Эмнэлэгт байгаа ковидоор өвдсөн хүүхдүүдэд бэлэг хүргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02


Улаанбаатар хотын хэмжээнд 3000 гаруй хүүхэд коронавирусийн халдвар авчээ. Тэдний 1700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эдгээр хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  UNICEF  буюу Хүүхдийн сантай хамтран бэлэг бэлдсэнийгээ өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазарт гардуулан өглөө.

Хотын дарга бэлгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нарт хүлээлгэн өгч, хүүхдүүдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар энэ төсөл хэрэгжих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хүүхдүүдэд хөгжлийн багц бэлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйн баг утсаар болон онлайнаар зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг болон эмчээр нь дамжуулан өгөх юм” хэмээн ярилаа.

Тус хөгжлийн багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top