн цэрэг багларан зогсмуй. Ляо улсын хаан эзэн хурмаст тэнгэрийн Зи Вэй Да Ди-ийн сүрийг үзүүлэн олон оддыг нийгэмлэн захирч зүүн баруун хоёр гарын чэнсян түшмэл хурмаст тэнгэрийн туслагч одны шинжийг илрүүлжээ. Энэ үнэхээр дээд тэнгэрийн түмэн од орших ордноос салаад арван зүгийн эзэд догшид хүний орчлонд заяав. Шүлэгт өгүүлсэн нь:

Одон гараг хамтаар дагалцан найман зовхист зогсохуйяа,

Огоот бас эрдэмтэн мэргэд төв дунддыг эзэлмүй.

Харийн хүмүүн угаас тэнгэрийн зүг төсөөлөхгүй,

Хаан хурмастын цааз ёсоор хичээх учир баймуй уу?

Түүнээс Ляо улсын цэрэг морь өндөг овоолон ваар хөмрөх мэт байдлаар тэнгэрийн жагсаалыг засаж дөрвөн зовхист туг мандуулж найман зүгт жад зэрэглэж улирах хувирах хэмжээгүй, ухрах давших эмх цэгцтэй ажээ. Сүн Жян үүнийг үзээд цэргийн ардад цааз зарлан хатуу нум холховч зэв бэлтгэн жагсаалын хөлийг бэхлэн сахиулж, дундад цэргийн хүрээнээ үүлэн шат өндөр мандал цогцолж Ү Юн, Жү Ү лугаа мандал дээр гарч нэгэн зэрэг үзээд тэсгэлгүй гайхан цочив. Жү Ү нэгэн зэрэг шинжсэн хойно тэнгэрийн жагсаал зассаныг мэдээд Сүн Жян, Ү Юн-ийн зүг өгүүлрүүн: - Энэ хэмээгч үлэмж хувьсагч Хүнь Тянь Сян хэмээх тэнгэрийн дүрсийг будангуйруулах жагсаал болой хэмээвээс Сүн Жян асууруун: - Үүнийг хэрхэн дайрваас болмуй? хэмээхэд, Жү Ү өгүүлрүүн: - Энэхүү жагсаал хэмээгч улирах хувьсах хязгаар үгүй. Эрдэм увдисыг мэдэхүйеэ бэрх тул хөнгөнөөр байлдаж болохгүй хэмээвэл Сүн Жян өгүүлрүүн: - Хэрвээ энэхүү жагсаалыг эвдэхгүй болбоос Ляо улсын цэргийг хэрхэн эгүүлмүй хэмээхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Жагсаалын доторх үнэн ташааг мэдэхгүй тул цүлт мүлтээр байлдаж хэрхэн болмуй? хэмээв.

Түүнээс хараахан зөвлөж атал их юаньшуай Ү Янь Гуан дундад цэргээс цааз зарлиг энэ өдөр чив хэмээн алтан махбод болох тул Сувадийн хувилгаан Жан Чи, Абизи-ийн хувилгаан Сюай Сюн, Ашуванийн хувилгаан А Ли И, Босын хуилгаан Ван Жин зэргийн дөрвөн жанжныг Сугар гараг алтан одны их жанжин У Ли Кэ Ань-д захируулж, Сүн улсын цэргийг байлдахаар эчигтүн хэмээв. Сүн Жян олон жанжин лугаа жагсаалын өмнө гарч үзвээс дайсны баруун цэргийн долоон үүд хэсэгт нээгдэн хэсэгт хаагдаж жагсаалын цэрэг хэнгэрэг дэлдэн цагариг татаж цэрэг хөдлөх бөгөөд жагсаалыг удирдах хиур нь зүүнээс хойш шилжиж, хойноос баруунаа улирч, баруунаас өмнөш хөдлөх тул Жү Ү морин дээрээс өгүүлрүүн: - Энэ хэмээгч тэнгэрийн хорол зүүнш орчих байдал болой. Энэ өдөр чив хэмээн алтан махбод болох бөгөөд тэнгэрийн хорол зүүнш орчихоос үзвээс эрхгүй дайсны цэрэг дарж ирмүй” хэмээх үг дуусахын урьд гэнэт үхэр буу таван зэрэг дуугарч эсрэг жагсаалаас нэгэн багийн цэрэг довтлон гарч ирэв. Сугар гараг дунд орж дөрвөн од хувилгаан дөрвөн зовхист ороод таван анги цэрэг морийг авч уул юүрэн давалгаа түлхэх мэт дарж ирсэнд Сүн Жян-ын цэрэг морь гар хөдлөх зэвгүй болж яаран хойш ухарч их цэргээр жагсаалын хөлийг хамгаалахуйяа Ляо улсын цэрэг хоёр сүвээнээс хавчин байлдсанд Сүн Жяних л дарагдаж яаран цэргээ татаж хүрээндээ эгснээ, Ляо улсын цэрэг бас нэхсэнгүй. Олон жанжныг байцаан үзвээс Күн Лян илднээ шархдаж, Ли Юнь зэвд оногдож, Жү Фү буун сумнаа гэмтэж, Ши Юн жаданд жадлагдсан бөгөөд шарх олсон хуяг цэргийг тоолбоос барахгүй тул шархадсан хүмүүнийг тэргэнээ суулгаж эмч Ань Даочуань-аар засуулахаар хойд хүрээнээ илгээсэн хойно Сүн Жянь захиа буулган өмнөх цэргээр төмөр зангуу хаяулж, модон шөргөө болгуулж, цайзын хаалгыг бэхлэн сахиулав.

Түүнээс Сүн Жян дундад цэргийн цацарт цухалдан бачимдаж Лү Жюнь И нарын зүг зөвлөж өгүүлрүүн: - Энэ өдөр цэрэг дарагдаж эндэш гарсан тул хэрхвээс зохимуй. Бид гарч байлдахгүй болбоос дайсан магад байлдахаар ирмүй хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Жич маргаадар хоёр анги цэрэг гаргаж түүний жагсаал хамгаалах цэргийг дайруулж, бас хоёр замын цэрэг илгээж бас хойнох долоон хаалгыг байлдуулж, явган цэргийг гол хаалгаар шувтлан оруулж түүний жагсаалын үнэн ташааг үзсүгэй хэмээхэд Сүн Жян зүй болой хэмээгээд жич маргаадар Лү Жюнь И-ийн шүүмжилсэн ёсоор жагсаалын өмнө хүрч нэгэн зэрэг бэлтгэн багцалсан хойно цайзын үүдийг цайтал нээж цэрэг дагуулан урагш эчвээс Ляо улсын цэрэг холгүй болж Ляо улсын жагсаал хамгаалах зургаан анги цэрэг алсаас туршихаар ирснээ Сүн Жян бээр Гуань Шэн-г зүүнээ орж, Хү Яньжуо-г баруунаа орж тус тусын харъяа цэргээ авч Ляо улсын жагсаал хамгаалах цэрэг морийг байлдаж ухруул хэмээгээд их цэрэг өмнөш орж Ляо улсын цэрэг лүгээ золгохуйяа Сүн Жян бас Хуа Рүн, Чинь Мин, Дүн Пин, Ян Хи-г зүүнээ орж, Линь Чүн, Сюй Нин, Со Чао, Жү Түн-г баруунаа болж хоёр анги цэрэг морь хар тугт долоон үүдийг шувтал хэмээсэнд хоёр багийн цэрэг морь захиаг хүлээн хар тугийн жагсаалд дайран орж хар тугт цэрэг морийг алж сарниулбаас чих хойнох долоон хаалганы цэрэг морь тэгшгүй байсан тул Сүн Жян-ын жагсаалаас Ли Күй, Фань Руй, Сян Чүн, Ли Гүнь нар бамбай барьсан таван зуун хүмүүнийг авч, түүний араас Лү Жишэнь, Ү Сүн, Ян Сюн, Ши Сю, Се Жэнь, Се Бао нар явган цэргийн олон жанжин нарыг авч даран орсонд Хүнь Тянь Жэнь жагсаалаас буу дуугарч дөрвөн зүг найман зовхисоос нүржигнэх дуун мандаж зүүн баруун хоёр этгээдийн цэрэг морь, ас өмнөх шар тугт цэрэг морь шууд довтлон ирэхүйеэ Сүн Жян-ын цэрэг морь халхалж чадахгүй болж хойш эргэн буруулан дутаав. Хойнох цэрэг хариуцаж чадахгүй болж их л дарагдан сарнин буруулж өөрийн хүрээндээ ухарч ирэв. Яаран цэргийг байцааж үзвээс их хагас нь хохирч, Ду Чянь, Сүн Вань хүнд шарх олсон бөгөөд жанжны дотроос хар хуй Ли Күй үзэгдэхгүй болов. Үзвээс Ли Күй сүх эргүүлэн цавчсаар нэгмөсөн халамшиж дайсны жагсаалд дайран ороод дэгээ барьсан хүмүүнд гохдогдож амьдаар баригдсан аж. Сүн Жян үүнийг сонсоод сэтгэлийн дотор их л цухалдаж яаран Ду Чянь, Сүн Вань-ийг хойд хүрээнээ хүргүүлж эмч Ань Даочуань-аар засуулж, гэмтэж шархадсан морь унааг Хуан Фү Дуань-д хүргүүлэн үзүүлэв.

Сүн Жян мөн өдөр Ү Юн зэрэг хүмүүн лүгээ зөвлөж өгүүлрүүн: - Энэ өдөр Ли Күй-г алдаж бас нэгэн удаа дарагдав. Чухам хэрхвээс сайн? хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Манай урьд өдрийн амьдаар барьсан тэр нэгэн залуу болбоос Ү Янь Гуан-ын хөвүүн болох тул түв хэмээн золио хийж болох буй за хэмээвэл Сүн Жян өгүүлрүүн: - Хэдий ийнхүү зольж болох боловч хожим хэрвээ жанжнаа алдваас хэрхэн тэнхрүүлж авмуй хэмээснээ Ү Юн өгүүлрүүн: - Эрхин ах ийн санах хэрэггүй. Ганц нүдэн өмнөх хэргийг бодвоос барав хэмээх үг дуусахын урьд харуулын хүмүүн ирж мэдүүлрүүн: - Ляо улсын элч хэрэг зөвлөхөөр ирэв хэмээсэнд Сүн Жян цацарт дуудан оруулснаа тэр элч Сүн Жян-д золгож ийн өгүүлрүүн: - Миний бие энэ өдөр юаньшуай-н зарлигаар энд ирэв. Таны цэргийн нэгэн түрүүг амьдаар барьж эзэн юаньшуай-д аваачиж учруулснаа алж түвдэхгүй архи мах гарган дайлав. Манай юаньшуай энэ хүмүүнээр өөрийн хөвүүн бага жанжныг зольсугай хэмээх тул жанжин хэрвээ золих дуртай болбоос танай тэр хүмүүнийг буцаан илгээсүгэй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Ийн бөгөөс жич маргаадар танай бага жанжныг жагсаалын өмнө авч эчээд хоёр этгээд харилцан зольсугай хэмээсэнд ирсэн элч Сүн Жян-ын үгийг дагаж морио унаж эчсэн хойно Сүн Жян дахин Ү Юн-ийн зүг зөвлөн өгүүлрүүн: - Бид эдүгээ түүний жагсаалыг эвдэх аргагүй тул тэдний бага жанжныг гаргаж хоёр этгээд эедэж дайтан байлдахыг зогсоход хүрэхгүй хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Түр цэрэг морийг амуулж өөр нэгэн арга үүсгэж дайсны жагсаалыг эвдэхэд мөн оройтохгүй хэмээгээд шөнө дүлээр хүмүүн илгээж бага жанжин Ү Янь-ийг авчруулж бас Ү Янь юаньшуай-н хүрээнээ элч зарж нягт үйлийг хэлж илгээв.

Жич өгүүлэх нь Ү Янь юаньшуай цацарт сууж атал цэргийн ард орж ирээд Сүн Жян хэрэг зөвлөхөөр элч илгээв хэмээсэнд Ү Янь цааз зарлан дуудан оруулснаа элч Ү Янь-д золгож ийн өгүүлрүүн: - Манай цэргийн хошууч жанжин Сүн Жян эрхин жанжны арыг асуухын ялдар бага жанжныг эгүүлж баригдсан хүнээ зольсугай хэмээмүү. Эдүгээ өвөл орж тэнгэр хүйтрээд хуяг цэрэг адбиш зүдсэн тул хоёр этгээд түр байлдахыг зогсож ирэх хавар жич зөвлөвөөс хүмүүн морь хөлдөж шархдахаас олж хэлтиймүй. Эрхин Юаньшуай-н цааз зарлигийг сонссугай хэмээвээс Ү Янь юаньшуай их л хилэгнэж: - Бодлогогүй ичгүүрт хөвүүн нэгэнтээ амьдаар баригдсан тул хэдий олж амьдрав хэмээвч ямар нүүрээр надад учирмуй? Хоёр хүмүүнийг золих хэрэггүй. Миний төлөөнөө цавчиж албаас барав. Хэрвээ байлдахыг зогсож түр амарсугай хэмээвээс Сүн Жян гар тавин дагахаар ирсэн хойно түүний амийг хэлтрүүлсүгэй. Тийн бус болбоос их цэрэг даран орсон цагт өндөг зулзагыг хүртэл үлдээхгүй! хэмээгээд их дуугаар: - Түргэн эгэгтүн! хэмээсэнд элч яаран мордож хүрээндээ эгээд энэхүү үгийг зүй зүйгээр гаргаж мэдүүлбээс Сүн Жяних л шантарч Ли Күй-г тэнхрүүлж чадахгүй болгож хэмээн яаран цацраас гарч бага жанжин Ү Янь-ийг дагуулан өмнөд цэрэгт хүрч ирээд жагсаалын үүднээс хашхиран өгүүлрүүн: - Манай жанжныг тавьж илгээвээс танай бага жанжныг буцаасугай. Байлдахыг эс зогсовч харъяагүй. Хоёр этгээд дахин эсэргүүлэн алалдсугай хэмээсэнд удсангүй Ляо улсын цэрэг Ли Күй-г морь унуулан жагсаалын өмнө авч ирэв. Сүн улсын цэрэг бас бага жанжин Ү Янь-г морь унуулан жагсаалаас авч гараад хоёр этгээд болзоо тогтож нэгэн зэргээр тавьсанд Ли жанжин хүрээндээ эгж ирэв. Бага жанжин ч морь унан жагсаалдаа буцав. Мөн өдөр хоёр этгээд цэрэг хөдөлгөн алалдсангүй, Сүн Жян цэрэг татан хүрээндээ хариад Ли Күй-н харьж ирсэнд хурим тавин баяр хүргэв.

Түүнээс Сүн Жян олон жанжныг цацарт залж ийн зөвлөрүүн: - Ляо улсын цэргийн сүр ихэд бадарч түүнийг эвдэх аргагүйд элэг зүрх зууралдан таталдаж нэгэн өдрийг өнгөрөөхүйеэ нэгэн жилийг дуулах мэт санагдах тул таны санаанд хэрхвээс сайн? хэмээхэд Хү Яньжуо өгүүлрүүн: - Жич маргаадар бид цэрэг морийг арван анги хувааж хоёр замын цэрэг мориор түүний жагсаал дайрах цэргийг халхалж найман багийн цэрэг мориор шувтлан орж таслан байлдсугай хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Таны зэргийн олон хүний нэгэн сэтгэл хамтын хүчээр чармайхад найдаж, жич маргаадар ийн ёсоор байлдсугай хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Хоёр зэрэг дарж ороод ялгуусангүй тул хүрээ юүгээ бэхэлж түүний байлдахаар ирэхийг хүлээхэд хүрэхгүй хэмээвэл Сүн Жян өгүүлрүүн: - Түүний байлдахаар ирэхийг хүлээх нь мөн сайн арга бус. Олон дүү нар шаламгайлан орж байлдваас нэгэн дараагаар дийлэгдэх ёс баймуй уу! хэмээгээд мөн өдөртөө цааз зарлаж, маргаадар өглөө эртлэн босож арван анги цэрэг хувааж нисэх мэт давшиж, хоёр зам нь арын хойнох жагсаал дайрах дайсны цэргийг тосож найман замын их цэрэг үг өчихгүйгээр туг сажлан бархилдсаар Хүнь Тянь Жэнь жагсаалд дайран орвоос аянга нижигнэн цахилгаан бууж дөрвөн долоо хорин найман үүд нэгэн зэргээр нээгдэж урт могойн жагсаал болж хувилаад алан гарч ирсэнд Сүн Жян-ын морь гар хөдөлж завдсангүй, яаран цааз зарлан цэрэг хурааж их л дарагдан буруулахуйяа тугш хиур тэгшгүй, харанга хэнгэрэг цэгцгүй болж хүрээндээ эгсэн хойно цэрэг морийг бүртгэж үзвээс хохирсон нь тоолбоос барахгүй. Сүн Жян цааз зарлан жанжин цэргээр уулан ам дахь цайз хүрээг чанга бэхэлж гүн гуу малтаж шөргөө мод булж үүд хаалгыг бэхлэн өвлийг өнгөрүүлэхээр болов.

Түүнээс цэргийн яамны дэд эрхин сайд Жао Ань Фү удаа дараа эзэн хотноо айлтгал өргөж хувцас хунар зэргийн эд хэрэгслийг гоёчилсон тул хаан төрөөс тухайлан наян түмэн шадар цэргийн сургагч, Жэнжоу фү-ийн нийгэмлэн сургагч түшмэл Ван Вэнь Бинь-ийг илгээв. Энэ хүмүүн бичиг цэргийн эрдэм хосолсон тул эзэн төрийн зуун түшмэл үл бишрэх нь үгүй бөлгөө. Төдийд Ван Вэнь Бинь эзэн хотын нэгэн түм илүү цэргийг авч эрхийн иргэн гацааны хөсгийг алба барьж тавин түмэн зах дээл хувцсыг дээж хошууч Сүн Жян-д хүргэн өгч, тухайд олон жанжныг шаардан байлдуулж дайсныг даран дархан ялалт олсон сэтгүүл довтолгохоор эзний зарлигийг хүлээн юм хүмээ багцалж хуяг дуулгаа өмсөж, агт хүлгээ унаад хөсөг тэргийг авч Дунжин хотоос мордон Чэнь Чяо И өртөөний зүг мордов. Түүнээс Ван Вэнь Бинь “Эзний шагнасан дээл хувцас” хэмээх үсэгт шар далбаа хатгасан хэдэн зуун тэргийг хөөж, зам эвхэж явах зуур зам дагасан газрын албан яамнаас амуу хүнс авч, замын гудас өдөр хоногийг өнгөрүүлсээр удсангүй хязгаарын зурагт ирж Жао Ань Фү-д золгож явдлын журганы тамгат бичгийг гаргаж барьсанд Жао Ань Фү бичгийг авч их л баярлаж: - Жанжны ирсэн нь их л сайн болов. Эдүгээ Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан цэрэг засаж Хүнь Тянь Жэнь хэмээх жагсаалыг зассан тул хошууч Сүн Жян дараагаар хэдэн зэрэг дийлэгдэж нэлээд олон жанжин цэрэг шарх олж цэргийн хүрээнээ бие сувилан эмч Ань Даочуань-аар засуулж баймуй. Хошууч Сүн Жян Юн Чян сянь-ий зурагт хүрээ бууж аймшиггүй байлдахаар гарахгүй сэтгэл цухалдан зовниж баймуй хэмээвээс Ван Вэнь Бинь айлтгаруун: - Хаан төр чив хэмээн үүний учир намайг зарж цэрэг жанжныг шаардан байлдуулж эртхэн дийлсүгэй хэмээсэн болой. Эдүгээ удаа дараа дийлэгдсэн тул миний бие Жин хотноо хариваас явдлын журганы сайдад хариу айлтгахуйяа бэрх.

Вэнь Бинь хэдий чадалгүй боловч хараахан багаас цэргийн бичгийг уншиж жагсаалын хөлийг баахан төсөөлөх тул цэргийн өмнө эчиж өчүүхэн арга хэрэглэж нэгэн зэрэг таслан байлдаж, хошууч Сүн Жян-ын богинодолыг хөнгөрүүлсүгэй хэмээмүү. Миний санаа гэгээн гүнгийн санаанд нийлэх эсэхийг мэдэхгүй хэмээсэнд Жао Ань Фү их л баярлаж хурим тавин дайлж хөсөг тэргийг хүргэж ирсэн цэрэг иргэнд шагнаад Ван Вэнь Бинь-ийг дээл хувцсаа Сүн Жян-ын хүрээнээ аваачиж цэргийн ардад түгээн өг хэмээгээд урьд хүмүүн зарж Сүн Жян-д мэдүүлэв.

Жич өгүүлэх нь Сүн Жян дундад цэргийн цацарт сууж хараахан цухалдаж атал Жао Ань Фү-ийн тэндээс хүмүүн ирж мэдүүлрүүн: - Эзэн хотоос шадар цэргийн сургагч Жэнжоу фү-ийн нийгэмлэн сургах түшмэл Ван Вэнь Бинь-ийг зарж тавин түмэн зах дээл хүргэн ирж, мөн тухайд цэргийг шаардан байлдуулсугай хэмээмү хэмээсэнд Сүн Жян хүрээндээ угтан оруулж дарс гарган уулгах зуур Ван Вэнь Бинь учрыг асууваас Сүн Жян өгүүлрүүн: - Сүн Жян миний бие эзэн төрийн зарлигийг хүлээн хязгаарын зурагт ирснээс хойш тэнгэрийн хөвүүний буянд шүтэж дөрвөн жюнь-ий газрыг олов. Эдүгээ Жюжоу хотноо ирэхүйеэ харь аймгийн эзэн Юаньшуай Ү Янь Гуан Хүнь Тянь Жэнь хэмээх жагсаалыг засан хорин түмэн их цэргийг тэнгэрийн одны байдлаар тэгшилж Ляо улсын эзнийг залан дайлахаар ирсэн тул миний бие хэдэн зэрэг цэрэг дарагдан аргагүй болохдоо энд хүрээ бууж хөнгөнөөр байлдахгүй болов. Эдүгээ эрхин жанжин өөрийн биеэр морилон ирсэн тул сургаал хүртээн заахыг хүсмүй хэмээвээс Ван Вэнь Бинь өгүүлрүүн: - Санаваас энэхүү Хүнь Тянь Жэнь жагсаал ямар гайхамшиг баймуй! Вэнь Бинь би хэдий эрдэмгүй боловч цэргийн өмнө үзэхээр эчиж өөр нэгэн арга үүсгэсүгэй хэмээсэнд Сүн Жянихэд баярлаж Пэй Сюань-ийг дуудаж Вэнь Бинь-ий хүргэж ирсэн дээл хувцсыг жанжин цэрэгт түгээн өгч өмнөш хандан хишигт мөргөтүгэй хэмээсэн хойно дундад цэрэгт хурим тавьж Ван Вэнь Бинь-ийг хүндлэн дайлж олон цэргийг хөхүүлэн шагнав.

Жич маргаадар цааз зарлан цэрэг хөдөлгөхүйеэ Ван Вэнь Бинь дуулга даран хуяг хэдэрч морь унан жагсаалын өмнө гарч ирснээ Ляо улсын цэрэг Сүн улсын цэрэг байлдахаар гарч ирснийг үзээд дундад цэрэгт мэдүүлснээ харанга хэнгэрэг зэргээр дуугарч хашхирах дуу их л мандаж зургаан анги морьт цэрэг жагсаалаас довтлон гарч ирсэнд Сүн Жян цэрэг хуваан алан ухруулав. Төдийд Ван Вэнь Бинь өндөр мандалд авиран гарч нэгэн зэрэг үзээд шатнаас бууж ирсэн хойно ийн өгүүлрүүн: - Энэ хэмээгч мөн энгийн жагсаал болох тул дэмий гайхалтай газар огт үгүй хэмээв. Үзвээс Ван Вэнь Бинь өөсөө жагсаалыг мэдэхгүй бөгөөтөл хүмүүнийг хууран бие юүгээ магтуулсугай хэмээн өмнөд цэргийг хэнгэрэг дэлдэн байлдахаар өдөө хэмээсэнд эсрэг жагсаалын цэрэг морь ч харанга дэлдэн хэнгэрэг цохив. Сүн Жян морин дээрээс их дуугаар зандан өгүүлрүүн: - Үнэг чонын хань сүлбээтэн цөс байваас гарч ирэгтүн!” хэмээх үг дуусахын урьд хар тугт ангийн дөрөвдүгээр үүднээс нэгэн жанжин морь тавин гарч ирэв.

Тэр жанжныг үзвээс, үс тавин гэзэг сагсайлгаж тэргүүндээ шар торгон магнайвч дарж биедээ алтан цагаригт хар хуяг хэдэрч охор ханцуйт бараан дээл нөмөрч хар морь унан гурван үзүүрт илд эргүүлэн жигүүрийн олон жанжныг аван жагсаалын өмнө гарч ирэв. Жагсаал удирдах хар тугт “Их жанжин Чюй Ли Чү Чин хэмээн бичиж, морь ташуурдан байлдахаар ирсэнд Ван Вэнь Бинь ийн санаруун: - Миний бие мөн дашрамд эрдмээ үзүүлэхгүй ямар цагийг хүлээмүй хэмээгээд жад сунган морь тавин жагсаалаас гарснаа Ляо улсын их жанжин дуу гарахгүй угтан аваад хоёр хүмүүн атган зэвсгийг дээр далайн агт хүлгийг зөрөлдүүлэн хориод удаа болсон хойно Чюй Ли Чү Чин морь эгүүлэн буруулан эчихүйеэ Ван Вэнь Бинь морь гуядан нэхэмжлэн эчив. Угт харийн жанжин хуурмагаар хоосныг цавчин буруулж өдөөн нэхүүлсэн тул Ван Вэнь Бинь ойртож ирсэнд Чюй Ли Чү Чин бие урван нэгэнтээ цавчваас Ван Вэнь Бинь-ий цээж өвчүү оногдож хоёр анги болж мориноос тонгорцоглон унав. Сүн Жян үүнийг үзээд яаран цэрэг хураахуйяа Ляо улсын цэрэг даран ирж нэгэн зэрэг нэхэмжлэн алав. Сүн Жян мэндэн сандан цэрэг татан хүрээндээ эгэв. Олон жанжин Ван Вэнь Бинь-ий зогсоогоор цавчигдсаныг үзээд нүүр нүүрээ харж цөс хэмхэртэл эмээв. Сүн Жян хүрээндээ эгсэн хойно нэгэн битүүмж бичиг үйлдэн Жао Ань Фү-д илгээж Ван Вэнь Бинь өөрөө байлдахаар гараад дайсны гарт гэнэдэв хэмээн мэдүүлээд дагасан ардыг Жин хотноо эгүүлэв. Жао Ань Фү энэхүү чимээг сонсоод дотор зовнин сэтгэл богинодож арга буюу айлтгал бичиг сийрүүлж явдлын журганы зарж илгээсэн албан ардад өгч явуулав. Шүлэгт өгүүлсэн нь:

Жао Ко талаар хоосон эцгийн захиаг дуудав,

Вэнь Бинь амиа хөнөөсөн нь бас ч тэнэг мунхаг.

Энгийн цагт бие юүгээ магтах хүмүүн арвин байвч,

Эгнэгт их гавъяа бүтээх нь харин нэг ч үгүй.

Жич өгүүлэх нь Сүн Жян цэргийн хүрээндээ зовж Ляо улсын цэрийг эвдэх үйлийг бодож сайн арга олохгүй удавч хоол орохгүй, унтавч нойр хүрэхгүй болов. Тэр үе чив хэмээн өвлийн гол болж тэнгэрийн амьсгал их л хүйтэн асан тул нэгэн шөнө Сүн Жян цацрын үүдийг дарж зул асаан гиюүрэн суусаар хоёрдугаар жин болоход тэсгэлгүй нойр хүрэх тул өмнөх ширээг түшин үүрэглэн унтахуйяа гэнэт жихүүн салхи босож хамаг биеийг жихүүцүүлэх тул Сүн Жян яаран босвол нэгэн бараан дээлт охин орж ирээд алга хамтатган наманчлан ёслов. Сүн Жян асууруун: - Авхай хаанаас ирэв? хэмээвээс охин өгүүлрүүн: - Өчүүхэн шавь би дагина эхийн захиагаар эрхин жанжныг залахаар ирэв. Биеийг чилээн морилж эчмү хэмээхүйеэ Сүн Жян асууруун: - Дээд нян нян хаана баймуй? хэмээвэл шавь хуруугаар зааж: - Эндээс ойрхон баймуй хэмээсэнд Сүн Жян тэр шавийг дагаж цацраас гарваас од гийж саран туналзаад өдөр мэт цэлмэг тунгалаг, ариун үнэр анхилж эевэргүү салхи сэнгэнээд хавар мэт байсан аж. Урагш явсаар хоёр гурван газрын үзүүр гарваас нэгэн их балар ой таарч хөх нарс сүглийн ургаж, ногоон майлз намаг унжуулж, бор гавира сэхийн лүглийж чулуун хэрсэг нэтийн харагдмуй. Замын хоёр хажуугаар сахлаг ой, цоохор хулс, найлзуур уд, нэмүүн тоор жигдэрч, хэрсэгийг ороон чулуун гүүрийг өнгөрвөөс нэгэн их улаан үүд харагдав. Тэргүүн өргөж дөрвөн зүгийг шинжвээс оон хэрэм, шохойн туурга, сийлмэл нуруу зурмал тулгуур, алтан товруут улаан үүд биндэрьяан ваар хасын тоосго, дөрвөн этгээдийн орхиулд сэмийн сахлыг эвхэж, чиг өмнөх цонхонд мэлхийн нурууг зүсүүлжээ. Төдийд хувилгаан охин Сүн Жян-г дагуулан зүүн этгээдийн саравчаар орж зүүнш мурийн нэгэн асрын өмнө ирээд улаан үүдийг түлхэн орж Сүн Жян-г түр сууж хүлээтүгэй хэмээснээ, Сүн Жян нүд өргөн үзвээс дөрвөн зовхисын үүлэн цонх нам жим, бор туяа индрийг бүрхэж, тэнгэрийн цэцэг салбаран дэлгэрч үнэрт хүжис анхилан эвхэрмүй.

Хувилгаан шавь дотогш ороод удсангүй орж ирээд: - Дээд Нян нян залж баймуй. Одон эзэн дотогш морилму хэмээсэнд Сүн Жян суусан орноос яаран бостол тэргүүндээ цацагт цэцгийн хас малгай зүүж, биедээ алтан хатгамалт бор дээл өмссөн хоёр дагина орж ирэв. Сүн Жян эмээж дээш хандахгүйд, хоёр дагина ийн өгүүлрүүн: - Эрхин жанжин юуны учир биеийг хөнгөлмүй? Эдүгээ Нян нян хувцас солин ордноо заларч улс гэрийн их үйлийг хэлэлцсүгэй хэмээн жанжин таныг залах тул биеийг дээшлэн хамт эчсүгэй хэмээсэнд Сүн Жян захиаг хүлээн дагаж гарваас их харшид алтан зөн дуугарч хас туурга хангинамуй. Бараан дээлт охин ирж Сүн Жян-г ордноо урихуйяа хоёр дагина өмнө орон Сүн Жян-г дагуулж зүүн этгээдийн индрээр гарч сувдын орхиулт үүдний өмнө ирвээс орхиулын дотор алтан хасын чимэг эдлэл хангир жингир хэмээн дуугармуй. Бараан дээлт охин орхиулыг өргөн Сүн Жян-г дагуулан орсноо, Сүн Жян хүжийн ширээний өмнө сөгдөж нүд өргөн үзвээс их харшид өлзийт үүл тунарч бор манан бүрхсэн есөн луун ширээн дээр есөн тэнгэрийн хувилгаан эх сууж амуй. Тэргүүндээ галбингаа бүжиглэсэн есөн луут малгай дарж, биедээ луу гардийн долоон эрдэнэт бор дээлийг хэдэрч бэлхүүсэндээ уул ус наран саран хормойвчийг бүсэлж хөлдөө сувд даруулсан үүлэн угалзат хөнгөн шаахайг өшиглөж, гартаа цавгүй цагаан хасын өлзий эрдэнийг барьжээ. Хувилгаан эхийн хоёр этгээдэд хорь гучин дагина зогсмуй.

Төдийд хувилгаан эх Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Би чамд тэнгэрийн бичгийг шагнаснаас нааш санамсаргүй хэд хэдэн жил өнгөрөв! Чиний бие шударга журмыг батад сахиж эгнэгт осолдсон газаргүй. Эдүгээ Сүн улсын тэнгэрийн хөвүүний зарлигаар Ляо улсыг дайлахаар ирээд дийлэн дийлэгдэх хааш болов? хэмээсэнд Сүн Жян газар тэврэн сөгдөж ийн айлтгаруун: - Доорд түшмэл миний бие Нян нян-ын шагнасан тэнгэрийн бичгийг хүлээн авснаас нааш осолдон цалгайрч хүмүүнд задруулсан удаа огт үгүй. Эдүгээ тэнгэрийн хөвүүний зарлигаар Ляо улсыг дайлахаар ирээд Ляо улсын юаньшуай Ү Янь Гуан Хүнь Тянь Жэнь хэмээх жагсаалыг зассан тул хэдэн зэрэг цэрэг дарагдаад жагсаал эвдэх аргыг олохгүй гачигдаж баймуй хэмээвээс хувилгаан эс асууруун: - Чи тэрхүү Хүнь Тянь Жэнь хэмээх жагсаалыг мэдмүй үү? хэмээхүл Сүн Жян мөргөн айлтгаруун: - Доорд түшмэл мунхаг хүмүүн болох тул түүний хөлийг мэдэхгүй. Олдохул дээд Нян нян сургаж хайрламу хэмээхүл хувилгаан эх өгүүлрүүн: - Энэхүү жагсаалын хөлийг аргын зүйг төвлөрүүлэх байдлаар зассан тул энэ ёсоор байлдваас үүр эвдэж чадахгүй. Хэрвээ энэхүү жагсаалыг эвдсүгэй хэмээвээс улирах харш ёсыг хэрэглэх хэрэгтэй. Өмнөд этгээдийн хар тугт цэрэг морины дотор бодь гарагийг хурмаст тэнгэрийн умар зүгийн таван одны ёсоор байрлуулсан тул Сүн улсын цэргээс долоон жанжныг сонгож шар туг шар хуяг, шар дээл, шар морь өгч Ляо улсын хар тугт долоон үүдийг шувталж бас нэгэн шилдэг жанжныг сонгон шар дээл өмсүүлж бодь гарагийг байлдуул. Энэ болбоос шороон махбодоор усан махбодыг эелэх санаа болой. Дахиваас найман жанжныг сонгон цагаан дээлт цэрэг морийг өгч түүний зүүн этгээдийн хөх тугт жагсаалыг шувтал. Энэ болбоос төмрийн махбодоор модон махбодыг дийлэх санаа болой. Бас найман жанжныг сонгож улаан дээлт цэрэг морийг өгч түүний баруун этгээдийн цагаан тугт жагсаалыг шувтал. Энэ болбоос галын махбодоор төмрийн махбодыг дийлэх санаа болой. Бас найман жанжныг сонгож хар тугт цэрэг морийг өгч түүний хойд цэргийн улаан тугт жагсаалыг шувтал. Энэ болбоос усан махбодоор галын махбодыг дийлэх болой. Бас есөн жанжныг сонгож хөх тугт цэрэг морийг чиг гол дахь шар тугт жагсаалын тэргүүлсэн жанжныг байлд. Энэ болбоос модон махбодоор шороон махбодыг эелэх санаа болой. Бас хоёр багийн цэрэг морийг сонгож хатгамалт туг цэцэгт дээл өмссөн нэгэн анги цэрэг морийг шалгаж раху одны байдлаар жагсаал Ляо улсын наран гарагийн жагсаалыг эвд. Бас цагаан туг мөнгөн хуягт нэгэн анги цэрэг морийг салгаж гэдү одны байдлаар жагсааж Ляо улсын цэргийн саран гарагийн жагсаалыг эвд. Бас хорин дөрвөн аянгат тэргийг үйлдэж, хорин дөрвөн уураар жагсааж галт чулуу галт бууг тээж шууд Ляо улсын дундад цэрэгт түлхэж орогтун. Бас Гүн Сүньшэн-г дуудан таван аянгын увдисыг улируулан шууд Ляо улсын эзний сүйхний өмнө дайран орогтун. Энэ аргаар үйлдвээс бүрнээр дийлж болмуй. Өдрийн голд цэрэг хөдөлгөж болохгүй. Эрхбиш шөнө дундаар цэрэг орох хэрэгтэй. Чи өөрийн биеэр цэрэг дагуулан дундад цэргийг захирч их цэргийг шаардан хөгжөөвөөс нэгэн хэнгэрэгт гавъяа бүтмүй. Миний захиаг нарийнаа тогтоож, улсыг хамгаалан иргэнийг амуулагтун. Хойш сууж болохгүй. Тэнгэрийн тогтоосон хэмжээ бүхий тул үүнээс үүр хагацмуй. Хойч өдөр хасын тугт алтан ордноо дахин учрах цаг баймуй. Энд удаж болохгүй. Түргэн хойш эгэгтүн хэмээгээд бараан дээл охиныг дуудан Сүн Жян-д цай бариулсан хойно цэргийн хүрээнээ хүргүүлэв.

Сүн Жян дээд Нян нян-д ёслон их ордноос гарч ирэв. Бараан дээлт охин Сүн Жян-г удирдан баруун этгээдийн индрээр бууж од зэрэглэсэн улаан үүдээр гарч ирсэн замыг өлгөж аваад чулуун гүүр нарст замыг өнгөрөн гарваас бараан дээлт охин хуруугаар зааж: - Ляо улсын цэрэг энд баймуй.

Авгай чи эвдвээс зүй болой! хэмээхүйеэ Сүн Жян бие урван хойш харсугай хэмээтэл бараан дээлт охин гар өргөн нэгэнтээ түлхсэнээ цочиж сэрэв. Үзвээс харин цэргийн цацарт зүүд зүүдэлсэн аж.

Чих тавин чагнаваас цагийн хэнгэрэг хэдийн зэрэг дуугарсан тул Сүн Жян яаран зүүдээ тайлуулахаар цэргийн багшийг залгуулсанд Ү Юн дундад цэргийн цацарт ирсэн хойно Сүн Жян асууруун: - Цэргийн багш та Хүнь Тянь Жэнь жагсаалыг эвдэх аргыг олов уу? хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Сайн аргыг хараахан олоогүй болой хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Дээд тэнгэрийн хувилгаан эх зүүд өгч арга сургасан тул тухайлан цэргийн багшийг залав. Эдүгээ олон жанжныг цуглуулж байлдах үйлийг зарласугай хэмээв. Энэ үнэхээр тэнгэрийн зүйг улируулан мэргэн аргыг хэрэглэж одон гарагийг жагсааж бэрх жагсаалыг эвдмүй. Эгнэгт Сүн Жян ямар аргаар жагсаал эвдэхийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top