Монгол шүүгч ПАРАЛИМПЫН НААДМЫН триатлоны тэмцээнийг дэнсэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30


"Токио-2020" паралимпын наадмын триатлоны тэмцээнийг Монгол шүүгч дэнсэллээ. 

Монголын триатлон холбоог санаачлагч, спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар анх удаа паралимпод шүүгчээр ажиллав. Тэрбээр Олон улсын 2-р зэргийн шүүгчийн эрхтэй /ITU level 2 Technical official/ шүүгч бөгөөд 2009-2021 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2010, 2014, 2018 оны Азийн наадам, 2013 оны ДАШТ-нд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.

Триатлоны спорт нь харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, олимпын их наадмын хөтөлбөрт байнга багтдаг байсан бол 2016 оноос эхлэн паралимпын наадмын хөтөлбөрт багтжээ. 

Түүнчлэн "Токио-2020" олимпоос триатлоны холимог багийн буухиа зайг олимпын наадмын хөтөлбөрт шинээр оруулсан юм.

Уг спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үест АНУ-ын Сан-Диего хотод тавьсан гэдэг. Харин Дэлхийн триатлоны холбоо (World Triathlon) 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулжээ. Дэлхийн холбоо нь одоогоор 172 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм.

1994 онд Парист хуралдсан Олон Улсын олимпын хорооны чуулганаас триатлоныг Олимпын их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимпод триатлончид оролцоод байна.

Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр гэхэд болно. Дотроо янз бүрийн зайтай. Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь стандарт зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайтай, тун сонирхолтой төрөл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top