Монгол соёлын үнэт зүйлийг хүн төрөлхтөнд тунхаглан, тогтооно гэв

2021 оны 11 сарын 15

Соёлын яам Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоо, нөлөөлөл” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтын үеэр “Хүний хөгжилд соёлын үзүүлэх нөлөө”, “Бүх нийтийн соёлын боловсролд сэтгүүлчдийн оролцоо”, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үзүүлэх нөлөө”, “Нийгмийн соён гэгээрэл ба сэтгүүл зүй”, “Сэтгүүлч-Нийгмийн сэтгэл зүйч” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, санал бодлоо солилцсон юм.

Уулзалтын эхэнд Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг “Хэвлэл мэдээллийн салбар соён гэгээрлийг нийгэмд түгээхэд асар их нөлөө үзүүлдэг. Бидний амьдарч буй даяарчлагдсан нийгэмд өдөр тутам маш их мэдээлэл асар хурдтайгаар тарж байгаа. Энэ нь сайн, муу янз бүрийн үр дагаврыг авчирч байдаг билээ. Тиймээс шүүлтүүргүй цацагдсан мэдээллээс үүдэж буй нийгэмд тогтсон стрессийг засаж, залруулахын тулд холбогдох яам болон хэвлэл, мэдээллийн салбар нягт уялдаатай ажиллах ёстой гэж бодож байна. Хэвлэл мэдээлэл аливаа улс орны тусгал байдаг. Тиймээс мэргэжлийн сэтгүүл зүй сошиал ертөнцөөс ямагт ялгарах ёстой” гэсэн юм.

Д.Наранцэцэг “Бид монгол соёлын үнэт зүйлийг хүн төрөлхтөнд тунхаглан тогтоож, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв бүхий үндэстэн, улс болно хэмээн алсын хараагаа тодорхойлсон” гэдгийг онцолж байлаа.

Харин МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал “Өдөр тутмын мэдээ өндөр хандалттай хэвээр байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын түгээж буй мэдээ ч иргэдийн мэдлэг рүү чиглэсэн байх ёстой” гэв.

Соёлын яам соёлын салбарын суурь судалгаануудыг нэг жилийн хугацаанд хийсэн бөгөөд соёлын салбарын стратеги төлөвлөгөөг гаргасан байна. Ингэхдээ стратегийн зураглалыг нийт есөн чиглэлд тодорхойлсон ажээ. Стратегийн есөн зорилтын хүрээнд бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, дижитал шилжилт хийх, хүний нөөцөө чадавхжуулах, үндэсний соёлын дархлааг нэмэгдүүлэх чиглэлээр бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх юм.

Мөн соёлын өвийг хамгаалж бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлтийг нэмэгдүүлж, бүх чиглэлийн уран бүтээлийг бодлогоор дэмжиж, орон нутгийн соёл урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэн, гадаад болон дотоодод харилцан түншлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Хүмүүс аливаа зүйлийг ажиглах, унших, бусдыг дуурайх замаар суралцдаг байна. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж, түгээж буй мэдээ, мэдээлэлд хяналт тавьж, өгөөжтэй бүтээл түгээхийг сэтгүүлчдэд хэлж байлаа. Уулзалтад оролцсон хүмүүс “Нийгмийн соён гэгээрэлд сэтгүүл зүйн салбар үнэтэй хувь нэмэр оруулна” гэдгийг онцолж байв.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.89.158) 2021 оны 11 сарын 16

yamar baas baidin?,tenegtej uguh yuma

0  |  0
Top