Коронавирусний эсрэг вакциныг Монгол Улсын хүн амын 20 хувьд нь үнэгүй хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг нар оролцлоо. Тэд мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусний эсрэг вакциныг Монгол Улсад оруулж ирсэн тохиолдолд хүн амын 20 хувьд нь үнэ төлбөргүй хийнэ гэдгийг хэллээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа “Өнөөдрийн байдлаар туршилтын өмнөх шатандаа яваа 139 вакцин, туршилтын шатандаа яваа 30 орчим вакцин байна. Туршилтын шатандаа байгаа 30 вакцины гурав нь хоёрдугаар шатандаа явна. Зургаан вакцин гуравдугаар шатандаа байна. Эдгээрийн гурав нь БНХАУ-ын вакцин, нэг нь Их Британи, нэг нь АНУ-ын вакцин юм. Гуравдугаар шат бол хамгийн  хүндрэлтэй байдаг гэдгийг дэлхийн улс орнууд мэдээлж байгаа. Вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд Монголдоо авахаар салбар яамнаас ажиллаж байна. Вакцин гарсан тохиолдолд зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ. Бид бүх түвшинд хамтран, харилцан ажиллаж байна. Хэрэв вакцин гараад Монголд хэрэглэхээр бол хүн амын 20 хувьд нь үнэ төлбөргүй хийнэ” гэж ярилаа.

Түүнчлэн “Манай яамнаас цар тахлын үед шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлаар НҮБ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Монгол Улсад байгаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас санаачлан бусад олон улсын байгууллагатай хамтран цар тахлын нөхцөл байдал манай орны нийгэм, эдийн засагт ямар хор хохирол учруулж буй талаар томоохон судалгааг  хийсэн.  Судалгааны дүнгээр Монгол Улсад цар тахлын нөлөө маш хүчтэй нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Цаашдаа 2-3 жил энэ байдал үргэлжилнэ гэдэг таамаглалыг дэвшүүллээ. Цар тахлын нөхцөл байдалд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айл өрх, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөн тооны малтай малчин өрх, ахмад настнууд илүүтэй өртөж байна. Тиймээс НҮБ-аас Засгийн газартай хамтран ирэх хоёр жил хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, эдийн засгаа сэргээж, ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээх зорилтыг тавиад байна” гэх мэдээллийг өглөө.

Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Наймдугаар сард 17 удаагийн нислэг үйлдэнэ. Өнөөдөр /өчигдөр/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц иргэдээ татан авахаар нислээ. Өнөөдрийн байдлаар гадаадын 52 улсаас 18392 иргэнээ татан авсан. Энэ сардаа АНУ, Казахстан, Австрали руу нислэг хийх үлдээд байна. Ингэснээр бид агаарын замаар болон боомтоор 4500 иргэнээ татан авсан.  Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэд дэлхийн 53 улсад 12461 хүн байна. Энэ тоо буураагүй юм шиг боловч бүсээр нь аваад үзвэл АНУ-д 2400, БНСУ-4500 гаруй, Австрали улсад 1100 орчим иргэн байна. Бусад Ази болон Европын улсуудад нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо эрс буурсан. Ирэх есдүгээр сарын төлөвлөгөөндөө АНУ, Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байна” гэв.

Мэдээллийн төгсгөлд тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Монгол, Хятадын хилийн боомтын "Ногоон гарц" түр журам хэрэгжиж эхэлснээр гуравдугаар сард Гашуунсухайт боомтоор өдөрт 30 гаруй машин гарч байсан бол дөрөвдүгээр сард 110 орчим, тавдугаар сард 420, зургаадугаар сард 480, долоодугаар сард 500, наймдугаар сарын 12-ноос манай жолооч нар Хятадын талд хонох нөхцөл бүрдсэнээр хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Тухайлбал, наймдугаар сарын 17-ноос хойш 1000-аас дээш тээврийн хэрэгсэл хилийн боомтоор нэвтэрсэн. Сэхээ боомтын тухайд долоодугаар сард 450 машин гарч байсан бол наймдугаар сарын 17-ны байдлаар 700 тээврийн хэрэгсэл нэвтрээд байна” гэж ярилаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.153) 2020 оны 08 сарын 25

Улс тержеед бна уу. ОХУ -ын вакциныг яагаад хзлэхгуй бна.Хятад гээд байх юм.

1  |  0
Top