Сөрөг хүчний ЖИНХЭНЭ ТӨРХ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Хэрэв уншигчид санаж байгаа бол УИХ-ын нөхөн сонгуулийн өмнөхөн О.Цогтгэрэл, М.Тулгат нар нэгдэж байгаагаа илэрхийлж, хэн нь намын дарга болохоо "Эвлэрлийн их хурал"-аараа шийднэ гэж мэдэгдсэн. Түүнийхээ ч баталгаа болгож УИХ-ын Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хүчээ нэгтэн оролцсон билээ.

Гэвч нэгдээд ч ялалт байгуулж чадаагүй нь тэд хөшигний цаана эв нэгдэлгүй хэвээр байсантай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, парламентад хоёр суудал нэмж авахын тулд хөшигний наана хоёр тал нэгдэж байгаа мэтээр харагдаж, сонгогчдын саналыг авах оролдсон ч тусыг эс олов.

Тэдний эвлэрсэн, эвлэрнэ гэх яриа нь "жүжиг" болох нь УИХ дахь намын бүлгийнх нь хагарлаас тод уншигдсан. Парламентад 13 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан бүлэг нь хоёр хуваагдаж, таван гишүүнээ бүлгээсээ, заримыг нь бүр намаасаа хөөсөн байдаг.

Тэгвэл хоёр хуваагдсан АН-ынхан нэгдэж, "Эвлэрлийн их хурал"-аа хийх амлалт нь замхарч байна. Тус намын хоёр дарга болох О.Цогтгэрэл, М.Тулгат нар зэрэгцэж зогсож байгаад амласан амлалт, хэлсэн үгнээсээ буцжээ.

Цаг нь ирэхээр үнэн төрх нь илчлэгдэж, эв түнжингээ олохыг хэн, хэн нь хүсэхгүй, эвлэрэхийг ч боддоггүй улс төр хийж байгаа нь харагдаж байна. Уг нь, тэдний хамтарч хийх намынх нь "Эвлэрлийн их хурал" маргааш /2021.11.05/ болно.

Гэвч М.Тулгатын тал оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь, тэрбээр О.Цогтгэрэлийн талыг намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөн, шийдвэр нь хүчин төгөлдөр бус зэрэг шалтгаанаар оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд байна.

Эндээс тэд эрх ашгийн төлөө нэгдсэн мэт дүр эсгэж, цаг нь ирэхээр хоёр тийшээ хараад суучихдаг нь улам л тодрон харагдаж байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top