Хүүхэд өөрийн биеийн жингийн 10 хувиас бага хэмжээний цүнх үүрэх ёстой

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Номтой цүнхээ үүрээд хичээлдээ яаран догдлох хүүхдүүдээр хотын гудамж, анги танхим чимэглэгдэх хичээлийн шинэ жил айсуй. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ аль болох өнгөлөг, чамин, чанартай цүнх сонгох гэж дэлгүүрүүдийг нэгжиж яваа. Тэгвэл таны хүүхдэдээ сонгосон цүнх хэдэн килограмм байх ёстой вэ. Бяцхан үр тань өөрөөсөө том цүнх үүрдэг юм биш биз. Багаас нь хүнд юм өргөж, үүрүүлэх нь хүүхдийг нуруу нугасны мурийлт, далийлттай болгох аюултай.

Сүүлийн үед хүүхдийн нурууны өвчин маш их болсон гэдгийг эмч нар хэлдэг. Хүний их эмч Б.Дугархүү энэ талаар цахим хаягаараа дамжуулан эцэг, эхчүүдэд өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Зөвлөгөө 1: Бяцхан үрс маань сургуульд орж ээждээ үнсүүлж аавыгаа дагаад, номтой цүнхээ үүрэн эрдмийн аянд морддог. Дөнгөж сургуульд орохоос эхлээд  өөрөөсөө ч том цүнх үүрэн яваа харагдах нь эгдүүтэй хөөрхөн хэдий ч  10 жилийн дараа сургуулиа төгсөхөд сурагчдын 80-90 хувь нь нурууны суулт, мурийлттай , бөгтөр нуруутай, элдэв өвчний үүр болоод төгсөж байна гэсэн статистик мэдээ байгаа юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт нурууны өвчний гол суурь бол хүн ба эд зүйл хоорондын үйлчлэлийн үр дүнд үүсдэг. Тухайн хүүхдийн сууж буй ширээ нь стандартад нийцэж байна уу гэдгээс эхэлж байгаа юм. Сүүлийн үед анги танхимын дүүргэлт хүүхдийн тооноос шалтгаалаад  хоёр, гурваар нь түшлэггүй урт сандал дээр бүтэн дөрөв, таван цаг суулгачихдаг. Зай давчуу ширээ, түшлэггүй сандал дээр  шахцалдан, далийж хажуу тийш хазайж сууснаар нурууны мурийлт үүсдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн ширээг биеийн өндөрт тохирсон, түшлэгтэй, хүүхдийн хөлийн  ул шалан дээр тавигдаж таарахуйц, түшлэгтэй сандал дээр суулгах ёстой гэдгийг сургуулийн захиргаанаас шаардах хэрэгтэй. Мөн хүүхдүүд комюьтер, гар утсыг удаан ширтэн удаан суух нь бөгтөр нуруутай болох гол шалтгаан болж байгаа. Тиймээс аав, ээжүүд чөлөөт цагаар нь хүүхдээ аль болох дасгал хөдөлгөөн хийлгэх, гадаа тоглуулах хэрэгтэй.

Зөвлөгөө 2: Энэ бол хамгийн том асуудал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нуруу нугаламын өвчлөлийг үүсгэдэг байна. Олон улсын жишигт бага ангийн хүүхдийн цүнхний дундаж жин биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн стандарт бий. АНУ гэхэд хүүхдийн цүнх биеийн жингийн 5-10 хувиас ихгүй байх дүрэм мөрддөг. Тэгвэл зургаан  настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18 кг гэж үзвэл  зургаан  настай сурагчийн цүнхний зохистой жин хоёр кг-аас  ихгүй байх ёстой юм. Хүнд цүнх хүүхдийн өсөлт, төдийгүй нуруу, хүзүү мөр зэрэг биеийн бусад хэсгийн яс болон булчингийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Үүний шалтгаан нь манайд мөрдөх стандарт байхгүй, бага ангийн ном хэтэрхий том хүнд мөн хичээлийн зарим хэрэгслээ ангидаа үлдээж явах шүүгээ байдаггүйтэй холбоотой. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнхэнд юу байгааг шалгаж байгаарай. Хүүхдийн бэхжиж амжаагүй мөгөөрсөн эдээс ясаар солигдох үед маш муугаар нөлөөлж өсөлт зогсох эрсдэлтэй. Өрөөсөн талдаа үүрдэг цүнх хүүхдийн нурууны мурийлт өвчний суурь болдог.

Зөвлөгөө 3: Нэг мөрөндөө үүрдэг цүнх нуруу мурийх шалтгаан болдог. Овор ихтэй том цүнхнээсээ хүүхэд цааргалах, хичээлдээ явахаас төвөгшөөх хандлага ажиглагддаг.  Хүүхдийн нурууны өвчлөлөөс сэргийлэх хамгийн зөв цүнх бол хоёр мөрөвчтэй, бүсэлхийгээр давхар чангалж нуруунд нь нааж өгсөн цүнх байвал сайн.  Тиймээс хичээлийн хэрэглэл бэлдэж байгаа энэ үед хүүхдийнхээ эрүүл мэндэд анхааран зөв сонголт хийх нь хүүхдэдээ хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Зөвлөгөө 4: Нөлөөлнө. Нуруу нугаламны өвчтэй хүмүүст таргалж болохгүй гэсэн зөвлөгөө өгдөг. Эцэг эхчүүд хэт сахар, нүүрс ус ихтэй, амттай хоол ундаар хүүхдээ бөмбөгдөөд хайран хүүхдүүдээ таргалуулчихдаг.  Энэ бол томчуудын буруу. Хүүхдээ зөв дэглэмтэй, эрүүл чийрэг болгохын төлөө тэд л анхаарч байх үүрэгтэй. Хүүхдүүдийн жингийн илүүдэл асуудал болоод байна. Өөрийн байх  жин  дээр өөх нэмэгдсэнээр нурууны диск гэмтдэг. Түүнээс гадна хүүхдүүдийн тоглож буй тоглоом нь тэднийг маань эрсдэлд оруулаад байдаг. Жишээ нь, скүүтэр тоглох нь тэгш бус огцом хөдөлгөөн шаарддаг учраас нуруунд сөрөг ачаалал өгч нуруу гэмтээх ч аюултай.

Энэ  дашрамд сонирхуулахад Австралийн нуруу нугасны мэргэжлийн баг сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж  хүнд нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоожээ. Сургуулийн Сурагчдын 79.1 хувь нь хүнд цүнх үүрдэг, 65.7 хувь нь цүнхнээсээ болж ядардаг, 50 хувь нь хүнд цүнх үүрснээс болж нуруу нь өвддөг гэсэн судалгаа гарчээ.

Бэлтгэсэн Э.УЯНГА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top