ОЛОН ӨНГӨ: Манай сайхан хотын Мянгуужингийн үлгэр

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Манай сайхан дарга нар хэдхэн жилийн өмнө “2020 он гэхэд гэр хороололгүй хот болно, 2021 онд агаарын дүүжин тээврээр үйлчилдэг болно” гээд л мянгуужингийн үлгэрийн сайхан төсөл хөтөлбөрүүд танилцуулж байлаа. Тэдний аль нь ч биелээгүй төдийгүй  байдал улам л дордов.

Нийслэлийн гэр хороолол улам л хаяагаа тэлж, утаа гаргадаг яндангийн тоо эрс өсөв. Агаарын тээвэр байтугай замын тээвэр нь ч хөл толгойгоо алдаж түгжрэл дунд амьдрал гацав. Ард иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж ханиаж, бөгшүүлсэн, халуурч сульдсан үр хүүхэд эмнэлгээр хахав.

Том, жижиггүй толгой нь өвдсөн, дотор нь муухайрсан, ядарч тамирдсан биеэ хүчлэн байж арайхийж амьдарч байна. Энэ мэт асуудалд дуугүй суух аргагүйд хүрсэн хүмүүс дуу хоолойгоо түгээж эхлэв. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг хэвлийдээ амьгүй болсон үрсийн гунигт түүхээр дүүрэв. Залуусын амьдрах итгэл улам улам бөхөж, амин үрээ алган дээрээ ч энхрийлэн ч амжилгүй алдаж харуусал гуниг дунд живэв.

Тэнтэр тунтар алхаж буй жаахан үрс уушгины хатгаагаар эндэж төр засаг ковид хэмээх хар сүүдрийн мананд бурууг чихсээр, та нар л дүрмээ мөрдөөгүй гэх хахирган хариултаар өөрсдийгөө хаацайлсаар. Манай сайхан нийслэл хотод цэвэр цэмцгэр, ганган дэгжин явах ч нөхцөл алга. Гараад л утааны хар тортогт хувцас хиртэж, өмхий эхүүн үнэр нь бүхий л биед шингэнэ.

Ийм гунигт хотод бид яаж баяр баясгалантай амьдрах вэ Хотын дарга аа.

Эцэж туйлдсан биднээс эрч хүч бүү нэх, цөхөрч ядарсан биднээс амжилт бүтээл бүү шаард. Итгэл найдвараа алдсан биднээс сайн сайхан ирээдүй бүү хүлээ. Бид та бүхний зохиосон үлгэрийн сайхан төсөл хөтөлбөрийн үр дүнг үзэх хувь дутсан азгүйчүүд. Магадгүй гэр хороололгүй, утаагүй, уур бухимдалгүй, замын түгжрэлгүй, агаарын дүүжин тээвэртэй аз жаргалтай цэвэр цэмцгэр хотыг бид хойд насандаа л үзэх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top