2021 | Соёл, урлагийн салбарт юу болов?

2021 оны 12 сарын 26

Монголын соёл, урлагийн салбарт 2021 онд болсон үйл явдлуудыг тоймлон эргэн сануулж байна.


2021.01.05: “Seasons of Love” кино контентийн нээлт болж, бүх IP TV-д орлоо. Тус киног Улсын драмын эрдмийн театрын туслах найруулагч О.Итгэл найруулсан. Киноны найман гол дүрийн нэг нь “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Б.Алтансувд байсан. Түүний тухайд сонсголын бэрхшээлтэй бөгөөд тухайн контентоор тусгай хэрэгцээт иргэд итгэл найдвар өгч, урлагийн тэгш хүлээн авч үзэх боломжийг ирэлхийлснээрээ онцлог. Үйл явдал нь дөрвөн хосын хайр, харилцаа нэг цаг хугацаанд, нэг газарт хэрхэн өрнөж, бидний амьдрал яаж үргэлжилж байгааг харах болно.

2021.01.18: “Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрлээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.

2021.01.23: Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2020" наадмын шилдгүүд тодорлоо. Тус наадмын Хүүхдийн зохиолын төрөлд М.Доржсүрэн “Цэцгэн зүүд”, Яруу найргийн төрөлд Л.Лхамрагчаа “Сүбээдэй баатар”, Үргэлжилсэн үгийн богино хэмжээний төрөлд Л.Гантуяа “Үр хурмастын өмнө”, Үргэлжилсэн үгийн томоохон хэмжээний төрөлд Б.Сарантуяа “Тогосын цөс”, Баримтат болон шог хошин зохиолын төрөлд Д.Дамдинжав “Гол тоглогч II, III”, Орчуулгын зохиолын төрөлд С.Дондог “Лермонтов-шүлгүүд, түүврүүд”, Жүжиг, кино зохилын төрөлд Б.Цогнэмэх “Бурхан Жанжин хоёр”, Шүүмж судлалын төрөлд Б.Алтанхуяг “Уншихуй давтахуй” бүтээлүүд тэргүүн байрт шалгарсан.

2021.02 сар: Азийн Соёлын төвөөс Азийн соёлын өвийг дэлхийд сурталчилж, соёлын өвийг хамгаалах зорилгоор жил бүр нэг орныг онцолж, зурагт ном гаргадаг. Энэ онд Монгол Улс сонгосон бөгөөд солонгос зохиолчийн бичсэн  “Ааруулын түүх” гэдэг Монголын тухай зохиол шалгарсан. Харин тус номын зураачид “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх тэнцсэн юм. Европын оронд худалдаалагдах номыг англи хэл дээр, Азийн оронд тухайн орных нь хэл дээр орчуулж хэвлэдэг юм.

2021.02 сар 24: Монголын Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баярын гала концертод оролцлоо. ОХУ-ын БХЯ-наас түүнийг “За заслуги перед Отечеством” одонгоор шагнасан байна.

2021.02.12: "Монголын балетын хөгжил сан"-гийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулсан оролцсон "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдааны дүн гарлаа. Тус уралдаанд 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцож, сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдэд өрсөлдсөн. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон хүүхэд залуучууд ардын, сонгодог, орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртсэн юм.

2021.03.01: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС одонгоор шагнууллаа. 33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн тэрээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхлэж байсан бөгөөд 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн юм. Түүнээс хойш тайз дэлгэцийн олон уран бүтээлүүдэд тоглосоноос дурьдвал С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжиг, У.Шекспир “Ромео Жульетта”, О.Нил “Тамын дурлал”, “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фо “Чөлөөт хос” жүжиг,  Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжиг гээд 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма” УСК, “ТюТю” УСК, “Амьдралын нахиа” УСК, “Модон могой” УСК, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттай  бүтээж, театр урлаг судлаач, шүүмжлэгч, мэргэжил нэгт уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, үзэгч олны талархлыг хүлээж байсан.

2021.03.02: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Энэ өдөр тус салбараас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-7, Алтангадас одонгоор-8, Хөдөлмөрийн хүндэт медалиар-4 хүн тус тус шагнуулсан юм.

2021.03.07: Улсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг гуравдугаар сарын 07-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар цуцалсан. Тус жүжгийг энэ ондоо буюу арванхоёрдугаар сарын 15-аас 19-ний өдрүүдэд дахин тавьж, үзэгчдэд хүргэсэн юм.

2021.03.18: Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан "Эрхэт Монгол" медиа групп, ТВ8 телевизийн бүтээл болох “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны шүүгчээр түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар нар ажилласан.

2021.03.15: Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Женевт болсон FIFDH олон улсын кино наадмын “Залуу шүүгчдийн шагнал”, “Мэргэжлийн шүүгчдийн шагнал” гэсэн хоёр тусгай шагнал хүртжээ. Эн киноны туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж,  жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тоглосон. Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэх хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд  “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг  киноны  гол амин сүнс юм.

2021.03.21: Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургуулиас хамтран “Дожоогийн Цэдэв туурвил зүйн жаран” олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурал, баримтат кино, номын нээлт боллоо. Хуралдааны үндсэн илтгэлийг Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан “Шинэ цагийн соёлын шинжээч, уран үгсийн дархан Дожоогийн Цэдэв” сэдэв дор тавьсан.  Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Ч.Дагвадорж, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн Г.Билгүүдэй нар болон залуу эрдэмтэн А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Э.Батжавхлан, Т.Мөнхцэцэг, Г.Галбаяр нарын хүмүүс илтгэл тавьсан юм.

2021.03.26: Соёлын өвийн үндэсний төв олон улсын жишигт нийцсэн шинэ байртай боллоо. Тус төв өмнө нь 400 м2 талбайд Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулж байв.  Харин 8000 м2 талбай бүхий шинэ барилга ашиглалтад орсноор хүчин чадлаа нэмэгдүүлж жилд 400-500 орчим үзмэрийг сэргээн засварлах боломжтой болсон. Хуучин байранд зөвхөн нэг өрөөнд лаборатори, олдвороо бөөгнүүлдэг байсан бол одоо уран зураг, даавуун эдлэл, төмөр, мод гээд төрөлжиж үйл ажиллагааг явуулах нөхцөл бүрджээ. Монгол Улсын музейн сан хөмрөгт 240 мянга гаруй үзмэр байдаг. Эдгээрээс эвдрэл гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг эзэлдэг байна.

2021.03.31: Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаанд шалгарсан ном хэвлэгдэн гарлаа. Тус уралдаанд Өвөрхангай аймгийн уугуул Монголын үндэсний их сургуулийн багш, яруу найрагч Н.Оюунбилэгийн “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” нэртэй яруу найргийн ном шалгарсан юм. Энэхүү уралдааныг Б.Оролзод агсны дотны найз Л.Цэрэнжаргал санаачилан зохион байгуулсан бөгөөд шалгарсан бүтээлийн өмнөтгөл үгийг яруу найрагчийн багш П.Батхуяг бичжээ.

2021.04.03: Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн С.Жавхлан, Т.Баясгалан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Л.Болдбаатар, Б.Энхмэнд, Л.Чулуунбаатар, Г.Чинболор, Т.Батсайхан нарын нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ цэнхэр дэлгэцээр үзэгчдэд өргөн барилаа.

2021.04.07: Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдөө санаачлан "Малчдаа мартах учиргүй" хандивын аяныг зохион байгуулж, лайв тоглолт хийлээ. Тоглолтоос олсон орлогыг Дундговь аймагт болсон гамшгийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон малчдад зориулсан байдаг.  Тэд газар дээр нь очиж, малчидтай уулзан, нөхцөл байдлыг бодитоор харуулах үүднээс Дундговь аймгийг зорьж, гамшигт өртсөн 7-8 сумаас нэвтрүүлэг бэлтгэжээ.

2021.04.24: ОХУ-ын Москва хотноо явагдаж байгаа дуурийн дуучдын “Хосе Каррерас Гран-При” олон улсын тэмцээний гуравдугаар шатанд Пермийн театрын гоцлол дуучин, баритон Т.Энхбат шалгарлаа. Түүнтэй хамт финалын шатанд Сопрано: Лилит Давтян (Армени), Инна Деменкова (ОХУ), Эльмира Караханова (ОХУ), Меццо-сопрано: Дара Савинова (Эстони), Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ), Баритон: Навасард Акопян (Армени), Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ) нар шалгарсан юм.

2021.04:26: Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан (МУЗ), Монголын Балетын Хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулж байна.

2021.05.14: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “HealthForAll” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэн, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртжээ. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40% нь "Ковид-19" цар тахлын сэдэвтэй байсан аж.

2021.05.24: “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн Хорват улсын нийслэл Загреб хотын “Галлерей Форум”-д нээгдлээ. Үзэсгэлэнг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

2021.05.26: Хөгжмийн салбарын эрдэмтэн багш нар, суралцагчид, судлаачид болон байгууллага хамт олны хэрэгцээг эн тэргүүнд хангах, цаашлаад олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй, иж бүрэн мэдээллийн эх сурвалж болох “Хөгжим урлагийн цахим нэвтэрхий толь” нээгдлээ.

2021.05.26: Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ. Энэ өдөр Хөдөлмөрийн баатар цолоор Дэмчигийн Бараадууз, Сэвжидийн Сүхбаатар, Жаалдүүгийн Тогтохсүрэн, Төмөрийн Мөнхбаяр нар шагнуулсан. Мөн Дамирангийн Баатаржав, Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нарт Ардын багш цол, Гавьяат эмч Дамбын Сэржээд Ардын эмч цолыг тус тус хүртээв. Түүнчлэн энэ өдөр зохиолч Э.Хархгүү, жүжигчин С.Болд-Эрдэнэ тэргүүтэй 26 гавьяат төрж, дөрвөн хүн Алтангадас одон, нэг хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.

2021.06.11: УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 29 дэх удаагийн Үндэсний номын баярын нээлт боллоо. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатай боллоо. Номын баярт дунджаар хэвлэлийн 100 гаруй компани, номын 80 орчим худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог байна.

2021.06.24: Монголын Урлагийн зөвлөл /МУЗ/ соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 онд санаачлан, зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил МУЗ,  Гёте-Институт хамтран, Соёлын яамны дэмжлэгтэйгээр тус урлагийн наамдыг зургаадугаар сарын 24-30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэлээ.

2021.06.26: Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” 38 дахь удаагийн наадам цагдаагийн “Сүлд” чуулгат боллоо. Тус наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн уралдуулсан бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэн, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд орсон юм.

2021.06.30: “Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар дахь “Русский дом”-д боллоо. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын яам санаачилж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Улаанбаатар дахь “Русский дом” хамтран зохион байгууллаа.  Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын хүүхэлдэйн театр, Монгол Улсын консерватори, Монголын театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор 350 гаруй гэрэл зургийг дэлгэсэн юм.

2021.08.12: “Хаант тэнгэрийн Самгалдай” Төрийн бус байгууллагаас санаачилан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр дархад, цаатан түмний аж амьдрал, ёс заншил, байгаль орны онцлогийг харуулах “Маанар” төслийг хэрэгжүүлж эхлүүллээ. Тэд энэхүү төслөө сошиал орчинд түгээхээс гадна “Эрхэт Монгол” групптэй хамтран богино хэмжээний дүрс бичлэг хэлбэрээр ТВ8 телевизийн эфирээр үзэгч түмэнд хүргэх юм.

2021.08.25: 1996 оноос эхлэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаа ICE TOP хамтлагийн “Монгол” пянзны нээлт “Өглөөний Улаанбаатар” гудамжинд боллоо. Энэ нь Монголын анхны хип хоп пянз юм.

2021.09.14: Буриадын Улаан-Үд хотын “Залуу” орчин үеийн урлагийн төвд алдарт зураач, судлаач, зохиолч, аялагч Николай Рерихийн зургийн “Чаша неотпитая. Монголия” үзэсгэлэн нээгдлээ. Рерих нийт 7000 гаруй уран бүтээл туурвисан нь одоо дэлхийн шилдэг галерей, үзэсгэлэнг чимж байгаа юм. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэн аравдугаар сарын 10 хүртэл үргэлжилсэн юм.

2021.09.17: "Тоонот пикчерс"-ийн гурав дахь уран бүтээл “Цасан хүн” уран сайхны киноны нээлт боллоо. Драм, нууцлаг төрлөөр бүтээсэн найруулагч Б.Батбаатарын тус уран бүтээлд хүний дотоод ертөнцийг сонсохгүйгээр, хүмүүс, ялангуяа хүүхэд, залуучууд ганцаардаж, сэтгэл гутралд автах нь ихсэж байгаа өнөөгийн нийгмийн эмзэглэлийг харуулжээ. Киноны гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Гавьяат жүжигчин ЖОюундарь, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул, Н.Ялалт, Д.Мөнхтөмөр, А.Алтанхуяг, О.Санданпүрэв нар гол дүрд нь тоглосон.

2021.09.22: Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол боллоо. Музейн барилга 8200 метр квадрат орчим талбайтай бөгөөд гадна талаар гэрэлт хөшөө, хүн чулуун хөшөө, буган хөшөө зэрэг сүрлэг археологийн дурсгалууд, угсаатны зарим эд зүйлсийг бодитоор болон хуулбар байдлаар дүрсэлсэн үзүүллэг бүхий цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын орчинтой цогцолбор болон хөгжинө.  Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ.

2021.09.22: Нийслэлийн Соёл урлагийн газраас Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболдын "Ухамсар" бүтээлээр “Урлагийн хот Улаанбаатар” аяныг эхлүүллээ. Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны бүтээлээс сонгон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм. Аяны хүрээнд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг дэмжин ажиллах зорилгоор СБД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байршуулан нийтэд таниулсан юм.

2021.09.30: “Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг  хэрэгжүүлэн ажилласан. “Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа - сургалт - танин мэдэхүй - соён гэгээрлийн цогцолбор юм.

2021.10.07: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнд XX зууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэв.

2021.10.15: "Камертон" хамтлаг 26 жилийн ойн тоглолтоо "Zaisand hill"-д зохион байгуулсан. Энэ нь цар тахлын үед зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн олон хүнд тасалбар борлуулж, тоглолт зохион байгуулсан гэдэг шүүмжлэлтэй тулгарсан юм.

2021.10.18: Дэлхийн "А" зэрэглэлт кино наадмуудын шагналт бүтээлүүдээс Монголын үзэгчдэд танилцуулдаг "Улаанбаатар" олон улсын наадам Финляндын "Зургадугаар бүхээг" УСК-оор хөшгөө нээлээ. Наадмаар 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монгол Улсын нийт 18 бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож буй юм. Тус наадмын өнгөрсөн жилийн онцлох орон Франц улс байсан бол энэ жил Оросын холбооны улс сонгогдсон.

2021.10.19: Италийн Верона хотын Арена ди Верона амфитеатр, Finservice FZ сангаас хамтран тодруулдаг "Оны шилдэг дуурийн дуучид"-ыг зарлалаа.  Олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртсэн юм.  Тэрээр энэхүү хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авна. Энэ жилийн шилдэг Сопрано - Сайоа Эрнандес,  Тенор - Йонас Кауфманн,  Меццо-сопрано - Элина Гаранча,  Бас - Жакомо Престиа,  Баритон - Э.Амартүвшин,  Найруулагч - Роберт Карсен,  Удирдаач - Валерио Галли, Зураглаач - Данте Ферретти, Загвар - Урсула Пацак нар шалгарсан.

2021.10.27: Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллага хамтран Уран зургийн галерейд “Зууны түүх-Зууны үйл явдал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, арми, их бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар болон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүсийн 200 орчим гэрэл зургийг толилуулав.

2021.11.03: Дэлхийн 28 орны 180 оролцогчийг хамруулж, Кэйптаун хотын Артскэйп театрын тайзнаа зохион байгуулсан Өмнөд Африкийн Олон Улсын балетын VIII уралдаанд Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.  Уралдааны "Анхан шат 2" ангийн сурагч С.Халиун 6-8 насны ангилалд алтан медаль хүртсэн бол "Дунд шат 1" ангийн сурагч Х.Тэгшжаргал 9-11 насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.

2021.11.04: Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Г.Сэр-Одын нэрэмжит шагналын эздийг тодрууллаа. МЗЭ-ийн шагналаар зохиолч, яруу найрагч Т.Дарханхөвсгөл, А.Сүглэгмаа, Л.Батсайхан, О.Жаргалсайхан, Ч.Норовсүрэн, Д.Нямдорж, Б.Пүрэврэнцэн, Х.Эрдэв нар тодорлоо. Харин залуу уран бүтээлчдэд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар, Б.Дэлгэрцэцэг нарт гардуулав.

2021.11.06: Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд энэ сарын 5-нд “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Харин энэ сарын 06-ны өдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэсэн юм.

2021.11:07: О.Цэнд-Аюуш, Д.Дамдинжав, Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, С.Начин нарын таван залуу найрагч хамтран "Poetry night" яруу найргийн цэнгүүнээ “Корпорейт Конвешн центрт”-т хийлээ. Найрагчид хөнгөн хөгжмийн аянд найргаа дуудаж, “Увертюра”, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гавьяат жүжигчин Ө.Уянга нар ая дуугаа өргөсөн юм.

2021.11.08: Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.

2021.11.08: Соёлын яам монгол зураачийн бүтээл NFT орчинд 350 сая төгрөгөөр үнэлэгдсэнийг зарлалаа. Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгий “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Mongol NFT” компани дижитал хэлбэрт оруулжээ. Монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарын тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар, Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан байна.

2021.11.09: Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн 21 Дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд гарлаа. Өндөр Гэгээн Занабазарын мутрын урлалууд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей зэрэг томоохон музей, Гандантэгчэнлин хийд, Шанхын хийд зэрэг шашны төвүүдэд эх төрхөөрөө хадгалагдаж байна. Түүний бүтээлүүдийн судалгааг өргөжүүлэх, олон нийтэд илүү сайн таниулах, дэлхий нийтэд сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгөх шаардлагатай гэж Соёлын яамнаас үзэж энэхүү аян хүрээнд 21 дара эх бурхны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан гэдгийг тодотгосон.

2021.11.10: Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Хүүхдийн цуврал уран бүтээлийн нэг болох "Увидаст эгшиг" хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолтийн нээлт боллоо.  Соёлын яамны дэмжлэгтэйгээр цоо шинээр тавигдсан уг бүжгийн жүжигт "Номадик балет" продакшны залуу уран бүтээлчид болон сонгодог бүжгээр хичээнгүйлэн суралцагч хүүхэд багачууд хамтран оролцлоо.

2021.11.10: Улсын Драмын Эрдмийн театр энэ онд 90 жилийн ой, Монголын театрын музейн 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн гаргахын хамт “Тайзны урлагийн шинэчилсэн танхим”-ын нээлт  Монголын театрын музейн Үзэсгэлэнгийн танхимд боллоо. Монгол Улсад 1921 оны Ардын хувьсгалаас хойш гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн, соёлын байгууллагууд бий болсон түүхтэй. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоолоор “Улсын төв театр” байгуулагдаж, С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгээр үүд хаалгаа нээсэн гэдэг.

2021.11.11: Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотод арваннэгдүгээр сарын 11-нд "Эрмитаж"-ийн концертийн танхимд, 13-нд "Мариинский" театрт уригдаж, уран бүтээлээ хүргэлээ. Энэхүү тоглолтод Морин хуур чуулгын уран бүтээлчид, Үндэсний их театрын дөрвөн бүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Монголхүү, Улсын филармонийн гоцлол дуучин, МУГЖ Б.Мөнхбаатар тэргүүтэй 45 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.

2021.11.12: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Токүшима дахь Өргөмжит консул Каваүчи Широ бараалхаж, Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг хүлээлгэн өглөө.

2021.11.12: Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын эрдмийн театрын ойн хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Өдгөө УДЭТ нь захиргаа удирдлагын хэлтэс, уран бүтээлийн хэлтэс, үйлдвэр техникийн хэлтсийн бүтэцтэй ажиллаж, нийт 130 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2021.11.26: Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр хүртсэн “Шат” кино Оскарын наадмын богино хэмжээний киноны төрөлд өрсөлдөх эрхээ авлаа.  “Шат” киног Австралийн Bus Stop Films, Монголын урлагийн зөвлөл хамтран бүтээжээ. Австрали улсын Засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг киноны багт дуу хоолойгоо нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан багтжээ. Тэдний 12 нь дауны хам шинжтэй аж.

2021.11.19: Хагас зууны түүхт алдарт "Баян Монгол" чуулга 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянзны баяраа тэмдэглэлээ. Анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ.  Пянзанд "Баян Монгол", "Хорвоо амгалан байг", "Аавдаа", "Мөрөөдөл", "Алтаргана" зэрэг монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээл багтсан байна. Пянзны гол онцлог нь 1980 онд хэвлүүлж байсан пянзанд багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж тогложээ.

2021.11.19: Үндэсний ялагчаар тодорч Монголоос эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс" тэмцээнд оролцох А.Бөртэ-Үжин АНУ-ын Пуэрто Риког зорилоо. Тэрбээр Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн, Англи, Япон, Герман, Хятад хэлтэй. Мөн тэрбээр мэргэжлийн уран нугарaaч бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн юм. Тус тэмцээнд нийт 123 орны мисс өрсөлдсөн.

2021.11.19: "Хас фильм" студийн 14 дэх уран бүтээл "Хиртээгүй сарнай" УСК нээлт боллоо.

Тус киноны зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж, найруулагчаар нь ажиллажээ. Харин голд дүрд Соёлын тэрүүний ажилтан С.Өлзийхүү, С.Амгаланбаатар, залуу жүжигчин Х.Баярмаа нар бүтээжээ.

2021.11.22: Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын шилдгүүд тодорлоо.

Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.  Дэд байранд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджавын “Хийлч” өгүүллэг, гутгаар байранд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа” өгүүллэг, дөтгөөр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Ах” өгүүллэг, удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн  “Шаазгай үр” өгүүллэг тус тус шалгарав.

2021.11.24: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд  Ардын жүжигчин цол хүртээлээ. Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах Ерөнхийлөгчийн зарлиг гаргав.

2021.11.25: Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Русский домын дэргэд “Орфей” театр Оросын суут зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” пост драмын жүжгээр нээлтээ хийлээ. “Преступление и наказание” романыг зоригтойгоор барьж аван Монголын театрын тайзнаа цоо шинэ хэв маягаар тавьсан хүмүүс бол зохиолч Ядамсүрэнгийн Баяраа, найруулагч Мягмарнарангийн Батболд нар юм. Тэгвэл жүжгийн гол дүр Родион Раскольниковын дүрийг “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва, Улсын яллагчийн дүрийг МУГЖ Д.Ганцэцэг нар бүтээлээ. Харин Цөхрөнгөө барсан алуурчин Родион Раскольниковын өмгөөлөгч Разумихинд жүжигчин Д.Түвшинбаяр тоглосон бол Раскольниковын дүү, сайхан төрсөн Дуня бүсгүйн дүрийг Х.Баярмаа бүтээв. Тарчиг амьдралд хөл алдан, биеэ үнэлж байгаа Сонягийн дүрийг Г.Золзаяа, хөөрхий охиныхоо олсон мөнгөөр архи уух Мармеладовын дүрийг П.Эрдэнэзаан гаргасан юм.

2021.11.26: “Infinite Creative Studio”  болон “Favway”  уран бүтээлийн нэгдлийн хамтран бүтээсэн "Бяцхан чөтгөрийн хүсэл" уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Уг киноны ерөнхий найруулагчаар залуу жүжигчин, найруулагч Н.Баясаа ажилласан бол гол дүрд  Б.Жамъяндорж, Ү.Ундрал, О.Самданпүрэв гэх мэт залуу жүжигчид тогложээ.

2021.11.27: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран эрүүл мэндийн салбарынханд зориулж "Монгол бахархал" тоглолт зохион байгууллаа.

2021.11.28: Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Б.Цогнэмэхийн “Хаадын хаан - Андгай” түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Намнангийн Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүргэлээ.  Тус жүжигт Чингис хаанын дүрийг Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Гүр хаан Жамухын дүрийг Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү бүтээлээ.

2021.11.29: Эрдэмтэн зохиолч С.Дуламын хадны зургууд дээр хийсэн судалгаанд тулгуурласан “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гурамсан бүжгэн жүжгийн сүүлчийн бүжгэн жүжиг болох “Босоо цагаан гурвалжин” бүжиг нээлт боллоо.

2021.12.01: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулууны “Уран хас” бүжгийн жүжгийг нэн шинэ буюу контемпрари хэлбэрээр анх удаа удаа толилууллаа. Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ)-өөс санаачлан “Чулуун” сантай хамтран үзэгчдэд хүргэсэн контемпрари бүжгэн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-ийн бүжигчид амилуулсан. Энэ удаад орчин цагийн Уран Хас “Марс” гараг руу аялан ирж байгааг харуулсан юм.

2021.12.03: Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэрбээр төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг' симфони найрал хөгжимд зориулсан зураглал зэрэг бүтээлээрээ "Гоцлол, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлийн ангилал"-д оролцсон аж.  Олон улсын хөгжмийн зохиолчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “JS Fest Competation” хөгжмийн наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, electromusic, computer music гэсэн төрлүүдээр явагддаг нэр хүндтэй наадам.

2021.12.04: Улсын Филармонийн хэрэгжүүлж буй “Эрхт Монгол” төслийн хүрээнд Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” концерт Улсын Филармонийн концертын танхимд болло.

2021.12.07: “ТВ8” телевиз, "Попкорн пикчерс"-ийн бүтээл "Анхны баяр" кино, бүх IPTV-д байршууллаа. Шинэ жилийн баярт зориулан бүтээсэн тус киноны  Ерөнхий найруулагчаар Д.Алдарбаяр ажиллажээ. Харин гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр, залуу жүжигчин Э.Төрбат нар тоглосон байна.

2021.12.07: Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг "Монголын балетын үндэсний IV уралдаан" амжилттай болж өндөрлөлөө.  Уралдааны багийн төрлийн "БАГА НАС"-ны ангилалд А.Лхагватуяа багшийн удирдсан сурагчид "Пахита" бүжгээр тэргүүлж, алтан медаль хүртсэн бол багш Ч.Ганчимэгийн удирдсан баг "Найз охид" бүжгээр  тусгай байр эзлэв.  Мөн "БЭЛТГЭЛ" ангилалд Ч.Ганчимэг багшийн удирдсан "Аннен Полька" бүжгээр мөнгөн медаль, "ӨСВӨР 1" ангилалд Ц.Жаргалан багшийн удирдсан баг  "Үнэт чулуунууд" бүжгээр алт, мөн түүний удирдсан өөр баг хүрэл медаль тус тус хүртлээ.

2021.12.08: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааны шилдгүүр шалгарлаа. Уралдаанд  67 бүтээл ирснээс  “Zero entertainment”-ийн“ Миний нутгийн төгөл кино шалгарч 10 сая төгрөгийн шагнал авсан.

2021.12.10: Улсын Филармонийн Морин хуурын чуулга “Наран мэлмийт орон” тоглолтоо филармоны концертын танхимаас үзэгч олондоо хүргэлээ.

2021.12.17: Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ирэх онд "Соёлын өвийн бага театр" байгуулах хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Театрын дотоод заслын ажилд “Рио Тинто Монгол” ХХК 440 сая төгрөгөөр хөрөнгө оруулжээ. Улмаар Соёлын өвийн үндэсний төв, Монголын урлагийн зөвлөл, “Рио Тинто” компанийн төлөөллүүд гэрээнд гарын үсэг зурсан юм. Монголчуудын оюуны соёлын үнэт зүйл болох соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай бага театрыг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулах аж.

2021.12.18: Шинэ жилийн өдрүүдээр олны хүртээл болж заншсан алдарт "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа тавилаа. Германы зохиолч Хоффманы  1815 онд зохиосон  “Цөмөөхэй” нэртэй үлгэрийг алдарт  П.И.Чайковский 1892 онд "амилуулан"  “Цөмөөхэй”  балетыг бичсэн түүхтэй.  Монгол Улсад  анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уг бүжгэн жүжгийг тоглож байв. Дэлхийн олон улс оронд   Зул сар, Шинэ жилийн баяраар  тоглогддог уг  бүжгэн жүжгийг Монгол Улсдаа  шинээр найруулан тавих санаачилгыг гаргаж, хэрэгжүүлж буй эрхэм бол МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг юм.    Түүнчлэн тэрбээр энэ жил  биечлэн ирж "Цөмөөхэй"-г  найруулан, тавьсан юм.

2021.12.18: ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо энэ сарын 13-18-ны өдрүүдэд боллоо.  Чуулганаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172.000 ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав.

Top