Б.Жаргал: Олон улсын эрдэмтдийн судалгаагаар нэмэлт тун омикрон хувилбараас хамгаална гэж мэдээлсэн

2021 оны 12 сарын 17

Сүүлийн үед ковидын халдварын тоо  болон нас баралтын тоо улсын хэмжээнд эрс буурч байгаа билээ. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг ковидын эсрэг  III  тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж, үр дүнгийн талаар ч иргэдэд таниулж байгаа юм. Иргэд коронавирусний халдвараас сэргийлж, III тундаа хэр идэвхтэй хамрагдаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Халдварт өвчний хэлтсийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалтай ярилцлаа.


-Улсын хэмжээнд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр III тунд хэдэн хүн хамрагдсан бэ, хөдөө орон нутгийн иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Улсын хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар халдварын эсрэг вакцины III тунд 824,063 хүн хамрагдсан байна. Хөдөө орон нутгийн иргэдийн дунд III тунгийн хамралт 23 хувь, нийслэлд 29 хувьтай байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн дархлаажуулалт эхлэхэд хөдөө орон нутагт хамрагдах идэвх муу байсан. Сүүлийн сарын хугацаанд нэмэгдэж байна. Энэ нь нэмэлт тунд хамрагдаж буй иргэдэд дархлааны  эсрэг биет сайн тогтсоны үр дүн гэж харж байгаа. Мөн коронавирусний халдвар буурч, нас баралт багасч байгаа нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсаны үр дүн гэж хэлж болно.

-Нэмэлт тунд ямар насны хүмүүс идэвхтэй хамрагдаж байна вэ?

-III тунд 60-74 насны иргэд идэвхтэй хамрагдаж байна. Тодруулбал, 65-70 насныхан 59 хувь, 70-74 насныхан 60 хувьтай байна. Тэр ч бүү хэл 80-84 насныхан 50 хувьтай хамрагдаж байна. Энэ нь настай хүмүүст коронавирусний халдвар хүнд тусаж байгаатай холбоотой. Мөн дээр нь ахмад настнууд аливаад хариуцлагатай ханддагийн илрэл гэж болно. Харин 18-25 насныхан хамгийн идэвхгүй буюу 33-36 хувьтай байна. Тэгвэл 25-35 насныхан 37 хувьтай байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Залуучууд III тундаа бүрэн хамрагдаагүйн улмаас гэртээ халдвар тээж очих, үр хүүхэд, ахмад буурлууддаа халдаах эрсдэлтэй. Тиймээс III  тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Коронавирусний халдвар авсан хүмүүсийн хэдэн хувь нь вакцинд хамрагдаагүй байна вэ?

-Улсын хэмжээнд дархлаажуулалтын вакцинд давхардсан тоогоор 5,215,598 хүн тунг тарьсан бөгөөд вакцинжуулалт эхэлснээс хойш вакцинд хамрагдсан 363,473 буюу долоон хувь хүнд коронавируст халдвар батлагдсан байна.  

Вакцины I  тунг хийлгэсэн 2,262,711 хүний 1.5  хувь буюу 35,868 хүнд,  II тун хийлгэсэн 2,155,876 хүний 13,9 хувь буюу 301,760 хүнд, III тун хийлгэсэн 797,011 хүний 3,2 хувь 25,845 хүнд халдвар оношлогджээ. Энэ нь маш олон эрсдэлээс сэргийлж тохиолдож болох байсан эрсдэлийг бууруулж байгаа юм. Хэрэв дээрх хүмүүс вакцинд хамрагдаагүй байсан бол халдварын тоо маш өндөр гарах байсан гэж судлаачид хэлж байна.

-Нэмэлт  тун Омикрон хувилбараас хэр сэргийлэх вэ?

-Нэмэлт тун Омикрон хувилбараас хэр хамгаалж байна вэ гэсэн судалгааг олон улс хийгээд эхэлсэн байна. Судалгааны үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн.  Ер нь маш өндөр хувь  хамгаална гэж мэдээллээд эхэлсэн байна лээ.

-Омикрон хувилбар хэр хурдацтай тархаж байгаа вэ. Манай улсад орж ирсэн тохиолдолд III тундаа хамрагдсан бол халдвар авах эрсдэл тун бага гэж ойлголоо.

-Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад арваннэгдүгээр сарын эхээр Омикрон хувилбар гарсан гэж үзэж байгаа. Түүнийг арваннэгдүгээр сарын 24-25-нд илрүүлээд дэлхийд зарлалаа. Хятад улсад Омикрон вирус илэрчихлээ. Вирусний тархалт маш хурдацтай нэмэгдэж байна. Тохиолдлын тоо нэмэгдэхээр вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүс хөнгөн өвдөх магадлал байгаад байна шүү дээ. Тиймээс вакцины нэмэлт тунд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдийн эрсдэл өснө. Дельта хувилбар 12 нас хүртэлх насны хүүхдийн хүндрэл нас баралтад хүчтэй нөлөөлж байсан. Энэ хувилбар вакцингүй хүн амын эрсдэлийг нэмж байгаа.

Тиймээс ДЭМБ өнгөрсөн долоо хоногт вакцингүй хүмүүсийг гадагшаа аялахгүй байх, вакцинд хамрагдсан ч 60-аас дээш насны архаг хууч өвчтэй, дархлаа сул хүмүүсийг гадагшаа явуулахгүй байх зөвлөмжийг гаргасан. Монгол Улсын хувьд нэг аюул нь хүн амын дунд зүрх судасны, таргалалт, сахар, диадиз зэрэг хавсарсан өвчтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр. Вакцины нэмэлт тундаа хамрагдсан ч архаг хууч өвчтэй хүмүүсийн эрсдэл их.

Вакцинд хамрагдаагүй 30-40 мянган жирэмсэн эмэгтэйчүүд бий. Эдгээр хүмүүс маш их эрсдэлтэй болчихоод байна. Тэгэхээр цаашдаа шинэ давлагаа үүсэхээс сэргийлэхийн тулд нэмэлт тундаа зайлшгүй хамрагдах шаардлагатай. Одоохондоо манайд шинэ хувилбар орж ирээгүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал. Дельтатай адилхан маш том давлагаа үүсэхээс сэргийлж нэмэлт тунд хамрагдах нь зүйтэй.

-Зарим хүмүүс  III тунгаа хийлгээд  бүр IV тунд хамрагдсан гэж байна. Вакцины нөөц хүртээмж нь хэр байгаа вэ?

-Манай улсад одоогоор Файзер вакцины нөөц тодорхой хэмжээгээр байгаа. Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээж авч байгаа улсууд Фрайзер компани, ДЭМБ-аас захиа ирсэн. Манайд вакцины нөөц хангалттай байгаа ч гэсэн вакциндаа хамрагдах хүмүүсийн идэвх их чухал. Нөөцтэй байлаа гээд тайвшраад байх шалтгаан биш. Вакцинаа тариулна гэдэг чинь маш чухал асуудал. Яагаад гэвэл шинэ хувилбар ороод ирвэл нэмэлт тун хийлгээгүй хүний дархлаа шинэ вирус гэж үзнэ.

Нэмэлт тун хийлгэсэн хүмүүст Т-лимфозит нь вирусийг богино хугацаанд танина. Гэтэл шинэ хувилбар нь асар өргөн хүрээнд халдварлах чадвартай болчихсон. Хүний дархлааны системийг таньж амжаагүй байхад эсэд нь нэвтэрч ороод маш хүнд өвчлөл үүсгэх магадлалтай. Дельтагаас илүү. Тиймээс бүгдийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байгаа юм. 

-Хүйтэн сэрүүн байгаатай холбогдуулж цар тахлаас гадна ямар төрлийн томуу дэгдэж байна вэ?

-Хүүхдүүдийн дунд риновирусний халдвар ихэвчлэн илэрч байгаа. Эмнэлэгт дуудлага өгч байгаа ихэнх тохиолдол ханиадны томууны халдвар байгаа юм. Судалгаагаар өвдсөн хүмүүсийн 14.3 хувьд риновирусний халдвар  илэрсэн байна. Иймээс гадаа гарахдаа дулаалж гарах, амны хаалтаа тогтмол зүүх, хүйтэн юм уухгүй байх, доороосоо даарахгүй байх хэрэгтэй. Залуучууд малгайгүй явж байгаа их харагддаг. Малгайгаа сайн өмсөж байхыг зөвлөж байна.

-Хүүхдүүд томуугийн вакцинд хэдэн хувь хамрагдсан байна вэ?

-Энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн А/565  дугаар тушаалын дагуу 2-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулсан. Улсын хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 96.9 хувьтай байна. Энэ нь маш өндөр хувь. Эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ төлөө томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулж байгаа нь талархууштай. Үүн шиг дархлаа сэргээх нэмэлт тундаа өөрсдөө бүрэн хамрагдвал дельта вируснээс ч маш өндөр хувь хамгаалж байгааг хэлэх нь зүйтэй байх.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.218.93) 2021 оны 12 сарын 17

Shaagaad bai

0  |  0
Top