МИНИЙ ТҮҮХ: Багш мэргэжлийнхээ ачаар ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Хүн бүхэн өөрийн гэсэн түүхтэй. Аз жаргал, амжилт, талархал, хааяа туулаад давах бэрхшээл, гуниг хүртэл бидний амьдралын олон өнгийн нэг байдаг. "Миний түүх" булан эгэл жирийн хүмүүсийн дурсамж, сэтгэгдлийг хуваалцаж, бусдад урам нэмдэг билээ.  Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдийн зочноороо 44-р сургуулийн Хөгжмийн боловсролын багш, Соёлын болон Боловсролын  тэргүүний ажилтан Ч.Энхцэцэгийг онцлон танилцуулж байна.


Би 24 жил боловсролын салбарт хөгжмийн хичээл заасан багш хүн. Хоёр хүүтэй. 1990 онд Хөгжим, бүжгийн коллежийг Үндэсний шанз хөгжмийн ангид суралцаж төгссөн. Тухайн үед коллежийг оркестрийн хөгжимчин, хөгжмийн сургуулийн багш мэргэжлээр төгсдөг байлаа. Сургуулиа төгсөөд 2004 он хүртэл Цэргийн дуу, бүжгийн чуулгад шанз тоглосон. 14 жилд нь шанзаа тоглож, 24 жил ЕБС-ын сургуульд багшилсан гэсэн үг. Цэргийн хүмүүс эрт тэтгэвэртээ гардаг учраас би шанз хөгжмийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний урлагийн сайхныг хүүхдүүдэд таниулъя гэж зорьсон. Анхны хичээл дээрээ маш их сандарч, эмээж байлаа. Анхны ангидаа ороод "Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ" гээ мэндэлтэл бүгдээрээ инээлдээд, би ичээд бөөн л юм болж байлаа. Хүүхэд шиг хоолойтой болохоор хүүхдүүд маань шоолсон юм билээ. Ингэж нийслэлийн Баянзүрх дүүргийн 44-р сургуульд хөгжмийн боловсрол эзэмшүүлэх багшаар ажиллаж эхэлсэн. 

Багш нар үргэлж хүүхэдтэйгээ адилхан догдлолтой байдаг. Жил бүрийн хичээлийн шинэ жилийг тэсэн ядан хүлээдэг.  Нэгдүгээр ангийн хичээлийн цаг хамгийн сонирхолтой. Нэгдүгээр ангийн хүүхдүүд эхний таван минутад шуугина сүүлийн таван минут дээр тэвчээр нь алдагдана. Тэд яг 20 минут л анхааралтай сууж чаддаг онцлогтой. Гэхдээ дуу хөгжим гэдэг өөрөө хүүхэд бүхний сонирхлыг татдаг учраас хичээлээ заахад хялбар санагддаг. Хэрвээ надаас "Та хэддүгээр ангид хамгийн их хичээл заах дуртай вэ" гэвэл би зургаадугаар ангийг сонгоно. Яагаад гэвэл тэр ангид үндэсний урлагийн хичээл заах боломжтой байдаг юм. 

Хүнд үед миний мэргэжил, миний хамт олон надтай хамт бүхнийг туулж ирсэн

Хүний амьдралд баяр, зовлон ээлжилдэг гэдэг. Хүн дандаа жаргалтай, эсвэл зовлонтой амьдарна гэж байхгүй. Би оюутан байхдаа хоёр хүүгийнхээ аавтай танилцаж байлаа. Тэр хүн 1998 онд БНСУ руу амьдралаа дээшлүүлнэ гээд явсан юм. Үүнээс хойш тэр хүн өөрөө өөрийнхөө амьдралыг хөөж, эхнэр хүүхэдтэй болж, бидний амьдрал хоёр тийш болсон. Ингээд би гэдэг хүн 1998 оноос хойш хоёр хүүгээ өдий зэрэгт хүргэхээр ажиллаж, зүтгэж ирсэн.

Энэ хугацаанд ганцаараа амьдралынхаа ачааг үүрч дийлэлгүй аав, ээжийнхээ нуруун дээр тохчихсон үе ч бий. Миний сайн сайхан амьдарч энэ хүрэхэд аав, ээж хоёр минь түшиж тулсны буян гэж боддог. Гэтэл аав минь гэнэт өвдөж, маш олон жилийг хэвтрийн дэглэмд өнгөрүүлсэн. Тухайн үед шулуун гэдэсний хорт хавдраар олон жил шаналж байсан юм. Харин би гэдэг хүн аавынхаа эмчилгээнд тус нэмэр болох гэж цалингийн зээлээс зээлийн хооронд олон жилийг үдсэн. Тэр үед хэзээ бурхан болчих бол, хэзээ яаж бие нь өвдөх бол гэсэн айдас үргэлж дотор хадаатай байдаг байсан юм. Харамсалтайгаар бурхны оронд морилсон боловч амьдралд өр зээлээс илүү өвчин зовлонгүй байх нь жаргал гэдгийг ухаарч л явна.  Харин одоо миний ямар ч үед мэргэжилдээ үнэнч зүтгэснийг амьдрал өөрөө шагнаж байна гэж боддог. Олон жил түрээсийн байр хэсэж, зээлээс зээлийн хооронд амьдрсан. Харин өнөөдөр багш мэргэжлийнхээ ачаар түрээсийн байраас өөрийн эзэмшлийн орон сууцтай болоод, амьдрал сайхан байна. Ийм хүнд үед миний мэргэжил, миний хамт олон надтай хамт энэ бүхнийг туулж ирсэн. Хүн зовлонг дааж чаддаг юм байна. Тиймээс ч өнөөдрийг хүртэл сайхан амьдралын төлөө хичээж, таван ачтай өнөр өтгөн гэр бүл боллоо.

Багш гэдэг нэр хүндтэй мэргэжлийн ачаар хоёр хүүхдээ эцгийн хайраар дутаалгүй өсгөсөн гэж боддог. Алдаж онохын аль ч үед баяр баясгалан бэлэглэдэг хүүхэд шуугисан их өргөөндөө талархаж яваагаа хуваалцаж байгаа нь надад үгээр хэлшгүй сайхан байна. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.23) 2020 оны 09 сарын 04

зүтгэлтэй сэтгэлтэй явсны шагнал мундаг багш минь\n

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 04

saihan shyy saihan, um l bolvol gadaad yavj amdralaa deeshlyylne gej zyydelsen hymyys tiimch sain saihan jargaltai bish ylanguya solongost.....tevcheertei morooroo amdrah chin bas saihan shyydee, eh orondoo ih ach tus hiisen baigaa gedgee bod....ene chin l zov zam hymyyjil shyydee

0  |  0
Top