ЭМЯ: Иргэдийн дунд ХӨНГӨН ӨВДСӨН хүн байх эрсдэл өндөр байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар авсан тохиолдлын зургаа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос үүдэлтэй бол хоёр нь Германаас буюу Франкфурт хотоос тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс байв. 

Сүүлийн 24 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс кластерлан гарсан коронавирусний халдварын тоо 32 хүрээд байна. 

Улаанбаатараас бусад халдвар илэрсэн аймгуудад сүүлийн хэд хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй сайн мэдээтэй ч Улаанбаатар хотод шинэ голомт үүсэж, халдвар авсан хүний тоо болон хавьтагчид нэмэгдсээр байна. 

Тиймээс ЭМЯ-наас нийслэлд хүний нягтралыг бууруулах арга хэмжээ авах, иргэд хөдөлгөөнөө багасгах, ажлын байранд олуулаа ирэхгүй байхыг сануулсаар байна.

Улсын онцгой комиссоос ч мөн үүнд анхаарал хандуулж, аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг чиглэл болгоод байна. 

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод том том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр байна" гэдгийг онцгойлон анхаарууллаа. 
 


Тэрбээр "Өнөөдөр нэмэгдсэн найман тохиолдлын зургаа нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрсэн. Хоёр нь Герман, Унгараас тусгай үүргийн нислэгээс ирсэн хүмүүсээс илэрсэн. Бид тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс 24-48 цагийн дотор шинжилгээ авч байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг гадаадын улс оронд байхдаа халдвар авсан байна гэж үзнэ. Улаанбаатар хотод том том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр байна. Энэ цаг үед гаднаас халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүний тоо хэдий олон болно, төдий чиний иргэдийн дунд халдвар авах магадлал нэмэгдэнэ. Дотоодын голомтыг хязгаарлаж, цомхотгож байгаа цаг үед гаднаас халдвар нэмэгдэж ирвэл мэргэжлийн байгууллагуудад хүнд тусна. Үүнийг цааш цаашдаа анхаарах байх" гэж мэдээлсэн. 

Түүнчлэн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн олон оронд халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүний хөдөлгөөн, нягтралыг багасгах нь халдвартай тэмцэх үндсэн арга болж байна. Олон хүн нэг дор байх нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Залуус гадуур явж, халдвар ихээр авч, ахмад настай хүмүүст халдааснаар өвчлөл хүндрэх нөхцөл болж байгаа. Манай улсад гэр бүлийн хүрээнд халдварлах байдал 10-86 хувьтай байна. Хамт ажиллаж байгаа, нэг өрөө тасалгааны хүмүүс өвдөх эрсдэл их байна. Иймд нийслэлд хүний нягтралаа бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдынхаа тоог цөөлж, гуравны хоёр хувийг нь гэрээсээ ажиллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байна. Албан байгууллагууд ажлын байрандаа хүн хоорондын зайг 1.5-2 метрт байхаар тохируулж, байгалийн агааржуулалтаас гадна шүүлтүүртэй агааржуулалт хэрэглэх хэрэгтэй" гэдгийг анхааруулсан юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд дотоодын халдварын тоо 500 хүрч, зөөвөрлөгдсөн 461, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961 боллоо. Үүнээс 509 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээс 119 хүнийг эдгэрсэн гэж үзсэн тул Яармаг дахь хяналтын эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 
 

Top