38 нас хүрсэн Саори Ёшидагийн сүүлийн ярилцлага

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Олимпын 3, дэлхийн 13 удаагийн аварга, Японы чөлөөт бөхийн домог Саори Ёшида өнөөдөр 38 нас хүрлээ. Түүний гавьяа шагналыг дурдаад байвал барагдахгүй.

Саори Ёшида 2019 онд зодог тайлж, дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Ингээд 2019 онд болсон түүний зодог тайлах хэвлэлийн бага хурлыг дахин сонирхуулья.  

Ёшида хурлын өмнө "Сайн байцгаана уу. Саори Ёшида миний бие 33 жилийн чөлөөт бөхийн амьдралдаа цэг тавихаар шийдлээ. Эх оронд минь болох "Токио 2020" олимпын наадамд оролцох хүсэл байлаа. "Рио 2016" наадамд ялагдаад мөнгөн медаль авахад маш олон хүмүүс дахиад олимпын аварга болоорой гэж хэлж, ерөөж байсан. Энэ бүхнийг бодон, эргэлзэж тээнэгэлзсээр өдий хүрлээ. Залуу тамирчид дэлхийн тавцанд гялалзтал барилдаж байхыг харж, тэдэнд Японы чөлөөт бөхийг үлдээхэд санаа зовох зүйлгүй юм байна гэж бодогдож эхэлсэн. Ингээд сайн бодож, дүгнэж үзэхэд би чөлөөт бөхийн спортод хийхийг зорьсон бүх зүйлээ хийж чаджээ гэсэн бодол төрж, зодог тайлахаар шийдсэн" хэмээн зодог тайлах болсон шалгаанаа тайлбарласан юм.

- Зодог тайлснаа мэдэгдэж байгаа энэ цаг мөчид юу бодогдож байна вэ?

- 3 настайгаасаа би барилдаж эхэлсэн. 33 жил барилдаж чадсандаа баяртай байна. Мөн маш олон хүний тусламж дэмжлэгээр өдий хүрсэн тул тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлье.

- Зодог тайлахаа яг хэзээ шийдсэн бэ?

- Риогийн олимп өндөрлөж, дараа нь Токиогийн олимп хүлээж байсан тул Токиод барилдах хүсэл байсан. Ялангуяа Риод ялагдаад мөнгөн медальтай өндөрлүүлсэн. Аав минь энх тунх байхдаа "Ямарваа нэг юмыг ялалтаар дуусгах нь чухал шүү" гэж үргэлж хэлдэг байсан болохоор барилдмаар байлаа. Гэвч залуу сайн тамирчид гарч ирээд дэлхийд амжилттай барилдаж байгааг харахаар энэ залуучуудад буухиагаа хүлээлгэн өгөхөд болох юм байна гэж бодож эхэлсэн. Хамт бэлтгэл хийхэд ч залуу бөхчүүдийн эрч хүчийг мэдэрч, зодог тайлах цаг болжээ гэсэн бодол төрдөг болсон. 12 дугаар сард болсон Эзэн хааны цомын тэмцээнийг үзээд дэвжээгээ орхих шийдвэр гаргасан.

- Тэр тэмцээнд Каори Ичё оролцож, Токиогийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа ярьсан. Тэр үед та юу бодож байв?

- Би анхнаасаа л "Би бол би, өөр хүн бол өөр хүн" гэж бодож ирсэн болохоор юу ч бодогдоогүй. Үнэхээр би чөлөөт бөхөд бүх юмаа дуустал нь зориулсан. Каори Ичё бол гайхамшигтай тамирчин. Өдий хүртэл хамтдаа зүтгэж ирсэн найз минь болохоор дотроо "Сайн байна" гэж бодсон.

- Бурхан болсон аавдаа зодог тайлах болсноо яаж мэдэгдэв?

- Зодог тайлах хэвлэлийн бага хурал хийнэ гэж аав мэдээгүй болохоор их гайхаж байгаа байх. Гэхдээ дэмжиж ирсэн ард түмэн, фэнүүддээ талархсан сэтгэлээ ийм маягаар илэрхийлэхгүй бол болохгүй гэж бодсон. Аав минь дээд тэнгэрээс охиноо үнэхээр сайн хичээн, зүтгэсэн шүү гэж хэлж байгаа байх гэж бодож байна.

- Дараагийн мөрөөдөл?

-  Маш олон байна. Өдий хүртэл чөлөөт бөхөөр л амьдарч ирсэн болохоор цаашдаа бөхөөс өөр зүйл хийж үзмээр байна. Эмэгтэй хүн болохоор аз жаргалаа олох хүсэл их байгаа. Ирэх жил Токиод олимпын наадам явагдах болохоор шигшээ баг, хамт олондоо дэмжиж, туслах хүсэл ч их байна.

- Шигшээ багт ямар хэлбэрээр дэмжиж туслах вэ?

- Одоо манай шигшээ баг, багш дасгалжуулагч, тамирчид олимпод ид бэлтгэн, хичээн зүтгэж байна. Тэдэнд сэтгэл санааны тус дэм болох сон гэж боддог.

- Таны хувьд чөлөөт бөх гэдэг юу вэ?

- Амьдралын нэгэн хэсэг. Чөлөөт бөх барилдаагүй бол ийм амжилт гаргахгүй байлаа. Би чөлөөт бөхийн ачаар л маш олон хүнтэй учирч, танилцаж, олон юм сурч авсан.

- Олимпод бэлтгэж байгаа тамирчдад дэмжлэг үзүүлнэ гэлээ. Та өөрөө цаашдаа шавьтай болж, дасгалжуулах болов уу?

- Тамирчдад сэтгэл зүйн дэмжлэг, түшиг тулгуур нь болох сон гэж боддог. Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хийсээр байх болно.

- Таныг үндэсний шигшээ багийн тамирчнаа аваад дэвжээнд гарч, хажуунаас нь зөвлөгөө өгөөд суугаасай гэх хүн олон байна.

- Тийм туршлага надад байхгүй. Шигшээ багт олон сайн дасгалжуулагч байгаа. Би хэн нэгэнд саад болохгүй хэмжээнд л ажиллана.

- Риогийн олимпод өвдөг шороодсон Хелен Марулисийн талаар юу хэлэх вэ? Түүнтэй өрсөлдөх дүү нартаа юу захих вэ?

- Афиний олимп дахь миний барилдааныг үзээд Хелен "Саори Ёшидаг би ялна" гэсэн зорилго тавьж байсан гэж сонсож байсан юм. Риогийн олимпын финалд түүнтэй 4 жилийн дараа таарсан. Өмнө нь илт давуу ялж байсан болохоор Хелен финалд гараад ирж дээ гэж бодож байлаа. Барилдаан эхлээд золгохдоо л маш их хүч чадал, эрч хүчийг нь мэдэрсэн. Би ялах хүсэл их байсан ч Хелений намайг унагаах гэсэн хүсэл нь илүү хүчтэй байжээ гэж боддог. Маш сайн тамирчин бөгөөд тун сайжирсан байсан. Токиогийн олимпод ирэх нь тодорхой ч манай япон бөх түүнийг ялаасай гэж бодож байна. Ямар барилдаан болох нь тун сонирхолтой.

- Чөлөөт бөхөөс өөр төрлөөс ямар тамирчин танд их нөлөөлсөн бэ?

- Жүдо бөхийн Явара чян буюу Тани Рёоког хараад анх олимпын наадамд оролцох юм сан гэж бодож байлаа. Түүнийг шүтэн биширч, бага ангиасаа л олимпын алтан медаль зүүхийг мөрөөддөг байсан. Тэр үед эмэгтэйчүүдийн чөлөөт бөх олимпын төрөлд багтдаггүй байсан. 2004 онд олимпын төрөлд багтахад нь оролцох гэж ёстой л үхэхээс ч буцахгүй зүтгэсэн. Афиний олимпын үеэр Явара чянтай анх удаа уулзсан. Жүдогийн 48 кг-ийн барилдаан эхний өдөр өндөрлөж, Тани Рёоко аварга болсон. Би тамирчдын тосгон дахь өрөөнд нь ороод "Таныг шүтдэг, таны ачаар олимпын наадамд оролцохын төлөө хичээсэн" гэж хэлтэл алтан медалиа үзүүлээд хамт зураг авахуулсан.  Ёстой л мөрөөдөл биелсэн агшин байлаа.

- Тани Рёоко зодог тайлаад улстөрч болсон. Энэ жил сонгуультай. Хэрэв танд өрсөлдөөч гэсэн санал ирвэл яах вэ?

- Ямар ч сонирхол алга. Санал ирсэн ч татгалзана.

- Зодог тайлах тухайгаа бичсэн твиттер дээрээ 17 медалийн зураг тавьсан байсан. Аль нь хамгийн сэтгэлд үлдсэн медаль вэ?

- Хэцүү асуулт байна. 2002 оны ДАШТ-ээс эхэлж, 2016 оны Риогийн олимп хүртэл барилдлаа. Бүгд л сэтгэлд үлдсэн медаль. Риогийн олимпод анх удаагаа шагналын тавцангийн 2 дахь хэсэгт зогсож байхдаа "Ялагдсан хүн ийм байдаг юм байна" гэж ойлгосон. Тэнд хамтдаа өрсөлдөж, зүтгэсэн баг хамт олон, найз нөхдийн ач тусыг анх мэдэрсэн юм. Ялагдаад олсон зүйл маань намайг ухаан суулгаж, улам хөгжүүлсэн гэж боддог тул Риогийн мөнгөн медалиа нэрлэе. Дурсгалтай.

- Ээж тань зодог тайлсан талаар юу гэж хэлсэн бэ?

- Би хамгийн түрүүнд ээждээ дуулгасан. Чи өөрөө шийдсэн хойно яах билээ гэж хэлсэн. Бид эгч дүү хоёр шиг л харилцаатай. Зодог тайллаа гээд нулимс унагалгүй, инээмсэглэн ярилцсан маань сайхан снагдсан.

- Саори Ёшидагийн хүчтэй тал юу вэ?

- Хөлд орон довтлох тал дээр өөртөө маш итгэлтэй байлаа. Аав минь бага байхад зааж өгч байсан юм.

- Ойрын үед хурим хийх төлөвлөгөө байгаа юу?

- Байхгүй.

- Саори Ёшидаг шүтэн, биширч олон хүүхэд чөлөөт бөхийн спортыг сонгон хичээллэж байгаа. Тэдэнд зориулаад хэлэх үг?

- Өмнөө зорилго, мөрөөдөл тавих хэрэгтэй. Эцсээ хүртэл бууж өгөхгүй байх, ядарч туйлдсан ч шантарч, буцахгүй байгаарай. Багшийнхаа үгийг сайн сонсож, зорилгоо биелүүлэхээр зүтгээрэй.

- Цаашдаа шинээр хийж үзмээр байгаа зүйл юу вэ?

- Цэнгээнт нэвтрүүлэгт дуртай болохоор телевизийн нэвтрүүлэгт ормоор байна. Хошин шог ч байсан болно. Инээх дуртай болохоор надад тохирно гэж бодож байгаа.

- Өөрийн залгамжлагчаар хэнийг нэрлэх вэ?

- Маш олон байна. Окүно Харүна, Мүкайда Маюү нар байна. Миний жинд бол энэ хоёр гэж бодож байна. Мөн Эри Тосака.

- Таны хувьд олимпын наадам гэдэг юу байв?

- Аав минь, ах минь олимпын наадамд оролцох гэж хичээгээд орж чадаагүй. Харин би 4 удаа мөрөөдлийн дэвжээ олимпод оролцож чадсандаа баяртай байдаг. Үүнд гэрбүлийн маань дэмжлэг их чухал байлаа. Олимпод 4 удаа оролцохдоо олон хүнтэй уулзлаа, танилцлаа. Олимпод амжилт гаргасан болохоор л одоогийн Саори байгаа гэж боддог.

- Хүч чадал барагдлаа гэж бодсон уу?

- Биеийн хувьд хүч чадал тэгтлээ барагдсан юм байхгүй ч нас ахих тусам сэтгэл зүйн хувьд хэцүү болж ирсэн. Өнөөдөр ирсэн та бүхэнд баярлалаа.

2019 он

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.72.245.125) 2020 оны 10 сарын 06

Ярьж хэлж байгаа нь өөр байна шүү. Ясны хүмүүжил бас байнаа байна

0  |  0
Баасансүрэн(202.126.88.212) 2020 оны 10 сарын 06

Санасандаа хүрсэн болохоор сэтгэл дүүрэн байдаг байхдаа. Цаашдын амьдралд тань аз жэргал хүсэе.

0  |  0
Top