Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 82 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЛЯН ШАНЬ ФҮ АЛТ ХУВААЖ ЭД ЭРДЭНЭСЭЭ ХУДАЛДСАН СҮН ГҮН МИН ХОРШООГОО АВЧ ИЛБЭН ДАГУУЛАХЫГ ХҮЛЭЭСЭН

Өгүүлэх нь Янь Чин-ийн бие Ли Ши Ши-ийн гэрт Дао Жюнь хаан лугаа нүүр учирч, нэгэн битүүмж ял хэлтрүүлэх бичгийг гуйж олоод Су Тайюй-д золгож бас Дай Зүн лүгээ арга тогтоож Гао Тайюй-н ордонд эчиж Сяо Ран, Юэ Хэ-г гаргаж, дөрвүүл хотын хаалга нээмэгц даруй хотоос гарч шууд Лян Шань ууландаа эгж урьдын үйлийг зүй зүйгээр мэдүүлснийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ли Ши Ши тэр шөнө Янь Чин-ийн харьж ирсэнгүйг үзээд сэтгэлийн дотор мөн нэгэн зэрэг сэжиглэн гайхав. Гао Тайюй-н ордон доторх шадар зардас жич өдөр Сяо Ран, Юэ Хэ-д цай хоол хүргэж ирвээс хоёр хүмүүн суух гэртээ үгүй болсон тул мэндэн сандан ордны даамалд мэдүүлснээ даамал бээр яаран цэцгийн хүрээлэнд ирж ажваас үзвээс уд модны салаанаас хоёр дээс уяж аснаа хоёр хүмүүний оргож эчсэнийг мэдээд арга буюу Тайюй-д мэдүүлэхүйеэ Гао Чю хиртхийн цочиж тэсгэл үгүй бухимдан тэнцүүрч өвчнөөр шалтаглан ордноос гарахгүй болов.

Дэд маргаадрын таван жинд Дао Жюнь хаан Чао хурахаар Вэнь Дэ Дянь харшид залран ирснээ, бичиг цэргийн зуун түшмэл үүл мэт хуран цуглав. Тэнгэрийн хөвүүн зүүн баруун жигүүрийн түшмэлд зарлиг буулган цэргийн яамны эрхэлсэн сайд Түн Гуань-г дуудуулж ийн асууруун: - Сайд чи ноднин жил арван түмэн их цэргийг тачаалан өөрийн биеэр төвшитгөн дарангуйлах юаньшуай болж Лян Шаньуулыг дайлахаар эчээд дийлэн дийлэгдэх нь хааш болов? хэмээхэд Түн Гуань хөсөр сөгдөн айлтгаруун: - Урьд жил доорд түшмэл их цэргийг авч дайлахаар эчив. Хүчээ эс гаргасан бус, ганц тэнгэр халуун, ус шороо цэргийн ардад харшилдаж өвчин тахал ихэд дэлгэрч арван хүмүүнээс хоёр гурав нь үхэж цэрэг моринд зовлон тохиосон тул түшмэл би тухайг үзэж цэрэг хураан байлдахыг зогсоод хойш эгж боловсрохоор болов. Байлдаанд мордсон шадар цэрэг замын зуур өвчин тахалд баригдаж хохирсон хүмүүн цөөнгүй. Хожим нь элсэх зарлиг буулгасанд хулгайн хоршоо дагасангүй тул Гао Чю онгоц хөдөлгөн усан замаар дайлахаар эчээд мөн замын гудас өвчин хүрч хойш эгэв хэмээсэнд тэнгэрийн хөвүүн их л хилэгнэж зандан өгүүлрүүн: - Эрдэмтнийг хардан мэргэдийг атаархах таны зэргийн зальхай түшмэл зусар ард мөхөс хүмүүн надаас нууж санаагаар үйлдсэнээс ийн болов! Чиний бие урьд жил Лян Шань уулыг дайлахаар одоод юуны учир хоёрхон зэрэг байлдмагц хулгайн цэрэгт дарагдаж нэг ч хүмүүн олж эгсэнгүй, улсын цэргийн нэрийг гутаан сүрийг бууруулав?

Сүүлээр муу гайхал Гао Чю эл жоу жюнь-ий амуу хүнсийг үлэмж сүйтгэж байлдааны онгоцыг арвин автаж цэрэг морийг олон хохируулж өөрөө бас хулгайд баригдаж уулнаа эчив. Сүн Жян нар алж түвдсэнгүй тавьж илгээв. Мөхөс хүмүүн сонсохул Сүн Жян-ын нэгэн хоршоо болбоос жоу фү-г эс тэвчилж, шударга иргэнийг эс уулгалж, ганц илбэн дагуулахыг хүлээж улс төрийн төлөө хүчээ өргөсүгэй хэмээмүү. Цөм таны зэргийн эрдэмгүй ховдог зусар ард хуусгар хаан төрийн хишиг пүнлүүг идэж, улс төрийн их хэргийг саатгав!Чиний бие цэргийн яамны эрхэлсэн сайд хэмээх атал огт хэмээн үзэгдэхгүй үү? Үнэнд хураамжлан баривчлах ял хэлэлцвээс зохих боловч түр нэгэн удаа хэлтрүүлж, дахин ийн үйлдвээс огт уучлахгүй! хэмээхэд Түн Гуань дуугарч чадсангүй нэгэн этгээдэд ухран зогссонд тэнгэрийн хөвүүн бас асууруун: - Таны олон түшмэдийн дотроос хэн одож Лян Шань уулны Сүн Жян зэргийн нэгэн бүлэг хүмүүнийг илбэн дагуулмуй? хэмээхэд дотоод ордны Тайюй түшмэл Су Юань Жин зэргээс давшиж сөгдөн айлтгаруун: - Түшмэл би эрдэмгүй боловч дуртайяа нэгэн удаа эчсүгэй хэмээсэнд тэнгэрийн хөвүүн их л баярлаж: - Мөхөс би өөрийн гараар нэгэн битүүмж жуу бичиг сийрүүлсүгэй хэмээгээд луун ширээ ацруулж алтан цаасыг дэлгэж нэгэн битүүмж жуу бичгийг сийрүүлэн бичсэнд зүүн баруун жигүүрийн түшмэл хас тамгыг өргөн барьснаа тэнгэрийн хөвүүн өөрийн гараар тамга дарсан хойно сан хамаарах түшмэлд зарлиг буулгаж алтан пайз гучин зурга, мөнгөн пайз далан хоёр, улаан магнаг гучин зургаан бүхэл, хөх магнаг далан хоёр бүхэл, шараар битүүмжилсэн хишгийн дарс нэгэн зуу найман малуу ацруулж Су Тайюй-д бүрнээ тушааж бас дээлний бараа хорин дөрвөн бүхэл, алтан үсэгт илбэн дагуулах эзний тугийг шагнаж жич маргаадар даруй морд хэмээсэнд, Су Тайюй тэнгэрийн хөвүүнд салах ёсыг хийгээд Вэнь Дэ Дянь харшаас гарч эчив. Бичиг цэргийн зуун түшмэд бараалхлаас гарч тархаж эгэхүйеэ Түн Гуань их л ичингүйрч өвчнөөр шалтаглан ордондоо сууж төрийн бараалхалд эчихгүй болов. Гао Тайюй үүнийг сонсоод тэсгэлгүй эмээн цухалдаж мөн бараалхалд эчихгүй болов. Шүлэгт өгүүлсэн нь:

Өршөөх зарлиг нэгэн битүүмж гэрэлт ордноос гараад,

Өндөр Лян Шань-ий хоёул засахыг зогсоогоор хүлээн ажив.

Энэрэн илбэх нь байлдан дайлахаас ашигтай хэмээхийг мэдсэн бөгөөс,

Улаан нялах хүүхдэд юуны шарх сорви оруулмуй.

Түүнээс Су Тайюй хааны хишгийн дарс жич алт мөнгөн пайз торго дурдангийн зүйлийг авч морь унан хотоос гарч эзний шагнасан алтан үсэгт шар тугийг өргөж эчихүйеэ, олон түшмэл Нань Сяо Мэнь хаалгыг гартал үдсэнээ Су Тайюй дагасан ардыг удирдан Жижоу хотын зүг эчсэнийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Янь Чин, Дай Зүн, Сяо Ран, Юэ Хэ дөрвүүл шөнө дүлээр уулан цайзанд хүрч эчсэн үйлийг Сүн Жян тэргүүлэн олон дайван нарт мэдүүлсэн хойно Янь Чин Дао Жюнь хааны өөрийн гараар бичсэн ял хэлтрүүлэх зарлигийн бичгийг гаргаж Сүн Жян зэрэг олон хүмүүнд үзүүлснээ Ү Юн өгүүлрүүн: - Энэ удаа эрхгүй сайн чимээ ирэх буй за хэмээхэд, Сүн Жян ариун хүжийг хүлст асаагаад есөн тэнгэрийн хувилгаан эхийн хүЛи Лийг гарган дээш хандан наманчлан залбирч төлгийг нэгэнтээ орхивоос дээд сайн төлгө буусан тул сэтгэлийн дотор их л баярлаж сэдсэн үйл сэтгэлчэн бүтэх болов хэмээгээд эгж бас Дай Зүн, Янь Чин-г зовоон үнэн ташааг сураглаж үтэр түргэн ирж мэдүүлбээс урьдаас бэлтгэн хүлээсүгэй хэмээн илгээсэн хойно Дай Зүн, Янь Чин одож хэдэн өдөр болсонгүй даруй хойш буцаж ирээд: - Су Тайюй хааны зарлигаар жуу бичиг жич хишгийн дарс алт мөнгөн пайз, улаан, хөх магнаг зэргийн бэлгийг авч илбэн дагуулахаар мордон гарсан тул удалгүй хүрч ирмүй! хэмээсэнд Сүн Жяних л баярлаж шударга журмын танхимаас цааз зарлан хүмүүн зарж, Лян Шань уулнаас аваад Жижоу фү-ийн зурагт хүртэл хорин дөрвөн их саравч байгуулж түүний дээр лавир зангидан цэцэг хийсгэж, түүний доор ятга бийбаа, бялар хөгжим тавиад, ойр орчмын жоу жюнь-аас хөгжимчин ардыг хөлслөн ацарч газар газрын цэцэгт саравчинд илгээж жуу бичгийг угтаж авахаар бэлтгэж саравч бүрд нэгэн бага дайванг түрүү тавьж захируулаад нэгэнтээгүүр хүмүүн зарж алим жимс, амтат идээ, мах зууш хуурай хүнс зэргийн зүйлийг ацруулж элчийг угтах хуримын юмыг бэлтгэв.

Жич өгүүлэх нь Су Тайюй жуу бичгийг авч Лян Шань уулын сайн эрсийг илбэн дагуулахаар мордоод удсангүй Жижоу хотын өмнө хүрч ирснээ тайшоу түшмэл Жан Шү Е өөрийн биеэр хотноо угтан оруулж зочны буудалд залан буулгаад Су Тайюй-д ёслон золгож тоосыг гөвөх хурим барьсан хойно ийн айлтгаруун: - Урагш өдөр хаан төрөөс зарлиг буулган хоёр удаа илбэн дагуулахаар ирсэн боловч зохих хүмүүнийг олж илгээсэнгүй тул улс гэрийн их хэргийг саатгав. Эдүгээ дээд Тайюй өөрийн биеэр морилон эчих тул эрхгүй улс гэрийн төлөөнөө их гавъяаг байгуулах буй за! хэмээвээс Су Тайюй өгүүлрүүн: - Тэнгэрийн хөвүүн бээр ойрын өдөр Лян Шань уулын нэгэн хоршоог журмаар эш болгож жоу жюнь-д эс халдаж, шударга иргэнийг эс хөнөөн, тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй хэмээн ам алдсаныг олж сонсоод доорд түшмэл надад өөрийн гараар нэгэн битүүмж жуу бичиг сийрүүлэн тушааж гучин зургаан алтан пайз, далан хоёр мөнгөн пайз, гучин зургаан бүхэл улаан магнаг, далан хоёр бүхэл хөх магнаг, нэг зуун найман малуу хишгийн дарс, хорин дөрвөн бүхэл дээлийн бараа өгч илбэн дагуулахаар энд илгээв. Бэлгийн эд нимгэн бус буюу? хэмээхүйеэ, Жан Шү Е өгүүлрүүн: - Энэхүү хоршооны олон хүмүүн эд бэлгийн нимгэн зузааныг бодохгүй, ганц шударга журмаар улсад хариулж хойчийн үед алдраа мандуулахыг бодох тул эрхин Тайюй эрт өдөр ийн ёсоор үйлдсэн бөгөөс улс гэрийн жанжин цэрэг хохирохгүй, сан хөмрөгийн амуу зоос сүйдэхгүй бөлгөө. Уулан хоршоон журамт баатад илбэгдэж дагасан хойно хаан төрийн төлөөнөө магад гавъяа үйлийг байгуулж өгөх буй за" журамт баатад илбэгдэж дагасан хойно хаан төрийн төлөөнөө магад гавъяа үйлийг байгуулж өгөх буй за хэмээхэд Су Тайюй өгүүлрүүн: - Миний бие түр энд хүлээсүгэй. Тайшоу чи өөрийн биеэр уулан цайзнаа мэдүүлэхээр эчээд жуу бичгийг угтаж авахаар бэлтгэ хэмээн захигтун хэмээхүйеэ Жан Шү Е өгүүлрүүн: - Өчүүхэн түшмэл дуртайяа эчсүгэй хэмээгээд арваад илүү гочигийг авч морь унан хотоос гараад Лян Шань уулыг чиглэн явсаар уулан энгэрт хүрч ирэхүйеэ бага дайван угтан авч дээш цайзнаа мэдүүлснээ Сүн Жян яаран уулнаас бууж Жан тайшоу-г угтан авч шударга журмын танхимд залж ёслон золгосон хойно, Жан Шү Е өгүүлрүүн: - Журамт баатар баяр болов! Эдүгээ хааны шадар Тайюй түшмэл Су Юань Жин зарлигаар жуу бичиг барьж эзний сийрүүлсэн зарлигийг авч илбэн дагуулахаар ирэв. Эзний шагнасан алтан пайз, хишгийн дарс, магнаг торго зэргийг авч Жижоу хотноо хүрч ирсэн тул журамт баатар зарлигийн бичгийг хүлээн авахаар бэлтгэвээс зохимуй хэмээснээ Сүн Жяних л баярлаж алга хамтатган залбирч өгүүлрүүн: - Сүн Жян нарт дахин заяасан хишиг хүртээв хэмээгээд Жан тайшоу-г үлдээн хурим барьсугай хэмээсэнд Жан Шү Е өгүүлрүүн: - Доорд түшмэл маргах нь бус ганц удваас Тайюй түшмэл буруушаахаас эмээмүй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Хэдэн хундага дарсыг барих нь хүмүүн ёсноо тооцогдохгүй хэмээсэнд Жан Шү Е хүчлэн маргаж даруй явсугай хэмээх тул Сүн Жян яаран нэгэн тэвш алт мөнгийг ацруулж тал болгон барьсанд Жан тайшоу өгүүлрүүн: - Үүнийг хэрхэвч хүлээн авч чадахгүй хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Барих бэлэг нимгэн боловч ямхын төдий сэтгэлээ илтгэсүгэй. Хэрэг бүтэж үйл төгссөн хойно жич дахин хүндэд хариулсугай хэмээхүйеэ Жан Шү Е өгүүлрүүн: - Журамт баатрын зузаан сэтгэлд талархаж барахгүй. Үүнийг түр их цайзнаа үлдээж хожим авахаар ирэхэд мөн оройтохгүй хэмээв. Жан тайшоу-ын ариун цээрийг үүнээс мэдвээс болмуй! Шүлэгт өгүүлсэн нь:

Жижоу фү-ийн тайшоу түшмэл орчлонд хосгүй,

Зэрэглэсэн алтыг хайрлахгүй ганц Сүн Жян-г хайрламуй.

Чигч уудмын угаас илэрхийд хүмүүнийг бишрүүлж болмуй.

Цэргийн сүрт эрэмшээд илбэн дагуулж чадахгүй.

Түүнээс Сүн Жян бээр их бага цэргийн багш Ү Юн, Жү Ү жич Сяо Ран, Юэ Хэ дөрвөн хүмүүнийг дуудан Жан тайшоу-г даган уулнаас бууж Жижоу хотноо хүрч Су Тайюй-д ёслон золготугай хэмээн захиад нөгөөдөр олон дайван нарыг дагуулан уулан цайзаас гучин газрын үзүүр замын хажууд сөгдөж угтсугай хэмээн болзсон хойно цэргийн багш Ү Юн нар Жан тайшоу-г дагаж шөнө дүлээр уулнаас бууж Жижоу хотноо хүрээд, дэд маргаадрын өдөр зочны буудалд хүрч Су Тайюй-д учирч хөсөр сөгдөн мөргөн ёсолсноо Су Тайюй босож суу хэмээн суудал хайрлахуйяа дөрвүүл марган эргэлзэж аймшиггүй эс суув. Су Тайюй бээр овог нэрийг асууваас Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний нэр болбоос Ү Юн хэмээмүй. Энэ гурван хүмүүний нэр хэмээвээс Ю Ү, Сяо Ран, Юэ Хэ мөн болой. Эдүгээ ах Сүн Жян-ын захиаг хүлээн тухайлан өршөөлт сянгүн-г угтахаар ирэв. Ахын бие нөгөөдөр олон дүү нарыг авч уулан цайзаас гучин газрын үзүүрт замын хажууд сөгдөж угтсугай хэмээмү хэмээсэнд Су Тайюй их л баярлаж: - Урьд өдөр Хуажоу-д Жя Лян сяньшэн чам лугаа аяарлан салснаас хойш хэдэн жилийн нүүрийг үзэв. Харин санамсаргүй энэ өдөр дахин олж золгов! Таны зэргийн ах дүү нарын шударга журмаар явахыг өчүүхэн түшмэл угаас мэдэвч зальхай түшмэл замыг халхалж ховч сайд эрхийг эзэлсэн тул таны зэргийн олон хүмүүний үнэнч сэтгэлийг богд эзэнд айлтгаж чадсангүй. Эдүгээ тэнгэрийн хөвүүн нягт учрыг бүрнээ мэдээд тухайлан доорд түшмэлийг элч болгож өөрийн гараар сийрүүлэн бичсэн жуу бичиг, алт мөнгөн пайз, улаан хөх магнаг, хааны хишгийн дарс зэргийг шагнаж илбэн дагуулахаар илгээв. Ийнхүү сэжиглэн эргэлзэхгүйгээр хүлээн автугай хэмээсэнд Ү Юн нар дахин мөргөж тал өгөөд: - Аглаг уулын балмад ард ачит ноёныг алжаалган зүдээв. Тэнгэрийн хишгийг олж хүртсэн нь түв хэмээн дээд Тайюй-н өршөөл болох тул манай зэргийн ах дүү нар ясандаа сийлэн зүрхэндээ хадавч их ачийг хариулахуйяа бэрх хэмээсэнд Жан Шү Е хурим тавин хүндэд дайлав.

Түүнээс гуравдугаар өдрийн өглөө болохуйяа Жижоу фү-ийн албан яам хүжсийн тэргийг гурав бэлтгэж, хишгийн дарсыг луу гардийн дамнуурт тавьж, алт мөнгөн пайз, улаан, хөх магнагийг өөр саванд ахуулж дамнуулаад, хааны сийрүүлсэн жуу бичгийг луут тэргэнээ залаад, Су Тайюй морь унан тэрэгний зүүн этгээдэд орж, Жан тайшоу морь унан бараа болон дагаж, Ү Юн зэргийн дөрвөн хүмүүн морь унан хойноос дагалцаж их бага дагах ард эргэн тойрон багларан хүрээлээд өмнө этгээдийн морьт ард эзний шагнасан алтан үсэгт шар тугийг өргөн барьж хэнгэрэг дамнан туг хийсгэсэн хуягийн ард зам нээж Жижоу хотоос мордон гараад дэмий арван газар явсангүй цэцэгт саравчнаа хүрч ирэв. Су Тайюй морин дээрээс нүд өргөн үзвээс лавир зангидан цэцэг хийсгэсэн саравчны доор ятга бийбаа, бялар хөгжмийг үүсгэж зас тосон угтах аж. Урагш явж хэдэн арван газар өнгөрсөн хойно бас нэгэн цэцэгт саравч харагдав. Үзвээс хүжийн утаа замыг бүрхэж Сүн Жян, Лү Жюнь И бээр олон дайван нарыг авч замын хажууд сөгдөөд богдын зарлигийг угтах тул Су Тайюй өгүүлрүүн: - Бүгдээр босож мориндоо морд хэмээгээд олны хамт нуурын хөвөөнөө, гурван боомтын дээр доор хэнгэрэг дуугаран хөгжим эгшиглэж хуягийн ард өмнө удирдан, ёслолын цэрэг дам дамаар угтаж хүжсийн үнэр эвхрэн тунарч, шударга журмын танхимын өмнө хүрсэн хойно бүгдээр мориноос буув. Хүжсийн тэрэг луут сүйхийг танхимын өмнө дамнан тавив. Төв дунддад гурван ширээг зэрэглэн засаж шар торгон луу гардийн бүтээлгээр бүтээж, эзний сийрүүлсэн жуу бичгийг чиг дундах түмэн наст эзний луут шүтээний өмнө тавьж алт мөнгөн пайзыг зүүн этгээдэд тавьж, улаан хөх магнагийг баруун этгээдэд тавьж хишгийн дарс, дээлний барааг өмнө биед тавиад алтан хүлст ариун хүжийг асаасан хойно Сүн Жян, Лү Жюнь И бээр Су Тайюй, Жан тайшоу-г танхимд залан гол суудалд суулгаж, Сяо Ран, Юэ Хэ-г зүүн талд зогсоож, Пэй Сюнь, Янь Чин-г баруун талд зогсоогоод Сүн Жян, Лү Жюнь И тэргүүлэн олон хүмүүн индрийн өмнө сөгдсөнөө Пэй Сюнь олныг удирдан мөргөн ёслуулсан хойно Сяо Ран богдын зарлигийг нээж дуудсан нь:

"Зарлиг буулгасан учир хэмээвээс мөхөс хүмүүн сууриныг залгамжилснаас нааш өршөөл журмаар дэлхий дахиныг засаж, шагнах яллахаар зэр зэвсгийг зогсоож, мэргэдийг эрэхэд осолдсон газар огт үгүй. Иргэдийг хайрлахад эс гүйцүүзэй хэмээн зовнисоор ирсэн тул хол ойрх түмэн иргэн мөхөс миний сэтгэлийн бүрнээ мэдмүй. Санаваас Сүн Жян, Лү Жюнь И нар угаас шударга журмыг барьж, харгис үйлээр эс явж, улс гэрт дагах сэтгэлийг удаан өдөр өвөрлөж, хүчээ өргөх зориг үлэмж бат ажгуу. Хэдий ял хийв хэмээвч тус тусдаа шалтгаан байхуй тул нягт учрыг нь нарийн хянаваас үнэхээр хөөрхийлөлтэй болой. Ийнхүү мөхөс миний бие дотоод ордны Тайюй түшмэл Су Юань Жин-г элч болгож, жуу бичгийг тушаан өгч, Лян Шань уулнаа эчиж, Сүн Жян тэргүүлэн их бага олон хүмүүний ялыг нийдэм хэлтрүүлсүгэй. Гучин зургаан алтан пайз, гучин зургаан бүхэл улаан магнагийг Сүн Жян зэргийн их дайванд шагнасугай. Далан хоёр мөнгөн пайз, далан хоёр бүхэл хөх магнагийг Сүн Жян-ын гар доорх түрүү нарт шагнасугай. Хэлтрүүлэх зарлигийг олсон даруй мөхөс миний санааг хөргөхгүйгээр эртхэн дагаваас эрхгүй хүндэд хэрэглэмүй. Үүний тул зарлиг буулгасныг сайтар хянаж ёсчлон дагагтун.

Сюнь Хэ-ийн дөрөвдүгээр оны хаврын хоёрдугаар сарын өдөр илгээв хэмээжээ.

Сяо Ран бээр жуу бичгийг дуудаж барсан хойно Сүн Жян нар түмэн наст богд хэмээн хишигт мөргөсөн хойно Су Тайюй алт мөнгөн пайз, улаан, хөх магнагийг гаргаж Пэй Сюнь-д тушаан зэрэг нэрийн дараагаар олноо түгээв. Бас хишгийн дарсыг гаргаж мөнгөн гадарт цутгуулж архи халаах саваар халуулаад мөнгөн хувинд хийж танхимд ацрахуйяа Су Тайюй алтан хундаганд дарс хэмнээд олон дайван нарын зүг өгүүлрүүн: - Юань Жин миний бие хааны зарлигийг хүлээж олон дайван нарт хишгийн дарсыг хүргэж ирсэн боловч журамт баатдын сэжгийг тайлахын тул энэ нэгэн хундага дарсыг урьд уусугай. Журамт баатад миний уухыг үзсэн хойно сэжгээ гээж болмуй хэмээсэнд олон хүмүүн харамж өгч талархахуйяа Су Тайюй хундагат дарсыг хөнтрөөд дахин архи хэмнэн Сүн Жян-д барьснаа Сүн Жян хөсөр сөгдөн хүртсэн хойно Лү Жюнь И, Ү Юн, Гүн Сүньшэн тэргүүлэн нэгэн зуун найман дайванд тус тус нэжгээд хундага дарс хэмнэж уулгасан хойно Сүн Жян цааз зарлан хишгийн дарсыг хураалгаж Су Тайюй-г гол суудалд залж суулгаад олныг авч мөргөн ёслоод, урагш давшин тал өгч өгүүлрүүн: - Сүн Жян миний бие урьд өдөр баруун хайрхнаа Тайюй-н гэгээн нүүрт золгосон бөлгөө. Дээд Тайюй зузаан хишиг хүртээж тэнгэрийн хөвүүнд хүчлэн айлтгаж Сүн Жян-ын зэрэг ардад тэнгэрийн нарыг дахин үзүүлсэн тул энэхүү ачийг зүрхэндээ хадаж ясандаа сийлэн үүрд умартахгүй хэмээвээс Су Тайюй өгүүлрүүн: - Журамт баатар таны шударга журмыг бат сахиж тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулахыг Юань Жин би хэдий мэдмүй хэмээвч ганц нягт үйл далд учрыг мэдэхгүй тул тэнгэрийн хөвүүнд аймшиггүй айлтгасангүй тул хэргийг алгуурлуулж өдий чинээ өдөр саатгав. Анх зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-ын бичиг ба эрхин таны зузаан бэлгийг олсон хойно сая нягт учрыг олж мэдэв. Нэгэн өдөр тэнгэрийн хөвүүн Пэй Сян Дянь харшнаа заларч өчүүхэн түшмэл Юань Жин лүгээ зоог хэлэлцэх зуур журамт баатрыг гаргаж асуусанд Юань Жин би энэхүү хэргийг өргөж айлтгав. Санасангүй тэнгэрийн хөвүүн нягт учрыг хэдийн сонссон тул миний айлтгасан лугаа чив хэмээн адил болсон учир жич өдөр тэнгэрийн хөвүүн Вэнь Дэ Дянь харшид заларч бичиг цэргийн зуун түшмэдийн нүүр дээр эрхэмлэсэн сайд Түн Гуань жич Гао Тайюй-г удаа дараа гавъяа бүтээсэнгүй хэмээн зэмлэн донгодож, бичгийн гэрийн дөрвөн эрдэнийг ацруулж өөрийн гараар нэгэн эвхмэл жуу бичиг сийрүүлж тухайлан Юань Жин намайг их цайзнаа элчээр илгээж олон дайван нарыг залгуулсан тул хүсэх нь журамт баатар эртхэн юм хүмээ багцлан Жин балгаснаа бараалахаар эчигтүн. Богдын гэгээний зарлигаар илбэн тохруулах сэтгэлийг битгий хөргөгтүн хэмээсэнд олон хүмүүн ихэд баярлаж алга хамтатган тал өгөн ёсолсноор Жан тайшоу харъяа оронд шийтгэх хэрэг буй хэмээн Су Тайюй-ээс аяарлан салаад хотын яамандаа эгснийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Сүн Жян бээр зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-г учруулсанд Су Тайюй урьдын зоогийг гаргаж хэлэлцсэнээ танхимд агсад хөгжилдөн үүсгэв. Су Тайюй-г гол суудалд залж, Вэнь Хуань Жан-г эсэргүүлэн суулгаж, бус хүмүүн дэс ялган тус тусын суудалд суулцсан хойно ширээ засан хурим тавьж дугараа эргүүлэн дарс уулцаж хөгжим үүсгэн найр хийв. Хуримын ширээнээ хэдий хагарсан луу хагсаасан гарди үгүй хэмээвч уул мэт мах овоолж далай мэт дарс цалгиулж өдөр дуусан найрлалдан уулцсаар мэдээ тасартал согтсон хойно ширээ хураан найр тархаж тус тусын өрөөнөө түшин оруулж унтуулав. Жич өдөр бас дахин хурим тавьж тус тусын элэг зүрхээ уудлан зоогдож хувь хувийн зорих үйлийг уужиртал хэлэлцэв. Гуравдугаар өдөр бас ширээ засаж Су Тайюй-г уулнаа тойруулж наран унаж бүрий тасартал уулзаж нэгмөсөн согтсон хойно сая тархалцав. Энэ мэт наргилдан уулцаж хэдэн өдөр болсон хойно Су Тайюй хойш эгсүгэй хэмээвээс Сүн Жян нар хүчлэн маргаж үлдсүгэй хэмээсэнд Су Тайюй өгүүлрүүн: - Журамт сайд та нар нягт учрыг мэдэхгүй баймуй. Юань Жин миний бие тэнгэрийн хөвүүний зарлигаар энд ирээд нэгэнтээ хэд хэдэн өдөр болов. Таны зэргийн сайн эрс түдгэлзэлгүй дагасан тул их журам санаачлан бүтэв. Ийнхүү хурдан эгэхгүй болбоос зальхай түшмэл атгаглан хорсож бус шүүмжлэл үүсгэхэд хүрмүй хэмээхэд Сүн Жян нар өгүүлрүүн: - Эрхин Тайюй ийн өгүүлэх тул аймшиггүй хүчлэн маргахгүй. Энэ өдөр согттол уулзсан хойно маргаадар өглөө гэгээн гүнг үдэж мордуулсугай хэмээгээд мөн даруй их бага дайван нарыг цуглуулж журмын ёсоор найр хийж дарс уулцахуйяа олон хүмүүн тал хийж архи барихад Су Тайюй бас сайн үгээр тохруулан хэлж орой болсон хойно сая тархалцав. Жич өглөө болохуйяа тэрэг унаа засан бэлтгээд, Сүн Жян өөрийн биеэр нэгэн тэвш алт сувдыг авч Су Тайюй-н буудалд эчиж өргөн барьсанд, Су Тайюй марган түлхэж авахгүйд, Сүн Жян дахин дахин гуйн барьснаа арга буюу хүлээн аваад автахаар давсгаа дүүргэж юм хүмээ багцлан унаа хүлгээ эмхлэн уулнаас мордохоор болов. Бус олон дагасан ардыг Жү Ү, Юэ Хэ хоёул хэдэн өдөр дараалан хүндэд зочилж дарс гарган ханатал уулгаж алт мөнгө хив торгоны зузаан бэлэг хүргэсэнд олон хүмүүн их л баярлав. Зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-д бас эд эрдэнэсийн зүйлийг гаргаж барихуйяа мөн хүлээн авахгүй тул Сүн Жян гашуунаар гуйсанд сая хүлээж авав. Сүн Жян бээр зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-г Су Тайюй-н хамт жин хотноо илгээхүйеэ Лян Шань уулын олон дайван хэнгэрэг дэлдэн хөгжим үүсгэж уулнаас үдэж буулгаад Жинь ша тань олмоор усыг гэтэлж гучин газрын үзүүр хүргэсэн хойно бүгдээр цөм мориноос бууж Су Тайюй-д үдэх дарсыг барив. Сүн Жян хундага дарсыг барьж: - Өршөөлт Тайюй тэнгэрийн хөвүүний гэгээн нүүрт золгосон хойно сайн үгсээр батлан айлтгаму хэмээхэд Су Тайюй өгүүлрүүн: - Журамт баатар сэтгэлээ сул тавьж аль түргэнээ багцлан Жин хотноо бараадахаар эчвээс зохимуй. Цэрэг морь эзний балгаснаа хүрсэн хойно урьд миний ордноо хүмүүн илгээн надад мэдүүлэгтүн. Миний бие урьдаар тэнгэрийн хөвүүнд айлтгаж үет цомцог барьсан элчийг зарж угтуулбаас сая асар ил үзэмжтэй болмуй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Өршөөлт гэгээн гүнд өргөн айлтгах нь өчүүхэн хүмүүний усан цайзнаа Ван Лүнь хэмээгч ирж тулгар нээснээс хойш Чао Гай уулнаа гарч түрүү болов. Сүүлээр Сүн Жян би залгамжилж хэд хэдэн он болоод тойрон суусан ард иргэнийг сүрхий их зовоосон болой. Ийнхүү өчүүхэн хүмүүн мунхаг санаандаа уулан сангийн эд агуурсыг бүрнээ гаргаж арван өдөр худалдсан хойно юм хүмээ багцлан аваад олныг дагуулан Жин хотноо бараадахаар эчсүгэй. Хэрхэвч алгуурлаж хойшлохгүй. Хүсэх нь миний энэ мунхаг санааг гэгээн гүн та тэнгэрийн хөвүүнд айлтгаж хугацсан өдрийг баахан хойшлуулах болов уу хэмээсэнд Су Тайюй үгийг зөвшөөн, олон хүмүүнээс аяарлан салж нэгэн багийн дагасан ардаа удирдан Жижоу хотыг чиглэн эчив. Сүн Жян нар их цайзнаа эгж шударга журмын танхимд хурал хурах хэнгэрэг дэлдэхүйеэ их бага дайван нараас аваад олон хүрээний хуягийн түрүүчүүд цөм танхимын өмнө цугласнаа Сүн Жян цааз зарлаж өгүүлрүүн: - Олон дүү нарт хэлэх учир хэмээвээс цагаан дээлт оюутан Ван Лүнь бээр цайзын тулгар нээснээс хойш Чао Тянь Ван уулнаа ирж их үйлийг байгуулснаар энэ мэт дэгжин өөдлөв. Сүүлээр олон ах дүү нар намайг Жянжоу хотоос тэнхрүүлэн гаргаж цайзын эзэн өргөснөөс нааш нэгэнтээ хэдэн жилийн нүүрийг үзэв. Энэ өдөр завшаанаар эзэн төрөөс элсэн дагуулах болсон тул тэнгэрийн нарыг дахин олж үзмүй. Бид бүгдээр удалгүй эзэн балгаснаа бараадахаар хүрч улс төрийн төлөө хүчээ өргөмүй. Орчмын өдөр таны зэргийн олон хүмүүн өөрийн олсон сан хөмрөгийн эдийг санд шилжүүлэн нийтэд хэрэглүүлтүгэй. Бус юмыг тэгшлэн хувааж болмуй. Манай зэргийн нэг зуун найман хүмүүн дээд тэнгэрийн одонд тохиолдсон тул үхэх амьдрахыг нэгнээ хамтатгав. Эдүгээ тэнгэрийн хөвүүн хишиг хүртээж зарлиг буулган, ялыг хэлтрүүлэн илбэн дагуулах тул их бага олон хүмүүн урьдын ялаас олж хэлтэрмүй. Манай зэргийн нэг зуун найман хүмүүн удалгүй эзэн хотноо эчиж богдын гэгээнд учрах тул тэнгэрийн хөвүүний уудам өршөөлийг үтээрч огт болохгүй. Таны зэргийн хуяг цэрэг зарим нь өөрөө ирж хоршоо нийлэв. Зарим нь олныг дагаж уулнаа гарав. Бас цэргийн түшмэл аж хөл алт бүрдсэн хүмүүн ч буй. Бас ууланд баригдаж ирсэн хүмүүн ч буй. Эдүгээ бид бүгдээр илбэн дагуулахыг хүлээж хаан ордноо бараадахаар явах тул одох дуртай хүмүүнийг тооноо оруулан нэрийг нь бичсүгэй. Хэрвээ эчих дургүй хүмүүн байваас мөн даруй нэр юүгээ мэдүүлж өөрийн санаагаар явтугай. Миний бие алт мөнгөөр тусалж ундрах замыг олгосугай хэмээгээд Пэй Сюань, Сяо Ран-г нэрийг бүртгэн тоог мэдүүл хэмээснээ гурван замын цэрэг морь тус тусын хүрээнээ эгж нэгэн зэрэг зөвлөсөн хойно мөн өдөр дөрөв таван мянган хүмүүн салж эчихээр шуудсанд Сүн Жян нэгд нэгэр мөнгө шагнаж илгээгээд цэрэг болж дагах дуртай хүмүүнийг данснаа оруулж дээш мэдүүлэв. Жич өдөр Сүн Жян бас Сяо Ран-аар зар бичиг үйлдүүлж хүмүүн заран дөрвөн зүгт тархааж ойр орчмын жюнь жоу гацаа балгас айл тосохын зуун овогтныг уулнаа ирж арван өдрийн наймаа хийтүгэй хэмээн зарлав. Зар бичигт өгүүлсэн Лян Шань уулын журамт баатар Сүн Жян нар хичээнгүйлэн их журмаар дөрвөн зүгт зарлах учир хэмээвээс манай олон уулан шугуйд хуран цуглаж дөрвөн зүгийн зуун овогтныг үлэмж зовоов. Эдүгээ завшаанаар тэнгэрийн хөвүүн уудам өршөөл зузаан эрдмээр тухайлан жуу бичиг буулгаж манай ялыг хэлтрүүлэн илбэн дагуулахаар болсон тул удалгүй богд эзэнд бараалахаар эчмүй. Өөр хариулах юмгүй тул уулан санг нээж арван өдөр худалдсугай. Танил бус хэмээн эргэлзэхгүйгээр арилжааны зоосоо авч ирвээс нэгд нэгнээр хүндлэн хариулж хэрхэвч осолдон цалгайрахгүй, үүний тул зар тархаасныг хол ойрын ард иргэн сэжиг авч зайлахгүйгээр богино цайзнаа бууж хэрэлдүүлбээс үнэхээр түмэн завшаан болой. Сюань Хэ-ийн дөрөвдүгээр оны гурван сарын өдөр Лян Шань уулын журамт баатар Сүн Жян нар хичээнгүйлэн зарлав хэмээжээ.

Түүнээс Сяо Ран-аар бичгийг сийрүүлэн дуусгасан хойно хүмүүн зарж ойр орчмын жоу жюнь жич эргэн тойрны айл гацаанаа наалгаад сан хөмрөгийн алт мөнгө, тана сувд, хив магнаг, торго дурдан зэргийн аливаа юмыг гаргаж их бага дайван нар тэргүүлэн хуягийн түрүү цэргийн ардад түгээн өгөв. Бас нэгэн хувийг сонгон гаргаж дээд төрд өргөх алба болгон үлдээгээд үлсэн бусыг цайзнаа овоолж хүмүүн урин арван өдөр худалдахаар болов. Гурван сарын шинийн гурванаас эхлэн арван гурваны өдөр болтол үхэр хонь алж сайн дарс нэрж юм авахаар ирсэн хүмүүнийг архи дарсаар дайлж ард иргэнд шагнахаар тогтов. Зарласан өдөр болсонд дөрвөн зүгийн ард иргэд сагс тохойлон сэвэг барьж үүл мэт хуран цугласнаа Сүн Жян цааз зарлаж нэгэн хувийн үнэд арван хувь өгөхүйеэ олон хүмүүн тэсгэлгүй баярлаж харамж өгөн хойш эгмүй. Энэ мэтээр өдөр дараалан арван хоног болсон хойно цайзын олонд цааз гаргаж юм хүмээ багцлан хурааж Жин хотноо мордохоор бэлтгэв. Сүн Жян гэр гэрийн эмс хүүхдийг уг нутагт нь хүргэсүгэй хэмээхүйеэ Ү Юн ятган өгүүлрүүн: - Эрхин ах ийн үйлдэж болохгүй. Эднийг түр цайзнаа үлдээж бид Жин хотноо хүрч эзний хишгийг хүртэж богдын гэгээнд бараадсан хойно жич эгүүлэхэд оройтохгүй хэмээвээс Сүн Жян: - Энэ үг маш зүй болой хэмээгээд даруй олон хүмүүнд захиа буулган юм хүмээ багцалж цэрэг морийг тэгшилсэн хойно олныг авч нисэх мэт түргэнээр мордож Жижоу хотноо хүрээд Тайшоу түшмэл Жан Шү Е-д ёслон золгосонд Жан тайшоу хурим тавин олон журамт баатрыг хүндлэн дайлж цэрэг морийг шагнан тохруулсан хойно Сүн Жян нар Жан тайшоу- аас салж цэрэг морийг авч эзэн хот Дүнчин-г чиглэн мордож Дай Зүн Янь Чин-г нийслэл балгасны Су Тайюй-н ордноо мэдээ хүргүүлэхээр илгээсэнд Су Тайюй сонсоод даруй дарагдаж ордонд орж тэнгэрийн хөвүүнд бараалан Сүн Жян нар олон цэргийг авч эзэн бараадахаар ирэв хэмээхэд тэнгэрийн хөвүүн ихэд баярлаж дагалтаар Су Тайюй жич шадар цэргийг захирах нэгэн түшмэлд одот туг уяж цомцог өгч хотын гадна гарч угт хэмээсэнд, Су Тайюй зарлигийг хүлээн хотоос гарав.

Түүнээс Сүн Жян бээр цэрэг морийг тэгш засаж "Тэнгэрт дагах", "Улсыг хамгаалах" хэмээх үсэгт хоёр улаан тугийг жагсаалын өмнө өргөж олон дайван цөм дуулга даран хуяг өмссөн аж. Ганц Ү Сюай Жю хив малгай өдөт дээл өмсөж, Гүн Сүньшэн тогоруут жанч номын дээл хэдэрч, Лү Жишэнь гал улаан хуврагийн дээл өмсөж, бадарчин тойн Ү Сүн бараан өнгөт урт дээл өмсжээ. Бус хүмүүн цөм өөр өөрийн хуяг дээлийг өмсөв. Их цэрэг явсаар удсангүй Жин хотын өмнө хүрч ирсэнд шадар цэргийн захирагч түшмэл үет цомцог барин угтахаар ирсэнд Сүн Жян яаран олон хүмүүнийг дагуулан Су Тайюй-д ёсолж золгосон хойно Синь Цао Мэнь хаалганы гадна хүрээ байгуулан цэрэг бууж богдын зарлигийг хүлээн суув.

Түүнээс Су Тайюй тэргүүлэн шадар цэргийн захирагч түшмэл хотноо эгж тэнгэрийн хөвүүнд айлтгаруун: - Сүн Жян нар цэрэг морийг авч ирээд Синь Цао Мэнь хаалганы гадна хүрээ буугаад богдын зарлигийг хүлээж баймуй хэмээвээс тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Мөхөс хүмүүн сонсхул Лян Шань уулын Сүн Жян зэргийн нэг зуун найман хүмүүн дээш тэнгэрийн одонд тохиолдсоны дээр баатар хүч зэргээс хэтэрхий хэмээмүү. Эдүгээ илбэн дагуулахыг хүлээж Жин хотноо ирсэн тул жич маргаадар мөхөс хүмүүн бээр бичиг цэргийн зуун түшмэлийг авч Сюань Дэ Лоу асар дээр гарсугай. Сүн Жян нарыг байлдааны хуягаа өмсөж их цэргийг дагуулахгүйгээр морь явган дөрөв таван зуун цэргийг авч зүүнээс баруунш яв хэмээгтүн. Мөхөс хүмүүн өөрийн биеэр үзэхээс гадна Жин хотын цэрэг иргэнд эдгээр олон эрэмгий баатар төрд зүтгэх шударга сайдыг үзүүлсүгэй. Ийн өнгөрсөн хойно хуяг дуулгыг нь тайлуулж, барьсан зэвсгийг нь хураалгаж мөхөс хүмүүний шагнасан магнаг дээлийг өмсгөөд Дүн Хуа Мэнь хаалгаар оруулж Вэнь Дэ Дянь харшнаа ирүүлэн мөхөс надад бараадуулагтун хэмээсэнд шадар цэргийн захирагч түшмэл хотын гаднах хүрээнээ эчиж Сүн Жян нарт богдын зарлигийг уламжлан өгснөө жич өдөр Сүн Жян бээр үнэнийг баригч Пэй Сюань-д цааз зарлаж бие бузгай бүдүүн эрсээс зургаа долоон зуун хүмүүнийг сонгож жагсаалын өмнө харанга хэнгэрэг туг хиур зэрэглэж, жагсаалын хойно жад сэлэм сүх дөмөг жагсааж жагсаалын дунд "Тэнгэрт дагах", "Улсыг хамгаалах" хэмээх үсэгт хоёр улаан тугийг мандуулж хуяг цэрэгт илд сэлэм зүүлгэн саадаг нум агсуулж хүмүүн бүр хувь хувийн хуяг дуулгыг дарж цэргийн жагсаалаар засаад зүүн хаалгаар хотноо орохуйяа Жин балгасын зуун овогтон хуяг цэрэг хөгшдөө түшиж хүүхдээ тэврэн замын хажууд дүүртэл шахалдаж тэнгэрийн сахиусыг угтах мэт гайхалдан шагшмуй. Мөн өдөр тэнгэрийн хөвүүн зуун түшмэлийг авч Сюань Дэ Лоу асар дээр гарч хэрсэг түшин нүд орхин үзвээс тэгш сайхан жагсаалын өмнө хэнгэрэг хиур зэрэглэж, түүний ард илд жад сүх дөмгийг сэхийлгэж жагсаалын дундахын цагаан морьтон "Тэнгэрт дагах", "Улсыг хамгаалах" хэмээсэн хоёр улаан тугийг өндөр хийсгэж эргэн тойрноо хэнгэрэг хөгжим үүсгэх хорь гучин морьтон хүрээлээд бяр чадалт олон баатад жагсаалын хойноос багларан явалцмуй. Богдын гэгээнд бараалахаар ирсэн олон сайн эрийг үзвээс:

Хас индрийг салхин илбэж, алтан тэвшинд хяруу бялхрав. Дорно зүгээс гэрэлт наран тулайтал мандахуйяа, умар ордны сувдын үүдийг хагас сөхөв. Энэ Сюнь Мэнь хаалган гадна, зуун найман журамт баатар дагах сэтгэлийг өвөрлөхүйеэ, Сюань Дэ Лоу асрын дээр, түмэн наст богд эзэн мэлмий орхин ажмуй. Төв ихэмсгээр жагсаж төрийн ёсыг дүрэмлэн дагаад, цог жавхлангаа бадруулж, цэргийн сүрийг тэгшлэн засжээ. Салхи бороо одон гараг, тэнгэрийн өнгө цэлэмсэнд нийлүүлж, аянга цахилгаан гэрэл гялбаагаа хурмастын гэгээн баяссанд эелдүүлэв. Хааны харшийн өмнө түмэн чадалтан хуран цугларан: Бурхан сахиус бумба хувилгаан тэргүүлэн аварга махараанза, амьд эрлэг, элч чөтгөр, үүдэн сахиус, догшид чойжин, ягчис шимнус хүртэл бүгд бүгдээр бомбын эзэнд сүсэглэн золгомуй. Гардийн давхарлаг доор зуун зүйлийн араатан гөрөөс өглөө бараалхалд бүрдэж: Барс өтөг, бамбар ирвэс тэргүүлэн бодь гөрөөс, хандгай арслан, бүргэд харцгай, бич сармагчин, матар могой, нохой чоно хүртэл нэгэн хамтаар их Сүн-ийн богд эзэнд наманчлан мөргөмүй. Үүл хөлөглөх луу, ус цалгиулах луунаас аваад мөрнийг зүсэх матар, элээс гарсан гүмбира хүртэл наран сарыг дэгжүүлээд эзэн төрийг шүтжээ. Жигүүрт барс, дүүлэгч барс, торгон үст барсаас тэргүүлэн ягжгар барс, араат барс хүртэл хаан төрийн ёслолд жагсжээ. Эрт цагт вангийн угсаа гүнгийн ачнар төрийн ёслолыг төсөөлмүй хэмээвч, тариачин эр, эмч зурхайч, мужаан дархан эдүгээ бас төрд хурж тэнгэрийн хөвүүнд олж бараадав. Үс цагаан сахал урт сурвалжит сайд эзний хишигт багтмуй хэмээвч, эгэл эхнэр, алиа хөвүүн, тойн хувраг өнө бас магнаг дээл хасын бүсийг олж эдлэв.Хий хүлэгт, гавшгай баатар, Жюши, Жюнь Ма хэмээх зүйл зүсмийн цолтнууд зэрэг зэргээр жагсаад, эртний хүмүүнийг дуурайж амьд ба ван, Жин Дэ-ийн хувилгаан, амьд Ли Гуан, Рэнь Күй-ийн бүрэлваа хэмээх яруу цолыг хадгалжээ. Хээнцэр ариун төрөгсдийг тооцвоос, цагаан царайт ганган залуу өнгөт цэцгийг хатгаж бишгүүр дэвүүр, хэнгэрэг хиур атгаад дуулан бүжиглэж, зүс муухай заяагсдыг тооцвоос, хар мэнгэт араатан тэргүүлэн чөтгөрийн нүүрт хөвүүд илд жад сум эргүүлэн дайлж байлдахад цагаарчээ. Жан завдуу биетэй догшин онгод залран ирж гурван уулыг дарж чадах гандан баатар морилон буужээ. Улаан үст, хөх нүдэт нэгэн адил улаан зүрхийг өвөрлөж, тэнгэр тулагч, давалгаа зүсэгч хэрхэвч төв бус замаар явахгүй. Эзэн хааны өмнүүр өнгөрөхүйеэ урьдын адил нүүргүй бус хааны өршөөлөөр байлдаанаа мордохуйяа чив чих эдүгээ цагийн эсрэг баатар болжээ. Илд бүжиглэн жад эргүүлэх уулан хоршоон утгат мэргэдийг үзвээс эзнийг мэхлэн иргэнийг хөнөөх хаан төрийн түшмэдээс хэтийджээ. Журамт баатад эзнээ олсонд баясахуйяа, эзэн хаан эрдэмтнийг олсондоо мөшөөмүй.

Түүнээс хаан эзэн бээр бичиг цэргийн зуун түшмэл лүгээ Сюань Дэ Лоу асар дээрээс Лян Шань уулын Сүн Жян нарын нэгэн анги хуяг цэргийг үзээд луун царайд баяр илэрч олон түшмэдийн зүг өгүүлрүүн: - Эдгээр хүмүүн үнэхээр баатар болой! хэмээн дахин дахин магтан сайшааж жасааны түшмэлд зарлиг буулган Сүн Жян нарыг эзний шагнасан магнаг дээлийг сольж өмсөөд хаанд бараалахаар ирэгтүн хэмээсэнд жасааны түшмэл Сүн Жян нарт зарлигийг уламжилж өгснөө, бүгдээр Дүн Хуа мэнь хаалган гадна хуяг дуулга юугаа тайлж, эзний шагнасан улаан хөх магнаг дээлийг өмсөж, алт мөнгөн пайзыг зүүж, төрийн малгай дарж, ногоон хавчаарт гутал өмсөв. Ганц Гүн Сүньшэн улаан магнагаар эсгэсэн номын дээл хэдэрч, Лү Жишэнь хуврагийн дээл хийж өмсөн, Ү Сүн тойны хувцас оюулж, эзний хишгийг умарталгүй илтгэжээ. Сүн Жян, Лү Жюнь И тэргүүлэн Ү Юн Гүн Сүньшэн дараалж олон хүмүүнийг удирдан Дүн Хуа Мэнь хаалгаар ороод хүлээж атал ёслолын жагсаалыг тэгшилж ордын суудлыг засаад, луу цаг болсон хойно тэнгэрийн хөвүүн Вэнь Дэ Дянь харшнаа заларч ирэв. Төдийд ёслолын яамны эрхин сайд гарч ирээд Сүн Жян нарыг дараа дараагаар дагуулан орж морь мориор жагсаан мөргүүлэв. Жасааны түшмэл захиа буулган түмэн наст тэнгэрийн хөвүүнд мөргөн золгуулсан хойно тэнгэрийн хөвүүн их л баярлаж зарлиг буулган Вэнь Дэ Дянь харшид оруулж зэрэг ялган суулгаж хурим базаах яаманд хуримын ширээ засуулж, дарс бэлдэх балгадаас архи ацруулж, зууш бэлдэх балгадаас зууш ацруулж, жимс бэлдэх балгадаас жимс ацруулж, мах бэлдэх балгадаас мах ацруулж, хөгжим найруулах яамаар хөгжим бариулав. Тэнгэрийн хөвүүн өөрийн биеэр ширээнээ сууж хуримлан дайлав. Үзвээс:

Есөн давхар үүд нээгдэхүйеэ эргэлдэн донгодох галбингаан дуун, тэнгэрлэг ордны хаалга сөхөгдөхүйеэ дэгдэн тунарах луун магшилгаа. Яст мэлхийн хуягаар үйлдсэн долоон эрдэнийн савыг шижир алтаар шигтгэрлэж, бодь гөрөөсний эврээр хийсэн чухаг нандин хүлсийг луун гавалаар хөвхөлжээ. Болор аяга ширэн таваг хэлхээлдэж, манахын хундага хувын хувин холболдов. Гардийн элэг галбингааны өвчүүг улаан хасын тэвшнээ зэрэглэж, тэмээн таваг баавгайн алгыг бор хасын аяганаа өржээ. Анхилуун үнэрт тоорын шөлөнд ар газрын ангир ямааны амтыг оруулж, мөнгөн үртэст шинэ зуушинд мөрний өмнөх мөрөг загасны шимийг хольжээ. Алтан хундаганд арзны шүүс бялхуулж, мөнгөн цомд хасын рашааныг дүүргэн, алт мөнгөн тавагт, ариун идээг тавьжээ. Дэлхий дахины амттаны дээж, тэнгэрийн доорх үнэртний манлайг бүртгэн, амтат дарсыг таван зэрэг тойруулж, ариун шөлийг гурван зэрэг нэмэв. Дуу бүжгийн яамнаас гарди галбингаан бүжгийг өргөхүйеэ, ёслол хөгжмийн журган хөхөө гургуулдайн эгшгийг барив. Уран бүжигчин уянгат дуучныг үзэх нүдээр баярлан үзвээс: - Тэргүүнд зогсох тэр хүмүүний бараан өнгөт эрдэнийн магнайвч болор эрдэнийн толь мэт, цэцэг шагласан торгон хормойвч, салбаран дэлгэрэх лянхуа адил. Дэдэд зогсох тэр хүмүүн, хирсийн эврийн бүсийг бүслэн, хэмэрлэг өнгөт алчуурыг дарж, шар магнагийн ханцуй сэжин, сийрэн гутлыг өлмийд өшиглөн, уул усны үзэмж дэлгэсэн өнгөт энгэрийг зүсүү нугалжээ. Гуравдугаарт зогсох тэр хүмүүн, бөмбөглөг зангидсан малгайг дарж, нугалаас эвхсэн магнаг хэдрэн, ховор өгүүлэл гайхалтай уянгыг хөхөөн хоолойгоор ховхинон уншмуй. Дөрөвдүгээрт зогсох тэр хүмүүн, үг өгүүлэл хахар шөхөр, өнгө зүс этгээд өөр. Ордны хөгөөр уянга эгшиглэж, эртний ёсоор магтуу дуудмуй. Сүүлд зогссон тэр хүмүүн, хоёр нүдийг дүгрэглэн ширтэж, хөмсөгний дундуур цагаанаар бүтэн, хацар нүүр хар алаг. Хирт малгай сэрвэн сэрвэн тэргүүнд дарж, хагархай дээл навтас навтас биед хэдэрчээ. Тахим уруу ташуур буулгавч ёолохгүй, шилбэ өөд шийдэм илгээвч зайлахгүй. Тэргүүнд зогссон таван хүмүүн, жаран дөрвөн бүжиглэх хүмүүнийг удирдан, зуун хорин эгшиглэх ардыг дагуулж, найган дайган бүжиглэн үсэрч, найр хөгжим үүсгэн эхлэхүйеэ: - Цэнхэр алчуур саравчит малгай дэрвэн дэрвэн, цэцэгт магнаг улаан бүс дэрвэс дэрвэс. Луун бишгүүрийг үлээн, мэлхийн хэнгэргийг дэлдэхүйеэ, уянгалах аялгуу огторгуй тулав. Алтан ёнхрыг чавхдан, мөнгөн ятгыг няслахуйяа цэнгэлзэх эгшиг жигүүртэн араатныг цочоомуй. Зуун зүйлийн гүр хөгжмийг хүмүүн бүр гайхаж сонин утгат уянга аялгууг амьд бүхэн сайшаамуй. Дуулах нь: - Энх онд түм хүрэн төрийн цууд цугласан", "Өлзийт цагт найман арш насан хутаг бэлэглэсэн". Бүжиглэх нь: - Богд Сюань Зүн зүүдээр саран ордноо зорчсон", "Баатар Ди Чин шөнөөр Күнь Лүнь боомтыг булаасан". Бас арш хувилгаан бумба хувраг, ачлалт хөвүүн элбэрэлт ачийг тоглов. Үзсэн хүмүүн өрц зүрхнээ батыг санагалзан, сонссон ард өвчүү цээжнээ шударгыг биширмүй. Хоромхон зуур, найман анги хүмүүн дөрвөн өнгөтнийг түшиж, нахис нахис бүжиглэн, хангинан жингэнэн үлээмүй. Дуулах нь: Тэнгэрийн хөвүүний өршөөлд сүсэглэх орчлонг засах аялгуу. Бүжиглэх нь Бурхан багшийн номыг сонсох төв ариун дүр. Энэ үнэхээр: Зуун эрдэнийг бүснээ зүүж, сувд таныг ханцуйд багламуй. Исвэлзэн инээхүйеэ цэцэг дэлгэрэн, магшин бүжиглэхүйеэ хэмэрлэг хийсмүй. Их хурим үлэмж найр, яруу хөгжим тунгалаг дуун. Богд хаан лагшин тунгалаг насан хутаг урт, төрийн эзэн царай өөд түм хүрэн эелсэг. Шүлэгт өгүүлсэн нь:

Есөн давхар гардийн асарт шинэ хурим бэлтгээд,

Мянган оны луун индэрт өнгөт дээл шагнажээ.

Орчлонг түгэх гавъяа нэрийг өөрөө бүтээж болмуй,

Огоот амласан чин журмаас хэрхэн тэрсэлж болъюу.

Түүнээс тэнгэрийн хөвүүн бээр Сүн Жян нарт хурим шагнаж, үдэш болтол уулцсан хойно хурим тархахуйяа Сүн Жян нар хишигт мөргөн тэргүүндээ цэцэг хатган гарч Си Хуа Мэнь хаалганы гадна хүрээд тус тусын морийг унаж хүрээндээ эгэв. Жич өдөр хотод орохуйяа ёслолын яамны сайд дагуулан Вэнь Дэ Дянь харшид оруулж хишигт мөргөж ёсолсноо богд эзэн мөшөөн баясаж их хэргэм хайрласугай хэмээн Сүн Жян нарт зарлиг буулган жич маргаадар дахин ирж зэрэг тушаалыг хүлээн авагтун хэмээсэнд Сүн Жян нар хишигт мөргөн ордноос гарч хүрээнээ эгснийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь төдийд цэргийн яамны эрхин сайд айлтгал өргөж: - Шинэ дагасан хүмүүн төрд зүтгэсэн гавъяа хэмээн үгүй тул хөнгөнөөр хэргэм шагнаж болохгүй. Хожмын өдөр байлдаанаа мордож гавъяа байгуулсан хойно зохисыг үзэж зэрэг шагнаж болмуй. Эдүгээ хэдэн түмэн цэрэг морь хотыг шахаж хүрээ буусан нь их л зохимжгүй тул богд эзэн бээр Сүн Жян нарын захирсан цэрэг морины доторх угийн Жин хотоос баригдсан жанжин нарыг харъяа газарт нь эгүүлж бус газрын цэрэг морийг тус тусын газарт нь эгүүлбээс зохимуй. Үлсэн бус жанжин цэргийг таван анги хуваан Шаньдун Хэбэй-д татан аваачваас дэд арга болой хэмээсэнд, жич өдөр тэнгэрийн хөвүүн бээр шадар цэргийн захирагч түшмэлийг Сүн Жян-ын хүрээнээ зарж богдын зарлигийг уламжлуулж Сүн Жян нарыг цэрэг морио салгаж өөр өөрийн харъяа газартаа эгтүгэй хэмээв. Олон дайван үүнийг сонсоод сэтгэлийн дотор баяргүй болж ийн өгүүлрүүн: - Бид эдүгээ хаан төрд дагасан атал зэрэг шагнаж пүнлүү хайрлахгүй бөгөөд манай ах дүү нарыг хэдэн тийш салгасугай хэмээмүй. Манай олон ах дүү нар үхэж төрөхийг нэгэнтээ хамтатгасан тул ам алдаж салахгүй! Үнэхээр ийн ёсоор үйлдвээс бид бүгдээр Лян Шань ууландаа эгэхээс өөр аргагүй хэмээсэнд Сүн Жян яаран хориглож шударга үгсээр элчид гуйж эзэн хаанд сайн үгээр өргөн айлтгаму хэмээхэд ирсэн элч хааны ордноо эгж эчсэн үйлийг аймшиггүй нууж дарахгүйгээр тэнгэрийн хөвүүнд айлтгасанд, тэнгэрийн хөвүүн их л цочиж яаран цэргийн яамны эрхин сайдыг дуудуулж арга зөвлөхүйеэ эрхин сайд Түн Гуань айлтгаруун: - Эдгээр боол хэдий дагасан боловч сэтгэлээ халахгүй тул хожмын өдөр зовлон болмуй. Доорд түшмэлийн мунхаг санаагаар болбоос богд эзэн зарлиг буулгаж Жин хотноо хууран оруулж нэг зуун найман хүмүүнийг үлдээхгүй дуусган алаад тэдний дагуулсан цэрэг морийг салгаж төрийн зовлонг тасалбаас сайн болой хэмээхэд тэнгэрийн хөвүүн үүнийг сонсоод хараахан тасалж чадахгүй эргэлзэж атал бор магнаг хэдэрч хувин барьсан нэгэн их түшмэл ташаалавчийн араас гарч ирээд их дуугаар зандан өгүүлрүүн: - Дөрвөн зүгт байлдааны утаа замхраагүй атал гэнэт бас гай зовлон дэгдээсүгэй хэмээмүү. Цөм чиний мэтийн зальхай түшмэл богд эзний дэлхий дахиныг самууруулав!" энэ үнэхээр улсыг байгуулан төрийг амуулах гурван ямхын хэлээр тэнгэрийг цочоон газрыг долгисуулах баатар идтэнийг тэнхрүүлмүй. Эгнэгт ташаалавчийн араас их дуугаар зандарсан тэр их сайд чухам хэн болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chinese shit(192.82.77.87) 2021 оны 12 сарын 19

shit

0  |  0
Top