Дорнын талыг там болгосон ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ-ийн МӨРӨӨР-I

2021 оны 11 сарын 19

Баянхошуу боомтоор өдөрт 30 тоннын ачаатай 45 машин хил нэвтэрч байна

Намрын салхи заам сэнгэнүүлэн Мэнэнгийн тал зээртэйгээ жирэлзэнэ. Нүүгэлтсэн зээрийн сүрэг цахилахад тал дайвалзах шиг бодогдоно. Өглөөний найман цагт Халх гол сумын Баянхошууны боомт нээгдэж, уудам талын баялаг болсон газрын тос тээвэрлэсэн жолооч нар урд хөршийн хилийг нэвтрэх тул жолооч нартай уулзахаар ийн яарч яваа минь энэ. Өглөөний нар алган дээр ургав уу гэлтэй гэнэтхэн өндийнө. Боомтын наана Мост Ази ХХК-ийн газрын тос тээвэрлэсэн машинууд цуваанд орон зам даган зогсож үзэгдэнэ.

Тоолоод үзвээс 45 машин байх. Эдгээр машин Дорнод аймгийн Матад сумын Тосон уул 19 дүгээр талбай, Халх гол сумын Тамсаг 21 дүгээр талбайгаас олборлосон тосоо тээн ирсэн нь энэ. Уг нь 19 дүгээр талбайгаас олборлосон газрын тос Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор нэвтэрдэг ч ковидын улмаас хил хаасан тул ийнхүү Баянхошуу боомт руу ирдэг болсон байна. Цар тахлаас шалтгаалан Баянхошуу боомтоор өдөрт 30 тоннын 45 машин гарч байгаа гэдгийг хилийн шалганаас өгсөн юм.

Өмнө нь өдөрт 30 тоннын 90 машин хил нэвтэрдэг байж. Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог Баянхошуу боомт нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошуунд орших Өвдөг боомттой хиллэдэг. Хилээс 2.4 км, Чойбалсан хотоос 350 км, Улаанбаатар хотоос 1018 км зайтай. Үйл ажиллагааны чиглэл нь зөвхөн газрын тос нэвтрүүлэх гэж байлаа.

Жолооч нарын хэлж буйгаар тэд машинаа битүүмжлүүлээд хил нэвтэрдэг байна. Битүүмжлүүлээд гэдэг нь машиных нь хаалга, цонхыг лацдан хилээр гаргаад жолооч нар нь машинаас буулгүй Өвдөг боомтын гаалийн хяналтын бүсэд ачаагаа үлдээгээд, өмнө нь оруулсан чингэлгээ чирээд эргэж орж ирдэг аж. Халдвар хамгааллын дэглэмийг ингэж сахиулж байгаа юм байна. Түүхийг эргэн сөхвөл Америкийн “Соко интернейшнл” компани Дорнод аймгийн Тамсаг булагт 1993 онд Газрын тосны хайгуул, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг. Тосон уул 19 дүгээр талбайн хоёрдугаар цооногоос анх газрын тос гарч тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат дээлийн энгэрээ газрын тосоор мялааж байсан нь одоо ч дүрс бичлэгт үлдсэн нь бий. Бадрангуй энэ дүрс бичлэг түүх болон үлдсэн ч газрын тосоо экспортлоод монголчууд бадарч хөгжсөн зүйл алга.

Петрочайна дачин тамсаг ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компанийн охин компани бөгөөд 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газарт газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг АНУ-ын “Соко Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авснаар үйл ажиллагаа нь үргэлжилж байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Мэнэнгийн талыг мэлмэртэл, Монголын баялгийг зөөсөөр байна.

 

Ялалт багийн иргэд яг үнэндээ ялагдсан байна

Баянхошуу боомтын наана 6-7 км-т Халх гол сумын Ялалт хэмээх хүн ам цөөтэй авсаархан баг бий. Боомтоо дагаад хөгжвөл хөгжиж болохоор цаг хугацаа өнгөрсөн ч боомтын дэргэд өнчин хүүхэд шиг торойсон баг нэг л гундуу харагдана. Харин хилийн цаана цайран харагдах томоохон хот бол Амгаланбаатар. Боомт дагасан хөгжил гэж байдаг бол 20 км-ын цаана, наана байгаа багийн хөгжил ижил баймаар ч, тийм биш. “Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө адилхан л хүн ам цөөтэй, барилга байшин гэх зүйлгүй хөгжил буурай хоёр газар байсан ч Амгаланбаатар өнөөдөр хот шиг хот болж, Ялалт баг үнсэнд хаясан шалз шиг хоцорчээ.

“Ковид гарахаас өмнө шил толь болсон тэр газарт очиж дэлгүүр хэсдэг байлаа. Манай төр засаг, Петрочайна дачин тамсаг аль аль нь таг дүлий байх юм. Хүний Петрочайна биднийг хөгжүүлнэ гэж юу байх билээ” гэх нутгийн иргэдийн цөхөрсөн үг нэгийг бодогдуулна.

Ялалт багийн нутагт Петрочайна дачин тамсаг компанийн 21 дүгээр талбай олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн удирдлагууд болон нутгийн иргэдийн зүгээс хамгийн их гомдол дагуулдаг газар. Гурван жилийн өмнө 58.5 км хатуу хучилттай авто зам барьж газрын тосоо тээвэрлэнэ гэж гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл зам баригдаагүй байсан юм. Тээвэр явж буй шороон замын ойролцоо тус багийн малчин иргэд төвлөрөн амьдардаг бүс нутгийн багагүй хэмжээг бүхэлд нь сүлжсэн шороон зам бий болж, тэнгэрт тултал бужигнасан шороон дунд хүн, малгүй амьдарч байгаа дүр зургийг харж болно.

Үүнд нутгийн малчид бухимдалтай байгаагаа хэлж байлаа. Тиймээс 2019 оны нэгдүгээр сард нутгийн иргэдийн төлөөлөл, сум, багийн удирдлагууд Петрочайнатай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаль орчинд ээлтэй байх, орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн дулаалга, багийн ажлын алба, эмнэлэг, багийн 80 гаруй өрхийг хашаажуулах санал хүргүүлснийг хүлээн авч, албажуулсан ч хэлэлцээрийн ширээний араас босонгуутаа тус компанийнхан нутгийн иргэдийн саналыг таг мартаж, шилний араас чихэр долоолгосоор өнөөдрийг хүрсэн талаар багийн дарга Л.Үржиндорж хэлж байв.

Байгалийн баялгаа өгч, нутаг орноо оготны хөеө мэт сэндийчүүлж, олон жил хүлцэнгүй явж ирсэн нутгийн иргэдийн тэвчээр энэ хүрээд тасарчээ. Тиймээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа Петрочайна дачин тамсаг компанийн үйл ажиллагааг зогсооё гэдэг санал санаачилга хүртэл гаргаад байгаа юм. Тус компани Тамсаг 21 дүгээр талбайгаас 2013 оноос хойш газрын тос тээвэрлэж байгаа ч Ялалт багт өнөөдрийг хүртэл ямар ч бүтээн байгуулалт, ямар ч дэмжлэг үзүүлсэнгүй. Ялалт хэмээх яруухан тод нэртэй баг бодит байдал дээрээ Петрочайна дачин тамсаг компанид ялагдсан байна.

Петрочайнагийн түйрэн буюу шороонд дарагдсан тавилан

Ялалт багаас манай сурвалжилгын баг Тамсаг 21 дүгээр талбайг зорьсон юм. 90 орчим км хатуу хучилттай авто замаар явлаа. Тэртээ алсад ганц гэр цайран зэрэглээнд хөвөлзөх нь үлэмж гоёхон харагдана. Буйр нуурын эрэг захлан 10 орчим км-ын зайтай давхисаар Тамсаг 21 дүгээр талбай руу салахаар шороон замын эхэнд ирэв. Тэнгэр тултал хуйлран босох тоостой олон салаа шороон зам. Ар араасаа давхилдах хүнд даацын машинууд тоосон дунд уусан одох мэт сарних аж. Зам бүр хэд хэдэн салаатай, хаана нь хэн явж байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Өвс халиурсан энэ сайхан тал даанч хайран... хэмээн харамсах сэтгэл төрж, там болсон Петрочайнагийн шороон замд ороод сэгсчүүлэн явлаа.

Өдөр шөнөгүй энэ замаар 30 тоннын хүнд даацын авто машинууд тээвэр хийж байхад байгаль орчин сүйдэхгүй гээд ч яахав. Петрочайна дачин тамсагийнхан хатуу хучилттай авто замаа хэзээ нэг өдөр барьсан ч талыг там болгосон энэ олон салаа замуудад эргээд халиурсан өвс ногоо ургах бус хогийн шарилж ургах болно гэдгийг сануулах мэт зарим нэг хуучин замын эдгэсэн байдлаас харж болно. Дорнын уудам талд сүжирсэн олон салаа замын тоос үнс мэт бужигнаж, урд яваа машин ч үзэгдэхээ болих аж.

Хаанаас ямар машин ирж мөргөх бол гэсэн айдас зүрхэн дотор түг түг хийнэ. Замын ховил, бартаанаас эхлээд бороо хуртай үед зөөлөн хөрстэй тэр замаар тээвэр хийх нь бүү хэл явган хүн алхахад шигдэж үхэм дүр зураг үзэгдэнэ. Замгүй газраар зам гаргаж явсаар 8-20 салаа бүхий 100 гаруй метр өргөн зам үүсээд зогсохгүй, баталж өгсөн маршрутын дагуу бус өөр чиглэлээр тээвэрлэлт хийж 4.680.000 м.кв хөрсийг доройтуулж тоосжилт, орчны бохирдлыг үүсгэжээ.

Энэ бол зам биш гэх бодол төрнө. Зүгээр л Петрочайна дачин тамсаг компанийн гаргасан түйрэн. Зарим хүн хөдөө бүрд байдаг жирийн зам мэт ойлгогдож мэдэх юм. Нөхцөл байдал дээрээ тэс өөр. Петро чайна дачин тамсаг компанийн удирдлагуудын зүгээс “Тендер зарлаад замын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч Их монгол барилга компани зам дээр ажиллаж байгаа” гэсэн ч замын турш замын ажил хийх нь бүү хэл ганц ч хүн дайралдсангүй. Их монгол барилга компанийнхан өөрсдийн хөрөнгөөр замын ажлыг эхлүүлсэн ч захиалагч талаас санхүүжилт огт хийгдээгүй тул замын ажил аргагүйн эрхэнд зогсоход хүрсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байлаа.

Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнээс шороон замын талаар тодруулахад “21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл маш олон салаа зам үүссэн нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Салаа замууд багадаа хоёр талдаа 50 гаруй метрт сөрөг нөлөө үзүүлдэг юм билээ. Хамгийн багадаа 10 гаруй салаа зам, цаашлаад бүр олон зам болж сүлжилдэж байгаа нь нутгийн иргэд, малчид амьдрах аргагүй болгож байна. Энэ талаар олон удаа санал тавьсан. Петрочайна дачин тамсаг компанийн зүгээс нөхөн сэргээлт хийж байгаа гэдэг ч үнэндээ юу ч хийгээгүй. Замын шороог түрж хаасан ийм л байдалтай байгаа.

Матад, Халх гол сумд зээрийн том сүргийн популяц явагддаг гол бүс нутаг. Манай суманд газрын тос олборлож эхэлснээс хойш бүс нутагт зээрийн сүрэг ирэхээ болиод удаж байна. Мөн энэ жил хур бороо элбэг дэлгэр сайхан зун болсон ч өвсний гарцад өөрчлөлт орсон нь хамгийн их мэдрэгдсэн. Өвс ургах хоорондын зай холдож хүрэн өнгөтэй хогийн өвс ургах болсон. Манай нутагт 30 гаруй зүйлийн өвс, ургамал ургадаг байсан бол тэр тоо цөөрч нэг төрлийн хогийн ургамал зонхилж ургаж эхэлсэн. 2022 онд ургамлын бүрхэвчийн судалгаа хийлгэхээр төлөвлөгөөндөө тусгасан” гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр “2018 оны орон нутаг Петрочайна дачин тамсаг хамтарсан гурван талт хэлэлцээрээр 2019 онд хатуу хучилттай авто зам барихаар гэрээ хийсэн. 2021 он дуусаж байхад одоо болтол зам нь ашиглалтад ороогүй ийм л байдалтай байна” гэдгийг онцолж байлаа. 

Бид цааш явах замдаа зогсох ганц нэг жолооч нартай ярилцаж байхад “Ах нь ажилтайгаа үлдмээр байна. Тиймээс нэрийг минь битгий оруулаарай” гээд сэтгэлийн үгээ дэлгэсэн юм. “Үнэндээ элэг эмтрэм шүү дээ. Монголын минь баялаг үнэгүй шахам өдөр бүр хилээр гарч байна. Нутгийн иргэдийн яриагаар аймаг, орон нутагт түй ч нэмэргүй гэх юм билээ. Тэр Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж шогийн юм байдаг гэсэн. Дарга нар нь ч хараагүй нууц гэрээ байдаг юм биш үү. Ах нь эхнэр, хүүхдүүдээ тэжээхийн тулд ингэж ажиллахаас өөр арга алга. Бид ингэж ажил хийж байгаа ч эх орноо гэсэн харуусал байсаар байдаг. Та нар болгоомжтой явахгүй бол тоосон дундаас гэнэт том машин гарч ирдэг юм шүү” гэв. Нутгийн иргэд болон жолооч нарын хэлж буйгаар Петрочайна дачин тамсаг компанийн олборлосон газрын тосыг хятад эзэнтэй компани тээвэрлэдэг бөгөөд тэд цалин авч ажилладаг гэдгээ хэлсэн юм.

Газрын тос тээвэрлэж буй компанийн ард манай улстөрчид байдаг гэв үү

Петрочайна дачин тамсаг компанийн олборлосон газрын тосыг Мост Ази ХХК, Дорнын хөгжил транспорт ХХК, ТВNC зэрэг дөрвөн компани Баянхошуу боомтоор тээвэрлэж байгаа юм. Улсын бүртгэлийн цахим системээс харахад Мост Ази ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ли Зоу Жин Гүйцэтгэх захиралтай, хувьцаа эзэмшигч нь Зан Ин Хуан гэдэг мэдээлэл гарч ирж байна. Харин Дорнын хөгжил транспорт ХХК нь мөн л гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд хувьцааг Фу Юу Донг хэмээх БНХАУ-ын иргэн эзэмшдэг юм байна. Чулуунбаатарын Насанжаргал гэдэг Монгол Улсын иргэн хамтран хувьцаа эзэмшдэг байсан ч 2017 онд хувьцаа эзэмшлээсээ хасагдсан бүртгэл гарч ирэв. Тус компаний Гүйцэтгэх захирал н.Дэлгэр хэмээх Өвөр монгол иргэн байдаг аж.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр газрын тосны тээвэрт Монголын нөлөө бүхий улстөрчид холбоотой гэдгийг хэлж байлаа. Тэд өөрсдийн нэр дээр компани бүртгүүлдэггүй бөгөөд БНХАУ-ын иргэдийн нэр дээр компани байгуулан өөрсдөө ард нь байдаг гэдэг зүйлийг хэлж байсан юм. Тухайлбал, 2012-2016 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Дэмчигийн машинууд явдаг гэж байв. С.Дэмчигтэй нэр холбогдож буй Дорнын их гэгээ компани нь Монголиан петролиум инженеринг ХХК-тай холбогддог бөгөөд Гүйцэтгэх захирал нь Авирмэдийн Энхээ гэж хүн байдаг аж. Ямартай ч тээвэрт явдаг компаниудаас дотоодын нэг компани ажиллаж байна. 

Дараагийн эрхэм бол Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн компани мөн газрын тосны тээвэр хийдэг дам яриа байдаг юм билээ. Гэвч аль компанитай ямар ашиг сонирхлоор холбогддог нь одоогоор нууц байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуунийг тээвэрт авто машин явуулдаг гэх мэдээлэл байдаг ч тэрбээр үгүйсгэсэн хариулт өглөө. Түүнчлэн “Хэрэв надтай холбоотой компани гарч ирвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна” гэв.

Тэгвэл Дорнод аймгийн Чойбалсан хотын даргаар ажиллаж байсан “Уулаа” нэрээрээ алдаршсан П.Мөнхтөр Петрочайна дачин тамсаг компанийн захирлуудын хөлөглөдөг жийп машинуудыг түрээслүүлдэг гэдгийг маш олон хүн хэлсэн юм. Тэрбээр Дорнод аймгийн Авто тээврийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг хятадуудтай маш нарийн холбоотой хамтран ажилладаг хэмээн эх сурвалжуулж бататгалаа. Түүнчлэн ажиллах хүчний квот, зөвшөөрөл, зарим техникүүдийг улирлын чанартай оруулж ирж ашиглан буцаад гаргах зөвшөөрлөөс эхлээд эрх бүхий байгууллагуудын гарын үсэг, тамга дарагдах тэр хэсэгтээ очоод гацдаг байна. Энэ бүхний ард авлига явж байгаа ч гэж байв. Мөн ЗГХЭГ болон Ашигт малтмал газрын тосны газар, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ-ны хүмүүс ч холбоотой байх магадлалтай гэдгийг олон эх сурвалж өгсөн юм.

Э.Тэмүүлэн                                                                                                                                                                                                                                                                                     Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.235.190.133) 2021 оны 11 сарын 19

Usher mongolchuud hoorondoo uzeed l...

0  |  0
Top