Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсооё

2021 оны 11 сарын 04


Дэлхийн хэмжээнд 2006-2020 он хүртэлх буюу өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийтдээ 1300 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ.

Эдгээр гэмт хэрэг үйлдэгчдийн нэгхэн хувь нь зохих ял шийтгэлээ хүлээсэн байна. Тиймээс ч дэлхий дахинаа “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох” Олон улсын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зарлан тунхаглаж, өнгөрүүлдэг уламжлалтай.

Манай улсын хувьд 2014 оноос уг өдөрт ач холбогдол өгч, тухайн өдөр сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах, мэдээлэл олж авах эрх чөлөө нь ямар түвшинд байгаа, тулгамдаж буй асуудлынх нь талаар онцлон ярьж, хэлэлцүүлэг хийж иржээ. Тухайлбал, “Глоб Интернэшнл төв” нь энэ жил долоо дахь удаагаа уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус төвөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь” цахим хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, ”Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр нар илтгэгчээр оролцлоо. Мөн Хүний эрхийн үндэсний комисс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн багш нар, төрийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, үзэл бодол, өөрт тулгамдсан асуудлуудаа хөндөж ярьсан юм.

Г.Гүнжидмаа: Сэтгүүлчид хууль ёсны эрхээ хамгаалуулах эрхтэй

Хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүлчийн аюулгүй байдал ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвийн дор илтгэл тавилаа. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/ байгуулагдсан цагаасаа хойш иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзсэн гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 404 гомдол хүлээн авсан. Үүнээс харахад, ХМЗ-өөр маргаан шийдвэрлүүлэх явдал нэмэгдэж байгаа нь нийгэмд өөрийн зохицуулалтын байгууллага хүлээн зөвшөөрөгдөж буйн илрэл юм. Монгол Улс үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль гэх мэт хуулиар дээрх үүрэг баталгаажсан байдгийг бид мэднэ. Гэвч өдгөө хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тодорхой хэмжээний саад бэрхшээл байсаар байна. Нөгөө талаар сэтгүүлчид эрхээ зөрчигдөж байгаа тохиолдлоо мэргэжлийн байгууллагад бүртгүүлэх, хууль ёсны эрхээ хамгаалуулах тал дээр анхаарах цаг болсон” гэдгийг онцолсон юм.

Б.Пүрэвсүрэн: Цар тахалтай тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж байна

“Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн “Ковид-19 ба мэдэх эрхийн зөрчил” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Ковид-19 цар тахалтай тэмцэх нэрийдлээр Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, нийгмийн сүлжээний идэвхтэнүүдийн аюулгүй байдалд халдах, тэднийг сүрдүүлэх, заналхийлэх, эх сурвалжийг нь илчлэхээр байцаах, дарамтлах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн мэдээ, сурвалжилга бэлтгэсний төлөө шүүхэд дуудах зэрэг зөрчил гарсаар байгааг мониторингийн үр дүн илтгэж байна. Энэ бүх зөрчлүүд нь ардчиллын мөн чанарт харшилж буй бөгөөд иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд саад тогтгор болсоор байна.

Иймээс энэхүү Олон улсын өдөр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг аливаа дарамт хүчирхийллийг таслан зогсооход хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Сэтгүүлчдийн эсрэг аливаа хүчирхийллийн хэргийг мөрдөн шалгах, зохих ял шийтгэл оногдуулахад прокурорын байгууллагын гүйцэтгэх үүргийг онцлох хэрэгтэй.

Олон улсын өдрийн хүрээнд дэлхий нийтээр зохион байгуулах үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, ингэснээр, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад оршино” гэв.

С.Өлзийбаяр: Төрийн байгууллагаас мэдээлэл авахад маш их хүндрэлтэй

“Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр хэлэлцүүлэгт “Байгаль орчны сэтгүүл зүй ба тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тэрбээр “Байгаль орчны сэдэв нь эдийн засаг, улс төр, социологи, нийтийн эрүүл мэнд зэрэг маш их асуудлыг хамарч байдаг болохоор сэтгүүл зүйн бүтээл болгон бичиж нийтлэхэд олон төрлийн эх сурвалжийг хамруулах шаардлага тулгардаг.

Мэдээж сэтгүүлч болгон мэдээллийн тэнцвэрт байдлыг хангахын тулд аль болох олон талын эх сурвалжийг хамруулахыг хичээдэг. Гэвч төрийн байгууллагаас мэдээлэл тодруулга авахад ихээхэн хүндрэл учирдаг. Мэдээллийн хувьд бараг хаалттай гэж хэлэхэд ч хилсдэхгүй” хэмээж байв. Мөн түүний хувьд өнгөрөгч тавдугаар сарын 18-ны өдөр байгаль орчны сэдвээр бичиж нийтэлсэн нийтлэлийнхээ төлөө шүүхийн хаалга татсан гэнэ. Төрийн өмчит “Мон-Атом” ХХК таван сарын турш “Өглөөний сонин”-той шүүхдэлцэж, эцэстээ шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан байна. Энэ мэтчилэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагыг төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд шүүх цагдаагаар айлган сүрдүүлэх, дарамтлах, мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад болох тохиолдлууд ихэссээр байгаа аж.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцээд, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцөлийг нь хангах, тэдний эсрэг үйлдсэн халдлагын аливаа хэргийг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай этгээдэд зохих шийтгэл хүлээлгэх зэрэг зөвлөмжүүдийг өгсөн юм. Гэвч Монгол Улсад дээрх зөвлөмж биелэлээ олоход бэрх байгаа юм.

ХЭҮК-ын дэргэдэх Ажлын хэсгээс 81 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд хийсэн судалгаанаас харахад, дийлэнх оролцогчид Монгол дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “дунд” түвшинд байгаа гэж үнэлсэн байна. Үүнд, хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад хэд хэдэн саад бэрхшээл тулгарч байгааг онцолжээ. Судалгаанд оролцогсдын 95 хувь нь мэдээлэл олж авахад бэрхшээлтэй тулгардаг гэж хариулсан бөгөөд үүнд төрийн төсөв, санхүүтэй холбоотой мэдээлэл авахад хамгийн их хүндрэлтэй гэж 61.7 хувь үзсэн байна. Тэгвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн талаар гэж 48.1 хувь нь хариулжээ. Төрийн албаны хүнд суртал хамгийн ихээр саад тотгор болдог бол төрийн албаны хаалттай байдал, тодорхойгүй байдал, нууцын зэрэглэл, хаалтын гэрээ зэрэг асуудал хүндрэл учруулдаг гэжээ.

Нөгөөтээгүүр, мэдээлэл өгөхөөс татгалзсан, эсвэл үл тоосон байгууллагуудын зүгээс “дарга зөвшөөрөөгүй”, “Хувь, төрийн, байгууллагын хувь хүний нууц”, “Энэ мэдээллийг өгөх эрх мэдэл байхгүй” гэх мэтээр хариулт өгдөг гэжээ. Ардчилсан, чөлөөт нийгэмд мэдээлэл бол хүчил төрөгч юм.

Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн таны үндсэн эрхийн нэг бөгөөд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг. Иргэдийн мэдэх эрхийн төлөө мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч нарын хууль ёсны эрх зөрчигдөж, мэдээлэл олж авах боломж нь хязгаарлагдмал байгааг анхаарах цаг болжээ.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top