Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг хөгжлийн түвшингээр тэргүүлэх зорилт дэвшүүлсэн

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн найман жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй.  Хөгжлийн түвшингийн үзүүлэлтээр ч бусад дүүрэгтэй харьцуулахад доогуур байгаа. Хөгжил алслагдсан дүүрэг дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулж, иргэд рүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхөөс тодрууллаа.


-Баянзүрх дүүрэг 2021 оныг “ДЭМЖИХ” жил болгон зарласан. Энэ онд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээний талаар танилцуулахгүй юу?

-Эхлээд нэг зүйлийг хэлмээр байна. Бид амаргүй цаг үед, “ковид-19” гэх хүнд сорилттой нүүр тулан ажиллаж, амьдарч байна. Дүүргийн онцгой комиссоос энэ цаг үед шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг тодотгож хэлэх нь зүйтэй. Эхнээсээ үр дүн гарсаар байгаа. Тухайлбал дархлаажуулалтын хувиар Баянзүрх дүүрэг нийслэл төдийгүй улсдаа тэргүүлж байна. Ингэж хичээж ажиллаж байгаа албан хаагчдаа бид үргэлж дэмжиж ажиллах болно. Мөн цар тахалтай тэмцэхийн хажуугаар энэ онд төлөвлөсөн ажлуудаа ч хийж, хэрэгжүүлнэ. Ялангуяа иргэдрүүгээ чиглэсэн бодит ажлуудыг хийнэ. Тиймдээ ч 2021 оныг “Иргэдээ дэмжих” жил болгон зарласан.

Тэгвэл иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хэрхэн хангах,  хот байгуулалтыг зөв менежментийн дагуу явуулах үүднээс ямар ажил хийх шаардлагатай вэ гэвэл нэн тэргүүнд нэг ажлыг онцолмоор байна.

Энэ бол Шар хад дэд төв юм. Төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр ажлын гүйцэтгэлтэй танилцаж, хотыг тэнцвэртэй хөгжүүлэхэд төсөл чухал ач холбогдолтой онцолж бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн. Төслийн хүрээнд авто зам, дулааны болон цэвэр усны шугам зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Мөн олон нийтийн хөгжлийн төв, цэцэрлэг, спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Мэдээж эдгээр ажлууд хийгдсэнээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.

-Томоохон бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулхад дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж ажиллаж байгааг ерөнхий сайд Баянзүрх дүүрэгт ажиллах үеэрээ хэлж байсан.

-Тийм. УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд нэгдсэн байр суурьтай байгаа учраас засгийн газар дэмжиж байгаа гэдгийг Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

-Цар тахлын нөхцөл байдлын талаар товч дурдлаа. Ер нь эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Баянзүрх дүүргээс хөгжил алслагдсан жилүүдийг бид ардаа үдлээ.  Ганцхан жишээ дурдъя. Баянзүрх дүүрэгтэй хүн ам, газар нутгийн хувьд ойролцоо Сонгино хайрхан дүүрэгтэй харьцуулалт хийхэд хөрөнгө оруулалт 581 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна. Энэ байдлыг өөрчлөх, хөгжлийн түвшингээр сүүлд биш эхэнд байх зорилт тавин ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил бол 300 ортой эмнэлгийн барилга. Шаардлага санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж чадсан.

-Баянзүрх дүүрэг анх удаа Олон үндэстний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зорьж байгаа. IGM буюу International Garden of Mongolia төслийн хувьд?

-Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны урд хэсэгт 300 га талбай дээр улс үндэстний өв соёл, хэв шинжийг харуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулна.  Ер нь 2024 он гэхэд иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  боломжтой зургаан цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд IGM нэг ажил нь. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг цэцэрлэгт хүрээлэнгээ түшиглээд олон ч бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Сая ерөнхий сайдыг ирэх үеэр Сүхбаатар жанжны гэрийн буурийг шинэчлэх төслийг танилцуулсан. Энэ бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа бас нэг цэцэрлэгт хүрээлэнгийн ажил юм. Бид цэцэрлэгт хүрээлэндээ Их жанжны нэрэмжит номын сан байгуулахаар төлөвлөсөн. Иргэд ирээд ном уншиж, амарч зугаалахаас гадна төрөл бүрийн сургалт зохион байгуулах боломжтой хурлын танхим байгуулна.

-Цогцолбор бүтээн байгуулалт хийгдэх нь...

-Тийм.. Хүүхэд, залуучууд тийм л орчинг хүсэж байна шүү дээ. Бид ч үүнийг хийх болно.

-Авто замын түгжрэлийг бууруулахын тулд ачаалал ихтэй байдаг олон түвшний давхар замын төслийг хэрэгжүүлэхээр болсон. Ажил хэзээ эхлэх вэ?

-Ажил эхэлсэн гэж хэлж болно. Бид тооцоо судалгаагаа гаргасан. Улаанбаатар хотын авто замын сүлжээний даац 320 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай. Харин өнөөдөр дээрх тооноос хэтэрсэн буюу 450 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс гадна томоохон зах худалдааны төвүүдийг чиглэх урсгалыг дагаад тухайн бүсэд ачаалал ихтэй байдаг. Тухайлбал Баянзүрх дүүргийн хувьд 13 дугаар хорооллын болон Нарантуул захын уулзварыг нэрлэж болно. Тэгвэл энэ ачааллыг бууруулах үүднээс дүүргийн хоёр байршилд олон түвшний давхар замын төсөл, мөн 12,14-р хороонд нүхэн гарц хийж байна. Эдгээр ажлууд хэрэгжсэнээр замын хөдөлгөөний ачаалал 33 хувиар буурна.

-Нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж эхэлсэн. Зарим нэг ажилтай газар дээр нь танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонссон. Иргэд дэмжиж байна уу энэ ажлыг...

-Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг буулгах асуудал иргэдээс ирж байгаа санал хүсэлт дунд жин дардаг. Тиймдээ ч дүүргийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцах үеэр зөв зүйтэй ажил хийж байгааг иргэд хэлж байсан юм. Баянзүрх дүүргийн газрын албанаас зөвшөөрөлгүй байрлах түр гараашуудын судалгааг гаргасан. Үүнээс ач холбогдлоор эрэмбэлээд энэ онд 100 гаруй гараашийг чөлөөлөхөөр болсон. Ингэхдээ шууд буулгах биш, тухайн иргэддээ өмнө нь хэлж, сануулж байгаа. Таны энэ гарааш зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна. Хамгийн гол нь нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, олон хүн буулгах зөв гэдэг санал гаргасан гэдгийг хэлж, гараашуудыг буулгаж байгаа. Гэхдээ зөвхөн гарааш буулгаснаар энэ ажил дуусахгүй. Газар чөлөөлсөн тухайн бүсэд иргэдийн санал хүсэлтийн дагуу бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон зогсоол байгуулмаар байна уу. Үүнийг иргэд л шийдэх эрхтэй.

-Зөвшөөрөлгүй баригдсан хэдэн гарааш байгаа юм. Газрын албанаас судалгаа гаргасан гэж хэллээ

-Нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан 1100 гарааш байна. Гэхдээ бид зөвхөн гарааш буулгаагүй. Нийслэлийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа, гол нь зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмших хугацаа нь дууссан хашааг ч буулгаж байна. Нэг жишээ хэлье. 2010 онд таван жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээгээ авсан. Өөрөөр хэлбэл гэрчилгээний хугацаа нь дууссан нэг газрыг чөлөөллөө. Тухайн газарт зөвшөөрөлгүй, стандартын бус нүхэн жорлон барьсан байгаа юм. Гэтэл яг дэргэд нь 48 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэгт олон хүүхдүүд сурч, боловсрол эзэмшиж байна. Иймэрхүү хууль бус үйлдлийн эсрэг, иргэдээ амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхээр иргэдтэйгээ хамтран ажиллаж байна, ажилласаар байх болно.

-Манай улс шиг цэвэр усаар машинаа угаадаг орон байхгүй. Усны үнэ бага, зөв зохистой ашиглаж чададгүй зэрэг олон шалтгаанаас үүдэж цэвэр усаа бид зүгээр л асгаж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд саарал ус ашиглах, технологийг нэвтрүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж байгаа гэсэн. Энэ ондоо багтаад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх авто угаалгын  газрууд технологи нэвтрүүлэх үү.

-Маш чухал асуулт байна. Дүүргийн хэмжээнд 48 авто угаалгын газар. Гэтэл үүнээс ердөө 3 газар л саарал усны төхөөрөмжийг ашиглаж байгаа. Эдгээр газрууд цэвэр усны хэрэглээ багасаж сардаа 4-5 тонн ус зарцуулдаг болсон. Сайн туршлагыг бусад газруудад хуваалцаж технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Баянзүрх дүүрэг хэр бэлтгэл хангасан бэ?

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг Нийслэлийн Засаг дарга, холбогдох дээд шатны байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл, сургуулийн автобусны оношилгоо, анги дүүргэлтэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн налайхын замд гүүрэн гарц барихаар Нийслэлийн Засаг даргатай ярилцсан Учир нь тус замд өнөөдрийн байдлаар гэрлэн дохио, гарц байдаггүй. Үүнээс болж 11-р хорооны иргэд замын хойд талд байдаг цэцэрлэг, сургуульд явахад аюултай нөхцөл байдал үүсч байгаа. Нэмж хэлэхэд Баянзүрх дүүрэг өдрөөс өдөрт хаяа тэлэн хөгжсөөр байна. Хүн амын тоо өсөхийн хирээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хэд хэдэн хороод бий. Эдгээр хороодод сургууль цэцэрлэг шинээр барина. Тухайлбал энэ онд гурван сургуульд өргөтгөл барьж, хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

 -Ярицлсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top