Копа Америк: Бразил vs Аргентин, Неймар vs Месси

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Маргааш өглөө Копа Америкийн тэмцээний шөвгийн тоглолт болно. Өмнөд Америкийн хоёр хүчирхэг баг ч тэд сүүлийн 14 жилд анх удаагаа Копа Америкийн финалд учраа таараад байгаа юм.

Алс тэртээ 2007 онд сүүлийн удаа Копа Америкт тулгарахад Бразил 3:0 бут ниргэж, 20 настай Месси уйлж байжээ. Харин энэ 14 жилийн дотор дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон Месси хариугаа авч, шигшээ багтаа анхныхаа цомыг авч өгөх зорилготой байна. Алдарт Месси Аргентинд олимпын алтан медалиас өөр алт авчирч өгөөгүй л байгаа. Тийм болохоор маш олон бразилчууд финалд эх орноо биш Аргентиныг дэмжиж, Месси цом авах ёстой гэж үзэж байгаа юм. Үүнд Неймар их эмзэглэсэн. Тэр эх орноо дэмждэггүй бразилчуудыг чөтгөр алгадаасай гэж хүртэл хэлсэн юм.

Неймар, Месси хоёр Барселона багт хамт байсан үеэсээ хойш нөхөрлөсөн, одоо ч анд найз хэвээр. Гэхдээ талбай дээр өрсөлдөгчийн хувиар уулзаж байгаагүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Аваргуудын лигийн 1/8 финалд таарах байсан ч Неймар гэмтээд талбайд гараагүй билээ. Харин одоо тэд талбай дээр өрсөлдөж, тэмцэлдэх нь гарцаагүй болсон.

Неймар “Манай багт ялалтад хүрэх бүх зүйл бий. Би зөвхөн ялалтын тухай л бодож байна. Би ийм тоглолтод оролцохыг дандаа мөрөөддөг байсан. Хөлбөмбөгт дуртай бүх хүн Бразил, Аргентин финалд шалгаран үлдэхийг хүсдэг. Яагаад гэвэл энэ хоёр баг бол агуу түүхтэй, олон цомтой, шилдэг тамирчидтай багууд. Аргентинд дэлхийн шилдгүүдийн нэг Месси тоглож байна. Энэ нь зодог тайлах үедээ замналынхаа тухай хийх миний кинонд яг таарч байна. Месси агуу тоглогч гэж би үргэлж хэлдэг байсан. Тэр мөн сайн найз. Гэхдээ финалд бид өрсөлдөгч нар. Би ялахыг хүсч байна. Сайн найз өрсөлдөгч болоход нөхөрлөлийн тухай мартахад хэцүү. Гэхдээ найзынхаа эсрэг тоглосон ч ялахыг л хүсдэг. Би ялахын тулд энд ирсэн, Месси ч ялахын төлөө бүхнийг хийх нь мэдээж”

Месси “Неймар бид хоёр финалд шалгарлаа. Аргентин, Бразил бол бид бүхний хүлээж байсан тоглолт. Тэмцэл ихтэй, хүнд тоглолт биднийг хүлээж байна. Бидний эхний зорилго финалд шалгарах байсан. Бид биелүүлсэн. Манай баг маш хүчтэй, эвтэй, сайхан хамт олон. Би шигшээ багтайгаа цуг Цом өргөхийг хүсч байна”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top