Байлдааны туг гардуулах ёслол боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газарт Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр (2021.12.22) ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгуулав.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн, ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.

Ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба Зэвсэгт хүчний Жанжин туг, Зэвсэгт хүчний Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын Байлдааны тугийг жагсаалд залсны дараа Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт илтгэл өгснөөр эхэллээ.

Дараа нь Байлдааны тугуудыг хүндэтгэлийн байранд залж, “Байлдааны туг гардуулах тухай” Батлан хамгаалахын сайдын тушаалыг уншин танилцуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга нарт Байлдааны туг, үнэмлэхийг гардуулан өгөв.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлагч, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга нар “Байлдааны туг”-ийг дээш өргөн, бие бүрэлдэхүүнд харуулахад нийт бие бүрэлдэхүүн гурвантаа “Ура” цуурайтуулсны дараа Байлдааны тугуудыг жагсаалд байрлуулсан юм.

Үүний дараа Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар баяр хүргэж, үг хэлсэн ба бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж, Зэвсэгт хүчний Жанжин туг, төрлийн цэргийн болон Барилга-инженерийн цэргийн Байлдааны тугийг буцааж залснаар ёслолын ажиллагаа өндөрлөв.

Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газарт Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчинд Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал тус тус байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Өнөөдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон төрлийн цэргийн Байлдааны тугийг Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу ёслол төгөлдөр гардан авлаа. БХЯ-аас шинээр байгуулагдсан төрлийн цэргийг хөгжүүлэн бэхжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсөв, санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж бэлтгэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслээр үе шаттайгаар хангах асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах ажилд тэргүүлэн оролцох, улс орны болон батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангах, тусгай томилгоот үүрэг гүйцэтгэх чадавхыг бүрдүүлэх, түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх томоохон үүрэг, хариуцлага Та биднийг хүлээж байна” гэдгийг тодотгосон юм.

Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “2020 онд хууль эрх зүйн хүрээнд Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг шинээр байгуулсны зэрэгцээ тэдгээрийн бие даан үүрэг гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага дэс дараатай хэрэгжүүлсээр байгаа юм. ЗХЖШ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаас “Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газрын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой үр дүнтэй явагдаж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлсэн” хэмээн үнэлсэн нь эдгээр төрлийн цэргийн командлал, удирдах газар нь харьцангуй богино хугацаанд бие даан төлөвших эхлэлийг зөв тавьж буйг илтгэж байна. Энэ өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Байлдааны тугийг гардуулж байгаа нь дээрх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, эдгээр байгууллагын бие даан үүрэг гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлж, удирдлага, бие бүрэлдэхүүний ажиллах урам зориг, итгэл үнэмшлийг бадрааж байна. Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн Байлдааны туг нь бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Тиймээс энэхүү Байлдааны туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, амжилт, ололт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд Монгол төрийн алтан соёмбот далбааны нэгэн адил өндөрт мандаж явах учиртай бөгөөд Та бүхэн ч өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй бас эрхтэй” гэдгийг онцоллоо.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top