Беларусын тамирчид Лукашенкогийн эсрэг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Наймдугаар сард болсон Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмний жагсаал үргэлжилсээр байна. Энэ жагсаалаас тамирчид ч хойш суусангүй.

Тамирчин, дасгалжуулагч, спортын багийн албаны хүмүүс гэсэн 800 хүн нээлттэй захидал бичиж, Александр Лукашенког Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлалаа.

Есдүгээр сарын 30-нд алдарт сагсан бөмбөгч бүсгүй Елена Левченког баривчилсны дараа Беларусийн тамирчид ОУОХ-нд хандан, тусламж хүссэн билээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн анх эхлэхэд ард түмэн алдарт тамирчдыг үг хэлэхийг хүлээж байлаа. Эхлээд тэд чимээгүй байсан. Учир нь Лукашенкогийн эсрэг тамирчид тэмцэхэд тун хэцүү. Александр Лукашенко Беларусын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч. Ууган хүү Виктор нь ҮОХ-ныхоо дэд ерөнхийлөгч. Алдартай тамирчид ихэнх нь улсын хангамжинд байдаг хүмүүс. Ерөнхийлөгчийн эсрэг жагсана гэдэг хамаг цалин хөлс, шагналаа алдана гэсэн үг. Олимпын наадамд оролцох эрхгүй болох нь ойлгомжтой.

Гэвч тамирчдыг эсэргүүцлийн жагсаалд “Беларус тамирчдын чөлөөт холбоо” хэмээх олон нийтийн байгууллага уриалан оролцуулсан юм.

Жагсаалд оролцогчид дотор сагсан бөмбөгийн Елена Левченко, усанд сэлэлтийн олимпын медальт Александра Герасименя; бөөрөнцөг түлхэлтийн дэлхийн аварга Надежда Остапчук; фристайлын дэлхийн аварга Александра Романовская; сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн Никита Мещеряков,  волейболын шигшээ багийн Артур Удрис, самбо бөхийн дэлхийн аварга Степан Попов нар байлаа. Засгийн газрын хариу арга хэмжээ ч тун удсангүй. Ихэнхийг нь халж, заримыг нь шигшээ багаас хөөн, тэтгэвэр, тэтгэмжийг нь хасжээ. Герасименягийн бассейн түрээслэх гэрээг нь сунгасангүй,  Романовская, хөнгөн атлетикийн олимпын мөнгөн медальт Андрей Кравченко хоёр шигшээ багаас хасагдаж, хоккейн идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Александр Руммо халагдаж, хөлбөмбөгийн шигшээ багийн массажчин Виктор Булат ажлаасаа хөөгджээ.

Мэдээж жагсаалд оролцоогүй тамирчид ч бас бий. Гандболын олимпын аварга Андрей Барбашинский сонгуулийн өмнө Лукашенкогийн бие төлөөлөгчөөр сонгогдсон, одоо ч түүнийг дэмжсээр байгаа. Хоккейн шигшээ баг жагсаалд оролцохоос татгалзсанаар иргэд дахиж хоккейн багаа дэмжихгүй гэж хүртэл зарласан билээ. Ард түмний хамгийн их уур хилэнг хүргэж байгаа тамирчин бол алдарт биатлонч, Беларус улсын баатар Дарья Домрачева юм. Эсэргүүцлийн нээлттэй захидалд гарын үсэг зураагүй Дарьяд хандан хүмүүс “Та Беларус улсын Баатар хүн, ард түмнээ хамгаалах ёстой шүү дээ. Эсвэл баатар цолноосоо татгалз, үгүй бол жинхэнэ баатар байж тэмц” гэж хэлж байлаа.

Сүүлийн жагсаалд Дарьяагийн хамаатан цагдаа нарт зодуулсны дараа Домрачева инстаграм хуудсандаа цагдаа нарыг хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг уриалсан. Харин доор нь байгаа 4,5 мянган сэтгэгдлийн ихэнх нь Дарьяг шүүмжилсэн үгс байв. “Ийм үг хэлснээс хэлээгүй нь дээр байж”, “Баярлалаа, бидэнд ийм Баатар хэрэггүй”, “Таны нэр одоо хууран мэхлэлттэй холбоотой боллоо”, “Даша бид чамайг дэмждэг байсан. Харин чамайг ахиж хэзээ ч харахыг хүсэхгүй байна” гэх мэт сэтгэгдэл хөвөрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 18

Mongoliin tamirchid yadag billee.Hoshnognii alchyyryyd turiin hylgaichdiin gart orchihson.Adag svvld ni yls turlvv orotsogooj eh oronii tysulumdug.Bvr eh oronoosooj yravdag.Adgiin hog shaarnyyd dad eh oronch setgel baihgvi.

0  |  0
Top