Э.Буяндэлгэр: Хил нээгдэхгүй удвал ЭМ ТАСАЛДАХ эрсдэл байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

БНХАУ-ын хил хаагдсантай холбоотойгоор улс даяар эм, эмчилгээний хэрэгслийн хомсдолд ороод байгаа талаар Zindaa.mn өмнө нь сурвалжилсан. Нөхцөл байдал амаргүй байгаа учир энэ сэдвээр бид өдөр бүр эх сурвалжуудын ярилцлага, тодруулга, мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Өнөөдрийн тухайд Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэртэй уулзаж, Монгол Улсад эмийн нөөц, хангамж одоогийн байдлаар ямар хэмжээнд байгааг тодрууллаа. 


-Эмийн сан болон эм ханган нийлүүлэх төвүүдэд зарим нэр төрлийн эм, эмчилгээний хэрэгслийн хомсдол үүссэн байна. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд мөн үүнийг дагаад хомсдол үүссэн үү? Нөөц байгаа юу?

-БНХАУ-ын хил хааснаас болоод тодорхой нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэлд хомсдол үүсэж эхэлж байна. Жишээ нь, тариур, дуслын систем, дуслын шингэн бүтээгдэхүүн зах зээл дээр хомсдсон. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол хомсдол үүсээгүй, 14 хоногоос 2 сарын нөөцтэй байгаа. 

Гэхдээ энэ байдлаараа хил удаан хугацаанд хаалттай байвал эмийн тасалдал үүсэх эрсдэлтэй. Мөн бүтээгдэхүүний үнэ өснө.

Салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Өчигдөр (2021.10.28) гэхэд гурван эм ханган нийлүүлэх байгууллагын тариур, эм, эмнэлгийн хэрэгслийг Өмнөд Солонгосоос онгоцоор татаж авлаа. Онгоцоор татаж авч байгаа учраас тээврийн хэрэгслийн зардал нэмэгдэж байна.

Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, "МИАТ" компани болон Эрүүл мэндийн яам хамтраад нэн тэргүүнд татаж авах шаардлагатай эм, хэрэгслийн судалгаа гаргаж, эрэмбэлсэн. Одоо онгоцоор эсвэл галт тэргээр татаж авах талаар ярилцаж байна.

-Хятадын хил  дээр гацсан эм, эмчилгээний хэрэгслийг оруулж ирэх талаар ямар алхам хийж байгаа вэ?

-Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамтай хамтраад Эрээний хил дээр гацсан чингэлгүүдийг татах асуудлыг БНХАУ-ын талд тавьсан байгаа.

Тяньжин боомт дээр гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй 40 тонны 40 гаруй чингэлэг байгаа. Эдгээрийг яаралтай татаж авахгүй бол хөлдөх эрсдэлтэй. Эрээнд бол бүр олон ачаа гацсан. Хил хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна. Эм, эмнэлгийн хэрэгслээ татан авах бүхий л арга, өөр гарц гаргалгааг хайж байна.

Видео хэлбэрээр үзэх
 


-Монгол Улс эм, эмчилгээний хэрэгслийн хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэдэг вэ?

-Тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тарилгын шингэний хувьд хоёр үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангадаг. Бусад нэр төрлийн эмийг “Нахиа”, “Мөнхийн тун” гэх мэт компаниуд үйлдвэрлэдэг. Шингэний түүхий эд буюу уутыг нь Хятадаас авдаг байсан. Хил хаасан учир түүхий эд тасалдаж, үйлдвэрлэл явагдахгүй байгаа. Түүхий эдийг Өмнөд Солонгосоос татахаар ажиллаж байна.

Шингэн үйлдвэрлэдэг дотоодын компаниудаас бүтээгдэхүүнээ аравдугаар сарын сүүл гэхэд зах зээлд нийлүүлнэ гэх мэдээллийг өгсөн. Харамсалтай нь, түүхий эдээ татан авч чадахгүй байгаа учраас зах зээлд нийлүүлэхгүй, хомсдол үүсээд байна.

-Бүх эм, эмнэлгийн хэрэгслээ Өмнөд  Солонгосоос онгоцоор татаж авахаар болбол ачаа тээврийн үнэ илүү өндөр болно. Тэгэхээр эмийн үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Мэдээж нэмэгдэж таарна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(64.119.26.148) 2021 оны 10 сарын 29

Hund hetsuu ued sain ajillaarai...

0  |  0
a(64.119.23.230) 2021 оны 10 сарын 29

Dashdorj ovogtoi enhjargal jorlon tembuu

0  |  0
Ludwig(155.4.39.118) 2021 оны 10 сарын 29

maj yum

0  |  0
Top