Хүчтэй шуурганы улмаас таван настай хүүхэд энджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Өнгөрөгч амралтын өдөр олон аймаг, орон нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы улмаас зургаан хүн амь эрсдэж, 540 иргэн сураггүй болжээ.

Цасан болон шороон шуурганы улмаас есөн аймагт нийт 540 иргэн сураггүй болсон тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн ба төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олжээ. Харамсалтай нь, Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бүртгэгдээд байна.

Эдгээр аймгуудаас хамгийн олон иргэн сураггүй болсон нь Дундговь аймаг бөгөөд тус аймагт нийт 455 иргэн сураггүй болсноос 387 иргэнийг эсэн мэнд олсон байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн харьяат 68 иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Өгийн нуур суманд таван настай хүүхэд эндсэн бол Дундговь аймагт таван хүн нас баржээ. 

Аюулт үзэгдлийн талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Өчигдөр нийт нутгаар үзэгдсэн байгалийн гамшгийн үеэр онцгой байдлын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Цасан болон шороон шуурганы үеэр төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Яг одоогийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурсан, 20 байшингийн дээвэр хуурсан, 1200 мал шуурганд уруудсан гэсэн мэдээлэлтэй байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-аас баруун бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг С-458 цахилгаан эрчим хүч нийлүүлдэг агаарын шугамын тулгуур багана унасан. Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад цахилгаан тасарсан. Тиймээс түр холболт хийж, цахилгаанаар ханган ажиллаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг инженер, техникийн ажилтнууд хийж байна. Зүүн бүсийн аймгуудад цахилгаан дамжуулах 207 дугаар тулгуур баганад мөн гэмтэл гарсан. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад түр зуур цахилгаан тасалдсан. Өнөөдрийн байдлаар гэмтлийг засаж дууссан тул хэвийн ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top