Ж.Бат-эрдэнэ, Л.Мөнхбаатар нар улс төрийн томилгоог цэгцлэх хуулийн төсөл санаачлав

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шалгуур тавьж томилдог болох хуулийн төсөл санаачилжээ. Энэ хүрээнд  Төрийн албаны  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Төрийн албан хаагчдыг төрийн захиргааны, үйлчилгээний, улс төрийн албан хаагч гэж ангилдаг.  Тэдгээрээс улс төрийн алба хаагчийн томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргадаг. Мөн томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байдаг жишиг байсаар байгаатай холбогдуулан улс төрийн албан тушаалтны томилгоонд нийтлэг болон тусгай шаардлага бий болгохоор энэ хуулийн төслийг боловсруулжээ. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах шалтгаан өсөж байгаа гэж хууль санаачлагчид үзсэн байна.  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Улс төрийн албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчилд мөн ёс зүйн зөрчилд холбогдох, мэргэжлийн бус байх зэрэг зүйл ихээхэн байдаг.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга, сайд, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарт тавигдах тусгайлсан шаардлагуудыг гаргаж ирсэн. Үүнд, мэргэжлийн байх, тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан байх, төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэсэн, жендерийн эрх тэгш байдлыг хангасан, хүний эрхийг дээдэлсэн, бусдын нөлөөнд автдаггүй, бие даасан шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээх чадвартай байх гэсэн дөрвөн шаардлагыг тусгайлан гаргаж байна. Түүнчлэн бүх шатны Засаг дарга нарт тусгайлсан шаард­лагыг тавьж байгаа.

Үүнд, орон нутагтаа хоёроос доошгүй жил ажилласан байх, төрийн албанд дөрвөөс доошгүй ажил ажилласан байх, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэсэн байх, бүх шатны засаг даргыг томилохдоо ард иргэдийн дунд томилгооны сонсгол хийж, хэлэлцүүлэг хийдэг байх гэсэн заалтуудыг оруулж байна. Сахилгын шийтгэл оногдуулах заалтыг ч анх удаагаа оруулж байгаа” гэв. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Нийтлэг албан тушаалд томилогдох хүмүүсийн иргэншил, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг сөхөж тавьж байгаа. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргаагүй байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа. Элдэв гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх ёстой гэсэн заалтыг оруулж өгсөн. Улс төрийн намууд өөрсдийн томилж буй хүмүүсээ дээрх шалгуураар томилно” гэсэн юм. Цаашид улс төрийн албан тушаалтныг ямар нэг шалгуургүй томилдог байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг тэд тодотгосон.

ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top