Банкны салбарын ЭРСДЭЛ нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний дөрвөн сард 26.6 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 6.4 их наяд төгрөг буюу 31.4 хувийн огцом өсөлт үзүүлсэн байна.

Мөнгөний нийлүүлэлт огцом өсөхөд, Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд том дэмжлэг болсон дамжиггүй. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 485.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Өнгөрсөн оны төгсгөлд бууралттай гарсан зээлийн үлдэгдэл ийнхүү өсөх хандлага гарсан ч сайн хэрэгт. Нөгөө талаар эдийн засаг дахь мөнгөний эргэлт нэмэгдсэн ч чанаргүй активын өсөлт санаа зовох асуудал хэвээр байсаар байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлсэн хэвээр байна. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болж,  өмнөх оны мөн үеэс 123.1 тэрбум төгрөг буюу 6.6 хувиар өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувьд хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас иргэд аж ахуйн нэгжүүдэд олгоод буй 17.7 их наяд төгрөгийн 3.3 их наяд эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон гэсэн үг.
 


Үүний өмнө нь Монголын банкны холбооноос  банкны салбарын нийт зээлийн 40 хувь эрсдэлд орсон талаар мэдээлж байлаа.

Арилжааны банкууд өнгөрсөн оны эцэс гэхэд эдийн засагт 17.2 их наяд төгрөгийн зээл гаргаад байсан. Үүний 40 хувь буюу 6.9 их наяд төгрөг нь КОВИД-19 цар тахлын нөлөөнд орж эрсдэлд орсон гэж тухайн үед тайлбарласан юм. Ингэхдээ энэ оны III улирлын эцэс гэхэд банкнаас гарсан 100 төгрөгийн зээл тутмын 40 төгрөг эргэж төлөгдөх эсэх нь эрсдэлтэй болно гэж анхааруулж байлаа. Эрсдэлтэй 6.9 их наяд төгрөгийг задалбал, хоёр их наяд нь чанаргүй зээл, 1.2 их наяд нь хугацаа хэтэрсэн зээл, 3.7 их наядыг нь цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөх чадваргүй болсон зээл эзэлж байсан.

Тэгвэл өнөөдөр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, цар тахлын нөхцөл байдал өмнөхөөсөө муудсан гэдгийг дурдах хэрэгтэй.  Арилжааны банкуудын хувьд 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг “хугацаа хэтэрсэн” ангилалд багтаадаг бол 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг “чанаргүй” гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зээлийн ангиллыг  91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг “хэвийн” гэж үзэх маягаар өөрчилсөн. Судалгаанаас харахад, чанаргүй зээлийн эргэн төлөгдөх хугацаа дунджаар дөрвөн жил байдаг. Тиймээс цар тахлын нөлөөллөөр энэ оны төгсгөл, ирэх оны эхний хагасыг дуустал чанаргүй зээлийн хэмжээ өснө гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эдийн засгийн цаашдын төлөвийн талаар зарим эерэг хүлээлт гарах болсон нь Засгийн газраас цар тахлын эсрэг дархлаажуулалтыг далайц хийж эхэлсэн явдал юм.  Мөн мөнгөний нийлүүлэлтээр тусгалаа өгч эхэлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөр сэргэлтэд хөтөлнө гэсэн найдлага төрүүлээд байна.  

Арилжааны банкуудын хувьд өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдийн зээлийн бүтэц өөрчлөлт хийх арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ зээлийн бүтэц өөрчлөх буюу гэрээний нөхцөлийн өөрчлөлтийг зөвхөн санхүүгийн чадавх харьцангуй сайн гэж үзсэн харилцагчдадаа санал болгодог. Мөн чанаргүй зээлийн хувь хэмжээ нэмэгдэж, эрсдэл даах чадвар сулрахад банкны зээл олгох сонирхол төдий чинээгээр буурч байгаа. Зээл олголт хумигдсанаар зах зээл дээр мөнгө хомсдож, эдийн засаг дахь цусны эргэлт удааширна гэсэн үг. Энэ хандлага бага ч болов өөрчлөгдсөн нь сайн хэрэг. Засгийн газраас арилжааны банкуудад хүүгийн татаас өгөх замаар хүчээр шийдсэн нь үр дүнгээ өгнө гэдэгт найдахаас өөр арга алга.  Монголын банкны холбооноос өмнө нь 2021 оны өсөлтийг хоёр хувь таамаглаж байсан. Тэд 2021 оны эхний хагас жилийг хөл хорионд өнгөрүүлнэ гэж үзэн дээрх тооцоог хийсэн. Өнөөдөр энэ байдал бүрэн биеллээ олоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top