“Ган үзэг-2021” наадмын сонины шилдэг сэтгүүлчээр С.Өлзийбаяр шалгарлаа

Ж.Баяр | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүлзүйн салбарын оны шилдгийн шилдгийг тодруулах “Ган үзэг-2021” тэргүүн наадам өнгөрсөн баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын “Сонины шилдэг сэтгүүлч”-ээр “Өглөөний сонин”-ы Уул уурхай, экологийн мэдээллийн албаны дарга С.Өлзийбаяр шалгарав. С.Өлзийбаяр нь 2021 онд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Архангай зэрэг аймгийн 15 орчим сумын нутагт тулгамдаад буй уул уурхайн асуудал, түүнээс үүссэн экологийн доройтол, малчид, иргэдийн эрүүл мэнд нийгмийн асуудалд тулгарч буй сэдвийг мэдээ, сурвалжилга, ярилцлага байдлаар бэлтгэн хүргэсэн юм. Нийтдээ хоёр сар орчим хугацаанд томилолтоор ажиллаж олон мянган км зам туулан цувралаар 40 орчим сурвалжилга, нийтлэл бэлтгэж хэвлүүлсэн байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас бэлтгэсэн “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл” зургаан цуврал  сурвалжилга, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутгаас бэлтгэсэн “Тахилт хайрхан трансын тарьсан тарчлаан” гарчигтай гурван цуврал сурвалжилга, “Говь цөлийн 33 зүйл хөхтөн амьтны  нутаг уурхайн хөлд устахад ойрхон байна” хоёр цуврал сурвалжилга, “Цэнхэрийн гол цэвэрлэх байгууламжийн үүрэг гүйцэтгэсээр байх уу” асуудал дэвшүүлсэн өгүүлэл, “Алт угаасан бохир усаар Орхон гол угжигдаж байна” сурвалжилга, “Таван голыг тамлахаар ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна” гурван цуврал зэрэг сурвалжилга, нийтлэл хэвлүүлжээ. Мөн “Улаанбаатарчуудын ундны ус руу “Угаадас” цутгаж байна” хэмээх барилгын компанийнхны хариуцлагагүй үйлдлийг илчилсэн сурвалжилга бэлтгэж, “Ди Ди Эм Ти” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хараанд оруулж байв.

Эдгээрээс гадна сэтгүүлч С.Өлзийбаяр нь өнөө жил салбар салбарын томоохон төлөөлөгчдөөс хөрөг ярилцлага хийж, сониндоо нийтэлсэн юм. Тодруулбал, Д.Чойжамц хамбатай хийсэн “Д.Чойжамц: Монголын бурхны шашны боловсон хүчин эрийн цээнд хүрлээ, одоо эхлүүлэх цаг болсон”, академич С.Нарангэрэлтэй хийсэн “С.Нарангэрэл: Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт чанар бол ёс суртахуун билээ”, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй хийсэн “Би цагтаа улсын валютыг бүрдүүлэлцэж явсан хүн шүү”, бригадын генерал М.Хүрлээтэй хийсэн “М.Хүрлээ: Цөмийн зэвсгээс ангид Монгол Улс уран олборлон экспортлох нь Олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг” зэргийг нь дурдаж болно.

МСНЭ-ийн “Ган үзэг-2021” наадмын шилдгүүдээс сонирхуулбал, шилдэг телевизээр “Eagle news”, шилдэг сониноор “Өдрийн сонин”, шилдэг сэтгүүлээр “Үндэстний тойм”, шилдэг радиогоор “Гэр бүлийн радио-104.5”, шилдэг мэдээллийн сайтаар “Эргэлт.мн”, орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хөвсгөл телевиз”, “Ховд.мн” тус тус шалгарсан юм. Түүнчлэн сонины шилдэг сэтгүүлчээр “Өглөөний сонин”-ы С.Өлзийбаяр, телевизийн шилдэг сэтгүүлчээр “NTV” телевизийн Б.Батцэцэг, радиогийн шилдэг сэтгүүлчээр МҮОНР-ийн сэтгүүлч Х.Дугарсүрэн, мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр “Эгүүр.мн” сайтын Б.Буяндалай, сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр “Санхүүгийн хөтөч” сэтгүүлийн И.Отгонжаргал, гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр “МОНЦАМЭ” агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал, шилдэг зураглаачаар “Чэк.мн” сайтын зураглаач  Н.Болор-Эрдэнэ, орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Сүхбаатар аймгийн сэтгүүлч н.Одончимэг, шилдэг редактороор “Ийгл” телевизийн Г.Ганбаяр, шилдэг менежерээр “Өдрийн сонин”-ы менежер П.Энхжаргал, шилдэг судлаачаар МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимын хамт олон тус тус шалгарлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(122.201.31.211) 2021 оны 12 сарын 06

Hurug yriltslagad durtai shuu

0  |  0
Кккк(66.181.182.56) 2021 оны 12 сарын 06

Кккк

0  |  0
Зочин(66.181.161.27) 2021 оны 12 сарын 06

Урхайн сэдвээ улам чамбайруулаарай

0  |  0
Зочин(66.181.161.27) 2021 оны 12 сарын 06

Сэтгүүлч С. Өлзийбаярт баяр хүргэе

0  |  0
21 зуун (192.82.77.141) 2021 оны 12 сарын 06

21-р зуунд ган битгий хэл алтан үзэгч хэрэглэхгүй л дээ. Микрофон камерын эрин болсон ш дээ.

0  |  0
Top