АНУ-ын шигшээ багийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

АНУ-д чөлөөт бөхийн олимпын шигшээ багийн сорилт барилдаан өндөрлөлөө. Америкийн баг одоогийн байдлаар эрэгтэй 65 кг-аас бусад буюу 57 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг-ийн жинд олимпын эрхээ аваад байгаа.

74 кг. Кайл Дейк – Жордан Барроуз – 3:0; 3:2
 

Америкийн чөлөөт бөхийн баг сүүлийн 10 жилд анх удаагаа ДАШТ, олимпод Жордан Барроузгүй явах гэж байна. 2011 оноос хойш тэр шигшээ багийн сорил барилдаанд тогтмол ялж, эрхээ авдаг байлаа. Энэ хооронд Барроуз олимод түрүүлж, ДАШТ-д 4 алт, 3 хүрэл медаль хүртсэн билээ. Энэ удаад түүний оронд Кайл Дейк олимпод эх орноо төлөөлнө. Кайл бол АНУ-ын оюутны лигт дөрвөн өөр жинд түрүүлсэн цорын ганц тамирчин. Шигшээ багийн сонгон шалгаруултад байнга ялагддаг байж байгаад олимпын бус 79 кг-д ДАШТ-д оролцох эрх авч, дэлхийд хоёронтаа түрүүлсэн. Өчигдөр тэр Барроузыг хоёр ялсан. Хэдий онооны зөрүү бага байсан ч өнөөдрийн байдлаар тэр Барроузаас илүү гэдэг нь илт байгаа юм.

57 кг. Томас Гилман – Виталий Оружев – цэвэр; 2:2

Хөнгөн жинд гэмтэлтэй Спенсер Ли, коронавирус туссан Ник Суриано хоёр барилдаагүй. Алдарт Вугар Оружевийн хүү Виталий финалд Гилманыг 4:0 ялж яваад цэвэр даруулсан. Олимпын эрх авсан Гилманы хувьд ДАШТ-д хоёр оролцохдоо 2, 5-р байр эзэлж байсан. Панамерикийн олимпын эрхийн тэмцээнээс тэр АНУ-д олимпын эрх авчирсан юм.

65 кг. Жордан Оливер – Жозеф Макккена – 3:0; 5:2

Энэ жинд Оливер түрүүлсэн ч Токиогийн олимпын эрхийн төлөө Софид барилдаж, эхний хоёр байрт орж байж, Токио явах эрхтэй болно. 65 кг-д л америкчууд эрхээ аваагүй байгаа. Оливер олон улсын тавцанд онцгой гавьяа байхгүй.

86 кг. Дэвид Тейлор – Бо Никал – 4:0; 6:0

2018 оны дэлхийн аварга Тейлор “Ид шидтэн” нэрээ хамгаалсаар байна. 2019 онд маш хүнд гэмтлээр барилдаагүй тэрээр 2020 онд АНУ-ын хэд хэдэн шоу барилдаанд түрүүлж, Панамерикийн эрхийн тэмцээнд олимпын эрх авсан. Сорил барилдаанд тэр 4 барилдахдаа нэг ч оноо алдалгүй, 24 оноо авч түрүүлсэн.

97 кг. Кайл Снайдер – Коллин Мур – 10:0; 5:1

Жейден Коксын шуугианы дараа Кайл Снайдерт өрсөлдөөн үзүүлж чадах бөх энэ жинд үлдээгүй. Харин Токиод Кайл муу барилдах юм бол Кокс гэдэг нэр дахин давтагдах нь гарцаагүй. Одоо Америкт Кокс, Снайдер хоёрыг халз шоу барилдаанд барилдуулах төсөл эхлээд байгаа юм.

125 кг. Гейбл Стивсон – Ник Гваздовский – 10:0; 10:4

Насанд хүрэгчдээс бусад ангиллын дэлхийн аваргад бүгдэд нь түрүүлсэн Стивсон хүнд жинд дэлхийд чанга бөхчүүдийн тоонд ороход бүх юм бий. 2019 оны ДАШТ-д оролцох АНу-ын шигшээ багийн сонгон шалгаруултад тэр финалд Ник Гваздовскийд ялагдаж байлаа. Харин энэ удаад хариугаа авч чадсан. Тэр сорилд 4 барилдахдаа 42:4 онооны харьцаатай ялалт байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top