Д.Өлзийбаатар: Лхүмбийн хэрэг гэгчээр 20 мянга гаруй хүнийг буудан хороож байсан гашуун түүхтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Түүхэн цаг үед болоод өнгөрсөн гашуун сургамж, хар дарсан зүүд шиг өдрүүд, хэлмэгдлийн бараан сүүдрийг монголчууд мартаагүй, мартах ч ёсгүй. Тэртээ 1930-аад оноос эхтэй Лхүмбийн хэрэг нь их хэлмэгдлийг эхлүүлж, гэм зэмгүй олон мянган хүнийг хоморголон устгах шалтгаан болсон юм. Энэ хэрэг гэгч нь чухам ямар учиртай, цаад далд санаа нь юу байв, их гүрний бодлого, хавчлага, ашиг сонирхол гэдэг ямар байдаг вэ, хэлмэгдэл гэдэг ямар  хатуу харгис, цэвдэг, нуруугаар хүйт даам  дурсамжийг үлдээдэг вэ, түүхээ мэдэхгүй бол бид юунд хүрч болох вэ гэдэг талаар сургамж болгож Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.


-Монголын түүхэнд 1930-аад оноос эхтэй “Лхүмбийн хэрэг” гэгчийн цаад шалтгаан, түүний хөл гар, эзэн нь  тухайн үед ямар зорилго, санаархал өвөрлөж байсан бэ?

-Тухайн үед манай улсын гадаад орчинд үүссэн улс төрийн эгзэгтэй байдал энэ “Лхүмбээр толгойлуулсан Улаанбаатар, Хэнтий, Дорнодод төвтэй японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллага” гэгч хилс зохиомол хэрэг үүсгэх үндсэн нөхцөл нь болсон. Зүүн хойд Азийн бүс нутагт ноёрхохын төлөө Орос, Япон хоёр ХХ зууны эхэн үеэс л цус урсгасан тэмцэл хийж эхэлсэн байдаг. Манжуурт япончууд цөмрөн орж ирж өөрийн тоглоомын Манж Го хэмээх улс байгуулж тэндээ түшиц газар үүсгэн хойш урагш нөлөөгөө тэлэх боломжтой болсон нь ЗХУ-ын удирдлагыг туйлын сандаргасан. Сталин хожим хэлсэн байдаг юм. Бид Монголыг алдвал Сибирь, цаашлаад Урал хүртэлх нутгаа алдана энэ бол бидний хувьд үхэл гэж. Тийм учраас монголчуудыг Японы нөлөөнд автахаас сэргийлж өөрийн талд баттай байлгах, япончуудтай дайсагнасан байдалтай байлгах нь Зөвлөлтийн удирдлагад нэн чухал асуудал болон тавигдсан юм. Тухайн үед Манжуурт орж ирсэн япончуудыг манай Өвөрмонголчууд чөлөөлөгч гэж үзсэн, япончууд ч тэднийг ивээлдээ авсан. Яагаад ч юм Монгол, Япон хоёр цаагуураа бие биендээ их сайн ханддаг, энэ нь нөлөөлсөн байх. Тэгээд энэ хэрэг гэгчийг зохион байгуулагч нь ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллага, тэдний ажилтнууд гар хөл нь манай Дотоодыг хамгаалах газар, тэдний ажилтнууд. Лхүмбийн хэрэг гэгчийн бүх мэдээлэл Сталины гарт очдог байсан. Түүнийг ЗХУ-ын Аюулаас хамгаалахад зургаан сар аваачиж байцаасан шүү дээ, дарга өөрөө байцаасан. Тэгэхээр тэдний санаархал тодорхой.

-Тэгэхээр тоглоомын улс байгуулсан цагаас их хэлмэгдэл үүсэх шалтгаан болжээ дээ?

-Хэлмэгдүүлэх гол шалтаг нь бол зөвлөлтийн нутгаас Монголын нутагт орж ирсэн буриадуудыг Зөвлөлт, БНМАУ, Манжуурийн нутгийг дамнасан тагнуулын ажил хийж байна, түүнийг япончууд дэмжиж байна, тийм учраас тэднийг илрүүлэн баривчлах хэрэгтэй гэсэн явдал юм. Буриадууд ХХ зууны эхэн үеэс л нааш нүүдэллэж эхэлсэн. 1921 оны Ардын хувьсгалын дараа Данзан, Сүхбаатар нар ЗХУ-д очиж гэрээ хийхдээ буриадын асуудлыг хөндөж газар нутаг нь биш юм гэхэд ард түмний нь авах асуудлыг ярьсан байдаг. Энэ дагуу 1924 оноос эхлэн буриадууд олноороо орж ирэхэд тэднийг улсын хойд хилийн дагуу хамгийн сайхан газруудад суулгаж нутаг хошуу байгуулж өгсөн. Нүүдэл тасрахгүй байсан тул 1930 онд хүчээр зогсоосон доо. Тэдний зарим нь Манжуурт очиж суурьшсан. Манжуурт очсон буриадуудыг Японы гар хөл болж байна, түүнийг нь Монголын буриадууд  дэмжиж байна, энэ үйл ажиллагаанд БНМАУ-ын нам төрийн зарим удирдах албан тушаалтан оролцож байна гэсэн ийм л тагнуулын домгийг зохиосон. Үүнд МАХН-ын Төв хорооны гурван нарийн бичгийн даргын нэг, Монгол дахь Буриадын зөвлөлийн дарга, Үйлдвэрчний Төв зөвлөлийн дарга Жамбын Лхүмбийг толгойлогчоор нь тодруулсан.

Толгойлогч том тушаалтан байхын хэрээр холбогдогч нарын тоо олширч, хүрээ нь өргөснө гэж үзсэн байх. 1933 оны тавдугаар сарын нэгэн өдөр Ж.Лхүмбийг Хэнтий явах ямар ч ажлын шаардлага байхгүй байхад Хэнтийд томилилтоор явуулсан. Тэр тэнд ганцхан хоноод л ганц нэгхэн хүнтэй намын ажлын уулзалт хийчихээд л ирсэн байдаг. Тэгээд 1933 оны долоодугаар сард улсын наадмын өмнөх өдөр гэрээс нь Дотоодыг хамгаалах газраас баривчилсан. Яг тэр үед 1933 оны тавдугаар сарын сүүлээс Хэнтийд баривчилгаа эхэлсэн. Ингэж л энэ Лхүмбийн хэрэг гэгч үүссэн дээ.

-Энэ хэрэгт оройлон хэлмэгдсэн Ж.Лхүмб, Ш.Дамдин тэргүүтэй хүмүүсийн үзэл санаа, зорилго, үйл хэргийн талаар түүх сөхвөл?

-Шодойн Дамдин буюу Рэнцэний Дамдин гэдэг энэ хүний түүх их сонирхолтой шүү. Тэр 1929 оны арванэгдүгээр сард Улаанбаатар хотын цэргийн гарнизонд хугацаат цэргийн алба хааж байхдаа нутгийн цэрэг Цэрэнгийн Намжил гэж хүний хамт оргоод Манжуурт очсон байдаг. Тэгээд тэндээ Японы тагнуулын байгууллагад элсээд Хэнтийд ирж хүн элсүүлж байна гэсэн яриа өгүүлэл яг энэ 1933 оны үеэс гэнэт гарч ирсэн. Өмнө нь ийм зүйл ер яригдаж байсангүй. Түүнийг эрж хайж аавыг нь 1930 онд сумын төв дээр авчирч асууж байцааж байсан зэрэг зүйл байдаг ч түүнийг японы тагнуул болж гэнэ гэж ер ярьж байгаагүй. Энд их учир байгаа юм. Би номондоо тэр Ц.Намжил бол ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын үүрэг хүлээсэн гүйцэтгэгч, харин Дамдинг үйл ажиллагаандаа ашигласан гэж бичсэн. Дэлгэрүүлж үзвэл тэндээс үзээрэй.

Намжил 1945 онд зөвлөлтийн цэрэгт баригдаад сураггүй болсон, гэхдээ тэнд хожим хойно болтол амьдарч байсан мэдээ бий. Манай тусгай байгууллага түүнийг хөөцөлдөөд сургаас өөр зүйл гаргаж чадаагүй. Дамдин ч бас сураггүй болсон. Дамдин нэг удаа нутагтаа ирээд буцсан, тэгэхдээ тагнуул магнуул явсан юм ер үгүй. Манай Дотоодыг хамгаалах газар, Эвлэлийн Төв хороонд ажиллаж байсан 21 настай Мархайн Цэвээн гэдэг залууг Манжуурт тагнуул маягтай явуулаад ирэхдээ "би Дамдинтай уулзлаа, тэр Япон даргын хажууд байна, над тусалж намайг нааш оргууллаа" гэж яриулсан. Гэтэл ийм уулзалт болоогүй байсныг манай тагнуулын байгууллага 1960-аад онд тогтоосон байдаг юм. Тэр М.Цэвээн гэгч нь Ж.Лхүмбэтэй ажил дээр нь зориуд уулзаж "би Япон руу тагнуулаар яваад ирлээ" гэж ярихад нь Лхүмбэ хөөж явуулсан байдаг. Тэгэхээр ийм ажиллагааг ингээд урдаас бэлдээд байсан хэрэг.

-Их хэлмэгдүүлэлтийн үед хэчнээн хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн бэ. Буудахыг нь буудаж, цөлөхийг нь цөлж, хорихыг нь хорьсон байдаг шүү дээ.

-1930-1940-өөд онд болсон энэ аймшигт зохиомол хэргүүдэд Тусгай комисс, Онцгой бүрэн эрхт комисс /ОБЭК/ гэсэн залхаан цээрлүүлэх шүүхээс гадуур шүүх эрхтэй байгууллага байгуулж олон мянган хүнийг хийгээгүй хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлсэн. Тусгай комиссын шийдвэрээр 1930-1940 онд 5728 хүнийг, ОБЭК-ын шийдвэрээр мөн хугацаанд 27,585 хүнийг, ердийн шүүхийн шийдвэрээр 4261 хүнийг, нийтдээ 37,474 хүнийг хилс хэрэгт шийтгэснээс 20 мянга гаруйг нь буудан хороож үлдсэнийг нь 5-10 жилийн ял оноож шоронд хаясан. Лхүмбийн хэрэг гэгчид шийтгэгдсэн олон буриад хүнийг ЗХУ-ын Колым, Воркута гэх мэт аймшигт хорих газруудад цөлсөн дөө.

-Тэгж харгисаар хоморголон устгасан юм чинь заавал нэг ялын тогтоол бий шүү дээ. Түүн дээр нь ямар, ямар зохиомол хэргүүд тулгаж байсан байдаг вэ?

-Ердөө л “Японы тагнуул. Хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэгч” гэсэн л нэр хаяг зүүсэн. Тулгаж байсан хэрэг гэгчүүдэд нь хүн үнэмшихийн аргагүй юмнууд байдаг. Арай ч дээ гэмээр, бүр халагламаар, харамсан уйлмаар хэргүүд байдаг шүү дээ. Нэг жишээ хэлье л дээ. Тэр хэрэг гэгчийн ялын төлөвлөгөөнд, Японы ерөнхий штабаас урьд устгагдсан Дагуурын засгийн удирдагч нарын хүч тусламжаар СССР-ийн Буриад нарыг Гадаад Монгол ба Дотоод Монгол, Барга Монголд нүүлгэж суурьшуулан түшиглэх баазаа хийж тэндээс зааварлан хувьсгалын эсэргүү ажлыг Монгол Улсад явуулж ирсэн. Японы ерөнхий штабаас Пан монголизм хэмээх монгол ястныг нэгтгэж нармай улсыг байгуулах лоозонг гаргаж удирдаж ирсэн гэсэн зүйл байдаг юм. Тэгэхээр буриад нарыг ЗХУ-аас япончууд зохион байгуулж орж ирсэн болж таарах нь. Өнөө Данзан, Сүхбаатар хоёр маань Японы төлөөний этгээдүүд болж таарах нь. Иймэрхүү л юмнууд хэрэг гэгчид их бий дээ.

-Хэлмэгдүүлэлт нэрийн дор ард иргэдийн нуруун дээр ямархан хүнд ачаа ирсэн бол, монголчуудын амьдралын байдал, сэтгэл санаа айдас түгшүүртэй тун хэцүүхэн л он жилүүдийг туулжээ?

-Зүгээр гэртээ байж байгаа хүнийг орж ирээд гар хөлийг нь хүлээд, орон гэрийг нь онгичиж хөрөнгө хогшлийг нь хураагаад, эхнэр хүүхдийг орилуулж чарлуулаад тэгээд шоронд хорьж эрүүдэн тамлаж байгаад буудан хороож, нийтийн нүхэнд аваачаад хаячихдаг цаг үед амьдарч байна гээд төсөөлөөд үз дээ. "Бүх хүн би хэзээ баригдах бол гэсэн айдастай байсан даа" гэж тэр үеийнхэн дурссан байдаг. Ийм үед ямар ч хүн олигтой сайхан амьдрах вэ дээ. Үхэл үүдэнд нь отож, өдөр шөнийн ялгалгүй зогсож байсан цаг. Айдаст амьдрал бол амьдын там шүү дээ. Эхнэр хүүхэд, ар гэрийнхнийг нь эсэргүүний ар гэр гээд нийгмээрээ хавчин гадуурхсан. Хүн хүндээ итгэх итгэл алга болсон тийм л хахирган, цөвүүн цаг үе байжээ.

-Хэлмэгдэгсдийг 1962 онд цагаатгасан. Гэвч амьдралынхаа туршид үе дамжин амссан гашуун зовлонг нөхөж баршгүй. Үр хүүхдүүдэд нь хохирол, нөхөн төлбөр, орон байр өгөөд л байсан. Сэтгэлийн тэр их төлөөсийг  яалтай ч билээ. Бид ийм цагийг дахин үзэхгүйн тулд яах ёстой вэ?

-Энэ зовлонг юугаар ч нөхөлтэй билээ. Хэдэн төгрөг, толгой хорогдох орон байр өглөө гээд нүглийг цайруулж чадахгүй шүү дээ. Гагцхүү ийм байдлыг ахиж давтагдах бүх нөхцөл бололцоог хаасан тогтолцоог бат нуттай тогтоож, хойч үедээ сургамж болгон үлдээх нь л их чухал. Цаг цагаараа байдаггүй, муу цаг сайнаар солигдсон бол, сайн цаг муугаар солигдохыг байг гэхийн аргагүй. Түүхийн сургамж гэж үүнийг л хэлээд байгаа юм. Өнгөрснөө сайтар нягтлан тунгааж байж л өнөөгөө ойлгож ирээдүйгээ зөв баримжаална шүү дээ. Тиймээс залуу хойч маань түүхээ маш сайн мэддэг. Алдах оноон дээр нь дэнсэлж чаддаг, алдахгүйн төлөө хичээж явах хэрэгтэй.

-Та саяхан “Лхүмбийн хэрэг” номоо сонсдог ном хэлбэрт хэвлүүлсэн. Хэдэн бүлэгтэй, хэр хэмжээний хугацаатай сонсдог ном болов доо?

-Хүмүүсээс их хүсэлт ирсэн л дээ. Цаг үеийн нөхцөл байдал ч уншихаасаа илүү сонсох нь амар гэсэн хэлбэр рүү хүмүүсийг шахан оруулж байх шиг. Ер нь түүхийг тайлбарлаж, хэлж ярьж, учир зангилааг нь гаргаж өгч байж хүмүүст хүргэх нь ончтой гэж би боддог. "Түүх чухал, үз, судла" гээд хий хоосон шаардахад хандах хүмүүсийн хандлага өөр. Дургүйд хүчгүй гэж нэг үг бий дээ. Эхлээд хүмүүсийг дуртай, сонирхдог болгох хэрэгтэй. Энэ ч үүднээс номоо сонсдог хэлбэрт оруулсан юм, гэхдээ номоо ба бэ-гүй уншаагүй л дээ. Болж буй үйл явцыг тайлбарлах маягтай хийсэн, цаасан номноосоо жаахан өөр. Сонсчихоод уншихад бүр амар байхаар бодож хийсэн юм. Удахгүй номын дэлгүүрдэд очих байх. Гурван бүлэгтэй, нийт 25 цагийн ном болсон. Буриад дуу хуур, шүлэг найраг ч бий. Буриад зон олон яагаад тийм гуниглуун, гансарсан, гэгэлгэн дуутай вэ гэдэг нь энэ түүхтэй ч холбоотой байх. Элэг нэгтнээ тэмцэж ирсэн халуун сэтгэл дээр нь ус асгаж царцаасан тийм гашуун түүх болж байсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top