ИРГЭД: 3% зээлийг мөнгөтэй, боломжтой хүмүүс авч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23


"Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд хоёр их наяд төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэйгээр иргэн, аж ахуй нэгжид олгохоор Засгийн газар шийдсэн.

Уг зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргаж, гурван хувийн хүүтэй олгох юм. Зээлийг гуравдугаар сарын 10-наас олгож эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5525 зээлдэгчид 369.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэж Сангийн яамнаас мэдээлсэн юм.

Үүнээс 193 тэрбум төгрөгийн 814 зээлийг аж ахуйн нэгж, 176.3 тэрбум төгрөгийн 4711 зээлийг иргэнд олгожээ.

Гэвч зээл зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэх шүүмжлэл нэлээд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү зээл нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ажил олгогч, бизнес эрхлэгдэд хүрч байж эдийн засагт сэргэлт өгөх зорилготой. Гэтэл арилжааны банкууд хэт олон шалгуур тавьж байгаа нь зээлд хамрагдах боломжгүй болгож байгааг иргэд шүүмжилж байна. Мөн зарим банк гурван хувийн хүүтэй зээлийг зогсоож, өндөр хүүтэй зээл санал болгох тохиолдол гарч байгаа аж. 

3% хүүтэй зээлийн талаарх иргэдийн байр суурийг хүргэе.

Аюулы Ерланк:

-Хаан банкны орон нутаг дахь салбарууд гуравдугаар сард зээлийг зогсоосон гэж байсан. Яг материалаа өгөх гээд очсон чинь 10-хан хоногт гурван хувийн хүүтэй зээлийг олгоод дууссан гэж хэлсэн. 

Г.Цэцэгсүрэн:

-Зээлийн олголт юу болж байгаа талаар ойлголтгүй байна. Мөнгөгүй, хөрөнгөгүй хүмүүст олдох нь бараг үлгэр юм шиг байна лээ.

Мөнхцэцэг Хуягбаатар:

-Зээл зогссон гэж Хаан банкнаас надад мэдэгдлээ. Уг нь би зээлийн хүсэлтээ өгөөд, зээл олгоход бэлэн болсон байсан ч нийтээр нь зогсоосон тул зээл авах боломжгүй гэж мэдэгдлээ. Маш харамсалтай байна.

Иргэн Гонгор:

-Санхүүжилт дууссан. Манай банкнаас олгож буй хувийн зээлийг авах боломжтой гэсэн хариуг арилжааны банкууд өгч байна. Яг үнэндээ бол гурван хувийн хүүтэй зээлийг албан ёсоор зогсоогоогүй байх. Банкууд өөрсдөө өндөр хүүтэй зээлээ олгох гээд дундаас нь цавчаа хийж байна гэж харагдах юм.

Дагва Мөнхнаран:

-Яг очих ёстой хүмүүстээ хүрэх ямар ч боломжгүй зээл байна лээ. Гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах гэж хөөцөлдөөд үзэхэд дарга нарын ярьж хэлснээс тэс өөр байсан. Бүтэхгүй зээл хөөцөлдөж байхаар эртхэн больсон нь дээр юм билээ.

Лхагвасүрэн Алимаа:

-Энэ зээлийг гэхдээ баян, мөнгөтэй хүмүүс авчихсан байна лээ. Тэгээд танил талгүй, амьдрах гэж ядаж яваа хүмүүс нь хоцроод үлдсэн.

Сайхнаа Мөнхжаргал:

-Хаан банкинд онлайнаар бүртгүүл гээд бүртгүүлсэн ч залгахгүй байна. Ямар хүмүүст нь гурван хувийн зээл очоод байгааг мэдэхгүй юм.

Иргэд энэ мэтчилэн олон нийтийн сүлжээнд болон өөр бусад хэлбэрээр санал бодлоо илэрхийлжээ. 

Зээлийн шалгуур, нөхцөл байдлаас харахад 1-10 хүртэлх ажилчинтай компани тус зээлд хамрагдах магадлал бага байгаа аж. Гэтэл 2021 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 94 мянган аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь 1-10 хүртэлх ажилтантай бичил үйлдвэрлэл эрхлэгчид байгаа билээ. 

Мөн хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгжийн орлого тасалдсан тул зээлийн шалгуурт нийцэж чадахгүйд хүрсэн талаар аж ахуй нэгжийн төлөөлөл учирлаж байлаа.

2020 онд Ковид-19 халдвар гарч, хоёр удаагийн хөл хорио тогтоосон.

2021 онд одоогийн байдлаар мөн хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоогоод байна. Хөл хорионы хугацаанд 13-18 салбарын үйл ажиллагаа нээлттэй явагдаж, бусад салбар хаагдсан. Тиймээс хаагдсан салбарын борлуулалт зогссон. Үйл ажиллагаа доголдсон. Эдгээр шалтгаанаар аж ахуйн нэгж зээл авах боломж нь бага байгааг Засгийн газар эргэж харах шаардлага үүсэж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүнээ(66.181.177.27) 2021 оны 04 сарын 24

Эдийн засагчид дугарч ядаад барьцаа хөрөнгөтэй найдвартай зээлдэгч маш ихээр зээл авдаг хүмүүсээ таны сүүлийн жилийн орлого муудсан байна гээл өгөхгүй таньдаг хүмүүст бас шовгор өгсөн хүмүүст олгожээ

0  |  0
уугий(202.179.24.92) 2021 оны 04 сарын 23

Ихэнх ААН банкинд зээлтэй . Байдаг бүхнээ барьцаалсан бгаа . Яг эдийн засгаа сэргээе гэвэл зээлийн түүхтэй ААН -ийн зээлийн 3% руу оруулахад л болчих гээд бна . Түүнээс биш үйл ажиллагаа нь хэвийн биш зээлийн муу түүхтэй газруудад өгөөд илүүц шүү дээ

0  |  0
ЗОЧИН(192.82.71.208) 2021 оны 04 сарын 23

АРД ОЛНЫ НЭРИЙГ АШИГЛАЖ ӨӨРСӨДДӨӨ ЗЭЭЛ АВЖ БАЙГААГ ОЙЛГООГҮЙ ЯВЖ БАЙЖЭЭ.

1  |  0
Top