Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүсэв

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцав.

Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй монгол иргэдэд хятадын талын холбогдох байгууллагын хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгалд сөргөөр нөлөөлөх ийм тохиолдол дахин гаргахгүй байхад анхаарч, зохих арга хэмжээ авахыг Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Элчин сайд Чай Вэньруйгаас хүсэв.

Монголын талаас анхаарал хандуулж буй асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авахаа Элчин сайд Чай Вэньруй илэрхийлэв.

Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мөн асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцахад дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч, арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдалд тогтсон маршрутаас өөр газар явж болохгүйг жолооч нарт ойлгуулахад монголын тал анхаарахыг хятадын талаас хүссэн байна. С.Батхуяг консул ӨМӨЗО-ны Боомтын албаны хүмүүстэй түүнчлэн жолооч нарын зочид буудлын нөхцөл, хоолны чанарыг сайжруулах, буудлын төлбөрийг бууруулах асуудлыг ярилцсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.51) 2020 оны 08 сарын 21

а

0  |  0
Доромжлол(150.129.141.130) 2020 оны 08 сарын 21

Хятад хэзээ ч Монголчуудын итгэлт нөхөр байгаагүй. Байх ч үгүй гэдгийг сануулж байна.

0  |  0
Зочин(202.55.188.84) 2020 оны 08 сарын 23

Манай үхэрнүүдийн байж байгаа царай. Хаа дуртай газраа эх орондоо байгаа юм шиг зорчиж болно гэж бодсоных байхгүй юу. Үхэрнүүдээс болж экспортод гарч буй жаахан цонх боломжийг алдчихгүй юмсан. Дураараа аашилсан жолооч нарыг тээвэрт явах эрхийг нь хасах нь зүйтэй. 2 орны найрамдалт харилцаанд сэв суулгах үйлдэл гэж үзэн шийтгэл оноох хэрэгтэй.

0  |  1
Top