БЗД-ийн эмнэлгээс кластерлан гарсан халдварын тоо 32 хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.20, 11:00 цаг)

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд холбогдох лабораториудад 8416 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тэдгээрийн зургаа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой хамааралтай бол хоёр нь Германаас буюу Франкфурт хотоос ирсэн зорчигчид ажээ. Ийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс кластерлан гарсан коронавирусний халдварын тохиолдол 32 хүрлээ. 

Орон нутагт халдвар нэмж бүртгэгдсэнгүй. Мөн өмнөх голомтолсон халдварын тохиолдлуудын давтан шинжилгээнд халдвар илрээгүй. 

Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр байна!!!

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд дотоодын халдварын тоо 500 хүрч, зөөвөрлөгдсөн 461, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр нэмэгдсэн найман тохиолдлын зургаа нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрсэн. Хоёр нь Герман, Унгараас тусгай үүргийн нислэгээс ирсэн хүмүүсээс илэрсэн. Бид тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс 24-48 цагийн дотор шинжилгээ авч байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг гадаадын улс оронд байхдаа халдвар авсан байна гэж үзнэ. Улаанбаатар хотод том том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр байна. Энэ цаг үед гаднаас халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүний тоо хэдий олон болно, төдий чиний иргэдийн дунд халдвар авах магадлал нэмэгдэнэ. Дотоодын голомтыг хязгаарлаж, цомхотгож байгаа цаг үед гаднаас халдвар нэмэгдэж ирвэл мэргэжлийн байгууллагуудад хүнд тусна. Үүнийг цааш цаашдаа анхаарах байх" гэлээ. 
 

ШУУД ҮЗЭХ
 

Top