Д.Сумъяабазарын 420 тэрбумын үнэтэй АМЛАЛТ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

Төрийн хувь заяаг зурж, Засгийн эрхийг барьж байгаа намынхаа даалгавраар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг "тайлж", Хотын дарга болсон Д.Сумъяабазар арван сарын өмнө ажлаа авахдаа авто замын түгжрэлийг бууруулна гэж мэдэгдсэн.

Тэгвэл тэр өнөөдөр /2021.08.20/ хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц таван төлөвлөгөөгөө танилцууллаа.

Энэ үеэрээ "Хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулна, эргэлзэх хэрэггүй" гэх үгийг дайв. Хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэн энэ хэдхэн үг үндсэндээ түүний нийслэлчүүдэд өгч байгаа АМЛАЛТ гэж ойлгож болох юм. Харин тэрхүү амлалт нь 420 тэрбум төгрөгөөр "үнэлэгдэж" байна.

Учир нь, нийслэлийн нэн тэргүүнд тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Гэхдээ хотынхондоо өгсөн Хотын даргын амлалт хэзээ хөрсөнд бууж, биелэлээ өгөх нь эргэлзээтэй. Хэрэв тэр амлалтаа биелүүлж үл чадах аваас татвар төлөгчид халааснаасаа гаргаж өгсөн 420 тэрбум төгрөгөө нэхэх нь цаг хугацааны л асуудал юм. Ямартай ч Хотын даргын 420 тэрбум төгрөгийн "үнэ"-тэй амлалтыг танилцуулж байна.


-ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Улаанбаатар хотын төв хэсэгт төр захиргааны 14 яам, 37 харьяа байгууллага, агентлаг, нутгийн захиргааны 34 агентлаг, 35 төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 75 сургууль, 4500 гаруй худалдаа үйлчилгээ, оффис болон орон сууц төвлөрч, хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн төв рүү чиглэж нэг төвт хотын тогтолцоог задалж, олон төв бий болгох төлөвлөгөө гаргасан.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөлтийн хүрээнд нийт 26 дэд төв байгуулахаар тусгагдсан бөгөөд үүнээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 16 дэд төвийг 2025 он гэхэд барьж байгуулахаар төлөвлөсөн.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр 3 үе шаттай 2014 оноос эхэлсэн төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалт 90 хувьтай хийгдэж байгаа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт зэрэг 4 олон нийтийн төвүүдийн зураг төсөл энэ онд дуусна, бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү гадаадын зээлийн эх үүсвэртэй 6 дэд төв барих ажил 2024 он гэхэд дууссанаар нийт 33,400 өрхийн орон сууц, 55 мянган шинэ ажлын байр, төрийн үйлчилгээний 22 сургууль, 55 цэцэрлэг, спортын ордон зэргийг барих суурь дэд бүтэц бий болж, ногоон байгууламж, төр захиргааны барилга байгууламжийн зориулалттай талбай одоогийнхоос 1,5 дахин нэмэгдэж, төрийн үйлчлгээний 12500 ажлын байр бий болно. Мөн хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай талбай 4 дахин нэмэгдэж 27360 ажлын байр бий болгох нийгэм, эдийн засгийн нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.

Өнгөрсөн сарын хугацаанд шинэ хөгжлийн чиг хандлага, ерөнхий төлөвлөгөөний дагуу нэмэлтээр 3 дэд төв, 7 олон нийтийн төвийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж, худалдан авалт хийлгэхээр мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн. Ирэх жилийн мөн үе гэхэд 10 дэд төвийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Шинээр байгуулах 3 дэд төв, 7 олон нийтийн төвүүдийг байгуулах ажил нь нийт 198.7 га газрыг хамрах бөгөөд 19,823 өрхийн 82,734 хүн суурьшихаар төлөвлөсөн ба 4,300 гэр хорооллын янданг буулгах тооцоолол гарсан. Мөн 16,547 хүүхдийн 17 сургууль, 8,273 хүүхдийн 34 цэцэрлэг байгуулж, 16,903 ажлын байрыг бий болгосноор хотын төв рүү чиглэх авто замын хөдөлгөөнийг бууруулна. Дээрх 16 дэд төв ашиглалтанд орсноор 20 гаран хувиар хотын төв рүү чиглэх авто замын хөдөлгөөн болон төвлөрөл буурна.

-АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэн тэргүүний ач холбогдолтой авто зам, замын байгууламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамжийг ашиглан хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээнүүдийг эрэмбэлж, тооцоолол хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод шинээр 1500 орчим км зам барих шаардлага байгаагаас нэн шаардлагатай 432 км авто зам, замын байгууламж хийх тооцоо гарсан. Үүнээс эхний ээлжинд автозамын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км зам, 4 төрлийн замын байгууламжийг нийт 7 төрлөөр ангилсан. Энэ ажлыг ирэх 3 жилд барьж байгуулснаар авто замын түгжрэлийг 20 гаран хувиар буулгана гэж тодорхойлж байна.

Дээрх авто замын сүлжээний цогц шинэчлэлийн хүрээнд 71,5 км урттай шинэ тойрог зам болон хөгжлийн Алтан тойрог 77,8 км замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр тодорхойлсон. Бусад гол ба туслах зам 73 км, хороолол доторхи холбоос зам 70,26 км замын шинэчлэлийн ажлыг улс, нийслэлийн төсвөөр санхжүүлэх нь зүйтэй гэж тодорхорйлж байна.

Дэлхийн банк зээлийн санхүүжилтээр 35,3 км авто зам, замын байгууламжийг шинэчлэх, өргөтгөх бол 2015 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын ЭКСИМ банкны 1,0 тэрбум ам.долларын зээлээс санхүүжүүлэх “Сэлбэ, Туул голыг сайжруулах төсөл”-өөр Сэлбэ голын дагуу хойд чиглэлд 8,2км замыг барихаар хуваарилсан болно. Авто замын сүлжээний шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дуусгаснаар хөдөлгөөний эрчмын нягтрал 50 гаруй хувиар саарч, авто замын түгжрэлийн 20 орчим хувиар буурна гэж тодорхойлж байна.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 620 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагаас өдөрт 400 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгсэл, авто замын хөдөлгөөний хэт их ачаалал, түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID системийг нэвтрүүлэн авто замын ангилал тус бүрээр хөдөлгөөний эрчмийн тооллого, дундаж хурдны бодит цагийн мэдээллийг цуглууах программ хангамж, 16 байршилд 34ш мэдрэгч уншигч байрлуулсан зэргийг хүлээн авах ажлын зохион байгуулсан. Энэ систем нь авто замын сүлжээн дэх хөдөлгөөний эхлэл төгсгөлийн цэг, авто зогсоолыг оновчтой зохион байгуулах, авто зогсоолын ашиглалтын болон төлбөрийн нэгдсэн системд шилжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм.

Цаашид замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн системийн программ хангамж бэлэн болсон хэдий ч уг системийн мэдээллийн баазыг бэлтгэх, авто зам дагуу мэдрэгч уншигчийн тоог 400-500 байрлалд төхөөрөмжийг нэмж байршуулах болон авто машин тус бүр дээр суурилуулах мэдрэгчийн суурь баазыг бүрдүүлэх шаардлагатай байна. Авто зам дагуу байрлах уншигч нэмж суурилуулах, авто замын сүлжээ, түүний холбоосын эрэмбийг тогтоох ажилд ойролцоогоор 3,0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм. Автомашин дээр байрлуулах мэдрэгчийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хариуцаж байгаа ажлыг энэ онд багтаан шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна.

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 45% буюу 524 нь 2021 онд, 2022-2023 онд 30% буюу 348 нь үйлчилгээнээс хасагдахаар байна. Өөрөөр хэлбэл ойрын 3 жилд нийт паркийн 75% үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр эхний ээлжид яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай болоод байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк нь 1500 орчим автобус, троллейбустай болж, ажлын өдөрт 1200-1300 автобус, троллейбус үйлчилгээнд ажилласнаар иргэдийн зорчих эрэлтийг бүрэн хангах боломжтой юм. Энэ хүрээнд 2021 онд 106, 2022 онд 250, 2023 онд 150 автобус авснаар нийт 506 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

Олон улсад тээвэрлэлтийн хүчин чадал, техник технологийн шийдэл, газар нутгийн онцлогоос хамаарч олон төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлүүд ашиглаж байгаа бөгөөд манай орны хувьд нэн тохиромжтой багтаамж ихтэй нийтийн тээврийн нэг төрөл болох LRT-ийг 2022 оноос эхлэн төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 4 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байна.

-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг зохистой хэрэглэх, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах эрх зүйн зохицуулалтын ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд:

-Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах;

-Татвар, хураамжийг бүсчлэн тогтоох;

-Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын олголтод хязгаар тогтоох;

-Зогсоолын төлбөр, түүнийг зохицуулах, удирдах;

-Тээврийн хэрэгслийн техникийн хяналт, оношилгоог бүртгэлийн системтэй уялдуулан оновчтой болгох.

Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах, ухаалаг авто замын системийг нэвтрүүлэх, эрх зүйн давхар зохицуулалтыг иж бүрдлээр авч хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг одоогийн түвшинг 10 орчим хувиар бууруулна гэж тодорхойлж байна. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах нэгдсэн цогц төсөл, арга хэмжээний хүрээнд зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг энэ онд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна.

Техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв нь батлагдсан 14 төсөл, арга хэмжээг улсын төсөвт тусгуулан батлуулж, 2022 онд ажлыг эхлүүлэхээр төлөвлөн Сангийн яаманд саналаа хүргүүлсэн. Нийт цогц төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хуваарилалтыг хийсэн, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ажлыг хөөцөлдөж байна. Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах цогц төсөл, арга хэмжээний 5 үндсэн чиглэлийн хүрээнд 4 үндсэн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжих бөгөөд энэхүү ажлыг төвлөрүүлэн хяналт, удирдлагаар хангах үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулан ажиллуулах шаардлага зүй ёсоор бий болсон. Учир нь, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй цогц төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх олон нэгж байгуулагдах нь нэгдсэн удирдлагаар хангагдаж чадахгүй байх, ажлын давхардал үүсэх, мэдээллийн уялдаа холбоогүй байх зэрэг олон сөрөг олон талтай байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.84) 2021 оны 08 сарын 23

Хотын даргаа ...НИЙСЛЭЛЭЭ ТЭЛЭЭЧ .том том захуудаа хотоос гаргаач ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА ХОТООС ГАРГААЧ ИХ БАГА ТОЙРУУ дотроо л нухаад л нухаад л Тэр давхар зам ч дээ мэдэхгүй ...манайхан ву л тавьж халаах бол ...та энэ үерт урсаад байгаа замуудаа хар л даа ...тавьёан эздийг нь оож хариуцлага тооцооч ....ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ЯПОН ХЯТАДАД тавьсан өндөр замууд нь хүчтэйхэнгазар хөдлөлтөөр л нураад нураад үерт урсаад урсаад л УБ маань тжинхэнэ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮС тийм болохоор хотоо тэлсэн нь дээр дээ Энэ их хөрөнгө мөнгөнөөс ЦАВЧАА хийх хулгайлж хумслах гээд байж ядаж байгаа амьтас олон байгаа да

1  |  0
Irgen(172.58.20.128) 2021 оны 08 сарын 22

Uls turchid erh medeld yamarch argaar ochson hamaagyi yaj hudal yarih ne ch hamaagyi.hudal yarisnii shiitgel gedeg yum daanch baihgyi bolohoor zorigtoi hudlaa yarih yum daa.munch ih yneer 420 terbum mundag yumaa

0  |  0
Зочин(192.82.77.30) 2021 оны 08 сарын 21

Давгадоржийн шүлс нь гоожиж байгаа байхдаа.Ахтайгаа нийлж мөнгө хулгайлах гээд яарч суугаа даа.

0  |  0
Zochin(192.82.85.89) 2021 оны 08 сарын 21

Nuguu dampyyrsan Banknii haa uriug 420 terbumaas zohitsuul ah gej baigaa bol demii shuu nuhur mine bid tandaj hyanaad baigaa shuu

0  |  0
гяндан(192.82.90.214) 2021 оны 08 сарын 21

чи эхэлээд банкныхаа учрыг ол.дараа нь наад ажилаа ярь.өөрөөр хэлвэл ажилаа өгчихөөд хувийн ажилаа цэгцэл

1  |  0
зочин (202.9.46.51) 2021 оны 08 сарын 21

1 - Ч ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХГҮЙГЭЭР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ УСТГАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ ЯПОН, СОЛОНГОСЫН ХОГ ДЭЭРЭЭС АВЧИРСАН 10-С ДЭЭШ ЖИЛИЙН НАСТАЙ БҮХ АВТОМАШИНЫГ ХОТ ДОТОР ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЯВДАЛ ЮМ. ИНГЭХЭД ТҮГЖРЭЛ 70 % БУУРНА. ТООЦООД ҮЗЭЭРЭЙ. ТҮҮНЭЭС БИШ 420 ТЭРБУМ ЧИНЬ ЯМАР Ч НЭМЭР БОЛОХГҮЙ. ҮНЭХЭЭР Л ТҮГЖРЭЛИЙГ БУУРАЛАЯ ГЭЖ БАЙГАА БОЛ ЖААХАН ЗОРИГ ГАРГААД, ХАТУУХАН ХАНДЧИХ СУМЪЯАБАЗАР АА... ТЭР ЦАГТ ЧИ БААТАР БОЛНО

3  |  0
Зочин(103.57.95.162) 2021 оны 08 сарын 20

Авгайгаа гарын шүүс болгодолг нөхөр хотын дарга болох ч гэж.

0  |  0
Мэндээ(192.82.89.155) 2021 оны 08 сарын 22

Ямар их мөнгө вэ? Төрийн албан хаагчидыг ажилдаа автобусаар явуулахад л түгжрэл 30 хувь буурна. Бүх зогсоолыг наад машинтай нөхдүүд эзэлж байгаа шүү дээ.

2  |  0
Иргэн(122.201.21.228) 2021 оны 08 сарын 20

зүгээр л мөнгө идэх гэсэн арга хичнээг жил яриад л байдаг дуусдаггүй үлгэр вэ

0  |  0
Зочин(202.126.88.144) 2021 оны 08 сарын 21

Амлалт энэ тэр ч одоохондоо ёстой яамай байх аа, 420 тэрбумаас яаж ариухан хусах вэ гэж л өдрийн бодол, шөнийн зүүд яваа ш дээ наад бөх чинь

1  |  0
Hud hud(202.126.89.195) 2021 оны 08 сарын 21

100 ailin zah denj 1000 zahaa nuulgej chadahgui bj yun amlalt ve

1  |  0
Заэгараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 23

Автозамыг олон улсын стандартаар барьж байгуулж чадахгүй бол хайран хөрөнгө мөнгө нэг өдрийн бороонд урсаж алга болсон жишээ Сумъяабазарын наснаас олон байгаа шүү.

1  |  0
Top