ОХУ: АНУ-д “бэлэг” барихгүйн тулд ОПЕК-той зөрөлдөж, газрын тосны үнэ ОГЦОМ УНАВ

2020 оны 03 сарын 09

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 20 хувиар уналаа. Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ 20.57 хувиар унаж, 35.96 ам.доллар болсон бол Хойд Америкаас олборлодог,  хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны ханш 20.32 хувиар унаж, 32.89 ам.доллар болов.

ОПЕК-оос гаргасан газрын тосны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гарцаа бууруулах санаачилга ОХУ-ын дэмжлэгийг аваагүй нь тодорхой болсны дараа уг салбарын том тоглогчид ҮНИЙН ДАЙН эхлүүлэх нь гэсэн хүлээлт зах зээлд бий боллоо. Түүнчлэн Саудын Араб ОХУ гэдийсний эсрэг хариу арга хэмжээ авч,  газрын тосны гарцаа танах биш нэмэх чиглэл барьсан нь үнэ өндөр хувиар уруудахад нөлөөллөө. 

Корнавирусний тархалттай холбоотойгоор эрэлт буурч байгаа нөхцөлд газрын тосны өдрийн гарцыг 1.5 сая баррелиар бууруулах ёстой гэсэн байр суурийг  газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага ОПЕК-оос өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Вена хотноо илэрхийлсэн. Саудын Араб тэргүүтэй  ОПЕК-ийн орнууд 2020 оны зургаадугаар сарын 30-н хүртэл газрын тосны нэг өдрийн гарцаа 1.5 сая баррелиар бууруулах тохироонд хүрсэн юм.  Ираны газрын тосны асуудал хариуцсан сайд Бижан Занганех уг тохироог бататган  газрын тосны гарцыг өдөрт  1.5 сая баррелиар бууруулах асуудлаар ОПЕК-ийн сайд нар санал нэгдлээ гэж  мэдэгдсэнийг Reuters уламжилж байсан.

 Түүнчлэн 1.5 сая баррелийн 1/3 буюу 500 мянган баррель нь ОХУ болон бусад оронд ногдох ёстой гэж ОПЕК үзсэн.

Тэгвэл ОХУ газрын тосны гарцыг бууруулахгүй гэсэн байр суурь илэрхийлснийг Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү  Абдул Азиз Бин Салман мэдэгдсэн юм.

ОХУ ОПЕК-ийн санаачилгад нэгдэхээс татгалзсан нэг үндэслэлийг нь харвал:  

 Газрын тосны гарц  буурах нь зах зээл дээр үнэ өсөх дохио болно. Тэгснээр АНУ-ын занарын үйлдвэрлэлд “бэлэг” болно гэж Кремль үзэж байгаа тухай Bloomberg мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт Вена хотноо ОПЕК+ОХУ уг асуудлаар олон цаг хэлэлцсэн ч ийнхүү үр дүнд хүрсэнгүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ОПЕК+ОХУ газрын тосны үнийг дэмжихийн тулд, олборлолтыг бууруулах хамтын тохироонуудыг хийж байсан. Гэхдээ газрын тосны гарцыг бууруулах тохиролцоо хийлээ гэхэд ОХУ оногдсон хэмжээндээ хүртэл танахгүй байна гэсэн шүүмж дагаж байсныг тодотгоё.

Энэ удаад газрын тосны гарцыг бууруулах ОПЕК-ийн санаачилга занарын үйлдвэрлэлийг нь дэмжих замаар Трампын засаг захиргаанд үйлчилж байна гэж ОХУ харж байгаа талаар шинжээчид бичиж байна.

ОПЕК-ийн санаачилгыг үл зөвшөөрөн Саудын Арабыг бухимдуулах нь эрсдэлтэй зүйл боловч энэ бол Оросын стратеги гэж Москва дахь  Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Динкин хэлжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зохиолч Лувсангийн П(66.181.180.91) 2020 оны 03 сарын 10

Занарын тосны үйлдвэрлэл эхлэвэл Монголд ашигтай л байсан даа. Монголд занарын нөөц бий. Монголын занар хүхрийн хүчил багатай, сайн гэсэн мэдээ байдаг. Америк хамтарч ашиглаж зүүн хойт Азид гаргах санал тавьчихаад байгаа гэсэн. Манайд ашигтай энэ үйл хэрэг унтарч байх бололтой. Гэхдээ занарын ирээдүй бүрмөсөн унтахгүй байх аа.

0  |  0
зочин(192.82.70.52) 2020 оны 03 сарын 09

Манай тосны наймаачид, төр ,хямд ,байгаа ,үед ,улсын ,нөөцийг ,аүрдүүл. Үнэ орсон ,хойно ,авч хувийн ,ашиг ,боддог. Бензин удахгүй ,хямдрах ,ёстой.

0  |  0
зочин(192.82.70.52) 2020 оны 03 сарын 09

Манай тосны наймаачид, төр ,хямд ,байгаа ,үед ,улсын ,нөөцийг ,аүрдүүл. Үнэ орсон ,хойно ,авч хувийн ,ашиг ,боддог. Бензин удахгүй ,хямдрах ,ёстой.

0  |  0
Ура(192.82.74.9) 2020 оны 03 сарын 09

Анх удаагаа оросоос сайн юм сонслоо. Удахгүй үнэгүй бензин өгөх байх.

0  |  0
ёхуо(66.181.183.240) 2020 оны 03 сарын 09

манай дарга нар үнийг буулгахгүй л дээ тэдэнд тэд 00 цаас өгдөг учраас

1  |  0
Шатахууны үнээ буулг(103.111.68.3) 2020 оны 03 сарын 09

Манайд бензины үнэ яагаад буурахгүй байнаа дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ шалдаа ортлоо буураад байна шүү дээ. Үний зөрүүгээс төсөв бүрдүүлж ард түмнийг шулахаа зогсоо

1  |  0
Top