“AstraZeneca” компани вакциныхаа талаар МЭДЭГДЭЛ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Их Британи, Шведийн хамтарсан эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компанийн вакциныг Европын Холбооны улс орон, Их Британид 17 сая хүн хийлгэсэн ба цусанд бүлэгнэлт үүсэх тохиолдол зуу хүрэхгүй гарсан нь маш цөөн байна гэж тус компанийн төлөөлөгч Энн Тэйлор мэдэгджээ.

Цусны бүлэгнэлт үүсгэх эрсдэл их буйг нотлох баримт байхгүй гэж тус компани мөн онцолжээ. Одоогоор ЕХ болон Их Британид венийн судсанд бүлэгнэлт үүссэн 15 тохиолдол, уушгины артерийн судасны бөглөрөл үүссэн 22 тохиолдол бүртгэгдээд байна. Эмнэлзүйн туршилтын үед вакцин хийлгэсэн бүлэгт цусны бүлэгнэлт үүссэн тохиолдлын тоо үүнээс ч бага байсан гэнэ.

Европт ч тэр, дэлхийн бүх бүс нутагт хэрэглэгдэж буй вакцинд чанарын асуудал байхгүй гэж “AstraZeneca” компани мэдэгдсэн байна.

Түүнчлэн, “AstraZeneca” компани байнгын үндсэн дээр нэмэлт туршилтыг чанарын хатуу шалгуурын хийсээр ирсэн ба туршилтын дүнг тухайн улс орны холбогдох байгууллагуудад шилжүүлдэг байна.

Одоогийн байдлаар, “AstraZeneca” компанийн вакцины хэрэглэхийг Австри, Дани, Норвеги, Исланд, Эстон, Литв, Люксембург, Латви зэрэг есөн орон түр зогсоогоод байна.
 

Top