МАН-аас Б.Дэлгэрсайханы, АН-аас Д.Алтангэрэлийн хамтрагч тодроогүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

СОНГОГЧИД НЭГ НАМ РУУ ХЭТ ИХ ХАНАРСАН САНАЛ ӨГӨХГҮЙ ГЭДГИЙГ СУДЛААЧИД ХЭЛЛЭЭ

Дэлхий нийтийг заналхийлж байгаа аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх аян хаа сайгүй өрнөж байгаа учраас улс төр аядуухан байна. Гэхдээ хазаарыг нь мултлаад адуунд нь тавьчихсан морь шиг зүйл огт биш, хөшигний ард улс төр өрнөдгөөрөө өрнөж байгаа нь ойлгомжтой. Тэр тусмаа сонгууль дөхөж байгаа энэ цагт далдхан ч атугай бужигнаж л таарна. Хөл хорио, хил хязгаар тогтоосон хэдий ч хөдөө орон нутагт нэр дэвшигчид, горилогчдын далд хаяг бүхий санамсаргүй бэлэг сэлт, мэдээ мэдээлэл ч өрнөж байгаа бололтой. Хэдийгээр сонгууль товлосон хугацаандаа болох эсэх нь гагцхүү болзошгүй өвчнөөс хамаарч байгаа ч нэр дэвшигчдийн нэрс албан бусаар тодорсоор байна. Дорноговь аймгийн хувьд ч бусад аймгийн адил улс төр далдхан өрнөж, нэр дэвшигчид албан бусаар тодорч байгааг эх сурвалж дуулгалаа. Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор явах учраас зарим улстөрчдийн хувьд арга тактикаа өөрчлөхөөс эхлээд ажил бий. Өнгөрөгч дөрвөн жилийн турш жижиг тойрог усалсан нөхөд гэнэт том тойрогт ороод ирэхээр өнгөрсөн хугацаанд мартаж орхисон бусад сумдад тал засахаас эхлээд ихээхэн ажил байдаг бололтой.

О.ОДБАЯР, Т.ЭНХТҮВШИН ХОЁРЫН ХЭН НЬ НЭР ДЭВШИХ ВЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БУС БАЙНА

Дорноговь аймгаас өдгөө УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар тус нутгийн ард түмнийг парламентад төлөөлж буй. Эрхэм хоёр нөхөртэй АН-аас тахилч З.Алтангэрэл агсан, ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар нар өрсөлдөж, унасан байдаг. Харин ирэх сонгуулиар энэ зураг өөрчлөгдөнө гэдгийг эх сурвалж дуулгалаа. Тэдний хэлж байгаагаар МАН-аас Б.Дэлгэрсайхан, түүнтэй хамтран, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэд захирал асан О.Одбаяр өрсөлдөнө хэмээсэн. Гэтэл нөгөө талаас Б.Дэлгэрсайханы баруун гар гэж болох аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нэрээ дэвшүүлэх тухай ч яриа бий. Тэгэхээр гурав биш хоёр мандаттай тойрогт МАН-аас гурван хүн нэрээ дэвшүүлэхгүй нь ойлгомжтой. Учир нь Т.Энхтүвшин дарга “Дөрөвдүгээр сард ажлаа өгнө” хэмээн ойрын хүндээ дуулгасан тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Тэгэхээр МАН-ын Бага хурлаас мандат гардаж авсан хойно энэ асуудал тодорхой болно.

Уг нь О.Одбаярын хувьд хуулийн хугацаанд төрийн албаа хүлээлгээд өгчихсөн, хэвлэл мэдээлэлд хандаж байгаа хандлагаас харвал сонгуулийн бэлтгэлээ базааж байгаа мэт. Түүнээс нэр хүнд хийгээд хангамж бүхий энэ албанаас тийм ч амар татгалзахгүй байх. О.Одбаярын хувьд нэр цэвэр, улс төрд өсөж өндийж яваа шинэ хүн гэж харах хэдий ч 2010-2012 онд Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй үүнээс ч өмнө намын ажилд идэвхийлэн оролцдог нэгэн. Түүний эцэг Л.Одончимэд агсан улс төрд өөрийн гэсэн нэгэн түүхийг бүтээлцэж, Дорноговь аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн байв. О.Одбаярыг Дорноговьд нэр дэвшээд очиход ард олон төдийлөн сайтар танихгүй байж болох ч эцгийг нь сайн мэднэ. Дорноговь аймаг эртнээсээ “Улаан тойрог” нэртэй. Нөгөө талаар тус аймагт У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтууд ид өрнөж байгаагаас гадна нутгийн гишүүн Б.Дэлгэрсайхан ч МАН-ын нэрийг тойрогтоо өндөрт өргөсөн гэхээр МАН-ын рейтинг ард олны дунд өндөр байгаа. Тухайлбал, Зүүнбаян, Тавантолгой чиглэлийн төмөр зам, Газрын тос нэрэх үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн ажлууд, орон сууц, зам харгуй гээд нэрлээд байвал МАН-ын рейтингийг тэнгэрт өргөж байгаа олон зүйл бий.

Үүнээс харвал О.Одбаяр дорноговьчуудаас МАН-ын нэрээр суурь санал болох 30 хувиа төвөггүй авах боломжтой. Энэ суурь санал дээр сонгуулийн үеийн тактик ажиллагаа буюу өөрийн зүгээс шалтгаалах 15 хувь, “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг” гэгчээр аавынхаа нэрээр 10-аад хувь цуглуулахад төвөггүйхэн ялчих магадлалтай. Дорноговь аймагт зөв харагдах дүр бол яах аргагүй О.Одбаяр мөн. Өдгөө дорноговьчуудыг төрд төлөөлж байгаа Г.Мөнхцэцэгийн хувьд Дундговь аймгийн тойрогт нэр дэвших сураг бий. Учир нь сонгуулийн тогтолцоог томсгосон тойрогт шилжүүлэхдээ Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэгтгэсэн. Г.Мөнхцэцэгийн хувьд ч өнгөрөгч дөрвөн жил Дорноговь аймгийн хэмжээнд бус Говьсүмбэрт илүү ажилласан гэхэд болно.

АН-ААС Д.АЛТАНГЭРЭЛ НЭР ДЭВШИХ НЬ БАТТАЙ БОЛ Т.ГАНТОГТОХ,  Г.ГАНБААТАР НАР ЯРИГДАЖ БАЙНА

Гэхдээ өдгөө нэр нь тодроод байгаа баатруудын ялалт, ялагдал өрсөлдөгчдөөс ихээхэн хамаарна. Тус аймгийн АН өнгөрөгч дөрвөн жилд төдийлөн сайн ажилласан гэхэд өрөөсгөл. Ямар ч ажиллагаа явуулсан дээр дурдсан бүтээн байгуулалтад дарагдаж таарна. Нөгөө талаар сүүлийн хэдэн жилд аймгийн төсвийн орлого байнга өссөн үзүүлэлттэй байсан. Үүнээс гадна аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ч Б.Дэлгэрсайхан гишүүнтэйгээ нягт холбоотой ажиллаж, Дорноговь Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан гээд өрсөлдөгчдийн сөрөг ажиллагаанд бүдрэхээргүй болсныг энд дурдах учиртай. Ерөөсөө намын суурь рейтинг сонгуулийн дүнд өндөр байр суурь эзэлдэг учиртай. Үүнээс гадна энэ нутгийн иргэд байнга л МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж ирсэн. Түүхэндээ ганцхан удаа буюу 2008 онд АН-ыг дэмжиж, Я.Батсуурийг гишүүн болгосон. Мөн орон нутгийн хэмжээнд П.Ганхуягийг дэмжиж, найман жил Засаг даргаар ажиллуулснаас бусад цаг хугацаанд МАН-ыг дэмжиж иржээ. Харин айсуй сонгуулиар АН-аас АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцаа холбооны Бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэл, өнгөрөгч сонгуулиар өрсөлдөөд унасан ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар нар өрсөлдөнө гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. Д.Алтангэрэлийн хувьд АН-аас нэрээ дэвшүүлэх 100 сая төгрөгөө төлчихсөн гэх албан бус мэдээлэл байна. Өнгөрөгч оноос эхлэн сонины нүүр, цэнхэр дэлгэцээр үе үе эдийн засгийн бодлогоос эхлээд орон нутгийн хөгжил хүртэл ярих болсон энэ нөхөр нэр дэвших нь ойлгомжтой. Гагцхүү түүний хувьд Дорноговьд амьдраагүй, танил талын хүрээлэл байхгүй гэх. Гэхдээ өрсөлдөгч тус бүр орон нутгийн онцлогт тохирсон тактик боловсруулж оролцог жамтай. Үүнээс шалтгаалах нь ч бий. Ямартай ч түүний төрсөн дүү НЭТ капиталын ТУЗ-ийн даргаар ажилладаг бол орон нутагт ч ах дүү нараас нь ажиллаж амьдардаг аж. Г.Ганбаатар бол аймагтаа ИТХ-ын даргаар олон жил ажилласан, танил талын хүрээ их ч гагцхүү 2016 оны сонгуульд өрсөлдөөд унасан, “шороотой бөх”. Тэрээр өнгөрөгч хугацаанд орон нутгийн хэмжээнд угсаатан зүй судалж чамгүй амжилт олсон гэдэг. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Ганбаатар “Олон жил судалж цуглуулсан зүйлээ ном болгох гэхээр сонгуулийн хууль энэ тэр гэх байх” хэмээн ярьж байснаас харвал сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж байгаа хүний үг бололтой. Нөгөө талаас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга Т.Гантогтох гэх эмэгтэй нэрээ дэвшүүлэх тухай яриа байдаг ч намаас дэмжлэг авах эсэх нь тодорхойгүй хэмээн тайлбарлаж байгаа. Ерөнхийдөө Дорноговь аймгаас АН-ын нэр дээрээс “босох” дүр тийм ч элбэг биш гэхэд болно. Уг нь Я.Батсуурь бол хүчтэй өрсөлдөгчдийн нэг мөн боловч “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг шинэ хуульд оруулсан учраас яах ч арга алга. Энэ зургаар авч үзвэл АН-аас өрсөлдөгчид ихээхэн сул байхаар харагдана. Гэхдээ энэ бол зөвхөн өнөөдрийн нөхцөл байдал гэдгийг бодолцох ёстой. Сонгуулийн урьд шөнө ч байр суурь эргэдэг талтай.       

МАХН-ААС Ш.АЛТАНСҮХЭД, ШИНЭН-ААС Н.БААТАРХҮҮД САНАЛ ТАВЬЖЭЭ

Ялалтын туг хатгаад сүйд болохгүй ч санал зулгаах гуравдагч этгээдүүд гэж бий. Өдгөө Дорноговь аймгийн МАХН-ын даргаар ажиллаж байгаа Ш.Алтансүх гэж бизнесмэн эмэгтэй нэр дэвших магадлалтай байгаа гэх. Учир нь түүнд нэр дэвших саналыг МАХН-аас тавьсан аж. Түүний хувьд олон жил багшаар ажиллаж байгаад бизнест хөл тавьсан, нутаг олондоо нэр хүндтэй нэгэн. Түүнчлэн Дорноговь аймагт МАХН-ыг дэмжигч ахмадууд олон байдаг учраас МАН-аас нэр дэвшигчдээс санал зулгаахаас эхлээд асуудал гарч ирнэ. Магадгүй хоёр том намын өрсөлдөөн дундуур гүйгээд гарчихгүй ч саналын хувь хүргэхгүй тохиолдол ч алийг тэр гэх вэ. Мөн сүүлийн үед гуравдагчдын орон зайд өөрсдийгөө тодорхойлчихоод буй ШИНЭН-аас н.Баатархүү гэх бизнесмэн нөхрийг орон нутгаас нэр дэвшүүлэх саналыг төв намаас өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. н.Баатархүүгийн хувьд төрж өсөхөөсөө эхлээд Дорноговь аймагт амьдарч, бизнес хийсэн хүн учраас бас л санал зулгаах нэгэн дүр мөн. 

ДОРНОГОВЬД СУДАЛГАА ЯВУУЛАХАД НИЙТ ИРГЭДИЙН 33 ХУВЬ НЬ МАН, 30 ХУВЬ НЬ АН, ҮЛДСЭН ХУВЬ НЬ МАХН БОЛОН БУСАД НАМД ГЭСЭН ДҮН ГАРЧЭЭ

Өнгөрөгч сонгуулиар Дорноговь аймгийг хоёр тойрогт хуваахад өмнө талдаа буюу 13 дугаар тойрогт нэр дэвшсэн МАН-ын Б.Дэлгэрсайхан 69.8 хувь буюу хамгийн өндөр санал авч байсан бол АН-аас нэр дэвшигч З.Алтангэрэл 24.8, МАХН-аас нэр дэвшигч Б.Батмөнх 3.5, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Ш.Төмөрсүх 1.9 хувийн санал тус тус авчээ. Энэ сонгуулиар сонгогчдын санал савласан шинэ үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил засгийн эрх барьсан АН-ын нэр хүнд навс унаж, ард иргэд энэ удаад МАН-ыг сонгоно гэсэн давлагаа үүссэн байсан цаг.

Тийм дээ ч Б.Дэлгэрсайхан сонгуулийн түүхэнд тун ховор үзэгдэл болох 70 шахам хувийн санал авсан хэрэг. Айсуй сонгууль тэс өөрөөр явж таарна. Ерөнхийдөө иргэдийн хандлага нэг намд хэтэрхий төвлөрөхгүй байгааг судлаачид анхааруулж байгаа. Нийгэм, иргэд өөрөө уйдамхай байдаг бөгөөд сонгуулиас сонгуульд өөрчлөгдөж байдаг туршлага ч байгаа. Ирэх сонгуульд горилогч нэгэн Дорноговь аймагт хувийн тандалт хийж, 5000 орчим иргэний дунд судалгаа явуулжээ. Ингэхэд нийт иргэдийн 33 хувь нь МАН, 30 хувь нь АН, үлдсэн хувь нь МАХН болон бусад намд гэсэн дүн гарчээ. Үүнээс харахад хоёр том намын рейтинг нийлээд ч 70 хувьд хүрэхгүй байхад үлдсэн 40 орчим хувийг гуравдагч этгээдэд өгсөн байгааг анзаарах хэрэгтэй. Мөн улс төрийн намууд, бусад судалгааны төвийн дүнгээс харж байхад ч илэрхий нэг нам руу налсан зүйл харагдахгүй байгаа юм. Зөвхөн үүнээс харахад айсуй сонгуулиар нэг нам руу ханарах гэсэн асуудал байхгүй байх магадлалтай.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мандахбаяр(202.21.103.10) 2020 оны 03 сарын 13

сайхан шаачих юмаа Д.Алтангэрэл нь бурханы оронд одоод хагас жил болж байна шүүдээ\n

0  |  0
Иргэн (122.201.21.191) 2020 оны 03 сарын 10

ДЭЛГЭРСАЙХАН МӨНХЦЭЦЭГ НТР ГЭДЭГ ГИШҮҮД БАЙДАГ БИЛ ҮҮ.

0  |  0
Иргэн (122.201.21.191) 2020 оны 03 сарын 10

ДЭЛГЭРСАЙХАН МӨНХЦЭЦЭГ НТР ГЭДЭГ ГИШҮҮД БАЙДАГ БИЛ ҮҮ.

0  |  0
Ямар(66.181.176.95) 2020 оны 03 сарын 09

Ямар ч бай МАН, АН л өгөхгүй бол бусад нь хэн ч байсан яахав

0  |  0
irgen(150.129.140.63) 2020 оны 03 сарын 09

Selengiin hamag uulsiig hujaanuudaaraa uhuulj moduudiig hyargaj uragshaa vagon vagonoor zooj duusgaj baigaa baigaa huvalz daa.

0  |  0
хөгшин азарга(103.111.68.3) 2020 оны 03 сарын 09

Дэлгэрсайхан Шандад олон залуу охидыг жирэмсэн болгосон хөгшин азарга даа.Энэ хөгшин азаргыг одоо боливол яасан юм бэ?

0  |  0
зочин(66.181.161.35) 2020 оны 03 сарын 09

дэлгэрсайхан ч шандад олон хүний бизнесийг булааж авч хоолгүй болгосон. уг нь хүн өөрөө хөдөлмөрлөөд хоолоо олж идэж чадаж байвал энэ нийгмийн хамгийн зөв тогтолцоо гэж хардаг даа. гэхдээ шандынхан юу ч хэлж чаддаггүй юм байна лээ.

0  |  0
Х(103.212.119.145) 2020 оны 03 сарын 09

Газрын тосны үйлдвэр гээд гуцаад байхын сонгуулийн дараа нам зогсоно зөвхөн Хүрэлсүхийн ПОП рол

1  |  0
Дорноговийн иргэн(66.181.166.92) 2020 оны 03 сарын 09

Дэлгэрсайхан гишүүн энэ 4 жилийн хугацаанд өмнө байгаагүй бүтээн байгуулалт болон нийгэм боловсрол эрүүл мэндийн салбарт маш их ажил хийж байнга тойрогтоо ажиллаж ард иргэдтэйгээ уулзаж, уих-д ард иргэдийнхээ дуу хоолой болж чадсан. Хүний хуучин, дээлний шинэ гэж сайхан үг байдаг. Хэлсэнээ хэрэгжүүлж чадсаан

0  |  0
төмөр замын луйварч(192.82.68.96) 2020 оны 03 сарын 17

дэлгэрсайханыг одоо болиул хүрэлсүхээ төмөр замын ноцтой хэрэгийн эзэн шүү дээ шалгаач жигжиднямагаар мөнгө олдог гэдгийг УБТЗ-ийн захын тохиурчин хэлнэ

1  |  0
ӨНДӨР СОЁЛТОЙ..ЯРВАЙ(202.21.124.132) 2020 оны 03 сарын 09

ИРГЭН Д ХЭРЭГГҮЙ. ТӨСӨЛ ҮҮД БИШЭЭ..

0  |  0
ЮУН ЭНХТҮВШИН...(202.21.124.132) 2020 оны 03 сарын 09

ӨнДӨР БОЛОСРОТОЙ. ХҮМҮҮС. СОНГОЁ ОООО..ЭНЭ УДАА..СОЁЛТОЙ..ТАВШИН....ДАРУУ.. МӨДТЭГТЭЙ...ИХ ЗАГ ГАРГАСАН..ВАЙГААГААСАА ИЛҮҮ ДОГШИН...БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС ХЭРЭГГҮЙ

0  |  0
Top