Дэгү хотын балетын сургалтын төв халдвар тархахад нөлөөлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.05/

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагийн мэдээллээр ДЭМБ-ын мэдээллээр КОВИД-19 халдвар 79 оронд бүртгэгдээд байна. БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн. Хүн амын бөөгнөрөл нь халдвар тараах үндэслэл болж байгаа. Австрали, АНУ-д асрамжийн газрын өндөр настнууд өвчилсөн байна" гэв. 
 


ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ “Энэ өвчин томуу биш, одоогийн байдлаар КОВИД-19 халдварын эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй. Тийм учраас улс орон бүр хариуцлагатай байж, шинэ коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулсан. КОВИД-19 халдварыг өндөр эрсдэлтэй гэж үзсэн хэвээрээ байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр өглөөний Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 27 зорчигч ирсэн. Үүнээс нэг зорчигчийг Багабаян дахь амралтын газар тусгаарласан. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирснээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 

Өчигдөр /2020.03.04/ Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагатай хамтран олсон. Тухайн иргэд хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа очсон байна. Тухайн иргэдийг ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийж тусгаарласан. Өвчлөл гарсан оронд зорчсоноо нуух нь маш хариуцлагагүй үйлдэл. Нэгдүгээр  сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэв.

Түүнчлэн тусгаарлагдсан иргэдээс нэг бус удаагийн зөрчил гарсан талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.

Тэрбээр “Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажилд зарим иргэдийн хариуцлагагүй байдал чирэгдэл үүсгэж байна. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэгт сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдэн, тусгаарлагдсан байсан иргэн цүнхэндээ согтууруулах ундаа нуун орж, түүнийгээ хэрэглэсэн. Согтуурсан үедээ бусад өрөө, тасалгаа руу орох гэж оролдсон, хүмүүсийг өдөөн хатгасан зэргээр тусгаарлах байрны дүрэм журам зөрчсөн. Мөн "Багабаян" амралтын газарт тусгаарлагдсан Б гэгч эмэгтэй өөрөө сувилагч мэргэжилтэй ч бусдыг "Эндээс гаръя" гэж уриалан, эсэргүүцэл үзүүлсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд мөн гарна гэж дураараа авирласан. Эдгээр иргэдийг тусгаарлах хугацаа дуусч, шинжилгээний хариу гарсны дараа хэрэг үүсгэж, хатуу хариуцлага тооцно” гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top