"Энхсаран" сувиллын голомтоос ХОЁР ХҮН эдгэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Улаанбаатар хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна.

Түүнчлэн өчигдөр (2020.12.05) халдвартай эмчлүүлэгчдээс 16 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн ба үүний 13 нь кластер голомтын хүмүүс байжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод халдвар авсан долоон хүн, Орхон аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн нэг, Дорноговь аймгийн нэг хүн голомтолсон халдвараас эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. ТИР машины жолооч нараас нэг, “Энхсаран” сувиллын голомтоос хоёр хүн эдгэрлээ" гэж мэдээллээ. Сануулахад, "Энхсаран" сувилалтай холбоотой 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. 

Өчигдөр холбогдох лабораториудад 14019 шинжилгээ хийсэн ба үүний 700 гаруй нь халдвар авсан хүмүүсийн хавьтлын сорьц байжээ. Шинжилгээгээр Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт буюу Замын-Үүдэд 3, нийт долоон хүнээс халдвар шинээр илэрсэн. 

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 456 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 байна.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 19 байранд 1017 хүн байгаа бол гэрийн ажиглалтад нийслэлд 518, орон нутагт 39 хүн шилжлээ. 

Монгол Улсад Коронавирусийн халдвар авсан тохиолдлын хамгийн бага нь гуравхан сартай нярай байгаа бол хамгийн өндөр настай нь 91 настай иргэн байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
 


МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  • Улаанбаатар - 99
  • Сэлэнгэ - 201
  • Дархан-Уул - 45
  • Дорноговь -28
  • Орхон - 24
  • Говьсүмбэр - 4
  • Архангай -3


УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  • Баянгол дүүрэг - 26
  • Баянзүрх дүүрэг - 24
  • Чингэлтэй дүүрэг - 1
  • Сүхбаатар дүүрэг - 16
  • Сонгинохайрхан дүүрэг - 15
  • Хан-Уул дүүрэг - 16
  • Багануур дүүрэг - 1


БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР
 

  •  Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
  •  Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
  •  Сүхбаатар – 7, 12, 13, 16, 18-р хороо
  •  Сонгинохайрхан – 1, 7, 16, 19, 20, 29-р хороо
  •  Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
  •  Чингэлтэй - 19-р хороо
  •  Багануур - 4-р хороо
Top