ЗАСГИЙН ГАЗАР: Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Улсын Онцгой комиссын Шуурхай  штабаас өнөөдөр /2020.04.12/ мэдээлэл хийхдээ улсын хэмжээнд автомашины хөдөлгөөний хязгаарлаж, улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгсөн талаар онцолсон юм.

Тэгвэл ийм шийдвэр эцэслэн гараагүй гэдгийг Засгийн газраас мэдэгдлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Мөн Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй болно.

Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа билээ.

Цаашид урин дулаан болсонтой холбоотойгоор Туул гол дагасан, Богд ууланд бөөгнөрөх эрсдэлийг тооцоолж, цэвэр агаарт зохистой амрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэжээ. 

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Шуурхай штабаас дугаарын тэгш,сондгой хязгаарлалт хийх чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Хот аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судлаж шийдвэрлэнэ" гэж тайлбар хийв. 

Харин Улсын Онцгой комиссоос дараах албан шийдвэрийг гаргасан юм. 

 

 

Top