Б.Баатарсүх: Томуугийн хүндрэлээс сэргийлэх зөвлөмжийг сайн мөрдөх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон томуугийн вакцины талаар ярилцлаа.


-Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн улиралд хэрхэн ажиллаж байгаа талаар яриагаа эхэлье..?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Жил бүр томуугаас урьдчилан сэргийлэх, томуугийн дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах ажлыг энэ захирамжийн дагуу зохион байгуулдаг. Энэ хүрээнд зохион байгуулах хэд хэдэн ажлыг эхлүүлсэн.  Тухайлбал томуугаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол хүргэж байна. Иргэд томуугаас урьдчилан сэргийлэх, ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмжийг авах зайлшгүй шаардлагатай. Сүүлийн үед эцэг эхчүүд цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг олон төрлийн сувгаар мэдээлэл авч, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар даган мөрдөж байна гэж бид үзэж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд томуугаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд тодотгол хийж, энэ чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байна. НЭМГ-ын даргын тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг зэрэг олон газарт хяналт, үнэлгээ хийх, зөвлөмж зөвлөгөө өгөх, дэмжин туслах үйл ажиллагааг мөн  зохион байгуулсан.

Томуугийн улирал эхлэхтэй зэрэгцээд амбулаторын нийт үзлэгийн 5 хүртэлх хувьд урьдчилан сэргийлэх олон талын арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын хувьд, томуугийн хүндрэлээр ирсэн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчлэх зорилго тавьж ажилладаг. Энэ зохион байгуулалтыг өнгөрсөн есдүгээр сараас хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, томуугийн дэгдэлтийн үед эмнэлгүүдийн орны ачаалал ихсэх, тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх үе гардаг. Тиймээс томуугийн дэгдэлтийн үед дэлгэх хүүхдийн орны зохицуулалтыг эртнээс зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 1123 орыг эхний ээлжинд ажиллуулахаар бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуугийн өвчлөл ихсэж, 5-9 хувьд хүрвэл нэмэлтээр 600 орчим ор дэлгэх зэрэг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, томуугийн дэгдэлтийн үед хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг нийтэд хүртээмжтэй, чанартай хүргэх зорилгоор орны төлөвлөгөөг тусгайлан гаргаад явж байна.

Түүнчлэн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, асаргаа сувилгаа зэрэг мэдээлэл, зөвлөмж өгөх утсыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дээр тодорхой хуваарийн дагуу тогтмол ажиллуулж байна.

-Энэхүү тусгай утасны талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу..?

-Эрүүл мэндийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орсноор зөвлөгөө өгөх утасны дугаарыг цахим хуудсаараа мэдээлж, олон нийтэд байнга хүргэж байгаа. 1800-0119 тусгай дугаарт бүх дүүргийг холбосон. Мөн өвчлөл нэмэгдсэн үед дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа Хүүхдийн амбулатори болон Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулж, үр дүнтэй ажиллаж байна. Иргэд ажлаа тараад ч юмуу амралтын өдрүүдэд амбулатори, Эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг идэвхижүүлж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлсэн. Тухайлбал 0-5 хүртэлх насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг гэрийн эргэлтээр үзэж, томуугаас урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж ажилладаг.

Томуугаас урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг болох дархлаажуулалтын арга хэмжээг аравдугаар сард зохион байгуулсан. Энэ дагуу нийслэлийн хэмжээнд 351 мянга орчим хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Томуугийн вакцинд иргэд одоо хэр нь хамрагдаж байна. Эхний ээлжинд 0-5 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан  гэх мэт эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулсан. Үүний зэрэгцээ иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж байна. ХӨСҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хэн бүхэн очих боломжтой. Нийт 350 мянга орчим хүнийг хамруулах ёстойгоос эхний ээлжинд 80 гаруй хувийг нь хамруулсан.  Энэ сард багтааж үлдсэн хувийг нь хамруулахаар ажиллаж байна.

-Томуугийн вакцины хүндрэлийн талаар цахимаар олон яриа гарсан. Вакцин хийлгэсний дараа халуурсан, бөөлжсөн гэх мэт. Энэ талаар?

-Томуугийн вакцин хийлгэсний дараа тухайн хүнд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Ихэвчлэн архаг хууч өвчтэй, тухайн вакцинд харшилтай, халуурсан шинж тэмдгийн нөлөөнд таарахгүй үед сөрөг нөлөө илэрч болно. “Вакциныг ийм тохиолдолд тарина” гэсэн тодорхой заавар, заалтыг эмч, эмнэлгийн ажилтнууд ягштал баримтлан хийж байгаа. Энэ заавар зөвлөмжийг тодорхой хэмжээгээр зөрчсөн буюу ханиад хүрсэн, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст тарьсан бол сөрөг нөлөө гарна. Тиймээс эмчийн үзлэгт хамруулж, тухайн хүн болон хүүхдийн биеийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, хүүхдүүдийн эцэг эхээс зохих зөвшөөрлийг авсны дагуу хяналтан дор дархлаажуулалт хийдэг. Үүнийг иргэд зөв талаас нь ойлгох шаардлагатай.

-Жил бүр томуугийн вирус тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энэ жил томуугийн вирус ямар шинж тэмдэгтэйгээр илэрч байна вэ?

-Амьсгалын замын өвчлөлийг үүсгэгч нь ямар төрлийн вирус вэ гэдгээс шалтгаалж тухайн өвчний шинж тэмдэг, эмчлэх арга, хүнд дамжин халдварлах байдал нь янз бүр байдаг. Амьсгалын замын өвчин, томуугийн вирус хоёр нь тусдаа. Томуугийн А болон В хүрээний вирусүүд нь амьсгалын замын өвчлөлийг үүсгэдэг. Томуу нь үндсэндээ А болон В хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын өвчлөл юм. Гэхдээ томуу их хоруу чанартай. Тухайн хүнийг өндөр хэмжээнд өвчлүүлж, уушгины үрэвсэл үүсгэн, хордлого өгөх зэргээр хүндрэх тал дээр томуугийн вирус их хор уршигтай. Иймээс хамгийн түрүүнд томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах нь чухал. Үүнээс гадна томуугаас тусдаа томуу төст өвчин үүсгэдэг вирусын гаралтай өвчнүүд бий. Үүнийг бид ханиад томуу гэж ойлгодог. Өнөөдрийн байдлаар улсын болон нийслэлийн хэмжээнд томуугийн вирус эргэлтэд ороогүй байгаа. Томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчлөл байхгүй, харин томуу төст өвчнөөр үүсгэгдсэн амьсгалын замын өвчнүүд зонхилж байна. Тухайлбал, бидний ярьж байгаа риновирус, энтеровирус юм. Энтеровирус бол амьсгалын замын өвчлөл үүсгэж, хүүхдийн гэдэсний замын эрхтнийг өвчлүүлдэг. Үүсгэгчээсээ шалтгаалаад өвчлөлийн шинж тэмдэг энэ мэтчилэн өөр, өөр байдаг.

Өнгөрсөн жилийн өвчлөлийн байдлаас харахад арванхоёрдугаар сар болон нэг, хоёрдугаар сард томуугийн вирус өвчлөлийн эргэлтэд орсон байна. Энэ үед томуугийн өвчлөл хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул нэн түрүүнд урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.

-Томуугийн вакцины хүнд тогтоох дархлаа ямар байдаг вэ, мөн томуу хүндрэхээс сэргийлдэг талаарх дэлгэрэнгүй тайлбар өгөөч...?

-Томуугийн вакцин хүнд 80 хүртэл хувиар дархлаа тогтоодог. Дархлаа сайн тогтсон тохиолдолд тухайн хүн томуугаар өвчлөхгүй. Өвдсөн ч, өвчлөл нь хөнгөн явцтай байж, хүндрэхгүй гэсэн ерөнхий хоёр ойлголтыг бид мэдэх ёстой. Зарим хүмүүс “Томуугийн вакцин хийлгээд ханиад хүрчихлээ” гэх нь бий. Гэтэл энэ бол тийм биш, өөр төрлийн амьсгалын замын өвчлөл үүсгэдэг вирусээр өвчилж байгаа юм. Ийм вирусүүд олон хэмжээтэй эргэлдэж байдаг. Харин томуу бол хүнд хамгийн их хор уршиг учруулдаг амьсгалын замын өвчлөл учир томуугийн вирусын эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй юм.

Амьсгалын замын өвчин нь улирлын чанартай, хүйтний улиралтай шууд холбоотой. Тухайн хүн дархлаа сайтай, томуугийн вирусээс сэргийлэх эрүүл ахуйн дэглэмийг сахиж, гэрийн нөхцөлд өөрт тустай аргуудыг хэрэглэдэг бол өвчнөөс сэргийлэхэд сайн талтай. Амны хаалт зүүж, гараа тогтмол угааж хэвших нь ямар ч вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хүйтний улиралд дулаан хувцаслаж явах, дархлаагаа дэмжих, сайн унтаж амрах зэрэг нь өвчлөлөөс сэргийлэх үндсэн суурь арга болж байгаа юм.

Үүнээс гадна ханиад томуу туссан үед ямар хариу арга хэмжээ авах ёстойгоо мэдэхгүй байснаар амьсгалын замын халдвараа бусад хүмүүст халдааж, мөн өөрийн өвчлөлийг хүндрүүлэх сөрөг талтай юм. Ханиад томуу туссан бол гэртээ дулаан байж, халуун хоол унд идэж, эмчээс зөвлөгөө авч, түүнийгээ ягштал биелүүлэх ёстой. Жорын дагуу эм бэлдмэлийг цаг хугацаанд нь ууж, эрүүл ахуйн зөвлөгөөг дагаж байх ёстой. Амьсгалын замын өвчлөл туссан хүн ханиаж найтаана. Ийм шинж тэмдэг илрэх үед амны хаалтаа тогтмол зүүж, бусдад халдаахгүй байх талаас нь анхаарч шүлс, нус зэрэг бохирлогдсон зүйлсээ алчуур, салфеткаар арчиж хаяж байх шаардлагатай. Эмчийн зөвлөгөөг дагана гэдэг нь дур мэдэн антибиотик хэрэглэж, өөрийгөө эмчилнэ гэсэн үг биш. Энэ мэтээр өвчилсөн үед баримтлах дүрэм журмыг дагана.

-Томуугийн халдвар ямар замаар, хэрхэн дамждаг вэ?

-Томуу нь агаар дуслын замаар халддаг. Ханиаж найтаах үед хүний шүлс нөгөө хүний нүүр, гарт наалдах, мөн өвчтэй хүний хэрэглэж байсан эд зүйлст хүрэх зэрэгт халдвар дамжина. Тухайлбал, ханиадтай хүний барьсан хаалганы бариулд тодорхой хэмжээний вирус наалдаж, түүнд нь хүрснээр бид халдвар авах боломжтой. Агаар дуслын замаар халдвар авна гэдэг нь агаарт байгаа тодорхой хэмжээний нян агуулсан тоосонцор, бөмбөлгүүд тухайн хүний хамар, амаар орох зэрэг юм.

-Томуугийн вакциныг манай улс аль улсаас авч хийж байгаа вэ. БНСУ-д томуугийн вакцины хүндрэлээс болж нас баралт гарсан гэх мэдээ явах болсон. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд тайлбар өгвөл..?

-БНСУ-д гарсан тохиолдлууд дээр шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой судалгаа, нотолгоотойгоор асуудалд хандах ёстой байх. Мэдээллээр бол тухайн иргэн архаг хууч өвчтэй байснаас үүдсэн үү, шууд вакцинаас болж нас барсан уу гэдэг дээр нотолгоо, судалгаатай хандах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иймэрхүү мэдээлэл цацагдсан ч нэлээд нарийн судалгаа явагдаж байгаа, вакцинаас болоод хүн нас барсан гэх магадлал багатай юм билээ. БНСУ-д томуугийн вакциныг үргэлжлүүлээд тарьж байна.

Манай улсад БНСУ болон Бразилд үйлдвэрлэсэн вакциныг хийж байгаа. Вакцинаас болоод нас барсан, ноцтой хүндэрсэн тохиолдлууд Монголд байхгүй. Бид вакцин хийх заавар, заалтыг маш нарийн баримталж, эмчийн хяналтан дор томуугийн вакциныг шат дараатайгаар хийж байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top